Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1575

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

“Вишн фанд банк бус санхүүгийн байгууллага ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7  дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05192 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Вишн фанд банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Болдод холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 285 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Очирсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Эрхэмбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Болд нь манай байгууллагын Улаанбаатар-4 салбараас, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10809182 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 2 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, 18 сарын хугацаатай, сарын 2,7 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн графикийн дагуу зээлээ төлж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 30-наас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Нийт төлсөн мөнгөн дүн 1 337 413 төгрөг байна. Одоогоор зээл 1 035 000 төгрөг, хүү 250 000 төгрөг нийт 1 285 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгч нь ямар нэгэн барьцаа байхгүйгээр зээл олгосон гэж байна. Гэтэл иргэн хүнд 2 000 000 төгрөгийн зээл олгоход заавал барьцаатай байна гэсэн хууль байхгүй. Ч.Болд ажил, орлогогүй болсон эсэх байдлаа манайд мэдэгдэж байсан зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг 5-6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж болох боловч хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эвлэрэх, хугацаа олгох боломжгүй. Бид өмнө нь Ч.Болдтой уулзая гэхэд өмнөөс нь Н.Эрхэмбаяр уулзаад шийдэлд хүрч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр лангуу барьцаалан 2 000 000 төгрөгийн зээлийг тус байгууллагаас авсан. Гэтэл 1 сарын дараа лангуу түрээслэгчид байраа засна гээд лангуугаа хурааж авсан. Үүний улмаас ажлын байргүй болж, төлбөрийн чадваргүй болсон. Хашаа, байшин “Хас” банкинд давхар барьцаанд байсан учир зээлийн барьцаанд хураан авч, одоо гэр оронгүй, өмч хөрөнгөгүй болсон. Хэдий ийм нөхцөл байдалд байсан боловч нэхэмжлэгч байгууллагаас авсан зээлээ төлөхийн тулд машинаа зарж зээлийн төлбөрөө хийсэн бөгөөд одоо үлдэгдэл 910 000 төгрөг үлдсэн. Гэтэл 1 285 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ажилгүй, өвчтэй хүний хувьд илүү нэхэмжилсэн 375 000 төгрөг маш их мөнгө бөгөөд үүнийг төлөх боломжгүй. Үлдэгдэл 910 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Ч.Болд ажлын байргүй болсон гэдгээ хэлж очоод зээлийн хүүг зогсоолгох байсан боловч хуулийн мэдлэггүй байдлын улмаас ингэж чадаагүй. Ямар нэгэн эд хөрөнгө гэх зэрэг зүйл барьцаалаагүй зээл өгсөн нь буруу гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ч.Болдоос 1 285 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Вишн фанд" ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 390 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Ч.Болдоос 35 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд дэндүү нэг талыг барьсан, маргааныг хянан шийдвэрлэхдээ тэгш байх зарчимыг баримтлаагүйд гомдолтой байна. Хариуцагч миний шүүх хурал дээр гаргаж өгсөн  нотлох баримт  болох "Буянт оргил" ХХК-ийн  тодорхойлолтыг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Мөн шүүх, хариуцагч миний шүүхэд гаргасан баримжаалж, тааж бичсэн тайлбарыг хүртэл дээрхи тодорхойлолттой  хооронд нь харьцуулж (он, cap, өдөр, төлсөн, төлөгдөх үнийн дүнгүүдийг) харьцуулан дүгнэж, хянан шийдвэрлэх ёстой байсан. Хариуцагч миний бодлоор шүүх миний нотлох баримтыг зөв үнэлж дүгнээд хянан шийдвэрлэсэн бол 2 000 000 төгрөг дээр 12 хоногийн хүү болох 25 000 төгрөг нэмэгдэж нийт 2 025 000 төгрөгийг би  буцааж төлөх ёстой юм. Үүнээс миний буцааж төлсөн 1 337 413 төгрөгийг хасч  үлдсэн 688 413 төгрөгийг төлөх ёстой юм. Би зээлийн гэрээнд заагдсан эцсийн дүн 2 523 615 төгрөг байхад хугацаа дуусахаас 2 сарын өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, үнийн дүнгээс 2 сарын хүү хасагдах нь байтугай улам 2 622 413 төгрөг болгож өсгөжээ. Гэтэл анхан шатны шүүх зээлийн үнийн дүнг өсгөсөн залиланг дэмжсэнд гомдолтой байна. Мөн би  "Хас" банк гэдэг санхүүгийн мангасанд хашаа байшингаа алдсан. "Вишн фанд" ББСБ-д машинаа зараад зохих мөнгийг эргүүлэн төлсөн. Одоо би ажлын байргүй, өвчтэй нэгэн болсон. Гэсэн ч шудрага шүүх байдаг бол би одоо өөрийнхөө төлөх ёстой 688 413 төгрөгийг төлөх үүргээс хэзээ ч буцахгүйгээр төлөх болно. Илүү нэхэгдсэн луйварын үнийн дүнгээс нэг ч төгрөг төлж чадахгүй, чадваргүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Ч.Болдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 285 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллага нь 2 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Ч.Болд нь 2 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаанд, сарын 2.70 хувийн хүүтэй  төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн  9-11 дүгээр тал/                                         

                                                                                                           

            Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Зээлдэгч Ч.Болд нь зээлийн гэрээний үүрэгт 1 337 413 төгрөг төлсөн талаар болон 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгээгүй талаар талууд маргаагүй байна. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүрэг, гэрээнээс  татгалзсантай  холбоотой  гэрээний дагуу  шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг  хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн гэрээний 2.1-д зээлийн хүүг сар бүр төлөх хуваарийг нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг  хэлцлээр  хүлээсэн үүргээ хариуцагч  нь гэрээ цуцлах хүртлэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Уг үүргийнхээ хүрээнд хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Ийнхүү хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрээ нэгэнт хүлээн зөвшөөрч биелүүлж ирсэн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ч.Болдыг бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон гэх үндэслэл заан 12 хоногийн хүү төлөх ёстой гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Мөн “Буянт оргил” ХХК-ийн тодорхойлолтыг шүүх үнэлээгүй гэж хариуцагч давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй болно. Уг баримт нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, 12 хоногийн хүү төлөх үндэслэлийг нотлохгүй болно.

 

Хариуцагчийн хувьд зээл авах үеийн нөхцөл байдал өөрчлөгдснөөс гэрээнээс татгалзах Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасан  эрхээ хэрэгжүүлж байсан гэх баримт байхгүйгээс гадна талбай түрээслэхээ больсон тухай бичиг нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгджээ.

 

Иймд гэрээний үүргийг биелүүлэх бодит боломжгүй болсноос гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойшхи үүргийг гүйцэтгэхгүй гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Харин нэхэмжлэгч зээлийн хүүг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тооцож хүүнд 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь зээлийн гэрээний 5 дахь заалтад зээлдүүлэгч нь зээлдэгчийг зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөлгүй 2 сараас илүү хугацаагаар хэтрүүлсэн бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг нэн даруй төлөхийг зээлдэгчээс шаардах үүрэгтэй байхаар талууд тохиролцсон байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээг цуцлан, зээлийн үндсэн төлбөрөө буцаан шаардах үүргээ биелүүлээгүй байх хугацааны хүүг хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхгүй болно.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2 сарын хугацаа өнгөрөхөд гэрээ цуцлах талаар шаардлага гаргах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2-т зааснаар хүү  шаардах эрхээ алдсан.

 

Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 035 000 төгрөг, 2 сарын хүү 55 890 төгрөг нийт 1 090 890 төгрөгийг  нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул энэ талаар шүүхийн шийдэрт өөрчлөлт оруулав.

                                                           

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Болдоос 1 090 890 төгрөг гаргуулж “Вишн фанд” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 194 110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын “… хариуцагч Ч.Болдоос 35 390 төгрөг …” гэснийг “хариуцагч Ч.Болдоос 30 731 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3  дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 270  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                  ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ        

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ