| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2436000000158 |
| Дугаар | 2025/ХШТ/38 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ХШТ/38
Х.О, Г.Л нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, шүүгдэгч Г.Л /цахим/, түүний өмгөөлөгч Н.Очирбат /цахим/, шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /цахим/, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг /цахим/, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар магадлалтай, Х.О, Г.Л нарт холбогдох 2436000000158 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Л-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Л.
2. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, О.
шүүгдэгч Г.Л нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 11-ний орой Х.О-тэй маргалдан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.О, Г.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Г.Л нарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч X.О, Г Л нарт сануулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Х.О-ээс гэмт хэргийн хор уршиг 3,409,450 төгрөг /хор уршиг 109,450 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,300,000 төгрөг/ гаргуулан хохирогч Б.Б-д, шүүгдэгч Г.Л-гээс 1,650,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О-т тус тус олгож, хохирогч нарын эмчилгээ хийлгэсэн хугацаанд олох байсан орлогыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Л болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Л гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хавтас хэргийн 3-5 дугаар хуудсанд гэрч Б.Б-гийн гэрчээр өгсөн “... бид нар тухайн жирэмсэн эмэгтэйн биед гар хүрээгүй” гэх мэдүүлэг,
хавтас хэргийн 7-10 дугаар хуудсанд гэрч Т.С-ийн гэрчээр өгсөн “... бид нар тухайн жирэмсэн эмэгтэй биед гар хүрээгүй” гэх мэдүүлэг,
хавтас хэргийн 34-35 дугаар хуудсанд шинжээч эмч Б.Цэндхүүгийн 407 дугаартай дүгнэлт авагдсан бөгөөд дүгнэлтэд “... 1. Х.О-ийн биед гэмтэл учирсан байна.
2. Х.О нь 28 долоо хоногтой жирэмсэн умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. “... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
хавтас хэргийн 61 дүгээр хуудсанд шинжээч эмч Б.Цэндхүүгийн мэдүүлэг авагдсан бөгөөд мэдүүлэгт “... Х.О-ийн биед учирсан гэх умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээрх гэмтэл янз бүрийн шалтгааны улмаас үүсэж болно. Жишээ нь зам тээврийн ослын үед доргих, ямар нэгэн зүйлд цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Тухайн хүний бие организмаас хамаарч сэтгэл санаа нь хүчтэй цочрол авах үед дээрх гэмтлийг авч болно. Х.О-ийн зүүн бугалгын цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт,
хавтас хэргийн 70 дугаар хуудсанд гэрч Т.С-ийн “... Г.Л, Б.Б- нар Х.О-ийн гэдэс рүү өшиглөсөн удаа байхгүй...” гэх мэдүүлэг,
хавтас хэргийн 221-236 дугаар хуудсанд хэвтэн эмчлүүлсэн талаарх материал, хавтас хэргийн 244-245 дугаар хуудсанд гэрч О.Б-ийн “...тухайн үед Г.Л-г Х.О гэдэс рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэр үед би салгаад хоёр талд нь болгоод Г.Л-г эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг,
хавтас хэргийн 247-248 дугаар хуудсанд гэрч О.Ц-ын “... Б.Б-, Г.Л хоёр Х.О-ийг цохиж зодоогүй” гэх мэдүүлэг,
хавтас хэргийн 249 дүгээр хуудсанд шинжээч Б.Цэндхүүгийн: "... Х.О-ийн биед үзлэг хийхэд Х.О-ийн гэдэс, бүсэлхий хэсэгт ямар нэгэн хөхрөлт, няцралт, зулгаралт байгаагүй” гэх мэдүүлгээр Г.Л-гийн үйлдэл үгүйсгэгдэж байна.
Гэмт хэрэг болохоос өмнө Х.О зам тээврийн осолд орсон байсан буюу Х.О Г.Л-гийн цохилтын улмаас хөнгөн гэмтэл аваагүй. Харин зам тээврийн ослын улмаас зулбахыг завдсан байна.
Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ДШМ/02 дугаартай магадлал, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/291 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Л намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Л-гийн өмгөөлөгч Н.Очирбат хэлсэн саналдаа “... хяналтын шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж байгаа. Мөн шүүгдэгч Г.Л-гийн гомдолд дэлгэрэнгүй дурдсан. Иймд тухайн гомдол, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Л-гийн үйлдлийг цагаатгаж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хэлсэн саналдаа “... Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар магадлалыг хууль зүйн үндэслэлтэй, үнэн зөв гарсан гэж дүгнэж байгаа. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Ганзориг хэлсэн саналдаа “... хохирогчийн хувьд өөрөө болон шүүгдэгч Г.Л нар шүүгдэгч Х.О-ийн биед гар хүрээгүй. Тухайн үед Х.О нь хүч хэрэглэсэн нөхцөл байдалтай байсан гэдгийг шүүх хуралдаанд хэлсэн. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Х.О-ийн биед Г.Л гар хүрсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийн учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Г.Л-гийн гомдлыг дэмжиж байна” гэв.
Прокурор Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Г.Л-гийн гомдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Хэргийн материалд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А/268, A/275 дугаартай “Журам, хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 2.3 дахь хэсэг “тус журмын 2.1 дэх хэсэгт заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэтгэцэд учирсан гэм хорыг хоёрдугаар зэрэглэлд хамаарахыг тогтоож, зөвшөөрсөн маягтыг хохирогч нарт танилцуулсан. Мөн мөрдөгчийн томилсноор, шүүх шинжилгээний байгууллагын тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээчид хохирогч нарт сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээ хийж, “сэтгэцэд өөрчлөлтийн шинж илрээгүй, сэтгэцэд өөрчлөлтийн шинж илрээгүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт гаргасан ба хохирогч нарт танилцуулсан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийнэ гэж хуульчилсан. Хууль, журамд заасны дагуу шүүх шинжилгээний байгууллагын мэргэжлийн шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээнд тухайлбал, эмнэлзүйн ярилцлага, ажиглалт, психофизилогийн үзүүлэлт гэх зэрэг тусгай аргачлалыг ашиглан түүний үр дүнд үүссэн хариу урвалын шинжид үндэслэн “хохирогч нарт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй, шийдвэртээ тусгаагүй, харин “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн шалгуур үзүүлэлтүүдээр хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан” гэж дүгнэн шүүгдэгч нараас гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг шүүгдэгч Г.Л-гийн гаргасан гомдлыг үндэслэн Х.О, Г.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.О нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэр, ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 4 замын уулзварт гарсан зам тээврийн ослын улмаас үүссэн маргааны явцад хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Л нь мөн ослын улмаас Наран багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн хэлтсийн гадна хохирогч Х.О-тэй маргалдахдаа гэдэс рүү нь өшиглөж умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Шүүхээс анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Х.О, Г.Л нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон гэж үзлээ.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч Х.О-ээс хохирогч Б.Б-д эмчилгээ хийлгэсэн зардал болох 109,450 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхэд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд гагцхүү нотлох баримтад тулгуурласан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үздэг болно.
Харин шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хууль зүйн дүгнэлт хийгдсэн байх ёстой.
Хуулиар тогтоосон үүргийн зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан болно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийнэ гэж хуульчилсан байна.
Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу шүүх шинжилгээний байгууллага “... тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” ашиглан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх учиртай.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тусгай мэдлэг бүхий Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн “... хохирогч Б.Б-, Х.О нарын сэтгэцэд өөрчлөлтийн шинж илрээгүй тул сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоогдох боломжгүй” гэсэн дүгнэлтийг үгүйсгэн няцаасан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хохирогч Б.Б-, Х.О нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Л-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... шүүгдэгч Х.О-ээс гэмт хэргийн хор уршиг 3,409,450 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д, шүүгдэгч Г.Л-гээс 1,650,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О-т тус тус олгож” гэснийг “... шүүгдэгч Х.О-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 109,450 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгож” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Л-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хохирогч Б.Б-, Х.О нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ