| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0123/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 133
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Г.Цолмонгэрэл,
шүүгдэгч Я.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Янживийн Цэцэгмаад холбогдох эрүүгийн 1931001560133 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Янживийн Цэцэгмаа, Монгол улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дархан мандал хаш ХХК-ний Сэлэнгэ салбарын үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, 5 дугаар хэсэг, 6 дугаар байрны 06 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/ЧЛ65030862/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Я.Цэцэгмаа нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Дархан мандал харш” ХХК-ний байранд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ажиллагаа MNS 4930:200 ерөнхий шаардлагын дугаар зүйлийн 2.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсний улмаас А.Ургамалцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр би яаралтай Хүдэр явах ажил гарсан тул манай байгууллагад олон жил ажилласан Д.Азбаяр гэдэг хүнд амаар үүрэг өгчихөөд явсан юм. Намайг явсанаас 2 хоногийн дараа тус хэрэг гарсан. Д.Азбаярын хувьд яасан гэдгийг нь мэдэхгүй ч хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан алдаа гаргасан байсан. Би бол өөрөө хөдөлмөр хамгааллын заавраа бичиж гарын үсэг зуруулдаг байсан” гэсэн мэдүүлэг[1],
Эрүүгийн 1931001560133 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг бусад баримтууд болох ( Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)
2.Хохирогч А.Ургамалцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цайндаа орсны дараа ажил эхэлж модны хуулга хэрчигч машинд гацалт үүсч хамт ажиллаж байсан Лульч гэх хүнээр янзлуулсан. Ингээд дахин хуулга хэрчигч машин гацаад байхаар нь шалгах гэж байгаад машины хуулга хэрчдэг хутганд баруун гарынхаа долоовор хурууны нэгдүгээр үе, дунд хурууны үзүүр өндөг хэсэг хэрчигдсэн. Намайг анх “Дархан мандал харш” ХХК-д ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар нэг байдлаар аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулаагүй. Шууд л ажилдаа орсон. Тухайн үед хөдөлмөр хамгааллын дэвтэр дээр хөдөлмөр хамгааллын талаар ярихгүй гарын үсэг зуруулж байсан” гэх мэдүүлэг[2],
3.Иргэний хариуцагч Б.Батхүүгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...А.Ургамалцэцэг манай компаниас хохирлын мөнгө болох 9 сая төгрөг нэхэмжилсэн ба эмчилгээний зардал болох 1,5 сая төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Д.Азбаярын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулга хэрчигч машин дээр ажиллаж байсан манай охин А.Ургамалцэцэг хуруугаа хутганд хэрчүүлсэн. “Дархан-Мандал-Харш” ХХК-ний Сэлэнгэ салбарын үйлдвэрийг албан ёсоор бол Я.Цэцэгмаа хариуцан ажиллуулдаг” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч С.Лхагвасүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үйлдвэр дээр ажиллаж байсан ажилчдад зааварчилгааг Д.Азбаяр эгч өгсөн. Яг албан ёсоор хариуцаж ажилладаг дарга нь Я.Цэцэгмаа гэдэг хүн байдаг” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.Бат-Эрдэний 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “... А.Ургамалцэцэг хуулга хэрчигч машин дээр ажиллаж эхлээд удаагүй байхдаа яанаа би хуруугаа машины хутганд хэрчүүлчихлээ гээд орилоод эхлэсэн” гэх мэдүүлэг[6],
7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай актад: Хэсэг газрын үзлэгт: Баруун 2 дугаар хурууны 1 дүгээр үеэр мухар тайрагдсан, оёдол тавигдсан гархтай, 3 дугаар хурууны үзүүр баруун хэсэг ил язарсан шархтай.
Дүгнэлт хэсэгт:
1. А.Ургамалцэцэгийн биед 1 хурууны үеэр тасарсан, 1 хурууны үзүүр хэсгээр зүсэгдсэн ил шархтай. Цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлнө” гэх шинжээчийн дүгнэлт [7],
8. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №18-06-018/14 дугаартай “...1.1 “Дарханмандал Харш” ХХК-ний ашиглаж буй хуулга хэрчигч машин дээрээ ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагаа, заавар, дүрмээ боловсруулж мөрдөж ажиллагаагүй нь Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ажиллагаа MNS 4930:200 ерөнхий шаардлагын 2 дугаар зүйлийн 2.2-т заасан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж түүнийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар дүрэмтэй байна” гэсэн заалтыг,
1.2 Аюулгүй ажиллагааны зааварчилгааны агуулгыг нь бичээгүй хоосон хүснэгттэй дэвтэр дээр зөвхөн гарын үсэг зуруулах төдийгөөр иргэн А.Ургамалцэцэгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг,
1.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэнд дотоодын хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллагаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэнд дотоод хяналт тавина” гэсэн заалтууд зөрчигдсөн байна.
2. Хариулт 1-т тодорхой хариулсан.
3. Иргэн А.Ургамалцэцэг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа гэмтсэн тул үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэлтэй байна.
4. “Дархан Мандал харш” ХХК-ний буруутай үйл ажиллагаанаас уг үйлдвэрлэлийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт[8], шүүгдэгч Я.Цэцэгмаагийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг миний бие хөдөлмөрийн гэрээний 2.1 дүгээр зүйлд зааснаар хариуцдаг” гэх мэдүүлэг[9], шүүгдэгч Ч.Цэцэгмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[10], шүүгдэгч Я.Цэцэгмаагийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], Хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын санал[12] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
1.Шүүгдэгч Я.Цэцэгмаагийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Я.Цэцэгмаа нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Дархан Мандал харш” ХХК-ний байранд Монгол Улсын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч А.Ургамалцэцэгийн бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч А.Ургамалцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр машины хуулга хэрчдэг хутганд баруун гарынхаа долоовор хурууны нэгдүгээр үе, дунд хурууны үзүүр өндөг хэсэг хэрчигдсэн. ...Тухайн үед хөдөлмөр хамгааллын дэвтэр дээр хөдөлмөр хамгааллын талаар ярихгүй гарын үсэг зуруулж байсан” гэх мэдүүлэг[13],
-мөрдөн байцаалтад шүүгдэгч Я.Цэцэгмаагийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг миний бие хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар хариуцдаг” гэх мэдүүлэг[14],
-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай актад “ ...А.Ургамалцэцэгийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлнө” гэх шинжээчийн дүгнэлт[15], шүүгдэгч Я.Цэцэгмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[16], шүүгдэгч Я.Цэцэгмаагийн Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт[17], Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын санал[18] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Цэцэгмаа нь “...Гэм буруугаа ойлгож байна. Тухайн өдөр би яаралтай “Хүдэр” явах ажил гарсан тул манай байгууллагад олон жил ажилласан Д.Азбаяр гэдэг хүнд амаар үүрэг өгчихөөд явсан юм. Намайг явсанаас 2 хоногийн дараа тус хэрэг гарсан. Д.Азбаярын хувьд яасан гэдгийг нь мэдэхгүй ч хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан алдаа гаргасан. Би бол өөрөө хөдөлмөр хамгааллын заавраа бичиж гарын үсэг зуруулдаг байсан” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, юунаас болж гэмтэл учирсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, шүүгдэгч Я.Цэцэгмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна. ...Би өөрөө хөдөлмөр хамгааллын заавраа бичиж гарын үсэг зуруулдаг байсан” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Я.Цэцэгмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2.Шүүгдэгч Я.Цэцэгмаад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Я.Цэцэгмаад хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Цэцэгмааг 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэхүү хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Я.Цэцэгмаа нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурьдав.
3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Я.Цэцэгмаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 9,000,000 /есөн сая/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн хэлцлийг хийж нотариатаар батлуулан шүүхэд ирүүлсэн, хохирогчоос гомдол саналгүй бөгөөд “Дархан Мандал харш” ХХК-наас эмчилгээний зардал 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 76 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Янживийн Цэцэгмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Цэцэгмааг 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Цэцэгмаагийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Я.Цэцэгмаад анхааруулсугай.
5. Ялтан Я.Цэцэгмаа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Я.Цэцэгмаад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.АМАРГЭРЭЛ