Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 863

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр       Дугаар 181/ШШ2016/00863             Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 6 гудамж, 177б тоотод оршин суух, Боржигон овогт Сандагсүрэнгийн Золзаяа/РД: ВМ77080202/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-2 гудамж, 2а тоотод оршин суух Хөх нуур овогт Сүүлийн Батдорж/РД: ВМ76030736/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Золзаяа миний бие С.Батдоржтой танилцан 1994 онд гэр бүл болсон, 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлж 00345930=07 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ авсан.

            Бидний дундаас 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Түмэндэлгэр, 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин Ануужинжаргал төрсөн. Хүү маань одоо 19 настай, охин Ануужинжаргал нийслэлийн 4 дүгээр сургуулийн 8а бүлэгт элсэн орох юм.

            Бидний хувьд анх амьдарч эхэлсэн үеэс хэвийн сайхан харилцаатай байсан боловч С.Батдорж нь ямар ч шалтгаангүйгээр  хардаж сэрдэж амар тайван байлгахаа больсон. Миний зүгээс гэр бүлийн хүнээ хуурч мэхлэх, ямар нэг байдлаар итгэл эвдэх байдал огт гаргаж байгаагүй. Хань үр хүүхэддээ хайр халамж анхаарлаа үзүүлж, гэр бүлийн амьдралд өөрийн зүгээс хариуцлагатай, үнэнч байж ирсэн. Хэдий ийм байсан ч намайг шалтгаангүйгээр хардаж, сэрдэж хэрүүл хийгээд зогсохгүй байнга зодож, бие эрүүл мэндэд халддаг болсон. Энэ бүх байдлыг аль болох ойлголцож, эв зүйгээр шийдвэрлэе гэдэг үүднээс, мөн хоёрын хоёр хүүхдийн эцэг, эх болсны хувьд маш их тэвчээртэй, хүлээцтэй, уужуу сэтгэлээр хандаж, олон ч удаагийн зодсон асуудлыг уучилж ирсэн. Гэвч С.Батдорж энэ бүх байдалдаа дүгнэлт хийхийн оронд зан байдал нь улам хувирч, үр хүүхдүүдийн дэргэд ширүүн догшин авирлах нь улам ихэсч тайван, аюулгүй амьдрах ямар ч нөхцөлгүй болсон төдийгүй бага насны хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх болсон тул 2009 онд 2 хүүхдээ өөр дээрээ авч С.Батдоржоос тусдаа амьдрах болсон.

            Бидний хувьд тусдаа амьдраад 7 жил гарангийн хугацаа өнгөрлөө. Хамтын амьдралтай болоод өөрийн гэсэн хашаа байшинтай өмч хөрөнгөтэй байсан ч салах үед надад болон хоёр хүүхэддээ нэг ч төгрөгийн хөрөнгө өгөөгүй. Түүнчлэн 2 хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ ч огт биелүүлж байгаагүй.

            Миний хувьд өнөөдрийг болтол түрээсийн байшинд амьдарч байна. Ганцаараа ажил хийж хоёр хүүхэд өсгөнө, гэр бүлийн бүхий л хэрэгцээг зохицуулна гэдэг нэг хүнд ахадсан ачаа байдаг юм байна. Иймд С.Батдоржийг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг нь шүүхийн журмаар хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Ануужинжаргалыг өөрийн асрамжид авч үлдэх, эцэг С.Бадторжоос охин Б.Ануужаргалд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч С.Батдорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сүүл овогтой Батдорж нь С.Золзаяатай 1995 онд гэр бүл болж бидний дундаас хүү Түмэндэлгэр, охин Ануужинжаргал төрсөн. Хамт амьдарч эхэлсэн үеэс эхнэр ажилгүй, би ганцаар хөдөлмөрлөж гэр бүлээ идэх уух, эдлэх хэрэглэх юмаар дутаагаагүй байхад 2000 оноос эхлэн миний хүргэн ах болох Сайнжаргалтай дотно харьцаатай болж улмаар Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Пава гэгчтэй явалдаж, мөн Даваасамбуу овогтой Баттулга гэгчтэй бас дотно харьцаатай байсан. Би 2 хүүхдээ болон өөрийн босгосон амьдралыг бодож энэ бүхнийг тэвчин амьдарч байтал 2008 онд биеэ эмчлүүлнэ гээд надаар банкнаас зээл авахуулан 2 хүүхэд болон бид 3-ыг бүтэн жил гаран сураггүй орхин, одоо хамт амьдарч байгаа хүнээ дагаад явсан байсан. 2010 онд ирээд 2 хүүхдийг минь аваад явахад нь би араас нь Улаанбаатар хотод уулзахаар ирсэн боловч олж холбоо барьж чадаагүй. 2012 онд 2 хүүхдийнхээ дугаарыг олоод ярих гэхээр ээж аашилна гээд утсаа салгаад ярьж чаддаггүйгээр барахгүй өдийг хүртэл уулзаж чадахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хүнд байдлаас болж сэтгэл санааны дарамтанд орж амьдрах хүсэлгүй болсноор архи ууж, эд хөрөнгөггүй болсон учир охин Ануужинжаргалын тэтгэмжийг мөнгийг бага хэмжээгээр тогтоож өгнө үү. Дээрх бүгдийг нутгийн ард түмэн гэрчилнэ.

Одоо хамт амьдарч байгаа хүнээсээ хүүхэдтэй болсон. Тэр хүүхэд нь ойролцоогоор 4-5 настай. 5-уулаа амьдардаг.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Золзаяа нь хариуцагч С.Батдоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Золзаяа, хариуцагч С.Батдорж нар 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсноо иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Батдоржийн Түмэндэлгэр, 2002 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Хөх нуур овогт Батдоржийн Ануужинжаргал төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн болон хүү Б.Түмэндэлгэр, охин Б.Ануужинжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Золзаяа, хариуцагч С.Батдорж нар нь 2009 оноос эхлэн тусдаа амьдарч байх ба гэрлэгчид цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй гэж заасан.

 

Охин Б.Ануужинжаргал нь төрсөн цагаас эхлэн эх С.Золзаяатай цуг амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байх ба охин Б.Ануужинжаргалыг эх С.Золзаяа өөрийн асрамжид үлдээхтэй хариуцагч С.Батдорж маргахгүй байх тул охин Б.Ануужинжаргалыг эх С.Золзаяагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч С.Батдорж охин Б.Ануужинжаргалыг тэжээн тэтгэх талаар маргахгүй байх ба хариуцагч С.Батдоржоос тэтгэлэг гаргуулан охин Б.Ануужинжаргалыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Золзаяа, хариуцагч С.Батдорж нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэгч С.Золзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Сандагсүрэнгийн Золзаяа, хариуцагч Хөх нуур овогт Сүүлийн Батдорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Хөх нуур овогт Батдоржийн Ануужинжаргалыг эх С.Золзаяагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Анужинжаргалыг 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Батдоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж эх С.Золзаяад олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Золзаяа, хариуцагч С.Батдорж нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батдоржоос 120747 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Золаяад 70200 төгрөгийг олгуулж, улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд 50547 төгрөгийг тус тус оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ