| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2015/05654/И |
| Дугаар | 966 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 966
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5-р багт оршин суух, Ители Елтох овогт Болатын Разбангүл/РД: БА88020908/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж-1, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд холбогдох,
Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 02-р сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнөх эрхэлж байсан эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 6 747 846 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Разбангүл нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт нөхөр нэг хүүхдийн хамт оршин суудаг, 2009 онд Монгол улсын их сургуулийг Биологич-ургамал судлал мэргэжлээр төгсөж аймгийн Нийгэм эдийн засгийн судалгааны төвд 2009 оны 07 сарын 01-ээс эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажилд орж ажиллаж байх хугацаандаа бакалаврын дараах сургалтаар ОХУ-ын Барнаул хотын Хөдөө аж ахуйн их сургуульд ургамал судлаач мэргэжлээр магистрын зэргээр суралцаж төгссөн.
Аймгийн нийгэм, эдийн засгийн судалгааны төвд нийт 5 жил, 9 сар тогтвор суурьшилтай ажилласан.
Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 02 сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалаар намайг болон тус хүрээлэнд ажилладаг 6 хүнийг хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 24.1.1, 38.1.2, төсвийн тухай хуулийн 10.1.10, Засгийн газрын 2015 оны шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай 27-р тогтоол, хүрээлэнгийн дүрмийн 3.3.2-ыг тус тус үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн юм.
Уг тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40.5, 100.1, 59.2 дахь заалтыг зөрчсөн нь Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Нурлан, Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч С.Раушан нарын 2015 оны 04 сарын 24-ний өдрийн 04-06-051/30 тоот актаар тогтоогдсон юм.
Монгол улсын засгийн газрын 2015 оны Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай 27 дугаар тогтоолд манай хүрээлэнг татан буулгаагүй ба нэгтгэн өөрчлөх талаар заасан боловч үүнийг эрхлэгч Г.Золбаяр байгууллага татан буугдсан тул чамайг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.
Миний бие 1 нас хүрээгүй хөхүүл хүүхэдтэй, мөн одоо 5 сартай жирэмсэн тул хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг үл тоомсорлон намайг ажлаас халж байгаад их гомдолтой байна.
Миний бие өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо ханган ажиллаж байсан бөгөөд мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон асуудал байхгүй, тус албанд ажиллаж байх хугацаанд зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.
Иймд шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 02 сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өмнөх эрхэлж байсан эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эргүүлэн тогтоолгохыг даалгаж, 2015 оны 02 дугаар сарын дутуу авсан цалингийн зөрүү 346 044 төгрөг, 2015 оны 03 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3 407 698 төгрөг, 8 дугаар сард олгогдох байсан жирэмсний тэтгэмж 1 245 756 төгрөг, энэ хугацаанд учирсан бусад хохирол нотариатаар бичиг баримт гэрчлүүлсний хөлс 15 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг, нийт 5 361 507 төгрөг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар би нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Үүнд, Тус газрын захирлын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаал болох эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 5 361 507 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 5 361 507 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1 386 339 төгрөгөөр ихэсгэж, нийт 6 747 846 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191.1 дэх заалтад “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”, 192.1 дэх заалтад “тэтгэмжийн даатгалд даатгуулж, шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно” гэж тус тус зааны дагуу нэхэмжлэгч Б.Разбангүл нь нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байсан. Гэвч ажил олгогч байгууллага нь түүнийг жирэмсэн байх үед үндэслэлгүйгээр ажлаас халж, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс нийгмийн даатгалын сангаас уг тэтгэмжийг авч чадаагүй. Иймд нэхэмжлэгч нь тус хуулийн 6.2 дахь заалтад “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасны дагуу нийгмийн даатгалын сангаас олгогдвол зохих тэтгэмжийг ажил олгогчоос шаардах эрхтэй байна. Хуулийн 192.1 дэх заалтад даатгалын сангаас олгогдох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тодорхойлох талаар заасан. Өмнө, анхан шатны шүүхээс хуулийн тус заалтын дагуу тэтгэмж тооцоологдох сүүлийн 12 сарыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаагаар нь тодорхойлсон. Гэвч ийнхүү тодорхойлох нь үндэслэлгүй. Зөв нь, жирэмсний чөлөө авсан сар хүртэлхи хугацааны дагуу тодорхойлох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр жирэмсний чөлөө авсан байна. Иймд хэрэв ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан бол нэхэмжлэгчийн авах тэтгэмж нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэлхи хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тодорхойлогдож олгогдох байсан. Иймд тэтгэмж тооцоологдох сүүлийн 12 сарын хугацааг тус хугацаагаар /2015 оны 08 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар/ тодорхойлох үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч нь ажлаас халагдах үед 622 878 төгрөгийн үндсэн цалинтай байсан нь нийгмийн даатгалын дэвтрээс харагдах бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халаагүй бол тус хэмжээгээр тооцогдож нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгогдох байсан. Тэтгэмж тооцоологдох хугацааны хөдөлмөрийн хөлсний дундаж нь 622 878 төгрөг, 4 сарын хугацаанд 2 491 512 төгрөг болж байна. Иймд тус төлбөрийг Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.2 дахь заалтын дагуу ажил олгогч байгууллагаар төлүүлэх үндэслэлтэй болно.
Ажил олгогч байгууллага нь 2015 оны 02 дугаар сарын цалингаас 346 044 төгрөгийг олгоогүй байна. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ажлаас халах тухай тушаалын нэхэмжлэгчид тус сард танилцуулаагүйгээс нэхэмжлэгч нь 02 дугаар сард ажиллаж байсан. Иймд тухайн сарын цалингаа бүтнээр авах эрхтэй. Гэтэл 346 044 төгрөгийн цалинг дараа олгоно гэсээр байгаад олгоогүй байдаг. Иймд тухай цалинг гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг тухайн сард ажиллаагүй, цалинг бүтнээр авахгүй эсвэл цалингаа бүтнээр авсан гэж байгаа бол тухай нөхцөл байдлыг нотлох ёстой. Хариуцагч байгууллага нь тус цалинг дутуу олгосон талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Иймд өмнө, анхан шатны шүүхээс тус цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгосон нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, хөдөлмөрийн тухай хуулийн 141.4 дэх заалтад “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу дээрх цалингаас алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байна. Хоног тутамд 0,3 хувийн алданги нь 200 хоногт 60 хувь болно. Тус цалинг олговол зохих өдрөөс хойш 1 жил 4 сарын хугацаа өнгөрсөн. Тус хугацаанд алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн. Иргэний хуулийн 232.4 дэх заалтад алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх талаар заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн төлбөрийн 50 хувиар тооцож алданги нэхэмжлэх эрхтэй байна. Үүний дагуу дутуу олгогдсон цалин 346 044 төгрөг болон тус цалинг олголгүй хугацаа хэтрүүлсний алдангид 173 022 төгрөг, нийт 519 066 төгрөг нэхэмжилж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтад ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах талаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2 дахь заалт, Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а дахь заалтын дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд олгох олговрыг тооцохдоо сүүлийн гурван сарын цалин хөлснөөс ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлно. Үүний дагуу ажилтны дундаж цалин хөлс нь 622 878 төгрөг байна. Ажилтан нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас үндэслэлгүйгээр халагдаж ажилгүй байсан. Үүнд зургаан сарын хугацааны /622 878*6/ 3 737 268 төгрөгийн олговор шаардаж байна. Өмнө, анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ихэсгэж гаргасан тул шүүхээс тус хугацаа хүртэлхи ажилгүй байсны олговрыг гаргуулахаар шийдвэрлэж байсан билээ.
Ажил олгогч байгууллагаас нийт 6 747 846 төгрөг шаардаж байна.
Өмгөөллийн болон нотариатын үйлчилгээний зардлыг нэхэмжлээгүй болно. Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаал болох эрдэм шинжилгээний дэд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх 6 747 846 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардалагаа тодорхойлж байна.
Улсын дээд шүүхээс нэхэмжлэгч нь эрдэм шинжилгээний дадлагажигч эсвэл дэд ажилтнаар ажиллаж байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн билээ. Хэрэгт байгаа, нэхэмжлэгчийг ажлаас халах, цалин хөлсийг нь бодохтой холбоотой ажил олгогч байгууллагын тушаал, шийдвэрүүдэд нэхэмжлэгч нь эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж байсан талаар тусгагдсан. Түүнчлэн, ажил олгогч байгууллагын зүгээс ч эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж байгаагүй гэж маргадаггүй, гагцхүү дадлагажигч ажилтнаар ажиллаж цалинжих ёстой атал байгууллагын дотоод журам зөрчиж, эрдэм шинжилгээний дэд ажилтнаар томилогдон ажиллаж байсан хэмээн тайлбарладаг.” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Разбангүлийн нэхэмжлэлийг 2015 оны 06 сарын 15-нд хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.
Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолоор хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж шинэчилэн баталсны дагуу Б.Разбангүлийн ажиллаж байсан салбар татан буугдсан тул философийн хүрээлэнд түүнийг мэргэжлийн хүрээнд ажиллуулах ажлын байр, орон тоо байхгүй.
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2012 оны А/88 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт”-эд эрдэм шинжилгээний ажлын хоёроос доошгүй арга зүйг эзэмшиж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн атлуулж, үр дүнг тайлагнасан, эрдэм шинжилгээний дөрвөөс доошгүй өгүүллийн зохиогч, хамтран зохиогчоор ажиллаж хэвлэн нийтлүүлсэн, эрдэм шинжилгээний хуралд зургаагаас доошгүй илтгэл тавьсан, шинэ хэрэглээ, үйлчилгээ бий болгох чиглэлээр эрдэм шинжилгээний хоёроос доошгүй ажил гүйцэтгэсэн байх ёстой шалгуур үзүүлэлтийн хүрээнд Б.Разбангүл нь ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж нийтлүүлээгүй, эрдэм шинжилгээний семинарт бүтээлээ хэлэлцүүлж байгаагүй, ажилдаа бараг ирдэггүй зэрэг зөрчил нь шинжлэх ухааны академийн нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн ажилтнуудын тодорхойлолтоор батлагдаж байна.
Шинжлэх ухааны академийн нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т төсөл, сэдэвт ажил дуусч цааш үргэлжлэхгүй болсон тохиолдолд тухайн төсөл, сэдэвт ажилд ажиллаж байсан ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэсэн заалтын дагуу Б.Разбангүлийг ажилд эргүүлэн томилох боломжгүй юм.
С-11-01 тоот гэрээтэй 2009-2011 онд хэрэгжүүлсэн Монгол алтайн уулархаг бүсийн бэлчээрийн талхлагдал, цөлжилт түүнийг сааруулах шинжлэх ухааны үндэслэл сэдэвтэй тайланг хүлээлгэн өгсөн 2012 оны 201100003 дугаартай акт, 2012 оны С-11-01 дугаартай шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хүрээлэнгийн зүгээс Б.Разбангүлтэй тохиролцох санал тавьсан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй.
Б.Разбангүл 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан болсон эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй.
Иймд нэхэмжлэгч Б.Разбангүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Разбангүл хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд холбогдуулан Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 02-р сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнөх эрхэлж байсан эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийт 6 747 846 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан болсон эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй гэх тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч нь 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн Байгалийн шинжлэл, экологийн секторт эрдэм шинжилгээний дэд ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн болох нь Шинжлэх ухааны академийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн захирлын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №04 дүгээр тушаалын хуулбар/хх-17/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилтныг чөлөөлөх, томилох тухай 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар/хх-233/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тушаалаар/хх-123/ ажилчдын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийг тогтоосон байх боловч нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд томилсон болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоол зэргийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн болох нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;” 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь нотлогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санчаачлагаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр цуцалж байгааг дурдах үүрэгтэй боловч хариуцагч зүйл заалтыг дурдаагүй болох нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тушаалын/хх-5/ хуулбараар тогтоогдож байх ба 2 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төв бүтцийн өөрчлөлтөд орж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан гэх тайлбар гаргаж байна.
Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын № 2 хавсралтын хуулбараар/хх-62-63/ Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн нэр өөрчлөгдөж Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн бодлогын салбар гэсэн нэртэй болсон болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан эрдэм шинжилгээний дэд ажилтны орон тоо хасагдсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.Разбангүлийг Шинжлэх ухааны академийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 737 268/гурван сая долоон зуун гучин долоон мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-т “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүртэлх сүүлийн 6 сард сарын 622 878/зургаан зуун хорин хоёр мянга найман зуун далан найм/ төгрөгийн цалинтай байсан болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн/хх-15-16/ хуулбараар тогтоогдож байх ба Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцолоход нэхэмжлэгчийн 1 өдрийн дундаж цалин 28 972/хорин найман мянга есөн зуун далан хоёр/ төгрөг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас нийт 3 302 808 /28972х114 ажлын хоног=3302808/ /гурван сая гурван зуун хоёр мянга найман зуун найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчид тус олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж, дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын үлдсэн 434 460/дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны тэтгэмжид нийт 2 491 512/хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.”, 192 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг .... эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.” гэж заасан.
Нэхэмжлэгч хариуцагчийн буруугаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлсний дундаж 427 448/дөрвөн зуун хорин долоон мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, 192 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 1 709 792 /427488х4=1709952/ /нэг сая долоон зуун есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 781 720/долоон зуун наян нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын дутуу олгогдсон цалинд 346 044 төгрөг, тус цалинг олголгүй хугацаа хэтрүүлсний алдангид 173 022 төгрөг, нийт 519 066/таван зуун арван есөн мянга жаран зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сард хэдэн өдөр ажилласан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул 02 дугаар сарын дутуу цалинд 346 044 төгрөгийг, алдангид 173 022 төгрөг, нийт 519 066/таван зуун арван есөн мянга жаран зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалын Б.Разбангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Разбангүлийг Баян-Өлгий аймаг дахь Шинжлэх ухааны академийн харьяа Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 302 808/гурван сая гурван зуун хоёр мянга найман зуун найм/ төгрөгийг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 1 709 792 /нэг сая долоон зуун есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Разбангүлд олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон жирэмсний болон амаржсаны тэтгэмжид ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 735 246/нэг сая долоон зуун гучин таван мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалын Б.Разбангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Разбангүлийг Баян-Өлгий аймаг дахь Шинжлэх ухааны академийн харьяа Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 302 808/гурван сая гурван зуун хоёр мянга найман зуун найм/ төгрөгийг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 1 709 792 /нэг сая долоон зуун есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Разбангүлд олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон жирэмсний болон амаржсаны тэтгэмжид ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 735 246/нэг сая долоон зуун гучин таван мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Разбангүл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Разбангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137900 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Разбангүлд олгож, хариуцагч Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 95152 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ