Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 872

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр         Дугаар 181/ШШ2016/00872           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуу-Ёндонгийн Бямбажав/РД: ЧС75111606/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 20-р байр, 62 тоотод байрлах, “Ориент Инвест ББСБ” ХХК,  

               

Албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай нөхөр Х.Эрдэнэбаатар нь “Гэзэгийн худаг” ХХК-д ажиллаж байх үед тус компанийн захирал З.Насанжаргалын гуйлтаар өөрсдийн эзэмшлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцаа барьцаалж зээл авч өгөөч гэсэн тул 16 давхар барилгын суурийн ажилд нь зориулж “Ориент инвест” ББСБ-аас 25 000 000 төгрөгийн зээлийг авч өгсөн бөгөөд С.Бямбажав миний бие нөхөр Х.Эрдэнэбаатарт итгэмжлэл хийж өгсөн болно.

“Гэзэгийн худаг” ХХК нь уг зээлээр суурийн ажил гүйцэтгэсэн боловч хэрэгжүүлж буй төсөл нь зогсонги байдалд орсон тул зээл төлөх боломжгүй болсон. Гэвч нөхөр Х.Эрдэнэбаатар бид нар боломжийн хэрээр цаг хугацаанд нь зээлийн хүүг “Ориент Инвест” ББСБ-д төлж байсан болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 тоот захирамжийн дагуу 37 602 575 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд С.Бямбажав миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцаа одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр буюу 150 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг өгсөн.

Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрийн хаалган дээр маань Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/261 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”, 3/26225 тоот “Мэдэгдэл” зэргийг үлдээсэн байна. Нэхэмжлэгч С.Бямбажав миний бие зүрхний өвчин, бамбай эмгэгийн улмаас хүндрэлтэй төрсөн бөгөөд байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, эмчилгээний үед тайван байдлыг шаарддаг тул нөхөр Х.Эрдэнэбаатар маань надад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар огт хэлээгүй ба шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс ч надад ямар нэгэн мэдэгдэл, тогтоол зэрэг холбогдох баримтын талаар огт мэдэгдэж байгаагүй болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/261 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-д “... Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зэх зээлийн үнэ болох 119 538 697 төгрөгийн 50 хувь буюу 59 769 348 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахыг 183 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Алтансувдад үүрэг болгосугай.” гэсэн байна.

Нэхэмжлэгч С.Бямбажав миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцны үнэлгээчний 119 538 697 төгрөгөөр үнэлснийг огт мэдээгүй бөгөөд чухам яагаад 150 000 000 төгрөгийн зах зээлийн бодит ханштай байхад 119 538 697 төгрөгөөр үнэлснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр авагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, бидний өмчлөлийн буюу 10 настай, 2 настай 2 охины минь эрх ашгийг хөсөр хаяж зах зээлд байхгүй хямд үнэ болох 59 769 348 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг нэг ёсондоо төлбөр авагчийн захиалгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авах оролдлого гэж үзэж эмчилгээ хийлгэх шаардлагатай эмчилгээний төлбөрөөсөө танан байж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 5 342 000 төгрөгийг өөрийн бололцоог шавхан байж төлөөд байгаа болно.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох надад мэдэгдэлгүйгээр хэт доогуур 119 538 697 төгрөгөөр үнэлж, анхны дуудлага худалдааг мөн надад мэдэгдэлгүйгээр шууд 70 хувиар үнэлэн явуулсан, одоо 119 538 697 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50 хувиар буюу 59 769 348 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг өмчлөлийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаанд оруулах 59 769 348 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтансувд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар Хөхийн Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 144/03 тоот тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллага “Бэсгэ” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 119 538 697 төгрөгөөр тогтоосон ба 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3/31373 дугаар албан мэдэгдлээр төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 83 677 087 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/32656 дугаар албадан мэдэгдэл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 59 769 348 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/26225 дугаар албан мэдэгдлүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар мөн хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатар нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмлжэл гаргасны дагуу анхан шатны шүүх хурал явагдаж тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8472 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Эрдэнэбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 479 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж Х.Эрдэнэбаатарын гомдлыг хангахгүй шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд “нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч С.Бямбажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ориент инвест” ББСБ нь иргэн Хөх овогт Эрдэнэбаатарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг НШГА-аар гүйцэтгүүлж байгаа. НШГА нь Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээг хийлгэж албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Гэтэл Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг хамтран өмчлөгч С.Бямбажав нь үнэлгээг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүх 2016 оны 09-р сарын 07-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. НШГА нь Х.Эрдэнэбаатараас төлбөрийг гаргуулах ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул манай байгууллага нь төлбөрөө авч чадахгүй эрх ашиг хөндөгдөж хохирсоор байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Бямбажав нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар Х.Эрдэнэбаатараас нийт 37 602 575 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 2238 дугаар захирамж, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 249 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь 6246 дугаар захирамж, 2238 дугаар захирамж, 249 дугаар гүйцэтгэх хуудас болон 15250155 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-р байр, 68 тоот орон сууцыг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр битүүмжилж, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хураан авч, нэхэмжлэгч С.Бямбажаваас 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үнийн санал авсан болох нь 144/01 эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол болон 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 144/03 эд хөрөнгө хураасан тогтоолын хуулбар, нэхэмжлэгчийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчид гаргасан үнийн саналын хуулбараар тогтоогдож байна.

 

Төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар 1-р байр, 68 тоот орон сууцны үнийг харилцан тохиролцож тогтоож чадаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад зааснаар 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилж, шинжээчээр ажилласан “БЭСГЭ” ХХК 68 тоот орон сууцыг 119 538 697/нэг зуун арван есөн сая таван зуун гучин найман мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээч томилох тухай 67 дугаар тогтоол болон үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “.... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.”, 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг .... эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 117.4 дэх хэсэгт заасны дагуу 1-р байр, 68 тоот орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 3/32656 тоот мэдэгдэл, “Өнөөдөр” сонины 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны дуудлага худалдааны протокол, “Үндэсний шуудан” сонины 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн № 159 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/26225 мэдэгдэл, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Шуудан” ТӨХК-ийн мөнгө хураах тасалбар, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын протоколын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 1-р байр, 68 тоот орон сууцыг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн ба нэхэмжлэгч шүүхэд эмнэлгийн магадлагаа ирүүлсэн байх боловч эмнэлгийн ерөнхий эмч нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцоход эрүүл мэндийн байдал нөлөө үзүүлэхгүй гэсэн тайлбар гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бямбажавын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Бямбажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Бямбажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ