Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 891

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,           

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөх овогт Д-н Т-д холбогдох эрүүгийн 1909017630515 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхайн инженер мэргэжилтэй, “Сүмбэр говь сайхан” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4,эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 6-р хороо, Нүхтийн 28 дугаар гудамж 544 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УШ 94052731 / Бөх овогт Д-н Т нь:

 

- 2019 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Аюуд таурын гадна Д.Дэлгэрдалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Дэлгэрдалай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бид архи ууж дуулж байх үед Д.Т гэх залуу надад хандан “Чи ямар том байна. Хоёулаа гараад эр хүн шиг уулзъя” гэх мэтээр үг хаяад байсан. 03 цагийн үед бид тус караокеноос гарсан. Бид гадаа гарахад хоёр эмэгтэй маань түр зуур биднээс холдсон хойгуур Д.Т гэх залуу над руу дайрч миний нүүр рүү хоёр удаа цохьсон. Би тэднийг таксинд суулгаж явуулчихаад өөрөө такси барих гэж байтал Д.Т миний араас ирээд барьж аваад зодсон. Би хариу тэмцсэн боловч дийлээгүй. Намайг эхлээд 2 удаа цохьсон. Тэр үед би хариу үйлдэл үзүүлээгүй. Харин дараа нь би машин зам руу такси барих гэхэд Д.Т араас намайг барьж аваад явган зам руу чирсэн тухайн үед бас намайг хэд хэдэн удаа цохьсон. Тэр үед би биеэ хамгаалах үйлдэл хийж Д.Тгийн биед халдаж толгой нүүр орчимд нь цохьсон. Яг хэдэн удаа яаж цохисноо тодорхой санахгүй байна. Яагаад гэвэл архи уучихаад дээр нь цохиулаад манарсан байдалтай байсан гэжээ. / хх 4-9 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5252 дугаар дүгнэлтэнд:

1. Д.Дэлгэрдалайгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, уруул, баруун хацрын цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын язарсан шар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. / хх 16 /

 

Яллагдагч Д.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг би зүүн гараараа нүүр хэсэг рүү нь 5-6 удаа цохиж учруулсан гэжээ.

 

Шүүгдэгч Д.Т-г 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 32-33 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 47  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Аюуд таурын гадна Д.Дэлгэрдалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Д.Т гэх залуу над руу дайрч миний нүүр рүү хоёр удаа цохьсон. Д.Т араас намайг барьж аваад явган зам руу чирсэн тухайн үед бас намайг хэд хэдэн удаа цохьсон гэж мэдүүлсэн хохирогч Д.Дэлгэрдалайгийн мэдүүлэг / хх 4-9 /, ...Д.Дэлгэрдалайгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, уруул, баруун хацрын цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын язарсан шар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5252 дугаар дүгнэлт / хх 16 / ...Би шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг зүүн гараараа нүүр хэсэг рүү нь 5-6 удаа цохиж учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Т-гийн мэдүүлэг / хх 31 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж,  хохирогч Д.Дэлгэрдалай нь Д.Т-гээс хохирлоо нөхөн авсан / хх 146 / гэсэн тул шүүгдэгч Д.Т  нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Т-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Бөх овогт  Д-н Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 сидиг хэрэгт хавсаргаж, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ