Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 899

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,          

Улсын яллагч Г.Сундуй,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт А-н А-т холбогдох эрүүгийн 1909031241030 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өсөх зоос Алтанговь” ХХК-д үйлдвэрийн ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 8 гудамж 202 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:ОЮ 95062714 / Сартуул овогтой А-н А нь:

 

- 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм” баарны үүдэнд иргэн П.Энхсайхантай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.Энхсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрийн найзуудын хамт “Салм” нэртэй пабад 00 цагийн үед орж үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байхдаа өөр үл таних хүмүүстэй маргалдсан. Ингээд тэнд байсан нэг махлагдуу биетэй залуу намайг “Салм” баарны гадаа зогсож байсан чинь миний нүүр хэсэгт 2 удаа цохьсон. Тэгээд манай найз нар тухайн залууг барьж авах гээд хөөсөн. Тэгээд нэг найзыг нь барьж аваад нөгөө найзых нь нэрийг мэдсэн гэжээ. / хх 5 /  

 

Яллагдагч А.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Салм” бааранд өөрийн найз нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн газраас гараад зогсож байхад манай найз Билгүүн хүнтэй маргалдаад байна гээд над руу залгасан. Тэгээд би Билгүүн дээр очсон чинь надад хэдэн залуучууд зааж өгсөн. Тэгээд Билгүүн нэгэн рүү нь дайраад газар унасан. Тэгсэн чинь над руу хэдэн залуучууд дайрсан. Тэгэхээр нь би саравчтай малгай өмссөн П.Энхсайхан гэдэг залууг цохьсон гэжээ. / хх 17-18 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9989 дугаар  дүгнэлтэнд:

1 .П.Энхсайханы биед баруун нүдний доод зовхины шарх, зовхины цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөл буюу 2019 оны 08 дугаар сарын 17-нд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 9 /

 

Шүүгдэгч А.А-ийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 17-18 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 22  / зэрэг болно.

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 550.000 төгрөгийг төлсөн гэв.  

Шүүгдэгч А.А нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм” баарны үүдэнд иргэн П.Энхсайхантай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Намайг “Салм” баарны гадаа зогсож байсан чинь нэг махлагдуу биетэй залуу миний нүүр хэсэгт 2 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч П.Энхсайханы мэдүүлэг / хх 5 /, ... Би саравчтай малгай өмссөн П.Энхсайхан гэдэг залууг цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч А.Аийн мэдүүлэг / хх 17-18 /, ...П.Энхсайханы биед баруун нүдний доод зовхины шарх, зовхины цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9989 дугаар  дүгнэлт / хх 9 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч П.Энхсайхан   нь нэхэмжлэх зүйлгүй / хх 28 / гэсэн тул шүүгдэгч А.А нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч А.А-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Сартуул овогтой А-н А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ