| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 197/2025/31770/И |
| Дугаар | 210/МА2026/00790 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00790
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/02857 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Даатгалын гэрээний үүрэгт нийт ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан даатгуулагч ******* ХХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн ******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ******* ХХК нь *******ХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бараа материалын даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Даатгалын гэрээний хүчинтэй хугацааны дотор даатгуулагч ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороод байрлах Хүннү молл худалдааны төвд байрлах *******хувцасны дэлгүүрийн дээд давхраас нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ус алдаж, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн /дан гутлууд байсан/ усанд автаж, худалдан борлуулах боломжгүй болж, даатгалын тохиолдол үүссэн тухайгаа мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтээ холбогдох баримтуудын хамт манай компанид ирүүлсэн. ******* ХХК-ийн техникийн комиссын дүгнэлтээр *******ХХК-ийн ажиллуулдаг ******* кофе шопын доторх талбайн баруун талд байрлах угаалтуурын холигчийн Ф15 шугам, хоолойны уян нь ашиглалтын явцад элэгдэлд орсны улмаас тус кофе шопод ус алдаж, улмаар доод давхар луу нэвчсэн байсан. Мөн тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө даатгал, хохирол үнэлгээний ******* ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-д учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан, даатгалын гэрээний хавсралтад тусгагдсан байсан 44 хос гутлын хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр тооцож даатгуулагчид нөхөн төлсөн. Энэ нь гутлын хохиролд ААНОАТ-ын ******* төгрөгийг суутган тооцоод үлдсэн ******* төгрөгийг даатгуулагч компанийн данс руу, мөн үнэлгээний ажлын хөлс ******* төгрөгийг ******* ХХК-ийн дансанд тус тус шилжүүлсэн. ******* ХХК-ийн ерөнхий инженер, ээлжийн диспетчер, инженер гээд 3 хүний тогтоосон актад дурдсан ******* кофе шопод ус алдсаныг олж тогтооход дотор талбай, угаалтуурын холигчийн шугам хоолой элэгдэлд орсон гэдэг нь нийтийн эзэмшлийн талбай бус зөвхөн *******ХХК-ийн эзэмшдэг талбай дотор байрлах уян холбоо задарснаас болж доод давхарт байрлах ******* ХХК-ийн дэлгүүрт хохирол учруулсан болохыг тогтоосон.
Даатгуулагч ******* ХХК нь *******ХК-тай 2025 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээнд зааснаар даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шаардах эрхийг манай компанид шилжүүлсэн. Иймд *******ХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн *******ХХК-аас ******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Даатгалын гэрээний нэг тал нь ******* ХХК байх тул манай компаниас төлбөр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. ******* ХХК-тай *******ХК нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №25 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн нөхөн төлбөр олгосон хэмжээгээр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх төлбөр тодорхойлсон байна. Тус шаардлагын үндэслэл болсон буруутай этгээдийг олж тогтоосон байх ёстой. ******* ХХК-д орон сууцны конторын төлбөрийг түрээслэгч төлдөг. Хүннү молл компанийн түрээсийн гэрээнд заасан ёсоор даатгалын гэрээгээ жил болгон хийлгэдэг. Сантехник, цахилгааны аливаа асуудлыг ******* ОСНААКонтор хариуцан ажилладаг. Давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн ослын даатгалыг түрээслэгч нар даатгалын гэрээгээр тухайн даатгалын компани хариуцна гэж тайлбарлажээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
4.1. Нэхэмжлэгч *******ХК болон даатгуулагч ******* ХХК-ийн хооронд 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр №PIA06C25000203 дугаартай Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан, мөн даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7-д тус тус заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөрийн, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж харилцан тохиролцсон.
Даатгагч, даатгуулагч нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г талууд бичгээр байгуулсан, энэхүү гэрээгээр талууд даатгуулагчийн Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Хүннү шоппинг молл хаягт байрлах *******дэлгүүрт 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дээд давхраас ус алдсаны улмаас тус дэлгүүрийн лангуу болон агуулахад байсан бараа, бүтээгдэхүүнд хохирол учирсан тул даатгагчаас нөхөн төлбөр олгох, энэхүү олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхийг даатгуулагчаас даатгагчид шилжүүлэх, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар гэрээний нөхцөлөө тодорхойлж, гэрээний 2.1, 2.2-т зааснаар даатгуулагч нь учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх өөрийн шаардах эрхээ даатгагчид, түүнээс олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шилжүүлсэн байна. /хх-64/
4.2. Хэрэгт ******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн19/25 дугаартай техникийн комиссын актаар ...2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07 цагийн үед Хүннү молл ХХК-ийн түрээслэгч *******ХХК-ийн ******* кофе шопод ус алдсан шалтгааныг олж тогтоохоор .... шалгахад дотор талбайн баруун урд буланд байрлах угаалтуурын холигчийн ф15 шугам хоолойн уян ашиглалтын явцад элэгдэлд орсны улмаас цоорч, ус алдсаныг олж тогтоож, дүгнэлт гарсан. /хх-24/
4.3. Хариуцагч *******ХХК-ийн түрээсээр эзэмшиж, ашиглаж байсан ******* кофе шопын угаалтуурын холигчийн шугам хоолой элэгдэлд орсны улмаас цоорч ус алдаж, Хан-уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Хүннү шоппинг молл хаягт байрлах *******дэлгүүрт ******* төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ. /хх26-57/
4.4. Даатгуулагч ******* ХХК-д нэхэмжлэгч *******ХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нөхөн төлбөрт ******* төгрөг, ******* ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн байна. /хх 62, 63/
4.5. Анхан шатны шүүх *******ХХК нь эзэмшилдээ байлгаж байгаа талбайн шугам хоолойноос ус алдсан, уг ус алдалтын улмаас даатгуулагч ******* ХХК-ийн Хүннү Молл дахь салбар дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн усанд норж, чийг татах зэргээр хохирол учирсан болох нь хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь дээрх хэргийн баримтад үндэслэгджээ.
4.6. Хариуцагч нь Хүннү молл худалдааны төв дэх кофе шопын талбайг тус барилгын эзэмшигч, өмчлөгчтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашигладаг, түрээсийн гэрээнд зааснаар менежментийн төлбөрийг тухай бүрд нь ******* ОСНААКонторт төлдөг тул сантехник, цахилгаанаас үүдэлтэй аливаа асуудлыг орон сууцны контор хариуцах ёстой гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь, хариуцагч нь хохирол учрахад буюу ус алдахад манай буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлөөгүй гэж үзвэл энэ талаараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд ******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19/25 дугаартай техникийн комиссын актыг эс зөвшөөрч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
5. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ. гэж, 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө. гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж тус тус заажээ.
5.1. Нэхэмжлэгч *******ХК нь ******* ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан №PIA06С25000203 дугаартай Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ-ний 10.1-д зааснаар даатгуулагчид хохирлыг нөхөн төлсний дараа буруутай этгээдээс шаардаж байгаа нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасанд нийцэж байна.
5.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 14,134,905 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо Манай компанийн зүгээс анхан шатны шүүхэд хариуцагч байхаас татгалзах хүсэлт гаргаж байсан боловч шүүх хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, процессын алдаа гаргасан. Хүсэлтийг шийдвэрлээгүйгээс манай байгууллага шүүхэд ямар нэгэн нотлох баримт өгөөгүй байсан, хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн бол гуравдагч этгээдээр ******* ОСНААК-ийг оролцуулах байсан гэжээ.
6.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШЗ2025/66041 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, мөн өдөр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг хийжээ./хх 70-73/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хариуцагч байхаас татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байна. /хх 77/
6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дээрх хүсэлттэй 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр танилцан, тайлбар гаргасан. Уг тайлбартаа Хариуцагчийн хариуцагч байхаас татгалзах тухай албан бичигтэй танилцлаа. Хариуцагч байхаас татгалзаж буй үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй болно. гэжээ.
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно. гэж, 28.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй. гэж тус тус заасан тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, хүсэлтийг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Мөн хүсэлтийг шийдвэрлээгүйгээс баримт гаргах, гуравдагч этгээдийг оролцуулах эрх хандагдаагүй гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752.2 дах хэсэгт зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн хуулийн 755 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхээ хэрэгжүүлээгүй нь анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
6.4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/02857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ХУЛАН