| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0898/Э |
| Дугаар | 900 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Б-н Ээд холбогдох эрүүгийн 1909033700996 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа “Энхжин” худалдааны төвд малын тэжээл зардаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгино-хайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол 2-79 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УК 94122414 / Боржигон овогт Б-н Э нь:
- 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Холлевүүд” гэх нэртэй баарны үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Жаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Жаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Баарны үүдэнд явах гээд зогсож байхад Б.Э надад уурлаад намайг нэг удаа гараараа алгадаад намайг хүзүүдэж аваад зам гараад харанхуй булан руу дагуулж орсон. Б.Э намайг хүзүүдээд ороход Батбаяр, Б.Эийн нэг танихгүй найз нь дагаад орсон. Тэр харанхуй руу ороход Б.Э миний хамар хэсэг рүү гараараа цохиод хавираад газарт унагасан. Миний биед учирсан гэмтлийг Б.Э “Холлевүүд” баарны харанхуй руу дагуулж орж байгаад гараараа цохиж учруулсан гэжээ. / хх 7-8 /
Яллагдагч Б.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...”Холлевүүд” баарны замын эсрэг талд байдаг Өдрийн сонины байрны тийшээгээ харанхуй руу явж байгаад би М.Жаргалын нүүрэн хэсэгт баруун гараараа цохьсон. М.Жаргал согтуурахаад хүмүүст агсам тавиад байсан болохоор би цохьсон гэжээ. / хх 19 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10683 дугаар дүгнэлтэнд:
1. М.Жаргалын биед хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу хоёр зовхи дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээж, аюулхай орчим зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэжээ. / хх 10 /
Шүүгдэгч Б.Э-ийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 18-19 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 32 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 450.000 төгрөгийг төлсөн гэв.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Холлевүүд” гэх нэртэй баарны үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Жаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Миний биед учирсан гэмтлийг Б.Э “Холлевүүд” баарны харанхуй руу дагуулж орж байгаад гараараа цохиж учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Жаргалын мэдүүлэг / хх 7-8 /, ...Би М.Жаргалын нүүрэн хэсэгт баруун гараараа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Эийн мэдүүлэг / хх 19 /, ...М.Жаргалын биед хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу хоёр зовхи дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээж, аюулхай орчим зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10683 дугаар дүгнэлт / хх 10 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч М.Жаргал нь нэхэмжлэх зүйлгүй / хх 33 / гэсэн тул шүүгдэгч Б.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Б.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ