Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2017/0414/З |
Дугаар | 700 |
Огноо | 2017-09-26 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 700
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Б,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Ж.М нарыг оролцуулан
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ж.Мт холбогдох хэсгээс Ж.Б миний өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , гуравдагч этгээд Ж.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М , нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг тодорхойлсон тул дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Мөн илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэраг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хөндөгдсөнийг хэзээ мэдсэнээс үл хамааран шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа харгалзахгүйгээр шүүхэд хандаж байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1990 оноос хойш Баянгол дүүргийн .. дугаар хороо, Туулын ..-... тоот хаягт байрлах газар дээрээ амьдарч байгаа бөгөөд 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/431 дугаартай, Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар хуулийн дагуу уг газартаа 300м.кв газрыг ашиглах эрхтэй болсон.
Улмаар 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус дүүргийн Засаг даргын захирамжаар уг газраа хуулийн дагуу 30 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон бөгөөд уг газар дээрээ үйлчилгээний зориулалттай барилга барьсан.
2000 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний бие Австрали Улс руу хувийн зорилгоор ажиллаж, амьдрахаар явж, 2005 оны 3 дугаар сард Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаартай, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 181,46 м.кв газрыг өмчлөх эрхтэй болсон.
Гэтэл манай хөрш айл болох Баянгол дүүргийн .. дугаар хороо, Туулын ..-... тоот хаягт амьдардаг Ж.М гэгч нь 2001 оны 7 дугаар сард 010100.... дугаартай “Газар эзэмших гэрчилгээ”-ээр 300 м.кв газар эзэмшиж байгаад 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдөр уг газраа өмчилж авахдаа 405.52 м.кв болгон нэмэгдүүлэн авсан бөгөөд дээрх 105.52 м:кв-аар нэмэгдүүлэн авахдаа иргэн Ж.Б миний газартай давхцуулан авсан байна.
Ж.М нь анх 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад өргөдөл өгч, Баянгол дүүргийн .. дугаар хороо, Туулын ..-... тоот хашааны газраа өмчилж авахдаа 20*15 гэж газрын хэмжээгээ зааж, гараар зураг үйлдэн өгч байсан байхад уг хүсэлтийг нь үндэслээд хүсэлтэд зааснаас илүүг өмчлүүлсэн байна.
Тухайн үеийн Засаг даргаас 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Ж.Мт 405.52 м.кв талбайтай болгож, Ж.Б миний эзэмшиж байсан газартай 105.52 м.кв давхцуулан олгожээ.
Мөн Ж.Мт ийнхүү 405.52 м.кв газрыг өмчлүүлснийг үндэслээд миний газрын хэмжээг багасгаж, 181.46 м.кв болгон 2005 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр шийдвэр гаргасан.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ж.Мт холбогдох хэсгээс Ж.Б миний өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б ы хариу тайлбартаа:
“...Иргэн Ж.Бын шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны 277 дугаар захирамжийн Ж.Мт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Ж.М нь 2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад Баянгол дүүргийн .. дугаар хорооны Туулын .. дүгээр гудамжны ... тоот хашааны газраа өмчилж авах тухай өргөдлөө гарган, дараах баримтуудыг хавсарган өгсөн байна. Үүнд:
1. Кадастрын зураг
2. Хорооны тодорхойлолт
3. Хэмжилт хийсэн акт
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Газар эзэмших эрхийн гэрчилгээ №010100....
6. Хашааны бүдүүвчилсэн зураг зэрэг болно.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар өмчлөх эрх дуусгавар болдог, иргэн Ж.Мийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
Гуравдагч этгээд Ж.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Ж.М би анх 1983 онд Баянгол дүүргийн .. дугаар хороо, Буудлын ..-... тоот хашааг Д.Г с худалдан авч одоог хүртэл тус газартаа амьдарч байгаа бөгөөд Д.Г с худалдаж авахад амины хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн үнэмлэхтэй байсан. Үүнд: 20х15 харьцаатай 300 м.кв талбай бүхий 3 тал хашаа гэж заасан байдаг.
Би тус газраа өөрийн нэр дээр 1997 оны 1 дүгээр сарын 13-нд шилжүүлэн авч, 2001 оны 07 дугаар сард 010100.... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Тухайн үед захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо томхон хашаатай айлд 500 м.кв түүнээс арай жижиг хашаатай айлд 300 м.кв гэж ойлгож байсны дагуу манайх 300 м.кв гэж гэрчилгээгээ авч байсан. Харин газраа өмчилж авахдаа газрын байршлын кадастрын зураг хийлгүүлэхэд 405.52 м.кв хэмжээтэй байсан тул тус хэмжээгээр нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хууль ёсоор өмчилж авсан.
Харин нэхэмжлэгч Ж.Б нь 1990 оноос хойш тус газарт амьдраагүй, Н.М гээс 1995 онд манай хашааны баруун талд байрлах Баянгол дүүргийн .. дугаар хороо, Буудлын ..-... тоот хашааг худалдан авч 1996 онд одоогийн байгаа хөндлөн байшинг, 1997 онд гараж барихдаа манай баруун талын хашааг буулгаж /тухайн үед хашаагаа буулгахгүй гэхэд суурь цутгаж тоосго өрж болохгүй байна гэж гуйж, зүүн хойд буланд үлдсэн зайг танайх ав гэж амаараа тохиролцож байсан бөгөөд урд хэсгээрээ манай хашаа руу оруулан догол гаргаж барьсан/ 1 давхар 3 доголтой манайх руу шахаж барьсан.
Үүний дараа 2000 оны хавар манайх одоо амьдарч байгаа 2 давхар байшингийнхаа суурийн ажлыг эхлүүлж барьж эхэлсэн бөгөөд энэ суурь хөдлөөгүй байхад газар сунгах ямар ч боломжгүй тул Ж.Бын нэхэмжлэлдээ дурдсанчлан Австрали улс яваад ирэхэд нь манайхыг өөрийнх нь хашаа руу сунгасан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь тухайн үед Ж.Б нь Австрали улс руу яваагүй мэдэж байсан. Ирснээсээ хойш ч газрын давхцалын талаар маргаагүй, мөн 1996 болон 1997 онуудад хашаагаа захлан буюу манай баруун талд барилга барьсан тул хашааг сунгах ямар ч боломжгүй бөгөөд энэ нь газрын байршлын кадастрын зурагт илт харагдаж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ж.Мт холбогдох хэсгээс Ж.Б миний өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлдээ дээрх захирамжийг утга агуулгын ямар илэрхий алдаа байгаа талаар дурдаагүй, зөвхөн газрын давхцлын талаар буюу актыг “хүчингүй болгуулах” үндэслэлийн талаар дурдаж байгаагаас үзэхэд “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2016 он/ хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан буюу 2004 оны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-д заасан зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа тооцох учиртай. Иймд нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ж.Мт холбогдох хэсгээс Ж.Б миний өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Маргаан бүхий зэрэгцэн байрлах иргэдийн өмчлөлийн газар дээр нэхэмжлэгч 1990 он, гуравдагч этгээд 1985 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч Ж.Бт Баянгол дүүргийн 16 хорооны Туулын ..-... тоот 010100.... дугаартай 300 м.кв газрыг 2000 оны 5 дугаар сарын 31-ний, гуравдагч этгээд Ж.Мт Туулын ..-... тоот 010100.... дугаартай 300 м.кв газрыг 2001 оны 7 дугаар сарын Газар эзэмших гэрчилгээний дагуу 30 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлжээ.
Улмаар дүүргийн газар эзэмшүүлсэн захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар 181,46 м.кв газрыг Ж.Бт, 2004 оны 277 дугаар захирамжаар 405,52 м.кв газрыг Ж.Мт 2002 оны Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3, 21 дүгээр зүйлийг үндэслэл болгон тус тус өмчлүүлсэн байна.
Нэхэмжлэгч “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ж.Мт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч дүүргийн Засаг даргын шийдвэрээр 300 м.кв газрыг Ж.Мт олгосон байхад Нийслэлийн Засаг даргын захирамжаар 105.52 м.кв-ыг миний газраас илүү өмчлүүлсэн, манай байшингийн арын хэсгийн газрыг Ж.М өөрийн газартаа оруулсан байсныг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны шийдвэрийг илт хууль бусад тооцуулах үндэслэл болохгүй юм.
Тухайн үед Дүүргийн Засаг даргын шийдвэрээр айл болгонд 300 м.кв гэх хэмжээгээр газрын гэрчилгээ олгож байсан тухайд: Гуравдагч этгээдийн “газар эзэмших гэрчилгээ олгохдоо томхон хашаатай айлд 500 м.кв, түүнээс арай жижиг хашаатай айлд 300 м.кв гэж тэмдэглэж байсны дагуу манайх 300 м.кв гэж гэрчилгээ авч байсан”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...иргэдэд газар өмчлүүлэхээс өмнө бүх айлын амьдарч байгаа газрыг 300 м.кв, 500 м.кв гэх хэмжээгээр тэгшитгэн гэрчилгээжүүлж байсан. Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулж, иргэдэд газар өмчлүүлэхдээ кадастрын зураглал хийлгэж, хэмжээг нарийвчлан тогтоосон” гэх тайлбарыг шүүх хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчилсөн газрыг 2005 оноос хойш агаар сансрын зурагтай харьцуулсан байдлаас харахад тэдний эзэмшиж байсан газрын хэмжээ ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй болох нь, гуравдагч этгээд Ж.Мийн 2005 онд ирснээсээ хойш ч газрын давхцалын талаар маргаж байгаагүй, 1996-1997 онуудад хашаагаа захлан буюу манай баруун талд барилга барьсан тул хашааг сунгах ямар ч боломжгүй бөгөөд энэ нь газрын байршлын кадастрын зурагт илт харагдана” гэх тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар иргэн Ж.Мт Баянгол дүүргийн .. дугаар хорооны Туулын ..-... тоот 405.52 м.кв хэмжээ бүхий газрыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлсэн холбогдох баримт бичиг, 18641311330600 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг, өмчлөгчийн хүсэлт зэргийг үндэслэн олгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг шийдвэрийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Иймд Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “... нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсны дагуу хийсэн хууль ёсны үйлдэл байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүхээс газрын үзлэг хийхэд нэхэмжлэгчийн одоо эзэмшиж ашиглаж байгаа газрын хэмжээ нь ойролцоогоор 450 м.кв хэмжээтэй суурь бүхий 3 давхар зочид буудал, цайны газар, христийн цуглаан зэрэг үйлчилгээ явуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьсан болох нь тогтоогдсон ба Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д гэр бүлийн зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлүүлэхээр заасны дагуу үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газрыг өмчлүүлээгүй, гэр бүлийн хэрэгцээний 181,46 м.кв газрыг өмчлүүлсэнд хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ж.М-т холбогдох хэсгээс Ж.Б миний өмчлөлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА