Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 884

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,          

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баарангууд овогт Ч-н Э-д холбогдох эрүүгийн 1909034700991 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 1 дүгээр гудамж, 09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / ОР:81082410 / Баарангууд овогт Ч-н Э нь:

 

- 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын ойролцоо хохирогч С.Амарсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Амарсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим Улаанбаатар зочид буудлаас урагш явж байсан. Тэгсэн нэг согтуу хүн гурван хүнтэй ноцолдоод байсан. Нөгөө гурав нь 10 жилийнх бололтой гурван жаахан хүүхэд байсан. Тэгээд нөгөө согтуу эрэгтэй нь цүнхнээс нь зуураад ноцолдоод тавихгүй байхаар нь “Хөөе болиоч” гэтэл нэг бандийн нүүр рүү нь цохихоор нь болиоч гэж хэлэхэд согтуу нь гараа тавихгүй хоорондоо зодолдсон. Тэгээд хажуугаар явж байсан нэг залуу болиоч гэж хэлэхэд нөгөө 3 хүүхэд больж, нөгөө согтуу залуу сандлын хойд тал руу унасан байхаар нь бид 2 татаж босгосон. Тэгсэн чинь намайг зодлоо гэж нөгөө залуу бид 2 руу элдвээр доромжлоод орилоод байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдааг ирэх хооронд намайг нөгөө хүүхдүүдийн хамсаатан гэж элдэв муухай үгээр доромжилж зам руу чирч ийшээ явъя гээд цэцэрлэгийн саад руу чирээд байсан. Тэгээд бугуйнаас базаж бариад байсан. Бас зүүн гар мушгиж чирч, баруун, зүүн шанаа руу гараараа цохьсон. Тэгээд хоёр талын шанаа хөхөрч хавдсан, гар хөшиж гэмтээсэн гэжээ. / хх  6-7 /

 

Яллагдагч Ч.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд тамхи татаад сууж байсан. Тэгээд үл таних 2 хүн намайг зодсон ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Тэгээд би босоод ирсэн чинь нэг эмэгтэй нэг эрэгтэй хүн цагдаа дууд гээд зогсож байсан. Тэгэхээр нь тэр 2 хүнийг намайг зодсон хүнтэй хамаатай гэж бодоод тухайн эмэгтэйг хөөгөөд автобусны буудал дээр барьж аваад зогсож байсан чинь цагдаа хүрээд ирсэн. Би цүнхнийх нь оосроос нь бариад зогсож байснаа санаж байгаа. Бусдаар алгадаж гар хүрснээ сайн санахгүй байна. Нэлээн согтолттой байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 21 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10983 дугаар  дүгнэлтэнд:

1. С.Амарсайханы биед зүүн шанаа, хоёр бугалга, шуу, зүүн сарвуун, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. / хх 13 / 

 

Шүүгдэгч Ч.Э-г 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20-21 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 24  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уйчлалт гуйж эвлэрсэн гэв.

 

Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Амарсайханыг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Намайг нөгөө хүүхдүүдийн хамсаатан гэж элдэв муухай үгээр доромжилж, зам руу чирч бугуйнаас базаж бариад зүүн гар мушгиж, баруун, зүүн шанаа руу гараараа цохьсон. Тэгээд хоёр талын шанаа хөхөрч хавдсан. Гар хөшиж гэмтээсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Амарсайханы мэдүүлэг / хх  6-7 /, ...тухайн эмэгтэйг хөөгөөд автобусны буудал дээр барьж аваад зогсож байсан чинь цагдаа хүрээд ирсэн. Алгадаж гар хүрснээ сайн санахгүй байна. Нэлээн согтолттой байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэж яллагдагч Ч.Эын мэдүүлэг / хх 21 /, ...С.Амарсайханы биед зүүн шанаа, хоёр бугалга, шуу, зүүн сарвуун, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10983 дугаар  дүгнэлт / хх 13 /  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч С.Амарсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 31 / гэсэн тул шүүгдэгч Ч.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Баарангууд овогт Ч-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ