| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0131/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 155
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
иргэдийн төлөөлөгч М.Жаргалсайхан, /ТИ75011969/
улсын яллагч Т.Нансалмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганчимэг, /ЦД63122065/
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар №1695/
шүүгдэгч Ч.Дарьбаатар, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар №1036/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2,8 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Загд овогт Чинзоригийн Дарьбаатарт холбогдох эрүүгийн 1931001700085 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Загд овогт Чинзоригийн Дарьбаатар, Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаний Сүхбаатар салбарын “Зүүнбүрэн” хэсэгт ашиглалт засварын монтёр ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, Жавхлант 1 дүгээр баг, 523 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:/МА89101633/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ч.Дарьбаатар нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Жавхлант 1 дүгээр баг, 523 тоотод байрлах өөрийн гэртээ 3 настай охин Д.Тэргэлийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Г.Урангоог бусадтай хардан толгой, нүүрэн тус газар нь олон удаа гараараа цохиж, орноос шидэж, түлхэн унагаж шал мөргүүлэн зодож, онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Дарьбаатар нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Жавхлант 1 дүгээр баг, 523 тоотод байрлах өөрийн гэртээ 3 настай охин Д.Тэргэлийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Урангоог бусадтай хардан толгой, нүүрэн тус газар нь олон удаа гараараа цохиж, орноос шидэж, түлхэн унагаж шал мөргүүлэн зодож, онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Дарьбаатар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Урангоо нь миний төрсөн дүү Гандэлгэрийн 4 хүүхэдтэй айлын тои охин байгаа юм. ...Урангоогийн ээжийн байдал даралт, гэнэтийн цочролд ороод таталт өгсөн зэрэг үндэслэлүүдээс шалтгаалаад намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоод өг гэж ярилцаад намайг оролцуулахаар болсон. Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад цайндаа орох санаатай явж байтал манай хүргэн Өлзийжаргал надад утсаар “Урангоогийн бие муу байна нөхөр нь зодсон гэнэ ээ бид нар Сэлэнгэ аймаг руу явах гэж байна” гэж хэлэхээр нь би итгээгүй “юу болоод байгаа юм” гэж хэлээд итгээгүй. Хэсэг хугацааны дараа над руу манай хүргэн залгаад “Урангоо ер нь нас барсан юм шиг байна араас хүүтэйгээ хамт хүрээд ир” гэж хэлсэн. Бид нар хөдлөх гэсээр байтал 15 цаг өнгөрсөн. Урангоо нь хойд аавтай учраас ер нь манай аав ээж дээр өссөн. Манай аав ээжийнх манайхтай зэргэлдээ нэг хаалганд амьдардаг учраас манайхаар л амьдардаг. Манай охин Сувдмаатай байнгын холбоотой манайхаар орж гараад явдаг. Манай Урангоо Ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотын 27 дугаар сургуулийг онц төгсөөд хичээл сурлагаараа ангидаа түрүүлж нэрээ гаргаж байсан. Анги хамт олон дундаа нэр хүндтэй мундаг охин байсан. Сургуулиа төгсөөд Монгол улсын их сургуулийн санхүү гадаад худалдааны ангид элсэн орж суралцсан. Сурч байх хугацаандаа анги хамт олондоо нэр хүндтэй, сурлага сайтай, байнгын тэмцээн уралдаанд оролцдог мундаг охин байсан. Манай охин дүү чинь элдэв янзын муухай зуршил байхгүй. Төлөв даруу сэтгэл сайтай, сайхан охин байсан. Сургуулиа төгсөөд нэг хэсэг байж байгаад Сэлэнгэ аймгийн “Зүүнбүрэн” сумын Хаан банкны зээлийн эдийн засагчаар ажилд ороод нөхөр Дарьбаатарын хамт “Зүүнбүрэн” суманд ажиллаж амьдрах болсон. Сэлэнгэ аймаг “Зүүнбүрэн” суманд ажиллаж амьдарч байхад нь би нэг их ярьж байгаагүй. Харин хүмүүсээс Дариа дүүг маань зоддог гэж сонссон. Урангоо, Дарьбаатар нар Улаанбаатар хотод 3, 4 дүгээр хороололд амьдарч байхад нь Дарьбаатарын найз тэднийд зочилж ирээд архи уусан байсан. Тэр орой Дарьбаатар найзынхаа дэргэд болон нууцаар Урангоог зодоод миний “боовыг хөх” гээд цохиод байна гэж миний дүү Гандэлгэр надад уйлаад хэлсэн. Би уурлаад өөрийн дүү Урангоогийн амьдарч байсан газар нь очиж, Урангоог 2 хүүхдийн хамт гэртээ аваачсан. Урангоог очиж авахад Дарьбаатар зугтаад явсан байсан. Бага хүүхэд нь ой хүрээгүй мөлхөж чадахтай үгүйтэй байсан. Зодсон эсэх талаар би Урангоогоос асуухад уйлаад “үнэн” гэж хэлээд өөр зүйл хэлэхгүй байсан. Манай дүү Гандэлгэрт тэр орой ирсэн найз нь хэлсэн гэсэн. Манай дүүд хөндлөнгийн гаднаас ирсэн найз нь ээжид нь хэлсэн байсан. Ер нь манай Урангоо гэр бүлдээ бэлгийн болон бие махбод, сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд байсан. Тухайн үед би сайн муугаар хэлж салах зөвлөгөө өгч байсан. Харин манай Урангоо өнчин учраас өөрийн үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гээд Дарьбаатартайгаа эвлэрээд “манай нөхөр гайгүй болох байх, засрах байх гэж бодсон” гэж талийгаач хэлж байсан. Ер нь “Зүүнбүрэн” суманд ирэхээс өмнө Урангоог зоддог байсан талаар би мэддэг байсан. Дарьбаатарын талаар сайн мэдэхгүй. Яагаад гэхээр олигтой хүн байгаагүй учраас би тоож сураглаж байгаагүй. Харин манай дүүг зодохоор нь би Урангоог гэртээ аваачаад Дарьбаатарын ээж, түүний ахтай нь ярьж хэлж байсан. Би өөрийн мэдэх Урангоог зодсон гэх үйлдлийг хэлсэн. Өөр бусдаар Урангоо зодуулсан талаар их сонссон. Тэр болгоныг хэлж тоолж мэдэхгүй байна. Дарьбаатар ууж идэхээрээ их харгис болдог гэж сонссон. Ямар хүн эхнэртээ гар хүрдэг юм. Манай охин дүүг Дарьбаатар өөрөө эрүүл саруул авч явсан. Харин одоо юу болоод байгаа юм. Бид нарыг ирэхэд нэвширтэл нь зодож алсан цогцос л биднийг хүний газарт хүлээж авлаа...” гэх мэдүүлэг[1],
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Талийгаач Г.Урангоогийн оршуулгын зардалд 8.000.000 /найман сая/ орчим төгрөг гарсан. Мөн бусад зардал нэмэгдээд бодогдоно. Одоогийн байдлаар хохирлын баримтуудыг бүрдүүлж дуусаагүй байгаа учир хэргийн материалынхаа баримтуудыг прокурор, шүүхэд гаргаж өгнө. Хэргийн материалд хавсаргах баримт байхгүй байна. Мөн хүүхдүүдийн тэтгэмжийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[2],
2. Гэрч О.Содхүүгийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим над руу төрсөн эгч Сувдмаа залгаад “Урангоогийн нөхөр Урангоог зодоод одоо Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт сэхээнд байна” гэж хэлсэн. Удаагүй эгч залгаад “нас барсан юм шиг байна” гэж хэлсэн. Би ээж Ганчимэг, өөрийн эхнэр, ээжийн эгч нарын хамт “Сэлэнгэ аймаг” руу гарах гэсээр байтал 15 цаг гээд гарсан. Урангоо манай талд элэгтэй байсан учраас манай өвөө эмээгийн гэрт өссөн. Манай эмээ, өвөөгийнх манай хажуу хаалганд амьдардаг байсан учраас би хар багийн Урангоотой хамт өсөж том болоод оюутан болсон үедээ Сэлэнгэ аймгийн Орхон сум руу өөрийн ээж дээрээ очдог байсан. ...Дарьбаатар, Урангоо нарын хооронд гэр бүлийн таарамжгүй харьцаа байдаг гэдгийг мэднэ. Энэ хоёр Улаанбаатар хотод байхын л Дарьбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртээ гар хүрдэг байсан. Би үнэндээ илүү юм ярьж чадахгүй байна. Энэ Дарьбаатар миний охин дүүг зодсоор байгаад алчихлаа. Манай охин дүү баяр ёслолоор уулзалдах үед нөхөр нь ирдэггүй. Би дүүгийнхээ нүднээс дандаа гуниг мэдэрдэг. Дарьбаатарын зан байдлыг сайн мэдэхгүй. Сураг сонсоход сэтгэлийн хөөрөлтэй, хүнтэй маргалддаг. Архи уух дуртай. Хормойн донтой хүн. Яагаад хормойн донтой гэхээр хэд хэдэн удаа хүнтэй явж байгаад баригдсан. Халамж муутай, муу хүн Урангоо хэлбэл матсан болох байх. Тэгэхдээ манай дүү сайхан сэтгэлтэй, төлөв даруу, сайхан эмэгтэй хүн. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг[3],
3. Гэрч Ч.Уранчимэгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дарьбаатар согтууруулах ундаа хэрэглэдэг гэж сонсож байсан. Би он, сарыг нь сайн санахгүй байна. Урангоогийн нүд, шанаа орчим хөхөрсөн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Би Урангоотой биечлэн уулзаж юу болсон талаар тодруулж асуухад “дандаа л ингэж дарамталж байна” гэж хэлж байсан. Дараа нь дахиад хэд хэдэн удаа Урангоотой уулзахад “гайгүй” гэдэг үгийг хэлж байсан. Би тэр өдрөөс хойш нөхөр Дарьбаатарыг нь харж явдаг болсон ба хүмүүсээс Дарьбаатарын талаар асууж сураглахад нөхөр нь архи уух дуртай гэж сонссон” гэх мэдүүлэг[4],
4. Гэрч Л.Баясгалангийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ 2 бага хүүхдийн хамт 21 цаг өнгөрөөд байж байхад манай нөхөр Өлзийцэдэн ажлын газрын эмэгтэй Урангоо нар манайд орж ирсэн. Урангоо гэрийн түлхүүргүй нөхөр Дарьбаатарын утас холбогдохгүй манайд хонох гэж байх шиг байсан. Би хэсэг хугацаанд зүүрмэглээд ухаан санаа орон гаран байсан. Нэг мэдсэн Урангоо утсаар яриад “манай нөхөр ирсэн байна” гэж байснаа надад хандан “ах та намайг хүргээд өгөөч” гэж гуйхад манай эхнэр мөн адил “хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би унтах гэж байснаа дуртай дургүй босоод хүргэж өгөхөөр Урангоогийн хамт гарсан. Гадаа гараад машинаа асаагаад гэрт нь очиход хашааны хаалга нь онгорхой байсан. Тэгсэн Урангоо “манай нөхөр ирсэн байна, хашааны хаалга онгорхой байна” гэж хэлсэн. Намайг машин бариад очиход дөнгөж хөдөлсөн бололтой агаарт машины тоос боссон байсан. Би замын урдуураа явсан. Харин нэг машин хойгуураа явсан бололтой тоос босгосон байсан. Би хашааны үүдэнд нь эргээд “яг манайх руу явчихлаа даа 2-лаа явъя” гэж хэлээд би хойгуур нь нөгөө тоостой замаар явахад сумын захиргааны хажуу талын төв зам руу нэг машин орж байгаа бололтой машины арын бөгсны гэрэл харагдаж байсан. Би Урангоод “тэр машин яг л мөн дөө манайх руу л явж байна даа” гэж хэлээд бид 2 ярилцаад явахад Урангоо “манай нөхөр хөдөө явсан юм шиг байна лээ” гэж хэлсэн. Уг машин гэрийн гадаа очсон, би ч гэрийнхээ гадаа очсон. Би машинаас буугаад жолоочийн эсрэг талын урд хаалгыг татахад урд суудал дээр бага охин нь унтаж байсан. Би Дарьбаатарт хандан “ахын дүү хөдөө яваа юу хаашаа явав” гэхэд Дарьбаатар “2 даваа уруу явсан балаа юм болоод...” гээд амандаа бувтнаад нэг юм хэлсэн. Тэр үгсийг би сайн сонсож ойлгоогүй. Тэгсэн миний хажуугаар зөрөөд Урангоо машины урд сандал дээр суух гэхэд охин нь унтаж байхыг хараад хөдөлгөөнөө зогсооход нөхөр Дарьбаатар нь их уурлангуй, зандрангуй хоолойгоор “хойшоогоо суу” гэж хэлсэн. Урангоо ямар нэгэн юм хэлэлгүй машины хойд сандал руу суухаар нь би урд хаалгыг нь хаасан. Тэгээд тэр хоёр явсан. Миний дэргэд ямар нэгэн зүйл яриагүй. Урангоо бол хүнтэй нийтэч, сайхан ааш зантай, төлөв даруу, гэр бүл гэр орноо гэсэн сэтгэлтэй тийм охин шиг санагдсан. Манай эхнэртэй нэг газар ажилладаг болохоор нөхрөөс нь жаахан илүү мэднэ” гэх мэдүүлэг[5],
5. Гэрч Б.Энхмаагийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ажлын газрын хамт олон “Шилдэг тооцооны төв”-өөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд шалгарсан гээд өргөмжлөлөө тэмдэглээд манай ажлын газрын 4 эмэгтэй Өлзийцэдэн, Эрдэнэ-Очир, Урангоо, Бүтэмжзаяа нар манайд орж ирээд хэсэг юм ярьж суугаад хоол унд идээд нэг шил 0.75л-ийн “Qua” билүү нэрийг нь хэлж мэдэхгүй, шинэ архи авчирч ирсэн тэрнийг нь хуваагаад уусан. Архийг нь 5-лаа хувааж уусан болохоор нэг их согтоогүй жаахан халаад 20 цаг 10 минутанд манай гэрээс гараад явсан. ...би хүүхэд асрах чөлөө авсан байхдаа 2019 оны 03 дугаар сард байна уу сар өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Хаан банкинд очиж гүйлгээ хийлгэхээр очиход Урангоогийн нүд орчим хөхөрсөн байдалтай ажил дээрээ байж байсан. ...Урангоо бол нийтэч, сайхан ааш зантай, төлөв даруу, хамт олон дундаа нэр хүндтэй, ажилсаг, өөрийн ажилдаа хэнийг ч дагуулаад байхааргүй ажилладаг. Иргэдтэй хүртэл сайхан харьцдаг болохоор үйлчлүүлсэн иргэд хүртэл ам сайтай байдаг” гэх мэдүүлэг[6],
6.Гэрч Д.Ууганчимэгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Урангоо 2019 оны 05 дугаар сарын эхээр надад хэлэхдээ “Манай нөхөр архи уучихаад янз бүрийн юм яриад хардаад байх юм хэнтэйгээ ч хардаад байдаг юм мэдэхгүй” гэж хэлж байсан. Архи уугаагүй үедээ Дарьбаатар нь зүгээр эхнэртээ туслаад усаа аваад гэр орондоо инээгээд байж байдаг. ...Гэр бүлийн таарамжгүй харилцаа нөхөр нь архи уусан үед үүсдэг юм байна гэж би бодсон” гэх мэдүүлэг[7],
7. Гэрч Б.Өлзийцэдэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Зүүнбүрэн” сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажилладаг. Манай тооцооны төв 2019 оны 05 дугаар сарын 05-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Шилдэг тооцооны” төвөөр шалгарсан юм. Ингээд бид нар өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны орой ажлаа тараад шагналаа тэмдэглэхээр болсон. Ингээд манай хамт ажиллаж байсан теллер Энхмаа нь жирэмсний амралттай байгаа болохоор нь Энхмаагийн гэрт очихоор болоод ахлах теллер Эрдэнэ-Очир, теллер Бүтэмжзаяа бид нар “Идэр” дэлгүүрээс 1 шил 0.75 гр архи, талх, хиам гэх мэт ойр зуурын юм аваад Энхмаагийн гэрт орой 19 цагийн үед очсон. Тухайн үед Энхмаагийн гэрт Энхмаа хүүхдүүдийнхээ хамтаар байсан. ...Ингээд архи ууж дуусаад 20 цагийн орчим Энхмаагийн гэрээс гараад “Бүрэн зоог” гэх нэртэй зоогийн газарт очиж хүн тус бүр 1 лааз сэнгүр пиво авч уугаад бид нар бүжиглэсэн. Ингээд бүжиглэж байгаад пиво ууж дуусаад 21 цаг өнгөрч байхад “Бүрэн зоог”-оос гараад ахлах теллер Эрдэнэ-Очир гэрлүүгээ харилаа гээд явчихсан ба Бүтэмжзаяа, Урангоо бид 3 хамтдаа Урангоог гэрт хүргэж өгөхөөр гэрийнх нь гадаа очсон. Тухайн үед Урангоогийн гэрт хүн байхгүй, нөхөр болох Дарьбаатар нь хүүхэдтэйгээ гэртээ байхгүй байсан. Ингээд хаашаа явсан мэдэгдэхгүй байсан ба гэрийнх нь гадаа улаан өнгийн мотоцикль байсан. Хэний мотоцикль болохыг асуухад биеийн тамирын багш Ганцогын мотоцикл болохыг эхнэр Мягмарсүрэнгээс асууж мэдсэн. Мягмарсүрэн хэлэхдээ манай нөхөр гэртээ байхгүй байна. Ямаа авчирна гээд хөдөө явсан гэж манай хүүхэд хэлсэн. Тухайн үед Дарьбаатарын гар утас нь холбогдох боломжгүй байсан. Урангоо найзууд руу нь залгаж нөхрөө асуухаас хаашаа явсан юм бол гээд миний мэдэхээр Бат-Эрдэнэ, Түвшин нар луу залгаж байгаа харагдсан. Тэр хүмүүс нь байхгүй байна гэж хэлж байсан шиг санаж байна. Тухайн үед Урангоод гэрийнх түлхүүр байхгүй байсан ...Урангоо бид хоёр манай гэрт ороод ор засаад унтах гээд байж байхад Урангоогийн гар утсанд мессеж ирсэн. Тэгээд Урангоо үзээд Дарьбаатар гэртээ ирчихсэн байна гэнээ гэхээр нь одоо орой болсон юм чинь хоноод яв гэхэд Урангоо хонохгүй гадуур хонох юм бол цаадах чинь бөөн юм болно гээд манай нөхөр Баясааг хүргээд өгөөч гээд манай нөхөр гэрт нь хүргэж өгөхөөр Урангоотой хамт гэрээсээ гараад манай нөхөр удалгүй буцаад ганцаараа ороод ирсэн. Тэгэхээр нь би нөхрөөсөө яасан юу болсон талаар асуухад “Гэрийн гадаа Дарьбаатар машинтайгаа ирчихсэн байна тэгээд Урангоог аваад явчихлаа” гэж хэлсэн. Ингээд би гэртээ унтаад өглөө 09 цагийн үед Хаан банкан дээр ажил дээрээ ирэхэд Урангоо ажил дээрээ ирээгүй байсан. Учир нь Урангоод манай банкны бүх түлхүүрүүд байсан учир ажил руугаа орж чадахгүй байсан. Ингээд Урангоогийн 99819842 дугаарлуу залгахад утас дуудаад авахгүй байсан. Ингээд нөхөр Дарьбаатарынх утас нь холбогдох боломжгүй байсан учир теллер Бүтэмжзаяа бид хоёр Урангоогийн гэрт очиход гэрийнх нь хаалга гаднаас нь цоожтой, бүх цонхных нь хөшиг хаалттай байсан ба цонхыг цохиод байсан боловч гэр дотор нь хүн дуугарахгүй байхаар нь цагдаагийн хэсэг дээр ирээд хэсгийн төлөөлөгчид тухайн байдлын талаар хэлсэн. Ингээд хэсгийн төлөөлөгч бид нар Урангоогийн гэрт нь ирээд хэсгийн төлөөлөгч цонхыг нь түлхсэн чинь цонх нь онгойгоод харахад Урангоо гэрийнхээ шалан дээр дээшээ хараад хэвтсэн нүүр нь хавдаж хөхөрсөн, ойр орчимд нь цус болсон байсан. Ингээд сумын эмч ирж хараад нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[8],
8. Гэрч Л.Бүтэмжзаяагийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Урангоо эгч нөхрөө хаашаа явсныг мэдэхгүй байсан ба тэдний гэрийн гадаа улаан өнгийн мотоцикль байсан нь Ганцог багшийн мотоцикль болохыг асууж мэдсэн. Ингээд эхнэр Мягмарсүрэнгээс асуухад “Манай нөхөр гэртээ байхгүй байна, ямаа авчирна гээд хөдөө явсан” гэж манай хүүхэд хэлсэн гэж хэлсэн. Ингээд Ганцог ахтай хөдөө явсан болохыг мэдсэн. ...өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд Урангоо эгч ажил дээрээ ирээгүй байсан. Учир нь Урангоо эгчид банкны гадна хаалганы түлхүүр байдаг учир ажил руугаа орж чадахгүй хүлээж байсан. Тухайн үед Өлзийцэдэн Урангоо эгч рүү залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Нөхөр Дарьбаатарынх нь утас холбогдох боломжгүй байсан. Тэгээд Өлзийцэдэн эгч бид хоёр хүлээгээд ирэхгүй болохоор нь Урангоо эгчийн гэрт очиход гэрийнх нь хаалга гаднаасаа цоожтой, бүх цонхных нь хөшиг хаалттай байсан. Ингээд бид хоёр гайхаад Урангоо гэж дуудаад цонхыг нь цохиод байсан боловч гэр дотор нь хүний чимээ гарахгүй байхаар нь цагдаагийн хэсэг дээр ирээд хэсгийн төлөөлөгчид тухайн байдлын талаар ярьсан. Ингээд хэсгийн төлөөлөгч бид нар Урангоо эгчийн гэрт нь ирээд хэсгийн төлөөлөгч цонхыг түлхсэн чинь цонх нь онгойгоод хөшгийг нь холдуулж харахад Урангоо эгч шалан дээр дээшээ хараад хэвтсэн нүүр нь хавдаж хөхөрсөн ойр орчимд нь цус болсон байсан. Ингээд сумын эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. ...Урангоо эгч тийм ч их согтуу байгаагүй, бага зэргийн халамцуу байсан, өөрийнхөө хийж буй үйлдлээ мэдэх боломжтой, тийм их тасарсан согтуу байгаагүй” гэх мэдүүлэг[9],
9. Гэрч Ч.Эрдэнэ-Очирын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нарын дундаас согтсон хүн байгаагүй. 2019 оны 03 дугаар сард Урангоо нөхөр Дарьбаатарт зодуулсан гээд хоёр нүд нь хөхөрсөн байсан. Тухайн үед цагдаад өгөөд шалгуулсан. Ер нь Урангоо нөхөр Дарьбаатараас сална гэж ярьж байсан” гэх мэдүүлэг[10],
10. Гэрч Ц.Доржжанцагийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед манай эмнэлэг дээр сумын хэсгийн төлөөлөгч ирээд Гахайн байран дээр хүнд зодуулсан байдалтай гэртээ байна гэсэн. Ингээд би хэсгийн төлөөлөгчтэй хамт Гахайн байран дээр очиход уг айлын хаалга гаднаасаа цоожтой, цонх нь онгорхой байсан ба хөшгийг нь холдуулан харахад эмэгтэй хүн шалан дээр дээшээ харсан байдалтай, нүд, ам орчим нь хавдаж хөхөрсөн, цээж хэсгээр нь эрээн өнгийн хөнжил нөмрүүлсэн, нүүрэн хэсэг нь ил гарсан байсан. Тэр үед тухайн хүний байдлыг харахад нас барсан байдалтай харагдсан. Г.Урангоо нь архаг хууч өвчний улмаас эмчийн хяналтанд байдаггүй. Харин 2019 оны 03 дугаар сарын үед Г.Урангоо нь эмнэлэг дээр ирээд надад үзүүлсэн. Тухайн үед ямар зовиуртай байгаа талаар асуухад зүрхээр өвдөөд байх шиг байна, уйлмаар ч юм шиг цээжин дээр дараад байх шиг болоод байна гэхээр нь би шинжилгээ өгөөд ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг[11],
11. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3041 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн Ч.Дарьбаатарын гэх шингэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. 2. 10 см хар өнгийн хуванцар иштэй 19см урттай хутга, бор эрээн өнгийн хөнжлийн давуу, №1 дугаараар тэмдэглэсэн хэсэг газраас авсан цусны дээж гэсэн бичигтэй гялгар уутанд марльд шингээсэн бүдэг хүрэн зүйл, №Б цэгээр тэмдэглэсэн газраас авсан цусны дээж гэсэн бичигтэй гялгар уутанд хийсэн марльд шингээсэн хүрэн өнгийн зүйл, цагаан өнгийн цамц дээр цус илэрсэн. 3. Бор эрээн өнгийн хөнжлийн давуу, №1 дугаараар тэмдэглэсэн хэсэг газраас авсан цусны дээж гэсэн бичигтэй гялгар уутанд марльд шингээсэн бүдэг хүрэн зүйл, №Б цэгээр тэмдэглэсэн газраас авсан цусны дээж гэсэн бичигтэй гялгар уутанд хийсэн марльд шингээсэн хүрэн өнгийн зүйл, цагаан өнгийн цамцан дээрх цус нь АВО системээр О/I/бүлгийн харьяалалтай байна. 4. 10 см хар өнгийн хуванцар иштэй, 19 см урттай хутган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 5. Шаргал өнгийн модон 11см урттай, 7см өргөнтэй заазуур, цагаан ягаан алаг 11см хуванцар иштэй 23см урттай хутга, шар өнгийн хуванцар иштэй, 12 см иштэй 18см урттай цаасны хутга, бор өнгийн жилетик дээр цус илрээгүй” гэх дүгнэлт[12],
12. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1130 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шинжилгээ:
1. Талийгаач Г.Урангоогийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины хоёр талын зулай, дагз, баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, их тархины хоёр талын зулай, дух, баруун чамархай, дагзны дэлбэн, бага тархины дээд гадаргууг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн булчин, толгойн хуйханд цус хуралт, хоёр нүдний зовхи, зүүн хацар, эрүү, дух, зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, шанаа, зүүн талын хөхлөг, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, уруул завьжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун зүүн хацар, эрүү, зүүн хөхлөг, хоёр чихний гэдэс, хүзүүнд зулгаралт, хүзүү, цээж, баруун мөр, хоёр гарын бугуй, сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, шуу, хоёр гарын алга, баруун ташаа, баруун гуя, өвдөг,хоёр шилбэ, зүүн шагайнд цус хуралт, баруун бугуй, сарвуу, хэвлий, зүүн өвдөг, хоёр хөлийн шагайнд зулгаралт, цээжний зүүн талын 4, 5, 6-р хавирганы завсрын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаачид учирсан тархины хоёр талын зулай, дагз, баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, их тархины хоёр талын зулай, дух, баруун чамархай, дагзны дэлбэн, бага тархины дээд гадаргууг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн булчин, толгойн хуйханд цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хоёр нүдний зовхи, зүүн хацар эрүү, дух, зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, шанаа, зүүн талын хөхлөг, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, уруул, завьжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун зүүн хацар, эрүү, зүүн хөхлөг, хоёр чихний гэдэс, хүзүүнд зулгаралт, хүзүү, цээж, баруун мөр, хоёр гарын бугуй, сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, шуу, хоёр гарын алга, баруун ташаа, баруун гуя, өвдөг, хоёр шилбэ, зүүн шагайнд цус хуралт, баруун бугуй, сарвуу, хэвлий, зүүн өвдөг, хоёр хөлийн шагайд зулгаралт, цээжний зүүн талын 4, 5, 6-р хавирганы завсрын зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна.
4. Талийгаач Г.Урангоогийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
6. Химийн шинжилгээгээр талийгаачийн цус, шээсэнд спиртийн зүйл илрээгүй, ходоодны шингэнд 3.0 промилли спиртийн зүйл илэрсэн.
7. Талийгаач Г.Урангоогийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.
8. Талийгаачийн цус нь АВО системээр О1-р бүлгийн харьяалалтай байна.
9. Талийгаач Г.Урангоо нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэсэн дүгнэлт[13],
13. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 48 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “12 хуудастай дэвтэрний хавтсан дээр ногоон будагч бичгийн хэрэгсэл ашиглан бичигдсэн бичвэр нь Ч.Дарьбаатарын бичгийн хэвтэй тохирч байна” гэсэн дүгнэлт[14],
14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 58/19 дугаартай “яллагдагч Ч.Дарьбаатарын сэтгэцийг шалгасан шүүх сэтгэц эмгэг судлалын Дүгнэлт: 1. Яллагдагч Ч.Дарьбаатар нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан. 2. Яллагдагч Ч.Дарьбаатар нь сэтгэцийн хувьд удамшлын өвчингүй болно. 3. Яллагдагч Ч.Дарьбаатар нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. 4. Яллагдагч Ч.Дарьбаатар нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно” гэх магадлагаа[15],
Шүүгдэгч Ч.Дарьбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би эхнэр Г.Урангоо дээр очоод “чи юундаа хэвтээд байгаа юм бэ? архичин болчихсон юм уу архи тийм гоё байна уу?” гэж уурлаад орилоод асуухад огт дуугарахгүй буцаад налаад хэвтсэн, тэгэхээр нь би уурлаад эхнэр Г.Урангоог хоёр мөрнөөс нь татаад дээш нь босгоод нүүр рүү нь харсан чинь юм ярихгүй талимаарсан нүдээр хараад байхаар нь баруун гараараа зүүн хацар лүү нь 1 удаа алгадсан чинь орон дээр буцаад суусан. Тэгээд би орилоод Г.Урангоод хандан “архи уухгүй гэж амлачихаад хэний машинаас яаж бууж ирж байгаа юм бэ? гэхэд юм дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад чи хаана, хэнтэй яаж ууж идсэн юм бэ? гэж асуухад Г.Урангоо би санахгүй байна гэхээр нь би чи яахаараа санадаггүй юм бэ? гэж хэлсэн. Тэгээд уурлаад Г.Урангоог хоёр мөрнөөс нь татаж босгож ирээд байшингийн шал руу түлхэж унагасан. Тэгээд босохгүй болохоор нь дахин өргөж босгож ирээд ор руу түлхэж унагасан. Тэгсэн чинь Г.Урангоо орон дээр хэвтээд босохгүй байсан ба энэ үед манай охин Д.Тэргэл өлсөөд байна гэхээр нь би гал тогооны өрөөнд дагуулж ороод охиноо сандал дээр суулгаад халуун цайнаас хийж өгөөд буцаад хойд өрөөнд ороход эхнэр Г.Урангоо хажуу тийшээ хөнжил дэрлээд хэвтэж байсан. Тэгэхээр би Г.Урангоог яасан гэж хэвтээд байгаа юм бэ? “хүүхэд өлсөөд байна гэнэ” босож хоол хий гэхэд Г.Урангоо босоод гал тогооны өрөө, том өрөө хоёрын голын тасалгааны хаалга түшээд зогсоод байхаар нь би гал тогооны өрөөнд орох гэж явахдаа араас нь түлхсэн, тэр үед Г.Урангоо нүүрээрээ гал тогооны өрөөний шалан дээр унасан. Би Г.Урангоод “чи арай ч дээ уухгүй гэж амлачихаад гэж хэлээд” татаад босгох гэтэл босохгүй болохоор нь хажууд нь очиж суугаад зөндөө юм ярьсан боловч Г.Урангоо тоохгүй байсан. Тэгээд би татаж босгоход мөн намайг тоохгүй нүд нь талимаарсан байдалтай байхаар нь нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгээд би гал тогооны өрөөнд ороод охиноо сандлаас буулгаад зурагтны дуу суллах гээд хойд өрөөнд ороход Г.Урангоо унтаж байгаа бололтой хурхираад байхаар нь би буцаад гал тогооны өрөөнд ороход охин Д.Тэргэл унтана гэхээр нь охиноо унтуулах гээд хойд өрөөнд ороод охиноо унтуулаад хэсэг хугацаанд суухад Г.Урангоо чимээ гаргахгүй дуугүй болсон байхаар нь би очоод чагнаад, зөндөө дуудсан боловч сэрэхгүй байсан. Тэгээд хиймэл амьсгаа хийсэн боловч амьсгалахгүй байсан гэх мэдүүлэг[16]” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ч.Дарьбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд эхнэрээ аваад гэрлүүгээ харих замдаа хэрэлдсэн. Гэртээ очоод бас хэрэлдсэн. Манай эхнэр архи дарс уудаггүй байсан юм. Тэгээд би алгадаад, тэгсэн чинь гар бариад зуураад байхаар нь гараа халаад татсан чинь шалан дээр уначихаар нь босгож ирээд ор луу түлхсэн. Ор луу хүчтэй түлхсэн, тэгэхэд хана мөргөчихсөн юм. Тэгсэн чинь охин маань өлсөөд байна гэхээр нь цай хийж өгөөд шууд идчих юм байхгүй болохоор нь аав нь хоол хийгээд өгье гэсэн. Тэгээд очоод хоол унд хийхгүй юм уу? гэхэд намайг тоохгүй уурлаад гал тогооны хаалга налаад зогсоод байсан. Би гал тогоо орохдоо араас нь түлхтэл шалан дээр унасан. Мах аймар хөлдүү байсан болохоор нь 1 тахианы гуя чанах гэж тавьчихаад буцаад ортол гэр орон аймар болцон би босоод гэрээ цэвэрлэчих болов уу гэж бодсон. Тэгтэл тоохгүй хэвтээд байхаар нь миний уур хүрээд 1, 2 алгадсан. Тэгээд зурагт үзэж байгаад чи тийшээ очоод хэвт гэхэд тоогоогүй. Тэгээд гал тогоонд охинтойгоо юм ярьж, хоолоо хийж байх зуур зурагт муухай дуугараад байхаар нь очиход дээшээ харчихсан хурхираад л хэвтээд байсан. Би унтчихлаа л гэж бодсон. Гэтэл охин маань унтъя гэхээр нь охиноо унтуулах гээд хойд өрөө рүү орж хэсэг хэвтэхэд чимээ нь сонсогдохгүй байсан. Зурагтын дуу чанга байсан болохоор нь дууг нь суллаад буцаад гал тогоо орох гэтэл ерөөсөө чимээ гарахгүй болохоор өөрөө сэрээх гээд чадаагүй.Ердөөсөө амьсгалахгүй байсан. Тэгээд цээжин дээр нь массаж хийсэн орон дээр болохгүй байгаа юм болов уу гээд шалан дээр хэвтүүлсэн хөл, гаранд нь массаж хийсэн ерөөсөө амьсгалахгүй байсан. Өнгөрчихлөө л гэж бодсон би маш их айсан. Тэгээд надад амьдрах ямар ч хүсэл байхгүй би үхье гэж бодсон. Тэгээд л ухаан орон гаран болоод сэргэтэл модон дунд орилоод уйлж байсан. Тэгээд охиноо санаад яалаа гээд модноос гараад гүйсэн чинь 2 залуу явж байсан. Тэгээд цаанаас нь манай хэсгийн төлөөлөгч ирээд тэгээд намайг барьж аваад шууд Сэлэнгэ авч явсан. Энд ирээд эмнэлэг дээр шарх цэвэрлээд тэгээд хорьсон. Аймшигтай хагацал үзүүлж олон хүн зовж шаналж байгаад маш их харамсаж байна. Ял эдлэх хугацаанд охиныг минь холбоотой байлгаж өгөөч гэж гуйя. Намайг уучлаарай. Та бүхэн ялыг минь хөнгөлж өгнө үү” гэсэн мэдүүлэг[17],
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18],
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол[19],
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл[20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Дарьбаатарыг “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгч М.Жаргалсайханаас “шүүгдэгч Ч.Дарьбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл даамжирсаар эхнэрийнхээ аминд хүрсэн байна. Ч.Дарьбаатар нь харгис хэрцгийгээр онц ноцтойгоор хүний амь нас бүрэлгэсэн гэм буруутай гэж үзэж байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 22,440,570 /хорин хоёр сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун далан/ төгрөгнөөс оршуулгын зардалд 8,841,470 /найман сая найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун далан/ төгрөг зарцуулсан. Үүнээс шүүгдэгч Ч.Дарьбаатарын төлсөн 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хасч, үлдэгдэл 4,341,470 /дөрвөн сая гурван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, “Хаан банк”-ны зээлийн үлдэгдэл 9,976,273 /есөн сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ч.Дарьбаатарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Дарьбаатар нь онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2,8 дахь хэсэгт тус тус зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Дарьбаатарын хувийн зан байдал болон ажил амьдралын талаар гэрч Ч.Энхбат 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Ч.Дарьбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эцэг эхээсээ тавуулаа байгаа юм. ...Г.Урангоо, Ч.Дарьбаатар нар нь гэр бүл болоод 2 охинтой болсон. Ч.Дарьбаатар нь хувь хүний хувьд даруу төлөв зантай, ажил хөдөлмөрч бусдыг манлайлж ажилладаг, хичээль сургуульдаа бусдыг манлайлан сайн сурдаг хүн байсан. Анх гэр бүл болох хугацаандаа гайгүй сайн харилцаатай байсан. Сүүлд “Зүүнбүрэн” суманд ажиллахаар явснаас хойш байнга хэрэлдэн маргалдаж байсан. Сүүлийн үед хоорондын харилцаа нь муу байсан” гэх мэдүүлэг[21],
-гэрч Т.Цагаанчулууны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ч.Дарьбаатар нь манай багийн найз учир манайд гэрээрээ хүүхэдтэйгээ ирээд хонож өнжөөд явдаг байсан. Элдэв ааш араншин гаргаж байдаггүй, инээж хөөрөөд л явдаг байсан” гэх мэдүүлэг[22],
-гэрч О.Энхтайваны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Миний хүү Ч.Дарьбаатар нь 1989 оны 10 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Төрсөн цагаасаа аав, ээжийн гар дээр хүмүүжсэн. Улаанбаатар хотод барилгын ажил хийж байх хугацаандаа Г.Урангоотой гэр бүл болж, 2 охинтой болсон. Ч.Дарьбаатар нь “Зүүнбүрэн” суманд цахилгааны монтёроор ажиллаж, эхнэр Г.Урангоо нь “Зүүнбүрэн” сумын Хаан банкинд эдийн засагчаар ажиллаж байсан. Анх гэр бүл болж байхдаа сайн харилцаатай байсан. Сүүлд “Зүүнбүрэн” суманд ажиллахаар явснаас хойш хоорондоо хэрэлдэн маргалдаж, таарамжгүй харьцаатай байсан” гэх мэдүүлэг[23],
-гэрч Т.Цагаанцахиурын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ч.Дарьбаатар нь бага насандаа хуучнаар “Шүдэнзний ар” гэх газар манай гэрийн хажууд аав, ээжийнх нь гэр байдаг учир бага наснаасаа эхлэн тоглож өссөн. Ч.Дарьбаатар Г.Урангоотой гэр бүл болоод хүүхэдтэй болсон. Ч.Дарьбаатар нь хүний хувьд хүүхэд бага наснаасаа эхлэн даруу төлөв зантай, ажилсаг, бусадтай найрсаг, сайн залуу” гэх мэдүүлэг[24],
-гэрч Б.Бат-Эрдэний 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ч.Дарьбаатартай би хамт ажлаад 3 жил орчим болж байна. Ч.Дарьбаатар эхнэр, 2 хүүхдийн хамтаар “Зүүнбүрэн” суманд оршин суудаг суудаг юм. Хувь хүний хувьд элдэв янзын ааш гаргаж байгаагүй, хийх ёстой ажлаа хийгээд явчихдаг, хамт олон дундаа нэр хүндтэй, хүнтэй эвсэг найрсаг, хүнд их тусархуу залуу. Муу зуршил нь архи хааяадаа уучих гээд байдаг. Ч.Дарьбаатарын эхнэр Г.Урангоо “Зүүнбүрэн” сумын Хаан банкинд ажилдаг болохоор манай эхнэр банкны асуудлаар миний утсаар Г.Урангоотой ярьчихдаг байсан чинь Дарьбаатар эхнэр Г.Урангоог надтай хардаад байна гэж манай эхнэрт Г.Урангоо хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд манай эхнэр надад хэлж байсан. Би Ч.Дарьбаатарыг эхнэр Г.Урангоог зодож, цохиж байгааг хараагүй боловч Ч.Дарьбаатар нь эхнэрээ зодсон гээд цагдаа надаас мэдүүлэг авч байсан удаа бий. Тэр үед Г.Урангоогийн нүд нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг[25],
гэрч Б.Энхсаруулын 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ч.Дарьбаатар нь эхнэр Г.Урангоотой ямар харилцаатай байдгийг мэдэхгүй байна. Би 2016, 2017 онуудад гэрээр нь ордог байсан ба сүүлд эхнэр Г.Урангоо нь Ч.Дарьбаатарыг надтай хардаад “Дариа та хоёр яасан их хамт явдаг юм, юу хийгээд яваад байдаг юм” гэх мэтээр над руу залгаж уурлаж байсан болохоор нь би хүнд буруу ойлгуулчих болов уу? гэж бодоод гэр орноор нь ордоггүй юм. Би Ч.Дарьбаатарыг эхнэр Г.Урангоог зодож байгааг хараагүй боловч техникч Бат-Эрдэнээс Дарьбаатар эхнэрээ зодоод цагдаад дуудагдаад байна гэдгийг сонсож байсан. Мөн эхнэрийх нь нүд хөхөрчихсөн байна гэж сонсож байснаас өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг[26] зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүх шүүгдэгч Ч.Дарьбаатарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс дүгнэж үзвэл түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Дарьбаатарын сонгон авсан өмгөөлөгч Д.Даваасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг үгүйсгэж зүйчлэлийн хувьд маргасан хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2,8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Загд овогт Чинзоригийн Дарьбаатарт 18 /арван найм/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Ч.Дарьбаатар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 118 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сурагчийн дэвтэр 1 ширхэг, ногоон өнгийн харандаа 1 ширхэг, Хараа нэртэй 0,33 граммын архины шил 1 ширхэг, хаалганы цоож 1 ширхэг, хүний ус, цусны дээж авсан маарль 3 ширхэг, гар утас 1 ширхэг, цаасны хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, Сиди 1 ширхэг, заазуур 1 ширхэг, бор эрээн өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн утастай залгуур 1 ширхэг, хар өнгийн цахилгааны утас, Вест нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, тамхины иш 3 ширхэг, хар өнгийн гутал 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн пудволк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, амь хохирогчийн хувцас, эдлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганчимэгийн шүүхэд гаргасан хүсэлтийг харгалзан үзэж буцаан олгохоор тогтов.
Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, ялтан Ч.Дарьбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн.
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар тал
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар тал
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр тал
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дугаар тал
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дүгээр тал
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дугаар тал
[17] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[18] 1 дүгээр хавтаст хэргийн 4-14 дүгээр тал
[19] 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал
[20] 1 дүгээр хавтаст хэргийн 115-118 дугаар тал
[21] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал
[22] 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал
[23] 1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал
[24] 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал
[25] 1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал
[26] 1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Загд овогт Чинзоригийн Дарьбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2,8 дахь хэсэгт тус тус заасан “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 22,440,570 /хорин хоёр сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун далан/ төгрөгнөөс оршуулгын зардалд 8,841,470 /найман сая найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун далан/ төгрөг зарцуулснаас шүүгдэгч Ч.Дарьбаатарын төлсөн 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хасч, 4,341,470 /дөрвөн сая гурван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, Хаан банкны зээлийн үлдэгдэл 9,976,273 /есөн сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2,8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Загд овогт Чинзоригийн Дарьбаатарт 18 /арван найм/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Дарьбаатарт оногдуулсан 18 /арван найм/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дарьбаатар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 118 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сурагчийн дэвтэр 1 ширхэг, ногоон өнгийн харандаа 1 ширхэг, Хараа нэртэй 0,33 граммын архины шил 1 ширхэг, хаалганы цоож 1 ширхэг, хүний ус, цусны дээж авсан маарль 3 ширхэг, гар утас 1 ширхэг, цаасны хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, Сиди 1 ширхэг, заазуур 1 ширхэг, бор эрээн өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн утастай залгуур 1 ширхэг, хар өнгийн цахилгааны утас, Вест нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, тамхины иш 3 ширхэг, хар өнгийн гутал 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн пудволк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй. Амь хохирогчийн ээмэг 1 өрөөсөн, бор өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хөхөвч 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, бор өнгийн хантааз 1 ширхэг зэрэг хувцас, эдлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, 48 дугаар байр, 02 тоотод оршин суух, РД:ЦД63122065 дугаартай Ц.Ганчимэгт буцаан олгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Ялтан Ч.Дарьбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРГЭРЭЛ
Б.ЭРДЭНЭМӨНХ