Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00876

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00886 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт ******* төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2000 оноос хойш Иргэний нисэхийн ерөнхий газарт хамгаалалтын ажилтнаас эхлээд Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга хүртэл ажил хийж байсан. 24 жил улсад тасралтгүй татвараа төлсөн. Тэгээд намайг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа ирээд ажилдаа гарчихсан байхад архи уусан гэсэн шалтгаанаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би драйгер үлээлгэ гэсэн шаардлага тавьсан ч драйгер үлээлгээгүй. Тийм учраас буцаад ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж буй хугацаандаа хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр удаа дараа шийтгэгдэж байсан. Сүүлд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр албаны даргын Б251 тушаалаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр шийтгэгдэж, сахилгын шийтгэлийг тооцох хугацаа дуусах болоогүй байхад 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Байгууллагын зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж ажилласан бөгөөд үүссэн нөхцөл байдалд тохирсон шаардлагатай арга хэмжээг хууль журмын хүрээнд авч хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн гаргасан хариуцлагагүй үйлдлээс зугтаж, ажил олгогчийг буруутгаж байгаа нь ёс зүйгүй ба бодит байдалд нийцэхгүй байгаа. Мөн нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан ажлын байрны онцлог олон улсын нисэх буудлын өндөржүүлсэн хамгаалалттай хилийн бүсэд үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед хилийн бүсэд зорчигчийн бие болон тээш, гар тээшнээс аюулгүй байдлын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг. Тухайн үйлчилгээг үзүүлэхэд ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэх бүрэн чадвартай байх шаардлагатай. Иймд тухайн зөрчлийн үеийн камерын бичлэг, мөн хамт ажиллаж байсан хэсгийн дарга, ахлах, цагдаагийн байгууллагын ажилтны гэрчийн мэдүүлэг зэргээр тухайн зөрчил нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч *******ыг Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албаны Үзлэг шалгалтын хэсгийн аюулгүй байдлын үзлэгийн шалгагч албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт ******* төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараах хэсгүүдийг эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Тус шүүхийн шийдвэрийн 14-т Ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалд хавсаргасан Сонсох ажиллагааны тэмдэглэл, ******* нарын тодорхойлолт болон гэрч ******* нарын мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэгт авагдсан ... цагдаагийн ажилтны *******аас уусан уу гэж асуухад тиймээ би өчигдөр уусан гэж хариулсан... гэх баримтуудаар ажилтан ******* ажилдаа ирэхийн урьд өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртэж байсныг үгүйсгэх боломжгүй боловч дээр дурдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журмын 2.5-д заасан шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэх үйл баримт нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

4.2. Шийдвэрийн 19-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол давтан зөрчил гаргасан гэж ойлгох ба ******* 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дугаар Б/251 тоот ажил олгогчийн тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээснээс өөр сахилгын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй, хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүй учир түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхгүй.

Эдгээр үндэслэлүүд нь бодит байдлаас зөрүүтэй бөгөөд гомдол гаргагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажилд ирчхээд түүнийгээ шалгуулж тогтоолгохгүй хэмээн ажлын байрыг орхиж явсан үйлдэл нь хариуцагч буюу ажил олгогчийг гүтгэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан мэтээр харагдаж байгаа нь шударга үнэнд нийцэхгүй байх тул дээрх үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь Иргэний нисэхийн салбарт 24 дэх жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтан бөгөөд тухайн өдрийн буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа ирэхдээ 23 гэрчийн мэдүүлгээр согтууруулах ундаа үнэртэж байна гэх аман мэдүүлэгт үндэслэн ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх уг маргааныг хянан хэлэлцэхдээ согтууруулах ундааны хэмжээг тогтоох эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан авч үзсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2016 оны хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу согтолтыг зөвхөн тодорхой хэмжилтийн багажаар тогтоох ёстой гэж заасан. Гэтэл тухайн үед ашигласан тандагч төхөөрөмж нь согтууруулах ундааны бодит хэмжээг тогтоодог багаж биш бөгөөд зөвхөн урьдчилсан илрүүлэлт хийх зориулалттай, улаан/ногоон дохио өгдөг шинж чанартай болох нь гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон. Мөн цагдаагийн байгууллагад очиход драйгер төхөөрөмж байгаагүй, зөвхөн тандагч ашигласан талаар тайлбар өгсөн нь нотлогдсон. Иймээс тухайн өдөр нэхэмжлэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг эрх зүйн шаардлагад нийцсэн хэмжилт, баримтаар бүрэн тогтоогоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 1315-д заасан дүгнэлт нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт ******* төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр албаны даргын Б251 тушаалаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр шийтгэгдэж, сахилгын шийтгэлийг тооцох хугацаа дуусах болоогүй байхад 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил давтан гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ нотлох зорилгоор хэн аль нь нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч талаас тандалт багажаар шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй буюу эрүүл байна гэж тогтоогдсон, драйгер үлээлгэ гэдэг шаардлага тавьсан боловч үлээлгээгүй гэж тайлбарласныг хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг тандалт багажаар шалгаж тогтоосон, өөрөө драйгер үлээхгүй гэсэн гэж маргаад үүнийг нотлох зорилгоор СД бичлэгийг шүүхэд гаргаж өгснийг шүүх хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хөндлөнгийн гэрчүүд болох *******д, ау******* нарыг оролцуулан тухайн СД бичлэгт үзлэг хийж, нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагааг явуулсан болох нь хэргийн 106-107 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

3.2. Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШЗ2025/37976 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл баримтыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан.

3.3. Хэрэв шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт хасах тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хууль бус буюу нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлан хасах учиртай. Гэтэл маргаан бүхий үйл баримтыг нотлох зорилгоор хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн СД бичлэгийг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн атлаа нотлох баримтаас хассан нь учир дутагдалтай болжээ.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчлэх бөгөөд талуудын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байран дээр ирсэн эсэх, энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарах эсэх асуудлаар марган шүүхэд гаргаж өгсөн баримтад хуульд заасан ажиллагаа явуулсан атлаа хэргийн нотлох баримтаас хассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

4. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг залруулж, нөхөн гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүхээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.ХУЛАН