| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 319/2025/00614/И |
| Дугаар | 206/МА2026/00006 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 206/МА2026/00006
2026 02 10 206/МА2026/00006
О.******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 319/ШШ2025/00794 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ ******* *******т оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ ******* *******т оршин суух, ******* *******эд холбогдох “8,000,000 төгрөгийн 134 тооны бог мал, 28 жил мал хариулсны хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай ” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Х.*******, түүний өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 О.Очирбат миний бие 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлсэн "ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН"-Д хамрагдан Малчин өрхийг малжуулах 8,000,000 төгрөгийн төсөлд хамрагдсан. Тухайн өдөр Ховд аймгаас Янжаа гэдэг хүн мал хүлээлцэхээр ирсэн. Манай нагац ах болох Х.******* эм ямаа 67, ишиг 67 нийт 134 тооны малыг малнаас таслаад, тухайн хүн зургийг нь дараад явсан. Х.*******ийн дансруу 8,000,000 төгрөг орсон хэдий ч манай 134 тооны малыг одоо болтол өгөөгүй. Тэгээд малаа авъя өг гэж хэлэхээр мөнгөө чи авчихсан гээд өгдөггүй.
Х.*******ийн малыг би 28 жил хариулж байна. 2024 оны 08 дугаар сарын үед Х.******* мал хариулсны хөлс гэж 5,000,000 төгрөг өгсөн, энэ нь 2024 оны нийт мал хариулсны хөлс байсан. Одоо Х.*******ээс 134 тооны малын 8,000,000 төгрөг, 28 жил мал хариулсныхаа хөлсийг бас нэхэмжилж байна. Х.******* нь намайг хэл амаар доромжилдог, хүний хөдөлмөр үнэлдэггүй. 2024 оны 09 сард манай эхнэр бид хоёрын хотруу явсны дараа Х.******* манай гэрийн цоожийг эвдэж хөлсөнд өгсөн гэрийн унь авсан. Тухайн үед Чандмань сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч шийдэж өгөөгүй. Мал дутсан гэх зэргээр сүрдүүлэн бид хоёрын малыг өгөхгүй байгаа юм. Үнэ төлбөргүй 28 жил Х.*******ийн малын хариулж байна.
Иймд О.Очирбат миний 28 жил мал хариулсны хөлс 15,000,000 төгрөг, мөн малжуулах төслөөс авсан 8,000,000 төгрөгийн 134 толгой малыг Х.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Энэ хүнийг би олон жил ажиллуулаагүй. Үхэрийг би хүнээс худалдаж аваад алж өгсөн. Адууны хувьд миний өөрийн адуу байсан. Ямааны хувьд худалдаж авсан ямаанаасаа өгсөн. О.Очирбат өвөлд нь ирээд зунд нь Улаанбаатар хот явчихдаг байсан. Цэрэгт явж ирээд эхийнхээ хамтаар гэр бариад тусдаа гарч явсан. Нийт 2022 өвөл 12 дугаар сарын 20-оос, 2023 оны 02 дугаар 20 өдөр хүртэл малласан. Би малаа хүлээж авахад арван хэдэн мал дутуу авсан. 2023 оны өвөл мал маллуулсан. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 160 ямаа, 50 хонь маллуулсан. Мал нэмж өгөөд 450 мал хүлээлгэн өгч, 2024 оны 06 дугаар сарыг хүртэл маллуулсан. Намайг сумын төвд явж байхад мөнгө өг гэхээр нь манай охин шилжүүлсэн. 8,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг гэх мэтээр хэсэгчилж авсан. Би О.Очирбатад өгөх өр төлбөр байхгүй.
8,000,000 төгрөгийг нь өгсөн. Би хүүхдийнхээ дансаар дамжуулан эхнэрийнх нь данс болон өөрийнх нь данс руу шилжүүлдэг байсан гэжээ.
3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 319/ШШ2025/00794 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.******* гаргасан 8,000,000 төгрөгийн мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.*******ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Очирбатад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 28 жил мал хариулсны хөлс 15,000,000 гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,350 /хоёр зуун гучин дөрвөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.*******ээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Очирбатад олгосугай.
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би О.******* малжуулах төслийн 8,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн.Үүнийг нотлох дансны хуулга, гүйлгээний баримтууд гаргаж өгсөн боловч шүүх эдгээрийг хангалттай үнэлээгүй. Би 2019 онд О.Очирбатад 1600000 төгрөг өгсөн бөгөөд үүний хариуд мал маллаж өгнө гээд худлаа хэлсэн гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч О.******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч О.Очирбат нь 134 тооны малын үнэ 8,000,000 төгрөг, 28 жил Х.*******ийнд мал хариулсны хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.*******эд холбогдуулан гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь Би 8 наснаас эхлэн Х.******* гэх айлын малыг маллаж ирсэн. Х.******* надад мал тасалж өгнө, гэр төхөөрч өгнө гэж хэлээд мал маллуулдаг байсан. Мал малласны хөлсөнд 1 тооны үхэр, 3 тооны ямаа, 1 тооны хонь, 1 тооны адуу өгсөн. Тухайн малаас зарим нь хүний мал, заримынх нь махны талыг нь аваад явчихсан. Одоо мал ч байхгүй, мөнгө ч байхгүй тул мал малласны хөлс 15,000,000 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэж тайлбарлан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний хүрээнд Хөдөлмөр эрхэлтийг дэмжих сангийн малчин өрхийг малжуулах төсөлд хамруулахаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас О.Очирбатад олгосон батламж,мал хүлээлцсэн акт,мал худалдах худалдан авах гэрээ, 2024.06.10-нд малын тоо бичсэн гар бичмэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа: Би энэ хүнийг олон жил зараагүй, дүү нартайгаа мал маллаж байсан. Энэ хүн зун нь яваад өвөлд нь ирдэг байсан. 20 жил мал малласан нь худлаа. Өөрөө бас малтай байсан бөгөөд түүнийгээ зарж үрсэн. Бид нар нэг гэрт хамт мал маллаж байсан. Сүүлд цэрэгт явж ирээд тусдаа гарсан. Харин миний малыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 235 тооны эр ямаа маллуулсан. Миний малаас зарж архи ууссан байсан. Мөн 2023 оны өвөл бас мал өгөөд 2024 оны хавар 6 сард буцааж авсан. Нэг малыг 1,000 төгрөгийн хөлсөөр маллахаар тохиролцсон. Би хөлсөнд нь 1 тооны үхэр, 1 тооны адуу, 3 тооны ямаа, 1 тооны эр хонь өгч байсан. Мөн мөнгө хэрэгтэй боллоо, зээл хаана гэж хэлэхээр нь эхнэрийнх нь төрийн банкны данс руу мөнгө шилжүүлж байсан. Би харин ч дутаасан малаа энэ хүнээс нэхэмжлэх болно гэж тайлбарлаж,шүүхэд хүсэлт гаргаж Хаан банк ХХК-ний Ховд аймаг дахь салбараас данс эзэмшигчийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Х.*******ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Очирбатад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 28 жил мал хариулсны хөлс 15,000,000 гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6.Хариуцагч Х.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... ******* “малжуулах төсөл”-ийн 8.000.000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн,үүнийг нотлох дансны хуулга, гүйлгээний баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүх эдгээрийг хангалттай үнэлээгүй гэж үзэж байна” гэжээ.
6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим”-д талуудын дунд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг шүүхээс хянан шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж, зөрчихгүй байх агуулгаар тодорхойлогддог юм.
Гэтэл анхан шатны шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан дараах журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.
6.1.1 Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 134 тооны малын 8,000,000 төгрөг, 28 жил Х.*******ийнд мал хариулсны хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр түүний шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдоос гаргасан хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч 134 тооны ямар насны, ямар,ямар /таван хошуу/ малын үнэ 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа, эсхүл “шинэ хоршоо хөдөлгөөн”-ний хүрээнд хөдөлмөр эрхэлтийг дэмжих сангийн “малчин өрхийг малжуулах” сангаас олгосон 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа эсэх, мөн 28 жил Х.*******ийнд таван хошуу малнаас ямар мал хэдий хугацаанд хэрхэн хариулж байсан, мал хариулгын хөлс мөнгөө хэрхэн яаж тохиролцож байсан талаар нэг бүрчлэн тодруулж асуух шаардлагатай байжээ.
Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчээс түүний дээрх шаардлагуудын үндэслэл нэг бүрийг нэг бүрчлэн тодруулж маргааны үйл баримтыг тогтоогоогүй байна.
6.1.2 Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.******* 134 тооны малын үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.*******ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Очирбатад олгож шийдвэрлэхдээ түүний шаардлагын үлдэх хэсэг 7.000.000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй ойлгомжгүй болжээ. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ.
6.1.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , Б.Бямбацоож, нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт, гаргасныг шүүх 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 319/ШЗ2025/02702 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, энэ шийдвэрийн дагуу гэрч , Б.Бямбацоож нар шүүхэд хүрэлцэн ирсэн, харин шүүхэд ирээгүй байх тул түүнийг гэрчээр оролцуулах, мөн хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа Төрийн банкны гэх дансанд үзлэг хийлгэх, хариуцагчийн эхнэр *******, охин , Д.Оюундарь нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтүүдийг шүүх хуралдаан дээр тус тус гаргажээ.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгч , ******* нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, Төрийн банкны гэх дансанд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн г хариуцагчийн өмгөөлөгчийн Д.Оюундарийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн г, хариуцагчийн өмгөөлөгчийн Д.Оюундарийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болжээ.
Шүүх талуудын гаргасан дээрх хүсэлтүүдийг хянан шийдвэрлэхдээ хоёр удаа шүүгчийн захирамж гарснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд уг захирамжууд хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах бөгөөд гэрч нь энэ хуульд зааснаар шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.
Харин Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх..” эрхтэй.
Гэтэл хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр дуудагдсан Б.Бямбацоож нь хэргийн оролцогч О.Очирбат, Х.******* нартай төрөл садангийн холбоотой гэх үндэслэлээр гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан байх бөгөөд шүүх түүнээс хэргийн оролцогч нартай төрөл садангийн ямар холбоотой буюу Монгол улсын үндсэн хуульд зааснаар гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах үндэслэлд хамаарах эсэхийг тодруулж асуугаагүй байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч Төрийн банкны гэх дансанд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ үзлэгийг хийхдээ үзлэгийн тэмдэглэлийг зохих журмын дагуу үйлдэхийг шүүгчийн туслахад даалгасан байх бөгөөд уг дансанд үзлэг хийсэн үйл баримтын талаар тэмдэглэл хэрэгт авагдаагүй буюу шүүгчийн захирамж биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хариуцагчийн нэрийг *******, , Дэмд гэж олон янзаар бичсэн байх ба хэрэгт Х.*******ийн иргэний үнэмлэх буюу иргэний үнэмлэхийн лавлагаа авагдаагүй учраас түүнийг энэ хэргийн хариуцагч мөн эсэх нь эргэлзээтэй байна.
7. Түүнчлэн шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118.4-д заасан шаардлагад нийцээгүй байна.
Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28550 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Х.*******эд буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 319/ШШ2025/00794 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Х.*******эд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА