Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 892

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,          

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Л-н О-д холбогдох эрүүгийн 1909030220987 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, Хэнтий аймгийн Номин худалдааны төвд ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнх 7 дугаар гудамжны 37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:СТ 89013009 / Боржигон овогт Л-н О нь:

 

- 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёл” караокед хохирогч Ц.Отгонзулыг “Чи яагаад хүний биед наалдаад шүлсээ үсчүүлээд орилоод байгаа юм бэ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, улмаар түүний биед  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Отгонзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Би 2019 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 00:00 цагийн орчимд манай нөхрийн төрсөн дүү болох Баттөр, Өнөрцэцэг, Баттөрийн найз бүсгүй болох Пүүжээ, хамт ажилладаг Бүжинлхам, Шонхоо нар нь манай Өвөр согоот зусланд хүрч ирсэн. Бид хэд гэртээ 0.75 литрийн архи ууцгаасан. 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 02 цаг 00 минутын үед гэрээсээ бөөнөөрөө гараад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Соёл” нэртэй караокед орж 0.75 литрийн Экс нэртэй архи, 6 ширхэг Сэнгүр пиво аваад дуу дуулаад үйлчлүүлж байсан. Тэгтэл тухайн газрын хаах цаг нь болоод бармен нь ирээд бид хэдийг гарахыг шаардсан. Тэгэхээр нь бид нар танайхаас авсан пивоо ууж дуусгаад гарлаа гэтэл тухайн бармен нь аашилж байгаад ширээн дээр байсан эд зүйлсийг цэвэрлэж байхдаа миний хажууд ирээд шүлсээ үсчүүлээд биеэ наалдуулаад байхаар нь үйлчлүүлж байсан өрөөнөөс гараад тухайн газрын заалны том хэсэгт очоод “Чи яагаад хүний биед наалдаад, шүлсээ үсчүүлээд орилоод байгаа юм бэ?” гэж асуутал үг дуугаралгүй шууд миний нүүрэн тус газар маажсан учраас цагдаагийн газар хандаж байна. Нүүрний баруун хэсэг 5 хумсны ором гарч, улайж цус гарч, маш урт шарх үүссэн байдалтай байна. Эмчилгээний баримтаар 169.390 төгрөг болж байгаа. Харин миний нүүрэнд учирсан сорвины эмчилгээнд нийт 1.000.000 төгрөгөөр эмчлүүлэх болно гэж гоо сайхны газрын эмч хэлсэн. Нийт 1.196.390 болж байгаа гэжээ. / хх 19 /

 

            Гэрч А.Баттөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ..эгч Отгонзулынд дүү Өнөрцэцэгийн хамтаар очоод 1 шил архи уучихаад 00 цагийн орчим караоке орохоор гэрээс гараад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” караокед дуулж байгаад 1 шил архи 3 шил пиво захиалаад дуулж байгаад цаг дуусах үед би бие засахаар гарсан. Тэгээд эргэж орж иртэл хоорондоо маргалдаад бид нар гарах гэж байхад чи хүнтэй эвтэйхэн харьц гээд эгч Отгонзул шаардлага тавьсан чинь харьцаж байсан эмэгтэй нь Отгонзул эгчийг нүүр рүү нь түлхэх шиг болсон. Тэгэхээр нь би яваад очтол эгчийн нүүрнээс цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь би “Хүүе ээ таны нүүр чинь яачихав” гээд би караокены эмэгтэй дээр очоод “Та яагаад хүн самардчихав аа” гэж хэлтэл нөгөө эмэгтэй та нар өөрсдөө хүн хэлэхэд шаардлага хүлээж авсангүй гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан гэжээ.  / хх 25 /

 

Гэрч А.Өнөрцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Соёл” караокед очоод 2 цаг аваад тэндээ 1 шил архи авч уугаад караокены эмэгтэй манайх хаах гэж байна гэж хэлэхэд эгч Отгонзул гарч явсан. Тэр үед нь би эгч Бүжинлхамын хамт дуулж үлдсэн. Тэгээд байж байтал доод давхарт нь хүмүүс орлилдохоор нь буугаад очсон чинь эгч Отгонзулын нүүрнээс цус гарч байсан. Тэгээд яасан талаар тодруулахад намайг энэ самардчихлаа гэхээр нь би караокены эмэгтэйг яагаад хүний нүүрийг самардсан юм бэ гэж хэлээд хэрүүл болоод цагдаа дуудсан гэжээ. / хх 27 /

 

Яллагдагч Л.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дагалдан хийх хугацаа дуусч, мөн хуучин ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Соёл” караокед бармен хийсэн. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 04-ний шөнө буюу 02 цагийн орчимд 3 эмэгтэй, 3 эрэгтэй өрөө асуугаад 1 цаг аваад 3 номерын өрөөнд үйлчлүүлсэн. Үйлчлүүлэх хугацаандаа 0.75 литрийн хар экс архи, 6 ширхэг сэнгүр, 4 ширхэг тоник, 2 ширхэг ус авсан. Тэгээд удалгүй манай караокены хаах цаг болоод тухайн хүмүүс дээр очоод хаах цаг болж байна гээд 2 удаа сануулсан. Тэгээд 3 дах удаагаа сануулах гээд өрөөнд ортол өрөөндөө тамхи татаад тухайн үйлчлүүлж байсан үл таних эмэгтэй хүрч ирээд миний толгой руу цохиж ууж байсан тоникоо нүүр рүү цацсан. Тэгэхээр нь би нөгөө хүүхнийг цааш нь түлхэж нүүрэн тус газарт нэг удаа гараараа маажсан. Отгонзулын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх  7 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9685 дугаар дүгнэлтэнд:

1. Л.Отгонзулын биед хөмсөг, хамар, хацар, шанаанд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 30/

Шүүгдэгч Л.О-ийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 5-8 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 600.000 төгрөгийг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Л.О нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёл” караокед хохирогч Ц.Отгонзултай маргалдаж, улмаар түүний биед  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Тухайн газрын хаах цаг нь болоод бармен нь ирээд бид хэдийг гарахыг шаардаад ширээн дээр байсан эд зүйлсийг цэвэрлэж “Чи яагаад хүний биед наалдаад, шүлсээ үсчүүлээд орилоод байгаа юм бэ?” гэхэд үг дуугаралгүй шууд миний нүүрэн тус газар маажсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүсэн хохирогч Ц.Отгонзулын мэдүүлэг / хх 19 /, ...Бид нар гарах гэж байхад чи хүнтэй эвтэйхэн харьц гээд эгч Ц.Отгонзул шаардлага тавьсан чинь харьцаж байсан эмэгтэй нь Л.Отгонзул эгчийг нүүр рүү нь түлхэх шиг болсон. Тэгэхээр нь би яваад очтол эгчийн нүүрнээс цус гарч эхэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Баттөрийн мэдүүлэг / хх 25 /, ...хүмүүс орлилдохоор нь буугаад очсон чинь эгч Ц.Отгонзулын нүүрнээс цус гарч байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Өнөрцэцэгийн мэдүүлэг / хх 27 /, ... сануулах гээд өрөөнд ортол өрөөндөө тамхи татаад тухайн үйлчлүүлж байсан үл таних эмэгтэй хүрч ирээд миний толгой руу цохиж ууж байсан тоникоо нүүр рүү цацсан. Тэгэхээр нь би нөгөө хүүхнийг цааш нь түлхэж нүүрэн тус газарт нэг удаа гараараа маажсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.Оийн мэдүүлэг / хх 7 /, ...Ц.Отгонзулын биед хөмсөг, хамар, хацар, шанаанд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9685 дугаар дүгнэлт / хх 30 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Отгонзул  нь нэхэмжлэх зүйлгүй / хх 52 / гэсэн тул шүүгдэгч Л.О нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Л.О-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Боржигон овогт Л-н О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л-н О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.О нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Л.О-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.О-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ