| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0775/Э |
| Дугаар | 827 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 827
2019 10 30 2019/ШЦТ/827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Э.Г , түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,
хохирогч Н.Энхтүвшин,
шинжээч Ц.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Г т холбогдох эрүүгийн 1911016140806 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Э.Г , 1989 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, орбит 43 гудамж, 8 тоотод оршин хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП89072707.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Энхтүвшингийн вакум цонхны үйлдвэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхыг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч, тасдагч, дрилл, хашаанаас блокны хэв зэрэг эд зүйлийг хулгайлж 4.978.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 185 тоотод оршин суух иргэн П.Жавзмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, Самсунг загварын элсиди зурагт, барилгын багаж хэрэгсэл болон бусад эд зүйлсийг хулгайлж 380.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Н.Энхтүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2013 онд блокны үйлдвэр нээж тухайн үед 13 куб метр блокны хэвнийг хүнээр хийлгэсэн. Тухайн үедээ 5.500.000 төгрөгөөр төмөр авсан. Бичиж тэмдэглэсэн зүйл одоо үрэгдээд байхгүй болсон. Хувь хүнээр хийлгэсэн зардалтайгаа нийлж 6.000.000 төгрөг болсон. Тэр хэв бол хүний бүсэлхий хавьд хүрэхээр байсан гэдгийг шүүгдэгч дүрсэлж хэллээ. Гэтэл миний буцааж авсан нь хөлийн өвдөгнөөс доогуур татахаар бага хэмжээтэй байгаа. 3-н листээр хийсэн байгаа. 1 блокд ордог төмөр 13 куб.м Өөрөөр хэлбэл нэг куб блок цутгаж 24, 36, 60-н хэмжээтэй 18 ширхэгийг гаргадаг. 13 куб.м гэхээр нийт 210 блок гаргах хэв байгаа үнэлүүлсэн. Дрилл, тасдагчтайгаа нийлээд 4.950.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Мэдүүлэгтээ тухайн үед 6.000.000 төгрөгөөр боссон гэдгээ хэлсэн. Үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлүүлнэ гэж бодсон боловч энэ шүүгдэгчийн төлбөрийн чадваргүй байдлаас хамаарч өндөр үнэлгээ гарвал төлж чадахгүй байх гэж бодоод 4.950.000 төгрөгийн үнэлгээгээр явж байгаа. Одоо блокны хэв маань 65 ширхэг төмөр байгаа гэсэн үг. Бусад хэвтэйгээ нийлж блок гаргана. Учир нь бүгд хоорондоо оньсоор углуургадаж холбогдоод 18 ширхэг блок гаргадаг. Гэтэл одоо бүгд тус тусдаа хэрэглэх боломжгүй 3 хавтай төмөр болсон байгаа. Яагаад ингэж хэлсэн бэ гэвэл тухайн үедээ блок тэгш гаргах зориулалтаар хооронд нь тэгшхэн тавиад, ижил хэмжээгээр зүсээд угсардаг байдлаар хийсэн. Би өнгөрсөн хугацаанд гадуур блокны хэв зарна гэсэн зар авч үзэхэд 10 ширхэг блок гардаг хэв 375.000 төгрөгийн ханштай байна. Тэгэхээр минийх 18 ширхэг блок гардаг байсан. 8 блок илүү гардаг байсан гэсэн үг. Би 4.950.000 төгрөгөө төлүүлж авмаар байна. Одоо байгаа хэв маань 300.000, эсхүл 100.000 төгрөгийн төмрийн хаягдал гэсэн үг болчихоод байна...” гэв.
Шинжээч Ц.Түвшинцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тогтоол албан ёсоор ирсэн өдөр байцаагчаас дэлгэрэнгүй асуухад 135 ширхэг гэж бичигдэж ирсэн. Тодруулга аваад 24:60:36 харьцаатай гэж хэмжээ өгөөд нийтдээ 12 метр куб гэдэг тооцоогоор дүгнэлт гарна гэж бодсон. Энэ дагуу тооцоо гарсан. Тогтоолд дурдсан асуултад хариулсан. Биет байдлаар хараагүй. Цагдаагийн байгууллагатай байгуулсан гэрээнд зааснаар тогтоолд дурдсан асуултын дагуу хариулж тооцоо хийж дүгнэлт гаргадаг. Ингэхдээ тодруулга авч болдог. Холбогдогч талтай холбогдох боломжийг бидэнд гаргаж өгөөгүй. Хохирогчтой манай туслах үнэлгээчид холбогдож байцаагчаас тогтоолд дурдаж ирсэн мэдээлэл таарч байгаа эсэхийг лавлахад таарч байсан тул дүгнэлтээ гаргасан. Тогтоолд 2019.12.27-ны байдлаар гэж ирсэн тул үнэлгээ ч ингэж гарсан. Өөрөөр хэлбэл тайлангаар 2019.12.27-ны байдлаар ийм үнэлгээтэй байна гэсэн үг. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон улсын стандартад зааснаар Монгол банкны бодлогын хүүгээр тооцож, уялдуулж авч үздэг. 13% дотроо байгаа тохиолдолд 1 жил доторх асуудал яригдаж байгаа бол уг хүүг авч тооцохгүй. 13%-иас дээш байвал тодорхой сард нь авч үзнэ гэж заасан. Энэ үнэлэгдэж байгаа зүйл дээр Монгол банкны хүүг би тухайн үед бодож үзэхэд 11% байсан ба 1 жилийн доторх асуудал яригдаж байсан тул үнэлэгдэж байгаа үнийн дүн дээр ямар нэгэн нэмэгдсэн зүйл байхгүй гэсэн үг. Тэгэхээр тухайн тайлангийн он, сар болон 2019.12.27-ны хоорондын зөрүү нэмэгдэж ороогүй гэсэн үг...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6, 49/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12, 50-58/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13-14/,
Хохирогч Н.Энхтүвшин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамжны 1 тоотод хувиараа вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд сүүлийн 1 жил ажиллуулаагүй юм. Би хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлынхаа байраа очиж харсан, өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлын байран дээрээ ирэхэд ажлын хойд хэсэгт налуулан тавьсан байсан полистрол блокны хэв ойролцоогоор 12 куб метр буюу 140 ширхэг, ажлын байран дотроос суурин төмөр тастагч 1 ширхэг, дрилл 1 ширхэг алдагдсан байна. Ажлын байрлуу зүүн талын цонхыг хагалж хулгайч орсон юм шиг байна. Би 12 куб метр буюу 140 ширхэг полистрол блокны хэвийг 6 жилийн өмнө гурвалжингаас 6 сая төгрөгөөр худалдан авч байсан одоо энэ үнээрээ үнэлж байна. Суурийн тасдагчийг 3 жилийн өмнө 280.000 төгрөгөөр авч байсан, дриллийг бол хятадаас 90.000 төгрөгөөр авсан мөн авсан үнээрээ үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Иргэний нэхэмжлэгч Г.Баярцогт нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Би долоон буудлын эцсийн буудлын орчимд байх хоёрдогч түүхий эд авдаг ажил дээрээ байж байхад амжиргаа цагаан нэртэй машин дээр төмөр ачсан залуу төмөр авах уу гэхээр нь би авна гэж хэлээд төмрийг 1 кг-ийг нь 200 төгрөгөөр бодож худалдан авсан. Тэгээд уг төмрийг худалдан авснаас хойш 15-20 хоногийн дараа цагдаагийн ажилтнууд ирж уулзаад төмрийн талаар асууж тодруулсан. Надад 134.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 21-22/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компаний хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЧД2-19-322 дугаар тайланд: “...Үнэлэгдэж буй хөрөнгө болох таслагч төмөр, дрилль, блокны хэв нь зах зээлийн үнэлгээгээр 4.978.500 төгрөг...” гэх тайлан /хх 29-30/,
Хохирогч П.Жавзмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цагийн үед гэрээсээ гарсан, харин манай нөхөр Мягмарсүрэн гэртээ унтаад үлдсэн бөгөөд 09 цагийн орчимд гэрээсээ гарсан гэж байсан. Орой 16-17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонх онгорхой байсан бөгөөд гэрийн гадна байсан гал тогооны сав суулга, мах сүү зэрэг эд зүйлийг гаргаад хаячихсан байдалтай байсан. Тэгээд гэрийн цонхоор харсан чинь зурагт байхгүй байхаар нь хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгч, цагдааг ирэх хүртэл гэртээ ороогүй, тэгээд цагдаагийн ажилтнууд ирээд гэрт үзлэг хийгээд алдагдсан эд зүйлийг бүртгээд явсан юм. Харин цагдаагийн ажилтнууд ирээд ойр орчмын айлуудтай уулзаад, явж байхад манай баруун талын гудамжны хашааны буланд манай гэрийн цахилгааны утас, машины данкрат зэрэг эд зүйл байсан бөгөөд уг айл руу цагдаагийн ажилтны хамт яваад ороход нэг дрилл /задалсан байдалтай/ манай гэрийн тогоо ойр зуурын зүйлүүд бүгд байсан. Цагдаагийн ажилтнууд эд зүйлийг хураан аваад бид нарт хүлээлгэж өгсөн. Мөн хажуу талын хийдийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай хашаанаас эд зүйл хулгайлсан хүмүүс манай хашаанаас эд зүйл хулгайлж аваад, уг хашаа руу орж байсан бичлэг байсныг цагдаагийн албан хаагчид харсан. ...Манай гэрээс алдагдсан Самсунг 32 инчийн телевизорыг 2017 оны 07 дугаар сар Нарантуул худалдааны төвөөс 300.000 төгрөгөөр, кен брэндийн гар тасдагч 2 ширхэг, 1 ширхэг цахилгаан дриллийг 2018 онд Нарантуул худалдааны төвөөс 250.000 төгрөгөөр, 10 литрийн ширмэг тогоо 1 ширхгийг Нарантуул худалдааны төвөөс 30.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх 66-67/,
Гэрч Б.Жавхлан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай дүү Ганбаяр нь 06 цагийн үед сэрээд гол орж толгойгоо угаана гээд гэрээсээ гараад 13 цаг өнгөрч байхад нэлээн согтолттой гэртээ орж ирэхээр нь би чи маргааш ажилтай байж яах гэж архи уусан юм бэ гэж хэлэхэд за эгчээ уучлаарай дүү нь гарч яваад толгойгоо угаагаад сэргээд ирье гээд ахиад гараад явсан. Түүнээс хойш 15:00 цагийн үед гаднаас улаан өнгийн кен нэртэй цахилгаан гар дрилл бариад орж ирсэн ба хэнийх юм гэж асуухад манай найзынх гэж хэлээд барьж орж ирсэн цахилгаан дриллээ байшингийн хажууд байдаг граж дотор үлдээгээд буцаад гараад явсан. Түүнээс хойш гэртээ орж ирээгүй ба удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд тухайн дрилл, тогоо, будаа агшаагчийн дотор талын төмөр сав зэргийг хэн авчирсан талаар асуухад нь Ганбаяр авчирсан тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 68/,
Гэрч А.Мягмарсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед намайг ажил дээрээ байхад эхнэр Жавзмаа яриад манай гэрт хулгай орсон талаар хэлсэн. Энхэр надад утсаар хэлэхдээ Самсунг 32 инчийн телевизор, кен брэндийн тасдагч 2 ширхэг, 1 ширхэг цахилгаан дрилл, 10 литрийн ширмэг тогоо, уртасгагчтай гэрэл, гагнуурын аппаратын залгуур 1 ширхэг, автомат дугуй хийлэгч, 1 ширхэг жоотууны толгой, ирэк төмөр 1 ширхэг, 5 тонны улаан домикрат зэрэг эд зүйл алдагдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 71/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 75-76/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компаны 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЧД-19-403 дугаар тайланд: “...Самсунг загварын ЛСД зурагт, кен загварын цохилттой гар, хуучин ашиглаж байсан дрилл, 10 литрийн ширмэн,, хуучин ашиглаж байсан тогоо, кен загварын гар тасдагч, уртасгагчтай гэрэл, гагнуурын аппаратны залгуур, автомашины дугуй, 5 тонны домкрат, рек төмөр, жоотууны толгой, андройд үйлдлийн системтэй гар утас зэрэг эд зүйл нь зах зээлийн үнэлгээгээр нийт 380.400 төгрөг...” гэх тайлан /хх 91-92/,
Шүүгдэгч Э.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай гэрийн хойно байх вакум цонхны үйлдвэрийн хашаанд блокны хэв харагдсан тэгээд би уг байшингийн хойноос уг төмрийг зөөвөрлөсөн, түүний дараа уг үйлдвэрийн вакум цонхыг хагалан дотогш нэвтрэн таслагч, дрилл зэрэг эд зүйлийг хулгайлж авсан. ...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр голын эрэг дээр танихгүй хүнтэй архи ууж байгаад манай гэрийн зүүн талын гудамжинд байдаг айлын хашааны завсраар харахад хашаанд нь зэс харагдсан юм. Тэгээд би тэр айлын хашааны хаалгыг онгойлгож ороод, байшингийн баригдаж байсан дээвэр лүү авирч гараад байшин руу нэвтэрч орсон юм. Уг байшин дотроос зурагт барилгын багаж хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл зэрэг эд зүйлийг хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /хх 96-97/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 100/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 99/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар “Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай” тогтоол /хх 43/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06/424, 06/425 дугаар дүгнэлтүүд /хх 81-88/, шүүгдэгч Э.Г ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 107-108/, хохирогч Н.Энхтүвшинд хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Энхтүвшингийн вакум цонхны үйлдвэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхыг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч, тасдагч, дрилл, хашаанаас блокны хэв зэрэг эд зүйлийг хулгайлж 4.978.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 185 тоотод оршин суух иргэн П.Жавзмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, Самсунг загварын элсиди зурагт, барилгын багаж хэрэгсэл болон бусад эд зүйлсийг хулгайлж 380.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6, 49/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12, 50-58/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13-14, 75-76/, хохирогч Н.Энхтүвшингийн “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлын байран дээрээ ирэхэд ажлын хойд хэсэгт налуулан тавьсан байсан полистрол блокны хэв ойролцоогоор 12 куб метр буюу 140 ширхэг, ажлын байран дотроос суурин төмөр тастагч 1 ширхэг, дрилл 1 ширхэг алдагдсан байна. Ажлын байр луу зүүн талын цонхыг хагалж хулгайч орсон юм шиг байна. Би 12 куб метр буюу 140 ширхэг полистрол блокны хэвийг 6 жилийн өмнө гурвалжингаас 6 сая төгрөгөөр худалдан авч байсан одоо энэ үнээрээ үнэлж байна. Суурийн тасдагчийг 3 жилийн өмнө 280.000 төгрөгөөр авч байсан, дриллийг бол хятадаас 90.000 төгрөгөөр авсан мөн авсан үнээрээ үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /хх 16-17/, иргэний нэхэмжлэгч Г.Баярцогтын “...Надад 134.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх 21-22/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЧД2-19-322 дугаар тайланд: “...Үнэлэгдэж буй хөрөнгө болох таслагч төмөр, дрилл, блокны хэв нь зах зээлийн үнэлгээгээр 4.978.500 төгрөг...” гэх тайлан /хх 29-30/, хохирогч П.Жавзмаагийн “...Орой 16-17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонх онгорхой байсан бөгөөд гэрийн гадна байсан гал тогооны сав суулга, мах сүү зэрэг эд зүйлийг гаргаад хаячихсан байдалтай байсан. Тэгээд гэрийн цонхоор харсан чинь зурагт байхгүй байхаар нь хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгч, цагдааг ирэх хүртэл гэртээ ороогүй, тэгээд цагдаагийн ажилтнууд ирээд гэрт үзлэг хийгээд алдагдсан эд зүйлийг бүртгээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх 66-67/, гэрч Б.Жавхлангийн “...Түүнээс хойш 15:00 цагийн үед гаднаас улаан өнгийн кен нэртэй цахилгаан гар дрилл бариад орж ирсэн ба хэнийх юм гэж асуухад манай найзынх гэж хэлээд барьж орж ирсэн цахилгаан дриллээ байшингийн хажууд байдаг граж дотор үлдээгээд буцаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 68/, гэрч А.Мягмарсүрэнгийн “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед намайг ажил дээрээ байхад эхнэр Жавзмаа яриад манай гэрт хулгай орсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 71/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЧД-19-403 дугаар тайланд: “...Самсунг загварын ЛСД зурагт, кен загварын цохилттой гар, хуучин ашиглаж байсан дрилл, 10 литрийн ширмэн,, хуучин ашиглаж байсан тогоо, кен загварын гар тасдагч, уртасгагчтай гэрэл, гагнуурын аппаратны залгуур, автомашины дугуй, 5 тонны домикрат, рек төмөр, жоотууны толгой, андройд үйлдлийн системтэй гар утас зэрэг эд зүйл нь зах зээлийн үнэлгээгээр нийт 380.400 төгрөг...” гэх тайлан /хх 91-92/, шүүгдэгч Э.Г ын “...манай гэрийн хойно байх вакум цонхны үйлдвэрийн хашаанд блокны хэв харагдсан тэгээд би уг байшингийн хойноос уг төмрийг зөөвөрлөсөн, түүний дараа уг үйлдвэрийн вакум цонхыг хагалан дотогш нэвтрэн таслагч, дрилл зэрэг эд зүйлийг хулгайлж авсан. ...Уг байшин дотроос зурагт барилгын багаж хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл зэрэг эд зүйлийг хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /хх 96-97/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Э.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Г ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирол төлбөрийн хувьд хохирогч П.Жавзмаад зурагтын үнэ болох 300.000 төгрөгийн хохирлыг төлж, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх замаар хохирлыг барагдуулсан болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Энхтүвшин мэдүүлэхдээ “гэмт хэргийн улмаас надад 4.978.000 төгрөгийн хохирол учирсан, дээрх үнийн дүн дээр тухайн хохирлын эд зүйлийг үнэлүүлэхэд 80.000 төгрөг төлснийг нэхэмжилнэ” гэх тул шүүгдэгчээс нийт нийт 5.058.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөх үндэслэлээр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч, нийт хохирлоос 500.000 төгрөгийн хохирол төлснийг нийт төлбөрөөс хасч, үлдэх 4.558.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох, мөн 134.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Баярцогтод тус тус олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Г ын цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Г т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Г нь хохирол төлбөрт хохирогч П.Жавзмаад 300.000 төгрөг, хохирогч Н.Энхтүвшинд 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Г аас нийт 4.692.000 /дөрвөн сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Энхтүвшин /ХГ79121017 /-д 4.558.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Баярцогт /ШВ80081511/-д 134.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 41 /дөчин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН