| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0128/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 127
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр,
улсын яллагч Т.Нансалмаа,
яллагдагч Б.Алтанбагана нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Алтанбаганад холбогдох эрүүгийн 1931002110134 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Баатаржавын Алтанбагана, Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 21-08 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Боргүвээ, 126 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай РД:/МУ74060872/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Алтанбагана нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 1 дүгээр байрны 082 тоотод согтуугаар иргэн Б.Батсайхантай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь доод үүдэн 4 шүдний хугарал, эрүүнд цус хуралт, уруулд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Батсайханы гэрт нь орсон. Тухайн үед 3-4 хүн байсан. Тэр хүмүүстэй 3, 4 шил архи хувааж уучихаад гэрээс нь гарах гэтэл гаргахгүй гээд агсам тавиад байхаар нь гараас нь татаад гарах гэтэл хөлөөс зуураад тавихгүй байсан. Тэгэхээр нь хөлөө татаад авсан. Б.Батсайхан унахдаа шүдээ цохисон байж магадгүй. Тэр үеийн болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Дахин хэрэгт холбогдохгүй. Улсын яллагчийн оногдуулсан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Эрүүгийн 1931002110134 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)
2.Хохирогч Б.Батсайхан 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлсэн:
“...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Алтанбагана манай гэрт 0.75 литрийн “Монгол стандарт” архи барьчихсан найзтайгаа уулзаагүй удсан байна. Найзтайгаа энэ архийг хувааж ууна гэж ярьсаар гэрт орж ирээд бид хоёр хувааж уусан. Тухайн үед бид хоёр шоронд байх үеийнхээ явдлыг ярьж байгаад муудалцан хэрэлдэж маргалдсан байсан. Тэгээд би орон дээр сууж байгаад босох үед Б.Алтанбагана миний нүүр рүү, ам руу цохиод авах шиг болж би газар унасан. Б.Алтанбагана гэрээс гарч явах гээд байхаар нь би газар хэвтсэн байдалтай Б.Алтанбаганы хөлнөөс нь гараараа зуурч гэрээс гаргахгүй гадаа гудамжинд гарч дахин хүнтэй маргалдаж зодолдох байх гэж бодоод зуураад байсан. Б.Алтанбаганы хөлнөөс зуурч байтал хөлөөрөө миний ам руу жийж өшиглөсөн. Тэгээд хөлийг нь тавьж Б.Алтанбагана гэрээс гараад явсан. Би гэртээ орон дээр хэвтэж байхад гаднаас түргэний эмч орж ирээд намайг үзэж байгаад эмчилгээ хийлгэх шаардлагатай шүү гэж хэлээд явсан ” гэх мэдүүлэг[1],
3.Гэрч Л.Баярсайханы 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлсэн:
“...Манай хороололд байдаг Ариунбаатар гэдэг залуу миний утас руу залгаад Б.Батсайханыг зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө дагуулаад Б.Батсайханы гэрт очиход зодуулсан байдалтай нүүрэн хэсэг нь цус болсон буруу хараад унтаж байсан. Тэгээд би хүнд зодуулсан байна гэж бодоод түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Б.Алтанбагана гудамжны үзүүрт 1 шил архи, 1 ус барьсан сууж байсан” гэх мэдүүлэг[2],
4.Гэрч М.Буяндэлгэрийн 2019 оны 07 дугаар 16-ны өдрийн гэрчээр мэдүүлсэн:
“...Б.Алтанбагана, Б.Батсайхан нар хагас шил архи хувааж ууна гэж яриад үлдэцгээсэн. Б.Алтанбагана, Б.Батсайхан нар хамгийн сүүлд хоорондоо хэрэлдэж маргалдаад Б.Алтанбагана Б.Батсайханы нүүр, ам руу нь хөлөөрөө өшиглөсөн талаар Б.Алтанбагана, Б.Батсайхан нар нь хоорондоо ярьж байсан” гэх мэдүүлэг[3],
5.Гэрч А.Алтансүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрчээр мэдүүлсэн:
“...Би Б.Батсайхантай тааралдах үед зүс царай нь зүгээр л харагдаж байсан. Хүнд зодуулж цохиулсан гэж ямар нэгэн юм яриагүй. Намайг Б.Батсайханы гэрт байх үед нутгийн ах нартай ойрд уулзаагүй, сэтгэл хөдлөөд сайхан байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг[4],
6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №147 дугаартай Б.Батсайханы биед доод үүдэн 4 шүдний хугарал, зовхи, эрүүнд цус хуралт, шанаа, уруулд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дүгээр зүйлд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[5],
7. Яллагдагч Б.Алтанбаганы 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн:
“...Би Б.Батсайханы эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “Хөнгөн хохирол” учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед зүгээр л хэлээд өнгөрөх газар ийм үйлдэл хийсэндээ маш ихээр харамсаж байна” гэсэн мэдүүлэг[6] зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Алтанбагана нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 1 дүгээр байрны 082 тоотод согтуугаар иргэн Б.Батсайхантай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохин, хөлөөрөө нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд нь доод үүдэн 4 шүдний хугарал, эрүүнд цус хуралт, уруулд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч Б.Батсайханы мэдүүлсэн “...Тухайн үед бид хоёр шоронд байх үеийнхээ явдлыг ярьж байгаад муудалцан хэрэлдэж маргалдсан байсан. Тэгээд би орон дээр сууж байгаад босох үед Б.Алтанбагана миний нүүр рүү, ам руу цохиод авах шиг болж би газар унасан. Б.Алтанбагана гэрээс гарч явах гээд байхаар нь би газар хэвтсэн байдалтай Б.Алтанбаганы хөлнөөс зуурч байтал хөлөөрөө миний ам руу жийж өшиглөсөн...” гэх мэдүүлэг[7],
-шүүгдэгч Б.Алтанбаганы 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ялллагдагчаар мэдүүлсэн “...Би Б.Батсайханы эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “Хөнгөн хохирол” учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед зүгээр л хэлээд өнгөрөх газар ийм үйлдэл хийсэндээ маш ихээр харамсаж байна” гэх мэдүүлэг[8],
-мөрдөн байцаалтанд гэрч Л.Баярсайханы 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...би нөхрөө дагуулаад Б.Батсайханы гэрт очиход зодуулсан байдалтай нүүрэн хэсэг нь цус болсон буруу хараад унтаж байсан. ...түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг[9],
- мөрдөн байцаалтанд гэрч М.Буяндэлгэрийн 2019 оны 07 дугаар 16-ны өдрийн гэрчээр мэдүүлсэн “...Б.Алтанбагана, Б.Батсайхан нар хамгийн сүүлд хоорондоо хэрэлдэж маргалдаад Б.Алтанбагана Б.Батсайханы нүүр, ам руу нь хөлөөрөө өшиглөсөн талаар хоорондоо ярьж байсан” гэх мэдүүлэг[10],
- мөрдөн байцаалтад гэрч А.Алтансүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрчээр мэдүүлсэн “...Намайг Б.Батсайханы гэрт байх үед нутгийн ах нартай ойрд уулзаагүй, сэтгэл хөдлөөд сайхан байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг[11],
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаартай акт[12], шинжээч эмчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанбагана нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд гэмтэл учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, шүүгдэгч Б.Алтанбаганы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би тухайн үед зүгээр л хэлээд өнгөрөх газар ийм үйлдэл хийсэндээ маш ихээр харамсаж байна” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
2.Шүүгдэгч Б.Алтанбаганад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Алтанбаганад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Алтанбагана нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчоос гомдол, саналгүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Алтанбагана нь энэхүү тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Алтанбагана нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдав.
[1] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал
[2] Хавтаст хэргийн 12 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 18 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 27 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 35 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 35 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 12 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 18 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баатаржавын Алтанбаганад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баатаржавын Алтанбаганыг 460 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтанбаганын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 460 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Алтанбаганад анхааруулсугай.
5. Ялтан Б.Алтанбагана нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ