Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 902

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,           

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зуутраг овогт Ж-н П-д холбогдох эрүүгийн 1909029031004 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3 эхнэр, охины хамт  Налайх дүүргийн 2 дугаар хороо, 34 дүгээр байр 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЧЙ59010173 / Зуутраг овогт Ж-н П нь:

 

- 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд эхнэр А.Оюунчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Оюунчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2019 оны 07 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны задгай тоот буюу зуслан дээрээ нөхөр Ж.П, том охин П.Нямсүрэн болон ээж Авирмэд бид 4 амарч байсан. Тухайн өдөр манай нөхөр Ж.П нь өөдөөс үг сөрлөө гэж уурлан хэвийн боовны мод сийлж байгаад хажуудаа байсан том модыг аваад намайг толгой, мөр, хүзүү хэсэг рүү цохьсон. Миний зүүн шанаа, толгойн ар дагз хэсэг, шилэн хүзүү, дал мөр лүү хэд хэдэн удаа сийлбэр хийх гэж байсан модоор цохьсон гэжээ. / хх 6-7 /

 Яллагдагч Ж.П мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхнэр А.Оюунчимэг, хадам эх, охин Бямбасүрэн нарын хамт зуслангийн байшиндаа байхдаа эхнэртэйгээ ам мурийсан. Тэгээд түүнийг гартаа барьчихсан байсан модоор цохьчихсон. Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 46-49 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8380 дүгээр дүгнэлтэнд:

1. А.Оюунчимэгийн биед дагзны хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 35 /

 

Шүүгдэгч Ж.П-г 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 45-47 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 51  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Ж.П нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд эхнэр А.Оюунчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Манай нөхөр Ж.П нь өөдөөс үг сөрлөө гэж уурлан хэвийн боовны мод сийлж байгаад хажуудаа байсан том модыг аваад миний толгой, мөр, хүзүү хэсэг рүү цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Оюунчимэгийн мэдүүлэг / хх 6-7 /, ...Эхнэртэйгээ маргалдаад  түүнийг гартаа барьсан модоороо цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн ялллагдагч Ж.Пгийн мэдүүлэг / хх 46-49 /, ...А.Оюунчимэгийн биед дагзны хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8380 дүгээр дүгнэлт / хх 35 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.П нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч А.Оюунчимэг  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 65 / гэсэн тул шүүгдэгч Ж.П нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.П-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Зуутраг овогт Ж-н П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.П нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ж.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ