Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 125

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр,

 улсын яллагч Г.Цолмонгэрэл,

 шүүгдэгч Г.Энхтөр, түүний өмгөөлөгч Р.Баярхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2916/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Гомбожавын Энхтөрд холбогдох эрүүгийн 1931000000110 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овогт Гомбожавын Энхтөр, Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тахир дутуугийн группэд байдаг, ам бүл 2, төрсөн эгчийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар баг, 2 дугаар хэсгийн 093 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/МЮ68101873/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Энхтөр нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 2 дугаар хэсгийн задгайд оршин суух С.Сод-Эрдэнийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг загасны уурга хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энхтөр мэдүүлэхдээ:

“ ...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тэтгэврээ аваад С.Галаа ахтай хамт явж байгаад 40,000 /дөчин мянга/ төгрөгөөр бензин хийгээд гол явъя гэж ярьсан.  Тэгээд С.Галаа ах загасны уурга байгаа юу? гэхээр нь байгаа гээд С.Сод-Эрдэнийн гэрч очсон. С.Сод-Эрдэнэ бид хоёр өмнө нь найзууд байсан. Би урьд нь нэг загасны уурга С.Сод-Эрдэнэд өгч байсан юм. Тэгээд загасны хэрэгсэл байна уу? гэхээр нь миний өгсөн уурга байгаа юм чинь гээд С.Сод-Эрдэнийн гэрт нь очсон. Тэгээд очтол гэрт нь хүн байхгүй байсан. Би гэрт нь ороод уургыг нь аваад гол явсан. С.Галаа ах бид хоёр замаасаа нэг шил архи авсан. Орой голоос ирсэн чинь ийм асуудал болсон байсан. Тэгээд би асуусан чинь С.Сод-Эрдэнэ надад тэгээд хэлэхгүй яасан юм бэ? гэсэн. Цагдаад өгсөн өргөдлөө С.Сод-Эрдэнэ авна гэж надад хэлсэн боловч одоо болтол аваагүй байна. Би өргөдлөө аваагүй байгаад нь гайхаж байна...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Эрүүгийн 1931000000110 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг бусад баримтууд болох  (Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)

  2.Хохирогч С.Сод-Эрдэнийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлсэн:

“... 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 09-10 цагийн хооронд гэрээсээ гарч айлд юм хийж байгаад 12 цагийн үед гэртээ ирэхэд манай охин гадаа үүдэнд зогсож байсан. Би гэртээ орохгүй яасан юм бэ? гэж хэлэхэд аав гэрийн цоож онгорхой байна. Надад түлхүүр байхгүй гэж охин хэлэхээр нь гайхаад харсан чинь гэрийн гаднах цоож онгойсон байсан. Тэгэхээр нь дотогш гэрт ороход гэрийн хойд хэсэгт авдрын урд байсан загасны уурга байхгүй, гэрийн гадаа машин ирээд явсан дугуйны мөр байсан. Тэр үед миний таньдаг хүн авсан юм байна, орой надад аваад ирэх юм байна гэж бодоод эхэндээ тоогоогүй. Орой 19 цагийн үед гэрээсээ гараад “Бөмбөөлэй” хүнсний дэлгүүрийн гадаа Г.Энхтөр ганцаараа халамцуу сууж байхад нь “Чи манайд өглөө ирээд явсан уу?” гэж асуусан. Тэгэхэд Н.Энхтөр “Үгүй ээ би танайхаар очоогүй, та юу яриад байгаа юм бэ?” гэж хэлээд уурлангүй, уцаарлангүй надтай ярих үед нь би цагдаад мэдэгдсэн. Г.Энхтөр цагдаа ирэхийг мэдээд зугтаасан” гэх мэдүүлэг[1],

3.Гэрч Н.Хүрэлбаатарын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн орчим санагдаж байна. Содоо ахын гэрийн гадаа ногоон өнгийн суудлын машин ирээд зогсож байхаар нь Содоо ахыг Галаатай загасанд явах гэж байна гээд бодсон. Ногоон өнгийн суудлын машинаас 2-3 эрэгтэй хүн сууж буугаад байсан. Машин нь Галаагийн машин юм шиг харагдсан” гэх мэдүүлэг[2],

4.Гэрч С.Галбадрахын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цайны цагийн өмнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-ны гадаа зогсож байхад бүтэн нэрийн нь сайн мэдэхгүй байна. Гозон Энхээ явж байхаар нь “...хамт загасанд явах уу?” гэж асуусан. Тэгээд бид хоёр миний машинтай хөдлөөд Энхээ, Содоогийн гэрээс загасны хэрэгсэл аваад явъя гээд тэдний гэрийн гадаа очиж зогссон. Энхээ машинаас буугаад Содоогийн гэрийн хаалганы урд хэсэгт удаж байгаад орсон. Ороод удаагүй гарч ирээд энэ хоёр уурга авчихлаа болох уу? гэсэн. Би болно биз дээ гээд бид хоёр машинтай Бойны тохойн голын эрэг ороод загас барихаар явсан. Эргэж ирээд би гэртээ орсон. Энхээ манайд тойлгойгоо угаагаад харина гээд явсан” гэх мэдүүлэг[3],

5.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ТХҮ/118-074 дугаартай “... Тайлангаар үнэлэгдэж буй загасны уурга 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 45,000 /дөчин таван мянга/ төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний дүгнэлт[4],

6.Яллагдагч Г.Энхтөрийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

“...С.Сод-Эрдэнийн гэрээс загасны уурга авахдаа би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бага зэргийн согтуу байсан. С.Сод-Эрдэний гэрийн гадаа очоод би машинаас буугаад гэрийн хаалгыг тогшиход онгойлгохгүй байхаар нь харсан чинь гэр нь гаднаасаа цоожтой байсан. Тэгээд хаалгыг татсан чинь онгойсон. Би гэрт ороод авдарны урд ил байсан 2 ширхэг загасны уурга аваад гэрээс гарч явсан” гэх мэдүүлэг[5], (Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт)[6] зэрэг хэрэг авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

1.Шүүгдэгч Г.Энхтөрийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Энхтөр нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 2 дугаар хэсгийн задгайд оршин суух С.Сод-Эрдэнийн  гэрт хууль бусаар нэвтрэн орж 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг загасны уурга хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч С.Сод-Эрдэнийн мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 09-10 цагийн хооронд ...гэртээ ирэхэд манай охин гадаа үүдэнд зогсож байсан. Би гэртээ орохгүй яасан юм бэ? гэж хэлэхэд аав гэрийн цоож онгорхой байна. Надад түлхүүр байхгүй гэж охин хэлсэн. ...дотогш гэрт ороход гэрийн хойд хэсэгт авдрын урд байсан загасны уурга байхгүй, гэрийн гадаа машин ирээд явсан дугуйны мөр байсан. ...Орой 19 цагийн үед гэрээсээ гараад “Бөмбөөлэй” хүнсний дэлгүүрийн гадаа Г.Энхтөр ганцаараа халамцуу сууж байхад нь “Чи манайд өглөө ирээд явсан уу?” гэж асуусан. Тэгэхэд Н.Энхтөр “Үгүй ээ би танайхаар очоогүй, та юу яриад байгаа юм бэ?” гэж хэлээд уурлангүй, уцаарлангүй надтай ярих үед нь би цагдаад мэдэгдсэн. Г.Энхтөр цагдаа ирэхийг мэдээд зугтаасан” гэсэн мэдүүлэг[7],

- шүүгдэгч Г.Энхтөрийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...С.Сод-Эрдэнийн гэрээс загасны уурга авахдаа би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бага зэргийн согтуу байсан. С.Сод-Эрдэний гэрийн гадаа очоод би машинаас буугаад гэрийн хаалгыг тогшиход онгойлгохгүй байхаар нь харсан чинь гэр нь гаднаасаа цоожтой байсан. Тэгээд хаалгыг татсан чинь онгойсон. Би гэрт ороод авдарны урд ил байсан 2 ширхэг загасны уурга аваад гэрээс гарч явсан” гэх мэдүүлэг[8],

-мөрдөн байцаалтад гэрч Н.Хүрэлбаатарын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн орчим санагдаж байна. Содоо ахын гэрийн гадаа ногоон өнгийн суудлын машин ирээд зогсож байхаар нь Содоо ахыг Галаатай загасанд явах гэж байна гээд бодсон. Ногоон өнгийн суудлын машинаас 2-3 эрэгтэй хүн сууж буугаад байсан. Машин нь Галаагийн машин юм шиг харагдсан” гэх мэдүүлэг[9],

-мөрдөн байцаалтад гэрч С.Галбадрахын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн “...Тэгээд бид хоёр миний машинтай хөдлөөд Энхээ, Содоогийн гэрээс загасны хэрэгсэл аваад явъя гээд тэдний гэрийн гадаа очиж зогссон. Энхээ машинаас буугаад Содоогийн гэрийн хаалганы урд хэсэгт удаж байгаад орсон. Ороод удаагүй гарч ирээд энэ хоёр уурга авчихлаа болох уу? гэсэн. Би болно биз дээ гээд бид хоёр машинтай Бойны тохойн голын эрэг ороод загас барихаар явсан” гэх мэдүүлэг[10], хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энхтөр нь буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн, хохирогчоос хууль бусаар авсан 2 ширхэг загасны уургыг нь буцааж өгөөд уучлал гуйсан, мөн 30,000 /гучин мянган төгрөг/ төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Энхтөрийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.Энхтөр нь урьд нь хохирогч С.Сод-Эрдэнэд 1 ширхэг загасны уурга өгч байсан, миний өгсөн уурга байгаа юм чинь очоод авчихья гэсэн хайнга, хайхрамжгүй байдлын улмаас хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэргийг үйлджээ.

Шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгч Р.Баярхүүгээс түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон тул шүүхээс гэм буруутайд тооцох хууль хэрэглээний талаар мэтгэлцээгүй болно.

2.Шүүгдэгч Г.Энхтөрд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүүгээс шүүгдэгч Г.Энхтөр нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шалгах хуудаснаас харагдаж байна. Ийм учраас тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан.

Шүүх шүүгдэгч Г.Энхтөрд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Энхтөр нь Эрүүгийн хуульд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчоос гомдол, саналгүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхтөрд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдав.

 


[1]  Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 36 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 35 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал

[10]Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Гомбожавын Энхтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхтөрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Энхтөрд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Ялтан Г.Энхтөр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Ялтан Г.Энхтөрд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

     

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                                        Ц.АМАРГЭРЭЛ