| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/02389/И |
| Дугаар | 210/МА2026/01359 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2026/01359
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн
******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2026/05387 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
181,908,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
С.******* нь БНХАУ-ын Эрээн хот ******* барилгын зах ******* /*******/ 0-6, 7 тоот барилгын дэлгүүрээс буюу *******ээс 2010 оноос эхлэн барилгын материал, труба, хоолой зэргийг зээлээр худалдан авч, буцаан төлөх зэргээр бизнесийн харилцаатай явж ирсэн ба 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр харилцан тооцоо нийлж үзэхэд, 207,168,980 төгрөгийн төлбөртэй гарсан.
С.******* нь энэхүү төлбөрийг эргэн төлөхөө илэрхийлэн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 25,260,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 181,908,980 төгрөгийг 2018 онд багтаан төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн. 2019 онд анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02218 дугаартай шийдвэрээр хариуцагч С.*******ыг эрэн сурвалжилж шийдвэрлэсний дагуу ажиллагаа хийж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тогтоосон.
Дээрх хаягийн дагуу очиж, хариуцагчтай уулзаж, ярилцан эвлэрэн хэлэлцэхээр болж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэсэн тул шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Иймд С.*******аас 181,908,980 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Тухайн үед компанид бараа нийлүүлэх шаардлага үүссэн. Улмаар мөнгөгүй байсан тул нэхэмжлэгчийг гуйж бараа авсан. Нэхэмжлэлд С.******* хувьдаа авсан мэтээр хандсан тул би үнэн зөвийг тогтоолгоно гэж байгаа.
Нэхэмжлэгч нь гэрээ байгаа гэж байна. Хэрэв тийм гэрээ байгаа бол гаргаж өгөх ёстой. Би яагаад нэхэмжлэгчид мөнгө өгсөн бэ гэхээр нэхэмжлэгч нь надад итгэсэн гэдэг. Үүний дагуу бололцооны хэрээр төлбөр төлсөн. Энэ нь намайг хувиараа авсан гэсэн үг биш юм. Би компанийн нэр дээр гэрээг хийсэн ба компаниас гарахдаа хүлээлгэж өгсөн. Тухайн компанид 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарыг дуустал ажилласан. Төлбөрийг гуравдагч этгээд төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
******* ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар С.******* 2016 он хүртэл, Т.Мөнхбаясгалан 2016 оноос хойш ажиллаж байна. Манай компани нь 2017 оноос эхлэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, татварын Х тайлан гаргадаг бөгөөд 2019 он болон 2022 онуудад татварын хоёр удаагийн шалгалтад орж, татварын акт тавиулж, татварын өртэй байгаа.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.
Манай компанийн хувьд хэргийн материалд авагдсан тооцоо нийлсэн актад дурдсан барилгын материал, труба хоолой, тавилга зэргийг хүлээн аваагүй, гэрээ хийгээгүй.
Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 20, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус тус нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгөхдөө төлбөр төлөх үүргийг өөрөө хүлээхээ илэрхийлсэн байна. Энэ нь уг төлбөрийн үүрэгт манай компанийг хамааралгүй, холбогдолгүй болохыг харуулж байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар хариуцагч С.*******аас 181,908,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-н иргэн ******* /passport No *******/-т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,067,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,067,495 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т "шүүхэд үнэн зөв тайлбар гаргах" үүргийг хуульчилж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч талаас энэ үүргээ биелүүлээгүй худал мэдүүлсээр байтал шүүх энийг анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар нэг талаас "*******" ХХК, нөгөө талаас "*******" барилгын материалын газар нар нь гэрээг байгуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрөө энэ баримтыг гаргаж өгсөн бөгөөд гэрээ байгуулсан огноо дугаар байсаар байтал "*******" ХХК-тай гэрээ байгуулаагүй, ******* өгсөн гэж шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүргээ зөрчсөн.
Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд мөн адил гэрээ байгуулаагүй гэж худал мэдүүлж шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүргээ зөрчсөнийг шүүх анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан.
5.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.1-т "2016 оны тооцоо нийлсэн актаас үзэхэд хуулийн этгээд нарын тэмдэг дарагдсан байна" гэж дүгнэсэн. Гэтэл нь нэхэмжлэгч нь хуулийн этгээд бус иргэнээр нэхэмжлэлээ гаргасан.
******* иргэнээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан харилцаа С.******* нарын хооронд үүсээгүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалт хэрэглэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй, эрх нь зөрчигдөөгүй хүн нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн.
5.3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ дэмжиж буй үндэслэлээ Иргэний хуулийн 234 дүгээр зүйлээр тайлбарласан. Нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлээ бүрэн тайлбарлаагүй, хууль зүйн үндэслэлээ буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Нэхэмжлэгч талаас "*******" ХХК-аас үүргээ гүйцэтгэх талаар шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, шаардаж нэхэмжлэл гаргаж байгаагүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь баталгааны дагуу үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан. Тооцоо нийлэх актыг нэхэмжлэгч үйлдсэн бөгөөд ******* гэдэг нь түүний дэлгүүрийн нэр, түүнээс хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулдаггүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж оролцсон.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* /*******/ нь хариуцагч ******* холбогдуулан 2016, 2017, 2018 оны тооцоо нийлсэн акт, баталгаанд үндэслэн 181,908,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь тооцоо нийлэх акт, баталгаанд дурдсан барааг ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ******* ХХК нь нэхэмжилж буй төлбөрийг хариуцагч төлөх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн.
3. Хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн акт, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгээр ******* ХХК нь нэхэмжлэгчээс тавилга, труба хоолой худалдан авсан үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
3.1. Дээрх 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан 207,166,980 төгрөгийн төлбөрийг хариуцагч Д.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 20, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд төлөхөө илэрхийлж нэхэмжлэгчид баталгаа гаргасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааны шинжийг агуулсан байна.
Анхан шатны шүүхээс хариуцагч нь хувь хүний хувьд худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй боловч бусдын худалдан авсан барааны үнийг төлөх үүрэг баталгааны хүрээнд үүссэн гэж үндэслэлтэй дүгнэжээ.
3.2. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, баталгаагаар нэхэмжлэгч нь ******* ХХК-тай гэрээ байгуулсан, мөн хариуцагч нь нэхэмжлэгчид баталгаа үйлдэж өгсөн болох нь тогтоогдсон байна.
Тодруулбал, 2016 оны тооцоо нийлсэн актад ******* барилгын материалын газар гэж дурдагдсан боловч уг нэршил нь хуулийн этгээдийг бус, нэхэмжлэгчийн эрхлэн явуулж байсан худалдааны үйл ажиллагаа, үйлчилгээний газрын нэрийг илэрхийлсэн шинжтэй байна. Мөн зөвхөн уг нэршлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг нэхэмжлэгчтэй бус, хуулийн этгээдтэй үүсгэсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
3.3. Түүнчлэн ******* ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн боловч төлбөрийг одоо хүртэл төлөөгүй байсан тул үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардалгүйгээр баталгаа гаргагчаас шууд шаардсан нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй орхив.
3.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн баталгаанд заасан 181,908,980 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт нийцсэн байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2026/05387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,067,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Т.БАДРАХ