| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0393/Э |
| Дугаар | 831 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 831
2019 11 01 2019/ШЦТ/831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цээпил,
шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч О.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.М эд холбогдох эрүүгийн 1803009190039 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овгийн Д.М , 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48-1118 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НИ93111604.
Холбогдсон хэргийн талаар: Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 05 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 49 дүгээр гудамжны замд “Мазда Демио” загварын 59-69 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Б.Тогтуурыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
шүүгдэгч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Мазда демио маркын 59-69 УБИ дугаартай автомашиныг жолоодон нөхөр Амгаланбаатарыг ажил дээр нь хүргэж өгөөд буцаал гэрлүүгээ явж байгаад 49 дүгээр гудмаар баруун иргээд явган хүн байхыг хараад шууд тормоз гишгээд зогсоох арга хэмжээ автал уг явган зорчигч таягаа хий дараад халтираад өөрөө мөсөн дээр унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 67-68х/,
хохирогч Б.Тогтуурын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ус аваад явж байсан намайг машин мөргөсөн, би хагалгаа хийлгэсэн хөл өвдөөд байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205х/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цээпилийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ээж өндөр настай хүн учраас би өмнөөс нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Хэрэг болох өглөө би хүн дайрчихлаа гэж хэлсэн. Маргааш нь би ээжийгээ эмнэлэг дээр сахиж байхад уучлаарай гэж хэлээд бэлнээр 150.000 төгрөг болон памперс өгчихөөд явсан. Тэгээд энэ өдрөөс хойш ярихгүй байхаар нь юу болсон талаар нь асуухад би дайраагүй гэж хэлсэн. Миний ээжийн биеийн байдал хэцүү байна. Хөл нь эдгэхгүй байна. Миний ээжийн хохиролыг барагдуулж өгнө үү. ...Тэр өдөр 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ээж Б.Тогтуур өглөө эрт гэрийнхээ гадаа гудамжинд ус авах гэж явсан бололтой канистар барчихсан явж байгаад гудамжаар явж байсан автомашинд мөргүүлж гэмтсэн, одоо түргэн тусламжын автомашинтай гэмтлийн эмнэлэг рүү явж байна миний төрсөн дүү охин П.Болорзаяа надад утсаар ярьж хэлсэн, тэгээд би шууд гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг рүү явсан, тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиход дүү охин П.Болорзаяа надад тэр үед манай ээжийг мөргөсөн автомашины жолооч гэх эмэгтэй манай хашааны хаалгыг нүдээд манай хашаан дотор амьдардаг Дэлгэрхангай гэх залуу гарч ирэхэд “би хүн дайрчихлаа” гэж хэлээд жолооч эмэгтэй уйлаад байсан гэсэн, тэгээд Дэлгэрхангай манай дүү охин П.Болорзаяад гэрт нь орж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-18х/,
гэрч П.Болорзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өглөө 05 цагийн гэртээ унтаж байхад хажуу айлын залуу гэрт орж ирээд танай эмээ гадаа машинд мөргүүлсэн байна гэж хэлсэн. Би сандраад хашаанаас гараад булан эргээд хартал манай ээж саарал өнгийн машины урд хэсэгт зүүн хажуу талаараа харан ёо ёо гээд газарт унсан байсан. Автомашины жолооч “би машинаараа эмээг шүргэчихлээ, мөргөчихлөө” гээд байсан. Би түргэн дуудсан уу гэж жолоочоос асуусан жолооч дуудсан гэж хэлсэн. Би хажуу айлын залуу болон жолоочтой хамт өргөж машинд оруулсан, удалгүй жолооч, ээж бид 3 осолд холбогдсон машинаар эмнэлэг явах гээд хөдлөөд явтал урд талын жалганд ороод машин суусан гарч чадахгүй байж байтал түргэний машин ирээд жолоочын аав, ээж нь ирээд түргэний машинд ээж бид хоёртой хамт явсан. Жолооч өөрөө машинаа бариад явсан гэх мэдүүлэг...” /1-р хх-ийн 29-30х/,
гэрч П.Дэлгэрхангайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ эхнэр хүүгийн хамтаар унтаж байхад хашааны хаалга цохиод нэг эмэгтэй хүн Жижгээ Жижгээ гээд танихгүй хүний нэр хэлээд орилоод байсан. Мөн би хүн машинаараа дайрчихлаа гэсэн. Би гэрээс гарч хашааны хаалга онгойлгосон. Гэтэл нэг бараан өнгийн куртик өмссөн царай нь сайн харагдаагүй. Би хашааны хаалгаар гараад харахад манай хажуу айлын эмээ газар машин зам дээр хөлөө нугалсан байдалтай дээш харан хэвтэж байсан, мөн саарал өнгийн жижиг тэрэг байсан. Тэр жолооч нь эмнэлэг авч явмаар байна надад туслаач гэсэн. Би хажуу айлын эмээгийн гэрт байсан эмэгтэй хүүхдийг дуудсан удалгүй эмээгийн хүүхэд гарч ирж бид гурав нийлээд эмээг өргөн машинд суулгасан. Жолооч охин эмээ тэр хэд машинаар эмнэлэг явах гээд манай хашааны урд талд байрлах шалганд уг машин суусан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,
шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс үзэхэд рентген зурагт зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан хугарал Б.Тогтуурын биед тогтоогдсон ба ийм хугарал нь хүн босоо байрлалаас зүүн хөл дээрээ гишгэсэн үедээ гадны нөлөөний улмаас хөлөө эргүүлэн савж унасан үед үүснэ. Уг хугарал хүчтэй өвдөх, хугарсан хэсгээр хавдах, хөлөө хөдөлгөж чадахгүй байх шинжүүд илэрнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1214 дүгнэлт: “...Б.Тогтуурын биед зүүн дунд чөмөгний битүү хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 40х/,
Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 211 дугаартай дүгнэлтэнд: “...Хойд тоормос зогсохгүй байгаа нь автотээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед хөдөлгөөн удаашрах зам уртсах бөгөөд шарвалт өгөх магадлалтай, мөн бүрэн зогсолтонд нөлөөлөх боломжтой боловч тухайн зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...” гэжээ /1-р хх-ийн 45-50х/,
Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 889 дугаартай дүгнэлтэнд: “...MAZDA Demio маркийн 59-69 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /1-р хх-ийн 57-58х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд./1-р хх-ийн 05-06, 09-12х/, мөнгөн гүүр эмнэлэгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2516 дугаар өвчний түүх болон хохирогч Б.Тогтуурын өвчний түүхүүд /1-р хх-ийн 136-164х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.М ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Д.М эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлсэн бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ноос хойш хуульд заасан 1 жил өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цээпил нь “...шүүгдэгч Д.М нь хохирол төлбөрт 150.000 төгрөг өгсөн...” гэх тул хохирогчийн хууль төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн нийт 6.365.794 төгрөгнөөс 150.000 төгрөгийг хасаж тооцож үлдэх нь 6.215.794 төгрөгийг шүүгдэгч Д.М ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цээпилд олгуулахаар шийдвэрлэв.
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.М ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Д.М эд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ээс нийт 6.215.794 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Пүрвээгийн Цээпил /ОЮ75020401/-д олгосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагданн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.М эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ