Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр       Дугаар 181/ШШ2016/00878           Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                            

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойрог, 28-21 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэнсодномын Пүрэвдаваа /РД: ХЖ62030874/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, “Гурван Гал” ХХК-ийн 407 тоотод байрлах, “Эй Си Си Эл Монголиа” ХХК /РД: 5543428/-д холбогдох

 

Аваагүй цалин 1 099 500 төгрөг, сул зогсолтын 4 398 000 төгрөг нийт 5 497 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,                         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Пүрэвдаваа би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Эй Си Си Эл Монголиа” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн ажил гүйцэтгэхээр болсон билээ.

2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан ба 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс одоо болтол сул зогсолттой ажилласаар байгаа.

Иймд “Эй Си Си Эл Монголиа” ХХК-иас 1 сар 15 хоногийн цалин 1 099 500 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сул зогсолтын 4 398 000 төгрөг нийт 5 497 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Ц.Пүрэвдаваа нь “Эй Си Си Эл Монголиа” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 5 497 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4 398 000 /дөрвөн сая гурван зуун ерэн найман мянга/ төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 1 099 500 /нэг сая ерэн есөн мянга таван зуу/ төгрөгийг гэрээ байгуулагдсан дариуд бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Пүрэвдаваа нь хариуцагч “Эй Си Си Эл Монголиа” ХХК-д холбогдуулан Аваагүй цалин 1 099 500 төгрөг, сул зогсолтын 4 398 000 төгрөг нийт 5 497 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Пүрэвдаваа нь хариуцагч “Эй Си Си Эл Монголиа” ХХК-иас нэхэмжилсэн 5 497 500 төгрөгийн шаардлагын 4 398 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1 099 500 төгрөгийг гэрээ байгуулагдсан даруйд бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

 

 

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Пүрэвдаваа хариуцагч “Эй Си Си Эл Монголиа” ХХК-иас нэхэмжилсэн 5 497 500 /таван сая дөрвөн зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 4 398 000 /дөрвөн сая гуран зуун ерэн найман мянга/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Эй Си Си Эл Монголиа” ХХК нэхэмжлэлийн шаардлагын 1 099 500 /нэг сая ерэн есөн мянга таван зуу/ төгрөгийг гэрээ байгуулагдсан даруйд бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Пүрэвдаваа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 910 төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Эй Си Си Эл Монголиа” ХХК-иас 15469 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                           С.ХИШИГБАТ