Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 541

 

М.Дарханбаатар, М.Сүхбат нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,

ялтан М.Дарханбаатарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

ялтан М.Сүхбатын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ерөн-Эрдэнэ даргалж, Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Дарханбаатар, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, ялтан М.Сүхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Дарханбаатар, М.Сүхбат нарт холбогдох  2017 2602 0188 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ноёныхон овогт Мөнхбатын Сүхбат, 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Энэр” төвд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн “Шар тал” гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ГО92082119/,

2. Чонос овогт Мягмарын Дарханбаатар, 1995 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Өлзийт хороо, 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ГО95080917/;

М.Сүхбат нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах олон нийтийн газар болох “Аяз” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Жаргалсайханы эрх чөлөөнд халдаж түүний биед “зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, М.Дарханбаатартай бүлэглэж үйлдсэн,

М.Дарханбаатар нь 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах олон нийтийн газар болох “Аяз” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Жаргалсайхан руу пивоны шил шидэж түүний биед “зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, М.Сүхбаттай бүлэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүрийн прокурорын газраас: М.Сүхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, М.Дарханбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чонос овогт Мягмарын Дарханбаатар нь бусадтай бүпэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ноёныхон овогт Мөнхбатын Сүхбатыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ноёныхон овогт Мөнхбатын Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар, Чонос овогт Мягмарын Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг

журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар М.Дарханбаатарт оногдуулсан хорих
ялыг жирийн дэглэмд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Сүхбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн
хорих ангид тус тус эдлүүлэхээр, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч Б.Жаргалсайханд 500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, М.Дарханбаатар, М.Сүхбат нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан М.Сүхбат давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд орж хийсэн хэрэгтээ гэмшсэн байхад ялын хэмжээг өөрчилж таслаагүй юм. Иймд миний хорих ялын хэмжээг тэнсэн хянан харгалзах ял болгож өгнө үү.” гэжээ.

Ялтан М.Дарханбаатар давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогчид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ эрх чөлөөгөө хасуулан энэ торны цаана сууж байгаадаа маш их харамсаж, өөртөө дүгнэлт хийн сууж байна. Шүүхээс намайг танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 11 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Аяз” караокед өөрийн найз охин Ариунзаяа, найз Сүхбат нарын хамт орсон. Тухайн үед хохирогч Жаргалсайхан нь бид нарын захиалсан өрөөнд ороод ирсэн. Тэгэхээр нь өрөө андуурсан байна гарчих гэж хэлэхэд хохирогч залуу “юу гээд байгаа нуснууд вэ би энд сууж байсан” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай найз охин Ариунзаяа хохирогч дээр очин “одоо өрөөнөөс гарчих” гэхэд “чамд хамаагүй гичий минь” гээд түлхсэн. Энэ үйл явдал хаалганы дэргэд болсон. Тэгэхээр нь би “эмэгтэй хүнтэй яаж яриад байгаа юм бэ, эмэгтэй хүнтэй гичий гэж харьцдаг хэн юм бэ, чиний өмчлөөд авсан газар юм уу” гээд пивоны шилээ барьсан чигээрээ хохирогч дээр очсон. Тэгэхэд хохирогч намайг хоолойноос багалзуурдаад хойшоо түлхэж ширээ рүү унагаасан. Тэгэхэд би гартаа байсан пивоны шилээ шидсэн. Хохирогч Жаргалсайхан нь намайг болон найз охиныг минь хэл амаар доромжилсон учраас хохирогчтой маргалдаж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт аав, ээжийн хамт амьдардаг. Тухайн хэрэг  гарах үед хотод хөлөө эмчлүүлэхээр хамаатныдаа түр байсан. Би Ариунзаяатай найзлаж үерхдэг болохоос хамт амьдардаггүй.

Иймд эрхэм шүүгч та бүхэн хэргийн бодит байдал, хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зуйлийн 99.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэжээ.

Ялтан М.Дарханбаатарын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ тус шүүх хуралдаанд өөрчилж хууль буцаан хэрэглэх талаар гомдол гаргаж байна. Шинэчлэн найруулсан Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Иймд М.Дарханбаатарт холбогдох хэрэг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэл харагдаж байна. Тухайн зүйл ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж заасанд пивоны шил орохгүй гэж ойлгож байна. Тухайн зүйл анги 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай тул хөнгөн хэргийн ангилалд хамаарна. Энэ утгаараа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. М.Дарханбаатар хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.

Ялтан М.Сүхбатын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Сүхбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. М.Сүхбатын хувьд хуучин Эрүүгийн хуульд заасны дагуу тэнсэж, хянан харгалзах боломжтой тул хуучин Эрүүгийн хуулийг хэрэглэж түүнд оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хуралдаанд өөрчилж хууль буцаан хэрэглэх талаар дүгнэлт гаргаж байна. Хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой нөхцөл байдал харагдаж байна. Тухайн зүйл ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж заасан боловч пивоны шилийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл мөн гэж үзэх нь эргэлзээтэй.

Учир нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар зүйлийн 26-ны өдрийн 3 дугаар тогтоол нь хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тайлбарласан. Энэ тайлбарыг шинэ Эрүүгийн хуулийн тайлбар гэж үзэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хууль буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. М.Дарханбаатар, М.Сүхбат нарын хувьд хохирол төлбөрөө төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хохирогч “шүүгдэгч нар худлаа ярьж байгаад нь гомдож байна” гэж шүүх хуралдаанд хэлж байсан. Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Сүхбат нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтуугаар олон нийтийн газар “Аяз” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Жаргалсайханы эрх чөлөөнд халдаж түүний биед “зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн,

М.Дарханбаатар нь тэр шөнө согтуугаар олон нийтийн газар “Аяз” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Жаргалсайхан руу пивоны шил шидэж түүний биед “зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, М.Сүхбаттай бүлэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэмт хэрэгт үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан М.Дарханбаатар /хх-69-70, 78-79, 140/, М.Сүхбат /хх-72-73, 75-76, 140/, хохирогч Б.Жаргалсайхан /хх-20-21, 22, 23, 141/, мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Эрдэнэ /хх-24-26/, Г.Мөнхбаяр /хх-28-29/, О.Цэнгэлсүрэн /хх-30-32/, Э.Ариунзаяа /хх-37-38/, М.Батзаяа /хх-39-40/ нарын өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 781 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-51/ болон хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Ялтан М. Дарханбаатарын: “...хэргийн бодит байдал, хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зуйлийн 99.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” ,

ялтан М.Дарханбаатарын өмгөөлөгч О.Баярбаясгалан гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг өөрчилж тус шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү”,

ялтан М.Сүхбатын: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцож хийсэн хэрэгтээ гэмшсэн байхад ялын хэмжээг өөрчилж таслаагүй юм. Иймд миний хорих ялын хэмжээг тэнсэн хянан харгалзах ял болгож өгнө үү.”  гэсэн гомдлуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Ялтан М.Дарханбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “...нийгмийн  хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн” гэх шинжээс “догшин авирлаж”, “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх,

ялтан М.Сүхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан ““...нийгмийн  хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн” гэх шинжээс “догшин авирлаж үйлдсэн” гэх хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-д тусгагдаагүй, гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасны дагуу тус ялтан М.Дарханбаатар, М.Сүхбат нарын холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн М.Дарханбаатар, М.Сүхбат нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр М.Дарханбаатарыг 3 жилийн, М.Сүхбатыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Ялтан М.Дарханбаатар, М.Сүхбат нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тэднийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй байна гэж үзэв.

Иймд ялтан М.Дарханбаатар, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, ялтан М.Сүхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, ялтан М.Дарханбаатар, М.Сүхбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэн даруй суллаж шийдвэрлэв.