Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00875

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/01783 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө орон сууцны өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, орон сууцны түрээсийн төлбөрт ******* төгрөгийг гаргуулах, охин *******ын хадгаламжийн данснаас үндэслэлгүйгээр зарцуулсан ******* төгрөгийг гаргуулах, Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансыг хамтран эзэмшигчийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг Төрийн банканд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******ай бага наснаасаа нэг суманд амьдарч байгаад 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин *******, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү ******* нар төрсөн. Гэр бүл болсноос хойш бид Нөмрөг суманд хамтдаа амьдарч ажиллаж байсан. ******* суусан цагаасаа л согтууруулах ундаа их хэрэглэдэг байсан. Уусан үедээ элдэв муу үгээр намайг доромжилж, зоддог, эрүүл үедээ ч харьцаа муутай, хардаж хэрүүл маргаан их үүсгэдэг байсан. Тухайн үед би нялх хүүхэдтэй, гараад хэн нэгэнд хэлэх, цагдаа дуудах боломжгүй, мөн суманд байсан учраас хүмүүсээс санаа зовоод энэ талаар хэнд ч хэлдэггүй байсан. 2013 оны 08 дугаар сард аав, эгч нар маань амралтаараа манайд ирж амарч байх үед ******* агсам тавьж, үсдэх, өшиглөх зэргээр зодсон учраас аав, эгч хоёр маань намайг охинтой маань цуг хот руу авч ирж байсан. 2014 онд нөхөр ******* архи уусан үедээ хүн зодсон шалтгаанаар ажлаасаа халагдаж, охин бид хоёр дээр ирж уучлалт гуйгаад дахиад зодохгүй, хамтдаа сайхан амьдаръя гэхээр нь түүнийг өрөвдөөд хэсэг хугацаанд хотод хамтдаа амьдарч байгаад 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүүгээ төрүүлээд Нөмрөг суманд очсон боловч дахиад л архи ууж, агсам тавин зодох нь хэвээр, хэд хэдэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хүүхдийн дэргэд хүмүүстэй архи уух болсон. Би хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, сэтгэл зүйд нь санаа зовж, энэ байдлаар удаан хамт амьдрах бол өөрөө болоод хүүхдүүд хэзээ нэг цагт энэ хүний гарт эрэмдэг болох ч эрсдэлтэй байсан учраас тусдаа амьдрахаар шийдсэн. Зуны амралтаар хүүхдүүдээ аав дээр нь хэсэг хугацаанд амраахад жил орчим хугацаанд хүүхдүүдийг өгөхгүй байж байгаад буцаж ирээд хамт аавын хашаанд гэрт амьдрах болсон. 2022 онд үл ялих зүйлээр шалтаглан намайг хүүхдүүдийн хажууд зодож, элдэв үгээр доромжилж би аргагүйн эрхэнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлээр нь цагдаад гомдол гаргасан боловч түүнийг баривчилгаанд явахаар ажилгүй болчих байх гэж өрөвдөөд гомдлоо өөрчилж, шүүхээс түүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-т зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан. ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс гадна гэр бүлээс гадуурх харилцаатай эмэгтэйчүүд нь намайг дарамтлах, сошиалаар нэр хүндэд минь халдаж эхэлсэн учраас өсвөр насны хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож тусдаа амьдарч байгаа. *******ай цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид гэрлэснээс хойш 2020 оны 1 сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байрны *******тоот хаягт байрлах 38.2 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1,900,000 төгрөгөөр тооцож 73,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ******* улсын дугаартай, Тоёота Приус 30 загварын автомашиныг нөхөр өөртөө худалдаж авч байсан. Дээрх хөрөнгүүд бидний хамтдаа амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө юм.

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин *******ыг төрснөөс хойш, төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг охиныхоо ирээдүйн сурч боловсроход зарцуулахаар Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансыг эцэг *******ийг хамтран эзэмшигчээр, үндсэн эзэмшигчээр охин *******ын нэр дээр нээлгэсэн. Уг дансыг нээлгэснээс хойш хуримтлагдаж байгаа гэж бодож байсан. Гэтэл ******* нь хүүхдийн мөнгийг өнөөдрийг хүртэл хуримтлуулсан эсэх нь тодорхойгүй, хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авч бусдад зарцуулсан байна. Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам"-ын дагуу 2012 оноос 2019 он хүртэл сар бүр 20,000 төгрөг олгож байсан ба 84 сарын 1,680,000 төгрөг, 2020 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмж сар бүр 100,000 төгрөгөөр тооцож олгосон 53 сарын 5,300,000 төгрөг, нийт ******* төгрөг хуримтлагдах байтал хуримтлагдсан эсэх нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр мөнгийг зарцуулсан гэж үзэж байгаа тул *******аас ******* төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн охин ******* нь эх миний асрамжид байгаа тул Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр эх ******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг Төрийн банканд даалгаж өгнө үү.

*******ийн гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн гадуурх харилцааг тэсвэрлэх боломжгүй болж, хамт амьдрахад хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байсан учир охин, хүү хоёрын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 89 дүгээр байрны *******тоот 2 өрөө байранд сарын *******төгрөгөөр 6 сарын хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанаас өмнө түрээсийн гэрээг цуцалж,******* төгрөг төлсөн. ******* нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүйн улмаас аргагүйн эрхэнд байр түрээсэлсэн учир түрээсийн төлбөрийн 50 хувь болох ******* төгрөгийг *******аас гаргуулан авах хүсэлтэй байна.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байрны *******тоот хаягт байрлах орон сууцыг өөрт болон охин *******, хүү ******* нарт үлдээх шаардлага гаргасан боловч хариуцагч ******* орон сууцыг зарж борлуулсан учир хөрөнгө үнэлгээний компанийн дүгнэлтээр тогтоосон ******* төгрөгийг дундын хөрөнгөд тооцож өөрт болон хүүхдүүдэд ногдох хувийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бид 2012 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж ирсэн. Би Завхан аймгийн Нөмрөг суманд 2017 он хүртэл ажилласан. 2016 оны намар энэ хүн тусдаа амьдрал зохиохоор хоёр хүүхдээ орхиж Улаанбаатар хот руу явсан. Энэ хугацаанд наашаа цаашаа явсаар бидний дундын амьдрал 2017 оноос хойш зогссон гэж ойлгож болно. 2 хүүхэд маань 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл миний асрамжид байсан. Энэ нөхцөл байдлыг хараад амьдрал жоохон хэцүү байна, миний хүү ингэж яваад яах вэ гээд манай аав Таривлан хотхонд 2 өрөө байр авсан. Аавынхаа дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн байгаа. Тухайн үед би ааваасаа гуйж байж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр өөрийн нэрийг оруулсан. Нэрээ оруулах шалтгаан нь би төрийн албан хаагч учраас татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор өөрийнхөө нэрийг оруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс бидний дундын эд хөрөнгө гэж яриад байгаа ч энэ үл хөдлөх эд хөрөнгө нь ******* бид хоёрын дундын өмч биш. Энэ хүн ийм зүйл шаардаж байгаад ичиж байна. Хэрвээ байрыг авахад хөрөнгө оруулсан бол нотлох баримтаа гаргаж өгөөч, та хэдэн төгрөгийн зээл авч энэ байрыг авахад тусалсан бэ тэрийг нь хармаар байна. Хүүхдийн асрамжийн талаар санал асуулгаар шийдчихсэн, хуулиар намайг хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг минь хязгаарлаагүй боловч нэхэмжлэгч хүүхдүүдтэй уулзуулдаггүй, яриулдаггүй. Иргэний хэрэг үүссэнээс хойш ээж нь хүүхдүүдтэй уулзуулахыг онцгойлон хорьсон. Хүүхдүүдтэй уулзах гэж очихоор хүүхдүүдэд нөлөөлдөг учраас хүүхдүүд ааваа битгий ирж бай, ээж уурлаад байна гэж хэлж байсан. 2 жилийн хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байна. Би хоёр хүүхдээ төдийгөөс өдий хүртэл өсгөсөн учраас ганцаараа хүүхдүүдээ бодож явдаг. Энэ хүн шүүхэд орж ирээд хүүхдүүдээ ярьдаггүй дандаа мөнгө авна гэж хэлдэг. 2023 оны 10 дугаар сараас хүүхдүүдээ аваад байр түрээсэлнэ гэж явсан. Тухайн үед миний найзалж явсан С.Отгонбаяр гэх гэр бүлтэй хүнтэй уулздаг болсон бөгөөд нөгөө хүний эхнэр, хүүхэд нь бөөн юм болж байсан. Хүүхдүүдээ өөр дээрээ авсан шалтгаан нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд байсан. Манай аав тухайн үед байрыг малаа зарж 58,000,000 төгрөгөөр авч байсан. Баримт нь хэрэгт авагдсан байгаа. Тэгээд аав маань та хоёрын амьдрал болохооргүй болж байгаа тул би хөрөнгөө авъя, чи наад байраа зарж хөрөнгийг нь өг гэж хэлсэн. Итгэмжлэлтэйгээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан баримтаа шүүхэд өгсөн. Хөрөнгө үнэлгээний асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдийн мөнгө хадгаламж хэлбэрээр байгаа, Төрийн банкны дансанд сар болгон 100,000 төгрөг нэмэгдэж, оны эцсээр хүүгийн мөнгө нь бас нэмэгдэж орж байгаа. Хүүгийн маань хадгаламж нэхэмжлэгчийн нэр дээр байгаа, өөрөө захиран зарцуулчихсан учраас тэрийгээ дурдах шаардлагагүй байх шиг байна. Байр түрээсийн асуудал дээр энэ хүн өөрөө түрээсэлж байсан, би түрээсэл гэж хэлээгүй. Өөрөө л тэр нөхцөлийг бүрдүүлж хүүхдүүдийг авч явсан тул түрээсийн мөнгийг төлөх үндэслэлгүй. Хүүхдийн тэтгэмжийг хуульд заасан тогтоосон хэмжээгээр төлж байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөдрөг овогт ******* /Регистрийн дугаар *******/, Орхит овогт ******* /Регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн охин******* /Регистрийн дугаар *******/, 2015 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* /Регистрийн дугаар *******/ нарыг төрсөн эх Хөдрөг овогт ******* /Регистрийн дугаар *******/-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Орхит овогт ******* /Регистрийн дугаар *******/-аар 2012 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн охин******* /Регистрийн дугаар *******/, 2015 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* /Регистрийн дугаар *******/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байрны *******тоот хаягт байрлах 38.2 м.кв талбайтай орон сууцны ******* ногдох 50 хувь буюу ******* төгрөгөөс нэхэмжлэгч *******, охин *******, хүү ******* нарт ногдох хэсэгт ******* /*******/ төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас орон сууц хөлсөлсөн төлбөрийн 50 хувь болох ******* /*******/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас охин *******ын хадгаламжийн данснаас үндэслэлгүйгээр зарцуулсан ******* төгрөгийг гаргуулах, Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг Төрийн банканд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,980 төгрөг /70,200 төгрөг+126,980 төгрөг, 62,150 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13,495 төгрөгийг улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 132,350 төгрөг /70,200 төгрөг+62,150 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.01.30-ны өдрийн 191/шш2026/01783 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1 .Миний бие ******* нь төрийн албанд олон жил тасралтгүй ажиллаж байгаа. Би төрийн албан хаагчийн татварын хөнгөлөлт эдэлж татварын буцаан олголт авах зорилгоор өөрийн аав *******н нэр дээр Ү-*******тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн 5 хороо 15-р хороолол, 48б байрны *******тоот 38.2 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Уг байр аавын маань байр бөгөөд би өөрийн нэрийг бэлэглэлийн гэрээ хийсний үндсэн дээр хасуулж аавын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан юм. Учир нь анх уг байрыг аав маань өөрийн нэр дээрх малыг худалдан борлуулсан мөнгөөр авч байсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь уг байрыг хамтран амьдрах явцад бий болсон дундын өмч гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ******* болон миний зүгээс уг байрыг худалдан авахад ямар нэг байдлаар санхүүгийн хувьд огт оролцоогүй бөгөөд холбогдох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Миний аав *******нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр *******д уг байрыг ******* төгрөгөөр худалдсан байдаг. Гэтэл шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж байрыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн, зах зээлийн үнэлгээгээр уг байрыг ******* төгрөгөөр тооцож гэр бүлийн гишүүдэд уг мөнгөн дүнгийн 50 хувиас тооцож ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ *******гэх гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж буйг харгалзан үзээгүй, мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг огт хүлээж аваагүй, мөн *******нь өөрийн өмчлөлийн байрыг худалдаж борлуулсан байхад гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж үзэж гишүүдэд ногдох хэсгийг үндэслэлгүйгээр тогтоож гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Миний охин *******, хүү ******* нар нь 2017 оноос бид хоёрыг тусдаа байсан үеэс миний асрамжинд байсан бөгөөд 2023 оны 11 сараас ээжийнхээ асрамжинд очсон юм. ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор хүүхдүүдийг өөрийн асрамжинд авсан бөгөөд тэр үеэс хүүхдүүдийг маань надтай огт уулзуулахгүй байгаа. Хүүхдүүдийн болон миний эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Гэтэл шүүх хүүхдүүдийг ээжийнх нь асрамжинд үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.3. Мөн *******ийн орон сууц түрээсэлсэн төлбөрийн 50 хувь болох ******* төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн бүртгэлийн *******ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гэрлэлт цуцлалтын асуудлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хүүхдүүдийн саналыг авч үзэхэд хоёр хүүхэд эхтэйгээ хамт үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул хүүхдийн асрамжийг эхэд үлдээсэн нь хуульд нийцсэн шийдвэр болсон. Хүүхдийн тэтгэлэг болон дундын хөрөнгөтэй холбоотой шийдвэрийг мөн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Харин маргаан бүхий орон сууцыг ******* болон *******ийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэж ******* төгрөгийн үнэлгээ дээр үндэслэн 50/50 хувиар гэр бүлийн дундын хөрөнгө гэж тооцон шийдвэрлэсэн. Хариуцагч давж заалдах гомдол гаргасан тул нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах байсан боловч гаргаагүй. Маргаан бүхий хөрөнгө нь гэрлэснээс хойш бий болсон дундын хөрөнгө бөгөөд 2017 оноос хойш хамтын амьдрал бодитоор зогссон байсан гэж дурдсан. Мөн тухайн хөрөнгийг гэр бүлийн хамтын орлого, түүнчлэн талуудын төрөл садны мал, хашаа байшин худалдах зэргээр бий болсон орлогоор бүрдүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх уг хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчтэй холбон 50 хувиар дундын хөрөнгө гэж тооцсон нь үндэслэлгүй. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хувьд тухайн хугацаанд ахуйн хэрэгцээнд зарцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед аль аль тал ажил хөдөлмөр эрхэлж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө орон сууцны өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, орон сууцны түрээсийн төлбөрт ******* төгрөгийг гаргуулах, охин *******ын хадгаламжийн данснаас үндэслэлгүйгээр зарцуулсан ******* төгрөгийг гаргуулах, Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансыг хамтран эзэмшигчийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг Төрийн банканд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. *******, ******* нар нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. /хх 12/

3.2. Тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин *******, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү ******* нар төрсөн.

4. Гэрлэгчид хоорондоо таарамжгүй, байнгын хэрүүл маргаантай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах шаардлагын талаар хэн аль маргаагүй. Иймд анхан шатны шүүх тэдгээрийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5. Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, цаашид гэрлэлт үргэлжлэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй, гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж, гэрлэлтийг цуцласан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Талууд уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хэн аль нь гомдол гаргаагүй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх ...асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээнэ гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

7. Насанд хүрээгүй хүүхэд болох 14 настай охин *******, 11 настай хүү ******* нар одоо эх *******ийн асрамжид амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин *******, хүү ******* нараас асрамжийн талаар саналыг нь асуухад хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдрах саналтай байгаа талаараа тайлбарласан байна. /хх 83-84, 85-86/

 

8.1. Анхан шатны шүүх насанд хүрээгүй хүүхдүүд болох охин *******, хүү ******* нарын амьдарч буй ээнэгшин дассан орчин, амьдралын нөхцлийг өөрчлөх зайлшгүй, онцгой шалтгаан үүссэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн хүүхдүүдийн саналыг харгалзан эх *******ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.2. Мөн охин *******, хүү ******* нарыг эх *******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан охин *******, хүү ******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг *******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцжээ.

9. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байрны *******тоот хаягт байрлах 38.2 м.кв талбайтай орон сууцыг өөрт болон хүүхдүүдэд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн орон сууцыг хариуцагч худалдан борлуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон орон сууцны үнэ болох ******* төгрөгнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан.

9.1. Тус орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, Орхит овогт ******* нар бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай гэрчилгээ 2020 оны 01 сарын 06-ны өдөр олгогдсон, 2023 оны 05 сарын 01-ний өдөр өмчлөгч ******* нь бэлэглэх гэрээгээр орон сууцны өөрт ногдох хэсгийг ******* шилжүүлж орон сууцны өмчлөх эрхийн *******дугаартай гэрчилгээ ******* олгогдсон, 2025 оны 04 сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр *******г төлөөлж ******* нь орон сууцыг ******* төгрөгөөр худалдаж орон сууцны өмчлөх эрх *******ы өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн лавлагаа, худалдах, худалдан авах гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 11, 76, 177-178, 210, 225-229/

9.2. Хариуцагч нь дээрх орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгчийн санхүүгийн оролцоо байхгүй, *******нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан байхад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж ногдох хэсгийг гаргуулсан нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

9.3. Учир нь, маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байрны *******тоот хаягт байрлах 38.2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******, ******* нар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдан авч, улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай гэрчилгээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******, ******* нарын нэр дээр олгогдсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд тухайн орон сууц нь зохигчдын гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн, гэрлэгчид уг орон сууцанд амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна.

 

10. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.

10.1. Анхан шатны шүүх дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байрны *******тоот хаягт байрлах 38.2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зохигчдын гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн тул түүнд ногдох хэсгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасанд нийцсэн байна.

10.2. Хариуцагч ******* нь дээрх эд хөрөнгийг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасныг зөрчиж, бэлэглэх гэрээгээр өөрт ногдох хэсгийг ******* шилжүүлсэн байна.

10.3. Иймд анхан шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч орон сууцны зах зээлийн үнийг ******* төгрөг гэж тодорхойлжээ. /хх 141-154/

 

11.1. Хариуцагч нь орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргаагүй, мөн дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул орон сууцны үнийг шинжээчийн тодорхойлсон буюу ******* төгрөгийн 50 хувиас тооцож гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

12. Нэхэмжлэгч нь орон сууц түрээсийн төлбөрт төлсөн******* төгрөгийн 50 хувь болох ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ хариуцагч *******ийн харилцаа, хандлага, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хамт амьдрах боломжгүй болж тусдаа амьдрахад хүүхдүүдийн хамт орон сууц түрээслэх шаардлагатай болсон гэж тайлбарласан байна.

12.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 89 дүгээр байрны *******тоот орон сууцыг 2023 оны 10 сарын 30-ны өдрөөс 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сарын *******төгрөгөөр хөлслөх, төлбөрийг 3 сараар ХААН банкны *******дугаартай дансанд төлөхөөр харилцан тохиролцсон, орон сууцанд нэхэмжлэгч нь охин *******, хүү ******* нарын хамт амьдарч байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх орон сууцны төлбөрийн 50 хувь болох ******* төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасанд нийцсэн боловч тооцооллын хувьд алдаа гаргасныг зарлуулна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 2024 оны 03 дугаар сарын 02-нд 800,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-нд 4,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******төгрөг, нийт******* төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул******* төгрөгний төгрөгний 50 хувь болох ******* төгрөгний хүүхдэд ногдох хэсэг болох 1,966,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулав.

 

13. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан охин *******ын хадгаламжийн данснаас үндэслэлгүйгээр зарцуулсан ******* төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******ийг охин *******ын ******* төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дураар захиран зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн зохигчийн тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2023 оны 9 сарыг хүртэл хүүхдүүдийн хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд охины хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээгээр авсан мөнгийг гэр бүлийн амьжиргааны хэрэглээний зориулалтаар зарцуулсан гэх харицагчийн тайлбар үндэслэл бүхий байна гэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй.

 

13.1. Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг Төрийн банканд даалгах шаардлагын тухайд охин *******ыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн тул Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ******* даалгах нь зүйтэй гэсэн атлаа нэхэмжлэгчийн Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг Төрийн банкинд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн нь ойлгомжгүй байна.

 

13.2. Тодруулбал, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин *******ын нэр дээр Төрийн банкны *******дугаартай хадгаламжийн данс нээлгэж, дансны хамтран эзэмшигчээр *******ийн бүртгэл хийгдсэн болох нь тус данс руу төрөөс хүүхдэд олгож буй мөнгөн тэтгэмжийн мөнгийг шилжүүлэхээр үйлчилгээ хийгдсэн буюу 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тус дансанд охин *******ын хүүхдийн мөнгийг шилжүүлэн хуримтлуулж байгаа болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны хүүхдийн хадгаламжийн дэвтэр, банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 92-94/

13.3 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг Төрийн банкинд даалгах гэсэн байх тул хариуцагч ******* даалгах гэснийг залруулж Төрийн банкинд даалгахаар өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/01783 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын ...төлбөрийн 50 хувь болох ******* төгрөг гэснийг ... төлбөрөөс 1,966,666 төгрөг гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн банкны *******тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн бүртгэлийг *******ийн нэр дээр шилжүүлэхийг Төрийн банк ХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас охин *******ын хадгаламжийн данснаас үндэслэлгүйгээр зарцуулсан ******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын 132,350 төгрөг /70,200 төгрөг + 62,150 төгрөг/ гэснийг 116,617 төгрөг /70,200 төгрөг + 46,417 төгрөг/ гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ХУЛАН