Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00880

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/00445 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

 

******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны ээлжит хурлын шийдвэрээр УБТЗ ХНН-ийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Албан тушаал хүлээн авмагц 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний эрхлэх албан тушаалтай холбоотой эрх, үүргийг тусгасан контрактын гэрээ-г байгуулсан. Тус гэрээг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хурлын шийдвэрээр дахин шинэчилж УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга *******-тэй контрактын гэрээг байгуулсан. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний 5.7-д Энэхүү гэрээгээр ажиллах хугацаанд нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт замын даргыг амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн албаны орон сууцаар эсвэл тохилог хувийн сууцаар хангана гэж заасан байсныг Энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах тохилог бие даасан албаны орон сууцаар хангах /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж шинэчлэн найруулан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9 дэх заалт болгон баталсан байдаг. Энэхүү УБТЗ ХНН-тай байгуулсан контрактын гэрээнд заасан үүргийн дагуу тус нийгэмлэгийн даргыг орон сууцаар хангах үүргээ биелүүлэх зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж. ******* тоот хаягт байрлах 370 м.кв талбайтай, *******дугаарт бүртгэлтэй орон сууцыг ******* ХХК-аас УБТЗ ХНН худалдан авсан. Тус байранд миний бие гэр бүлийн хамтаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дугаартай тогтоол гарч, хүчин төгөлдөр болох хүртэл амьдарч, УБТЗ ХНН-ээс шаардсаны дагуу тухайн орон сууцны урсгал зардал, СӨХ-ны төлбөрийг тухай бүрд нь ******* би төлж байсан.

УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга ******* нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний үүргийг биелүүлэн орон сууц худалдан авч ******* надад контрактын гэрээний дагуу олгосон. Намайг ажлаас чөлөөлсний дараа УБТЗ ХНН-ийн дарга ******* нь УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд ******* хандан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10/1478 дугаартай Дэмжлэг хүсэх тухай албан тоот хүргүүлсэн байдаг. Тус албан тоотод *******тай байгуулсан контрактын гэрээг Замын даргын буруутай үйлдлээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр цуцалсан тул гэрээний дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгосон, мөн гэрээний дагуу олгосон орон сууцыг шилжүүлэх шаардлагатай тул УБТЗ ХНН-ийн дүрмийн 17 дугаар зүйлийн д заалтад заасны дагуу Ерөнхий хороо эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг. Гэтэл үүнээс жил гаруй хугацааны дараа УБТЗ ХНН-ийн зүгээс иргэн ******* надад холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. УБТЗ ХНН-ийн зүгээс гаргасан Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт ******* нь зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын 5.9. дэх заалтыг үндэслэн контрактын дагуу эзэмшиж байсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухайн маргааныг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дугаартай тогтоолын хянах хэсэгт контрактын 5.9-д Энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон байраар, эсвэл амьдрах тохилог бие даасан албаны орон сууцаар хангах /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ бөгөөд контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэжээ. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Баянгол дүүргийн нутагт байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг байтал маргаж буй орон сууц Хан-Уул дүүрэгт байршилтай тул гэрээний нөхцөлд заасан нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлах байр гэж үзэх боломжгүй байна. Ажил олгогчоос ажилтанд ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд нь эзэмшүүлж байсан орон сууцыг контрактад нэрлэн заасан орон сууц гэж үзэхгүй тул хариуцагчийн тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. Хариуцагч нь ажил олгогчоос контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна... гэж хянаж шийдвэрлэсэн.

Үүний дараа 2019 онд ******* миний бие УБТЗ ХНН-т холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлдээ ...******* болон Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга ******* нарын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын 5.9-д заасан амьдрах таатай нөхцөл бүрдсэн тохилог, бие даасан сууц гэж Барилгын норм ба дүрэм БНбД 31-05-05 нэг айлын орон сууцны 1 дүгээр зүйл хамрах хүрээ хэсэгт: тухайн орон сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокийн өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорины давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалтай бус байх, халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан байх шаардлагын дагуу Барилгын тухай хуулийн 4.1.25-д заасан ажлууд хийгдсэн, 4.1.38-д зааснаар төвлөрсөн дулаанд холбогдсон, зоорь бүхий 2 давхар, бие даасан газартай орон сууц гаргуулахыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02678 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай магадлалыг гаргасан. Тус магадлалаар ...Контрактын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцааны тусгай төрөл юм. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч тал Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2-т зааснаар албан тушаал хашиж байх хугацаандаа албаны орон сууцаар хангагдах, гэрээ цуцлагдсан нөхцөлд орон сууцыг буцаан шилжүүлэх үүрэгтэй байдаг боловч талууд гэрээний 5.9-д энэхүү контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах тохилог бие даасан албаны сууцаар хангах, /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ контрактын хугацаа дуусгавар болоход Замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж тохиролцжээ. Талууд гэрээндээ нэхэмжлэгчийг албаны орон сууц, эсхүл албаны амьдрах тохилог бие даасан сууцаар хангахаар тохиролцсон байх ба тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ буюу гэрээний үндсэн дээр шилжүүлсэн орон сууцыг албаны сууц гэж ойлгодог. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа сууц нь ажил олгогчийн өмчлөлд бий эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ хариуцагч байгууллага түүний шаардсан чанарын хэмжээнд шинээр сууц барьж өгөх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байгаа нь контрактын гэрээний агуулга болоод албаны орон сууц эзэмшүүлэх тухай холбогдох хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна гэж дүгнээд анхан шатны шүүхийн 102/ШШ2019/02678 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү 02 дугаартай магадлалыг Улсын дээд шүүх хянаад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01266 дугаартай тогтоолыг гаргасан. Тус тогтоолд /Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016.10.03-ны өдрийн Б-1-222 тоот Контракт дуусгавар болгох тухай тушаалд Нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн и, 22 дугаар зүйлийн а, Ерөнхий хорооны 2016.09.27-ны өдрийн 3 дугаар хурлын протокол, контрактын гэрээний 6.5 дахь заалтыг үндэслэжээ. Тушаалын үндэслэл болсон тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2016.09.27-ны өдрийн 3 дугаар хурлын протоколоос үзэхэд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан *******ыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, хариуцагчийн маргасан контрактын гэрээний 6.5-д заасан үндэслэлээр контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх болсон гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/, эсхүл түүний бурууг дотоод хяналт шалгалтаар тогтоосон талаарх баримт хэрэгт байхгүй, харин тухайн контрактын гэрээний 6.6-д заасан Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус шалтгаанаар контрактын гэрээ цуцлагдсан тохиолдолд олгохоор заасан 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг *******т олгосон нь тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас контрактын гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан контрактын гэрээний 5.9-д ...контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ, 6.6-д Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр контрактын гэрээ цуцлагдсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктээр 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох ба контрактын 5.9 дэх пунктэд заасан албаны орон сууцыг өмчлөлд нь шилжүүлнэ гэж тус тус зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч *******ыг контрактын гэрээгээр ажиллах хугацаанд албаны орон сууц, эсхүл албаны амьдрах тохилог бие даасан сууцаар хангахаар, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад орон сууцыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх үүрэг хүлээсэн контрактын гэрээнд заасан албаны сууц гэж тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ буюу гэрээний үндсэн дээр шилжүүлсэн орон сууцыг ойлгохоор байна. Иймд давж заалдах шатны шүүхийн ...нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц нь ажил олгогчийн өмчлөлд бий эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ хариуцагч түүний шаардсан чанарын хэмжээнд шинээр сууц барьж өгөх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байгаа нь контрактын гэрээний агуулга болоод албаны орон сууц эзэмшүүлэх тухай холбогдох хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна" гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ гэж эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа ******* миний бие УБТЗ ХНН-ийн эрх бүхий албан тушаалтнуудад хандан Контрактын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан хүсэлт удаа дараа хүргүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны орлогч дарга ******* нь 10/78 дугаартай Санал дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтэд .. 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактыг Ерөнхий хорооны шийдвэрээр хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд *******т контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн олговор төлөх, албаны орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх үүрэг УБТЗ" ХХН тус тус хүлээсэн байна. Нөхөн олговор олгох үүрэг зохих ёсоор биелэгдсэн боловч албаны орон сууцыг замын дарга асан *******ын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг биелэгдээгүй үлджээ гэж дүгнэсэн. 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр УБТЗ ХНН-ийн дарга******* нь ******* миний гаргасан өргөдөлд 10/2032 дугаартай ...Одоо байгаа мэдээллээр *******ын контрактын нөхцөлийг биелүүлэх талаарх бүх өргөдөл, гомдлыг Монгол Улсын шүүх хэрэгсэхгүй болгож, *******ын контрактын гэрээний биелэлттэй холбоотой асуудлыг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороо болон Монгол Улсын шүүх хэлэлцэж дууссан. Үүнтэй холбогдуулан *******аас контрактын гэрээний гүйцэтгэлтэй холбоотой ижил төстэй хүсэлтүүд ирэхэд түүнд дээрх мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй. гэж дурдсан. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байх тул энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг үүгээр мэдэгдье гэх хариуг өгсөн. 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар иргэн ******* миний бие 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний үүргээ зөрчөөгүй нь тогтоогдсон, ажил олгогчоос контрактад заасан үргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ дээрх шийдвэрүүд саад болохгүй талаар тодорхой дурдсан. Мөн УБТЗ ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл, санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлангийн 43 дугаар талд ...2015 оны батлагдсан төсвийн дагуу инвестицийн программын хүрээнд хөрөнгө оруулалтын журмаар 2015.01,08-нд УБТЗ" ХНН нь ******* ХХК-тай гэрээ байгуулж, 2015 оны 01 дүгээр сард 370 м.кв талбайтай ******* төгрөг (******* рубль) өртөгтэй орон сууцыг худалдаж авсан байна. Төлбөрийг "УБТЗ ХНН-ийн тооцооны данснуудаас 2015.01.16-нд хийсэн байна. Дүрмийн 1 дүгээр зүйлийн дагуу Нийгэмлэгийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, устгах болон хасах тухай шийдвэрийг Ерөнхий хороо гаргадаг юм. Замын дарга *******т тухайн байрыг үнэ төлбөргүй нөхцөлөөр шилжүүлэх баримтыг бэлтгэж Нийгэмлэгийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанд танилцуулахыг шалган байцаах комиссоос зөвлөж байна" гэж тодорхой дурдсан байх бөгөөд энэхүү тайланг шалган байцаах комиссын гишүүд гүйцэтгэж, УБТЗ ХНН-ийн дарга, Эдийн засаг, санхүү эрхэлсэн дарга, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны дарга нар танилцан хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Контрактын гэрээний болон УБТЗ ХНН-ийн дотоод журамд заасан тохилог, бие даасан албаны орон сууцны нөхцөлийг хангасан гэж үзэн надад олгосон ******* төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, төгрө******* тоот хаягт байрлах 370 м.кв талбайтай, *******дугаарт бүртгэлтэй орон сууцыг зөвхөн нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлалтай бус байна гэх шалтгаанаар ******* надад шилжүүлэн өгөх боломжгүй гэж шүүх эцэслэн дүгнэсэн тул контрактын гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу мөнгөн дүнгээр тодорхойлон контрактын гэрээний шаардлага хангасан орон сууцны анхны үнэлгээ буюу ******* төгрөгт контрактын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэн ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлалтай бус байна гэх шалтгаанаар шилжүүлэх боломжгүй гэх Улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэтэй дүйцүүлэн ******* төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******ын нэхэмжлэлтэй, ХНН УБТЗ-д холбогдох контрактын гэрээний 5.9-д зааснаар контрактын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдлийн хохиролд ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хамт шүүхэд гаргасан материалд контрактын гэрээний 5.9-д заасан маргааны зүйл болох орон сууцтай холбоотой асуудлыг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, *******ын эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, ******* тоотод байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцыг контрактын гэрээний 5.9-д заасан нөхцөлөөр олгогдсон орон сууц гэж үзэх боломжгүй. Контрактын гэрээнд албаны орон сууцны талаар тухайлан нөхцөл заасан бөгөөд энэ нь Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлах байр гэж тодорхой заасан тухай Улсын дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01274 дугаар тогтоолд дурдаж, эцэслэн шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны үнэ ханш, Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт байрлах байрны үнэ эрс ялгаатай юм. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ямар үндэслэлээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, ******* тоотод байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцны үнээр дүйцүүлэн хохирол шаардаж байгаа, контрактын гэрээний 5.9-д заасан ажил олгогч хэрэгжүүлэх тохиолдолд яагаад ******* төгрөгийн үнэ бүхий сууцаар хангах ёстой талаар, мөн хохирол нь контрактын гэрээний 5.9-д заасантай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь УБТЗ ХНН-ийн ТУЗ буюу ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулсан ба УБТЗ ХНН-ийн даргатай контрактын гэрээ байгуулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс ******* төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,579,215 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 7,579,215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс тус хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Учир нь: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дээд удирдлага нь Ерөнхий хороо байдаг ба тус хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар замын даргаар *******ыг томилж, контрактын гэрээг Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчтэй буюу контракт байгуулах эрхгүй н.Цогтбаатар гэх хүнтэй байгуулсан.

Энэхүү контрактын гэрээний 5.7, 5.9 дэх хэсэгт маргааны зүйл болж байгаа таун хаус сууц, гэрээгээр ажиллах хугацаанд нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар замын даргыг амрах, амьдрах таатай нөхцөл бүрдсэн албаны орон байр эсвэл тохилог хувийн сууцаар хангана хэмээн заасан байдаг.

Улмаар контрактын гэрээг эрх бүхий этгээдтэй 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр №4 дугаар хурлаар шийдвэрлэн, *******тай контрактыг байгуулсан. /хх-20/

Энэхүү контрактад таун хаусын асуудал тусгагдаагүй, харин ажил олгогч нь замын даргын үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь амрах зориулалт бүхий орон сууцаар хангах үүргийг тусгасан.

******* нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2016 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн №3 дугаар ерөнхий хорооны хурлаар замын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэн, 2016 оны 10 дугаар сарын 03-ны Б-1-222 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгон цуцалсан.

Контрактын гэрээнд тусгагдсан орон сууцтай холбоотой ганц заалт нь (контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны орон байраар эсвэл амьдрах тохилог бие даасан албаны орон сууцаар хангах нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн байрыг контрактын гэрээний хугацаа дуусгавар болоход замын даргад байрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ) гэж заасан байдаг ба контрактын хугацаа 3 жилийн хугацаатай буюу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* нь ажиллаж зохих ёсоор контрактад заасан үүргээ биелүүлсэн байх ёстой.

Замын даргатай байгуулсан контрактын гэрээг ерөнхий хорооны шийдвэрээр хугацаанаас өмнө цуцалж болох бөгөөд энэхүү эрх нь контрактын гэрээ байгуулсан ерөнхий хороонд байх ба 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр контрактын гэрээний 6.5 дахь заалтаар контрактын гэрээг цуцалсан.

Нэхэмжлэгч нь ерөнхий хорооны шийдвэрээр контракт цуцлах болсон хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулахаар мөн шүүхэд хандаж Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, ерөнхий хорооны хуралдааны шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шүүхийн хүчин төгөлдөр болсон.

Мөн маргааны зүйл болсон орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцалснаар ажил олгогч ажилтнаас албаны орон сууцыг чөлөөлөх шаардлага гаргаснаар Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасан *******ын орон сууцыг эзэмших эзэмшил дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгч *******ын эрх ашиг хөндөгдөөгүй, ямар нэгэн хохирол учирсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн маргааны зүйл болох Хан-Уул дүүрэгт бариулсан таун хаусын эцсийн өмчлөгчөөр хавтаст хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 тогтоолоор орон сууцны өмчлөгчөөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг болох нь нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөр нэгэнт тогтоогдсон болохыг дүгнэсэн ба түүнээс хохирол буюу ******* төгрөг шаардах үндэслэлгүй буюу хууль ёсны өмчлөгчийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан эрхийг хөндөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч *******т хохирол учраагүй байна.

Нэхэмжлэгчийн Контрактын гэрээний хугацаанд бариулсан Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж ******* тоот хаягт байрлах 370 м.кв талбай орон сууцыг түүний өмч биш гэдгийг шүүх тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад тэр бариулсан байрны хохирол гэх асуудал яригдах боломжгүй, эцсийн өмчлөгчөөс өмчийн хохирол шаардах боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.5-д Контрактын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсан эсэхэд зохигчид маргаагүй. Харин 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын гэрээний 5.9-д заасны дагуу хохирол гаргуулах шаардлагын хувьд маргаантай гэж бичсэн ба энэ нь шүүх талуудын маргааны зүйлийг буруу тайлбарлан тодорхойлж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл дээрх хэсэгт талууд маргаж контрактын гэрээ цуцалсан түүний холбогдох заалт хууль зөрчөөгүй, маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж ******* тоот хаягт байрлах 370 м.кв орон сууцын өмчлөгчийг тогтоосон шат шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт маргаад эцэслэн шийдвэрлэгдэж дууссан байхад Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэмээн заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Ажил олгогчоос контрактын гэрээг ерөнхий хороо хугацаанаас өмнө буюу 6.5-д зааснаар цуцалснаар контрактын гэрээний 5.9-д заасан үүрэг бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн байхад шүүх *******ын хөрөнгө нэмэгдэх ёстой байсан хэмээн дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байж чадаагүй.

Нэхэмжлэгч удирдлагаар ажиллаж байх хугацаанд тухайн байршил буюу удирдах газар байрлах Баянгол дүүрэгт албаны аливаа үл хөдлөх хөрөнгөд амьдраагүй, удирдлагыг хэрэгжүүлэхдээ өндөр өртгөөр Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж ******* тоот хаягт байрлах 370 м.кв орон сууцыг захиалан бариулах гэрээг ажил олгогчийг төлөөлөн байгуулсан байхад контрактын гэрээний 5.9-д зааснаар контрактын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдлийн хохиролд ******* төгрөг гаргуулахаар шаардаж, түүнийг шүүх хангасан нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч ******* нь удирдлагаар ажиллаж байх хугацаанд дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ба одоо тус байгууллагад ажиллахгүй, контрактын гэрээ хугацаанаас өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны Б-1-222 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр гэрээ дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил хэмээн заасан тул дээрх хугацаа өнгөрсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар хийж байна. УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны орлогч дарга *******ийн дүгнэлт гарсны дараа 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр УБТЗ ХНН-ийн дарга******* нь 2 шатны шүүхээр энэ маргаан шийдвэрлэгдсэн тул манай нийгэмлэг таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх нь нээлттэй гэсэн албан бичиг ирүүлсний дагуу шүүхэд хандсан. Иймээс хөөн хэлэлцэх асуудал нь дээрх нотлох баримтаар няцаагдаж байна. Хөрөнгийн эзэмшигчээс үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж байна. Бид хөрөнгийн эзэмшигчээс биш ажил олгогч буюу контрактын гэрээ байгуулсан нийгэмлэгээсээ гэрээний үүргээ шаардаж байгаа. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан контрактын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хохиролд ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...контрактын гэрээний 5.9-д заасан үүргээ биелүүлээгүйгээс ******* төгрөгийн хохирол учруулсан үүнийг арилгуулна гэж тодорхойлсон. Хариуцагч татгалзаж буй үндэслэлээ ...контрактын гэрээний 5.9-д заасан үүрэг бүрэн биелэгдээгүй учраас цуцлагдсан тул мөнгө өгөхгүй, маргааны зүйл болох орон сууцтай холбоотой асуудлыг 3 шатны шүүх шийдвэрлэсэн, гэрээний дагуу эзэмшиж байсан орон сууцыг контрактын гэрээний нөхцөлөөр олгогдсон гэж үзэхгүй тул хохирлыг зөвшөөрөхгүй гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эй 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргатай байгуулсан контракт, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргатай байгуулсан контракт гэрээг тус тус байгуулсан. /хх 13-14, 20-25/

5.1. Хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын даргатай байгуулсан контрактын гэрээний 5.9-д ...Контрактаар ажиллах хугацаанд Замын даргыг албаны орон сууцаар эсвэл амьдрах, тохилог бие даасан албаны сууцаар хангах ба /Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газар амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/, контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заажээ.

 

6. Нэхэмжлэгч нь дээрх контрактын гэрээний 5.9-д заасан замын даргыг орон сууцаар хангах үүргээ биелүүлэх зорилгоор хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн тойруу гудамж ******* тоот хаягт байрлах 370 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт бүртгэлтэй орон сууцыг ******* төгрөгөөр худалдан авч, эзэмшүүлж ашиглуулж байсан боловч орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул орон сууцны үнэтэй дүйцүүлэн ******* төгрөгийг гаргуулахаар шаардаж, энэ нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УБТЗ ХХН-ийн хууль зүйн албаны орлогч дарга *******ийн албан бичгээр тогтоогдоно гэсэн.

 

6.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00072 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 885 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01274 дугаар тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлтэй *******т холбогдох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 51/5 тоотод байрлах 370 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ******* тоотод байрлах 370 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн. /хх 30-47/

 

6.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02678 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23 өдрийн 02 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01266 дугаар тогтоолоор *******ын нэхэмжлэлтэй, ******* холбогдох, 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн контрактын гэрээний 5.9-д заасан үүргийн биелэлтийг хангахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэжээ. /хх47-60/

 

6.3. Зохигч талууд Контрактын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсан эсэхэд маргаангүй. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас контрактын гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

6.4. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээний 6.6-д Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр контрактын гэрээ цуцлагдсан тохиолдолд түүнд 5.1 дэх пунктээр 6 сарын хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох ба контрактын 5.9 дэх пунктэд заасан албаны орон сууцыг өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байх боловч гэрээний 5.9-д заасан албаны орон сууцны талаар тухайлан нөхцөл заасан байх ба энэ нь Нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газар амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн буюу тухайн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт харьяалах орон сууц гэж тодорхойлжээ.

 

6.5. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардсан боловч орон сууц нь нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газар харьяалагдахгүй байгаа тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож орон сууцны үнэ болох ******* төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс контрактын гэрээний хугацаанд эзэмшиж байсан орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч чадаагүй тул тухайн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж. ******* тоот хаягт байрлах 370 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй дүйцүүлэн ******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, уг орон сууцыг контрактын гэрээнд нэрлэн заасан хариуцагчийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт харьяалагдах орон сууц гэж үзэх үндэслэлгүй талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор дүгнэсэн.

Гэтэл нэхэмжлэгч хариуцагчийг контрактын гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж хохирол гаргуулахаар шаардахдаа контрактын гэрээнд заасан нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт байрлах орон сууцны үнэ ханшаар бус нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газарт хамаарахгүй Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны үнээр тодорхойлж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

6.6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/00445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* холбогдуулан гаргасан ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,579,215 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ХУЛАН