Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр         Дугаар 181/ШЗ2016/00864            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 48а байр, 3 тоотод оршин суух, Цагаантуг овогт Чогсомын Сэлэнгэ/РД: УХ67090161/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 5 байр, 25 тоотод оршин суух, Ат овогт Энхтайваны Энх-Оргил,  

 

Хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.Сэлэнгэ нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шүнди” ХХК-ийн барьж 2008 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот, 115,6м2, 3 өрөө орон сууцыг 2012 оны 02 дугаар 14-ний өдөр тус компаниас худалдаж авсан.

Гэтэл БНХАУ-ын Тяньжин хотын Орон сууцны хөрөнгө оруулалтын “Да-Ган” ХХК болон “Шүнди” ХХК-ийн хоорондын хөрөнгө оруулалтын маргаан дэгдэж, улмаар Баянгол дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэлтэй хэрэг үүсгэн 2013 оны 06 дугаар сарын 30-ны №1230 тоот шийдвэр гарч шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “ ... Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Спорт комплексийн зүүн талд байрлах 39 дүгээр байрны 63 айлын орон сууцууд /баруун талын 1001 буюу шинэ дугаар 58, 701 буюу шинэ дугаар 49, зүүн талын 703 буюу шинэ дугаараар 18 тоот орон сууцнаас бусад/-ыг болон 35 автомашины зогсоол зэргийг битүүмжилж...” ИХШХШтХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж” гаргасныг дурдаж шийдвэрлэсэн болно.

Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 784 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 753 тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 753 тоот тогтоолын тогтоох хэсэгт “ ... Баянгол дүүргийн 6 дугаархороо, 10 дугаар хороолол, Спорт комплексийн зүүн талд байрлах 39 дүгээр байрны 63 айлын орон сууцууд /баруун талын 1001 буюу шинэ дугаар 58, 701 буюу шинэ дугаараар 49, зүүн талын буюу шинэ дугаараар 18 тоот орон сууцнаас бусад/-ыг болон 35 автомашины зогсоол зэргийг битүүмжилсэн явдал нь худалдах-худалдан авах гэрээний дагуу үүргээ биелүүлсэн худалдан авагч нараас орон сууцны өмчлөх эрхээ олж авахад саад болохгүйг дурдсугай.” гэж тогтоосон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, тус албаны шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь уг тогтоолыг шууд зөрчиж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот 115 м2, 3 өрөө байрыг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар товлогдоход нь шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаярт гомдол гаргасан боловч хүсэлтийг хангаж өгөөгүй. Мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дээд шатны буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь, шийдвэр гүйцэтгэх албанд нь гомдол гаргасан боловч “гомдлыг хүлээж авах боломжгүй тул 2015 оны 09 дүгээр сарын 15-ны дотор чөлөөлж өгөхийг мэдэгдье” гэсэн хариуг мэдэгдсэн нь шүүхийн шийдвэрт заагдаагүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй, шүүхийн тогтоолд заасныг шууд зөрчиж, хууль бусаар эд хөрөнгийг битүүмжилж, албадан чөлөөлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа нь иргэн Ч.Сэлэнгээгийн хууль ёсны эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаанд хутгалдан оролцож байгаад гомдолтой байх тул доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Баянгол дүүргийн 1230 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 753 тоот тогтоолд заасныг зөрчин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлөх шаардлага ирүүлсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот, 115м2, 3 өрөө орон сууц нь дээр явагдаж байгаа Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр “Шүнди” ХХК-иас 4 692 638 067 төгрөг гаргуулж “Да ган” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Шүнди” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205031084 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 39 дүгээр байрны орон сууцнуудыг битүүмжлэн хурааж, Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 1 м.кв 1700 төгрөгөөр тооцож, анхны албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136 000 000 төгрөгийн 70 хувь буюу 137 540 200 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136 000 000 төгрөгийн 50 хувь буюу 68 000 000 төгрөгөөр, 115,58 м.кв талбайтай орон сууцыг 196 486 000 төгрөгийн 50 хувь буюу 98 243 000 төгрөгөөр оруулахад 11, 56, 41, 64 тоот орон сууц худалдан борлогдож, 2, 35, 18, 46 тоот орон сууцнууд худалдан борлогдоогүй байна.

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байр, 64 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 784 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 756 дугаар тогтоолоор “Шүнди” ХХК-иас 4 692 638 067 төгрөгийг гаргуулж “Да ган” ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 779 дугаар гүйцэтгэх хуудас олгосон болох нь 1230 дугаар шийдвэр, 2784 дугаар магадлал, 756 дугаар тогтоол болон 779 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүлйийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах/цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;” гэж заасан.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт заасан төлбөр төлөгч “Шүнди” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрыг 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 146/316 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 146/316 дугаар тогтоолоор хураан авсан болох нь 146/316 дугаар тогтоолуудын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах .... төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.”, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол .... худалдан борлуулах ажиллагааг түүнийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэнэ.” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч “Шүнди” ХХК болон төлбөр авагч “Да Ган” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 39 дүгээр байрны 1 метр квадратыг 1 700 000/нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн болох нь “Шүнди” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн болон “Да Ган” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үнийн саналын хуулбараар тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот, 115,6 метр квадрат, 3 өрөө орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх зааснаар анхны дуудлага худалдаанд оруулахад тус 64 тоот орон сууц худалдан борлогдоогүй болох нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/242 тогтоол болон 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албандан дуудлага худалдааны протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

39 дүгээр байрны 64 тоот, 115.6 метр квадрат, 3 өрөө орон сууцыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасанаар 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, тус 64 тоот орон сууцыг иргэн Э.Энх-Оргил хамгийн өндөр санал хэлж, орон сууны үнийг төлж худалдан авсан болох нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/249 тогтоол, 3/23236 мэдэгдэл болон Үндэсний шуудан сонины 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 125 дугаарын хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн албадан дуудлага худалдааны протоколын хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай 1/24298 албан бичгийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 39 дүгээр байрны 64 тоот орон сууцны өмчлөгч гэж маргаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.Төмөртогоотой 64 тоот орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан, Д.Ариунзаяад 64 тоот орон сууцны урьдчилгаа төлбөрт 17 000 000/арван долоон сая/ төгрөгийг төлсөн гэх тайлбар гаргаж байх боловч тус хэлцэл, төлбөр төлсөн гэх баримтаар 64 тоот орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан болох нь нотлогдохгүй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот, 115.6 метр квадрат, 3 өрөө орон сууцтай холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Ч.Сэлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Ч.Сэлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ