| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2022/03133/И |
| Дугаар | 210/МА2026/01361 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2026/01361
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03012 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
610,370,254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь Баянзүрх дүүргийн 5 хороо, Өлгийн ******* дугаар гудамжинд 90 айлын орон сууцны барилга барьж байгаа бөгөөд *******-тай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бетон зуурмаг авч эхэлсэн.
Худалдагч нь гэрээнд зааснаар MNS 1184:98 стандартын шаардлага хангасан М350 маркийн бетон зуурмаг нийлүүлэх үүрэгтэй байсан. Гэвч 2020 оны 05 дугаар сарын 14, 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд нийлүүлсэн бетон зуурмаг гэрээгээр тохирсон маркад хүрэхгүй, чанарын шаардлага хангахгүй байсан. Нийлүүлсэн бетон зуурмаг гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байснаас энэ бетон зуурмагаар цутгасан хэсгийг мэргэшсэн компаниар хүчитгүүлсэн.
Ингэж хүчитгүүлэхтэй холбоотойгоор 610,370,254 төгрөгийн зардал гарсныг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 1,332 м.куб буюу 250,043,100 төгрөгийн бетон зуурмагийг *******-д нийлүүлсэн.
Үүнээс 8 болон 12 давхрын барилгад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 24,150,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *******,570,000 төгрөг, нийт 46,270,000 төгрөгийн үнэ бүхий М350 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн байна.
*******-д бетон зуурмаг нийлүүлэх үе буюу 2020 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын хооронд *******-аас цемент, дайргыг ********, *******, элсийг *******-иас, бетоны химийн нэмэлтийг *******-аас тус тус авч үйлдвэрлэлд ашиглаж байсан. ******* корпорацын итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн шинжилгээний үр дүнгээр тус компанийн түүхий эд, бүтээгдэхүүнээс авсан дээж стандартад заасан шаардлагыг хангасан дүгнэлт гарсан.
2020 оны 05 дугаар сарын 14, 07 дугаар сарын 17-ны өдөр нийлүүлсэн М350 маркийн бетон зуурмагийн сорьцод хийлгэсэн Барилга архетиктур корпорацын итгэмжлэгдсэн лаборатори туршилтын үр дүн нь MNS 1272:99 бетон зуурмаг, турших арга стандартын дагуу хийгдсэн туршилтын үр дүнгээр MNS 1185:1998 бетон зуурмаг техникийн шаардлага, MNS EN 206:2017 бетон шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол стандартын шаардлагыг хангасан үзүүлэлттэй байгаа тул *******-д чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлсэн болох нь тогтоогдож байгаа.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дүгээр зүйлийн 253.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 610,320,234 гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,209,802 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Бетоны бат бэхийг шалгуулахаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ******ын сургуулийн ******* төвд хандаж, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 59/20, 69/20 тоот дүгнэлтийг гаргуулсан ба дүгнэлтийн эх хувийг хэрэгт баримтаар гаргаж өгсөн.
******* төв нь барилгын материал, бүтээцийн судалгаа үйл ажиллагааны чиглэлээр шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд ба уг эрхийнхээ хүрээнд мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Хариуцагч уг шинжээчийн дүгнэлттэй маргаагүй ба шүүх талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийж, эх баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн.
Хариуцагчийн нэмэлт бодис, элс хайрга, цемент худалдан авалтын тооцоо гэх баримтаас үзэхэд зарим химийн нэмэлтийг тухайн үед аваагүй, бүтээгдэхүүний гол түүхий эд болох цементийг "*" ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 60 тн худалдан авч 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буюу 2 хоногийн дараа лабораторид шинжлүүлээгүй бүтээгдэхүүн худалдан авагчид нийлүүлсэн байна.
Учир нь талуудын байгуулсан гэрээний 3.2-т "...28 хоног хүртэл хугацаанд лабораторийн нөхцөлд бэхэжсэн бетоны дээжийг өөрийн зардлаар лабораторид шинжлэн хариуг худалдан авагч талд өгнө" гэж заасны дагуу дээж авч лабориаторид шинжлүүлсний дараа нийлүүлээгүй байна.
Мөн ******* корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 1169/20 БДЛ, 2168/20 БДЛ дугаар дүгнэлтэд бетоны бат бэх, кгх/см дундаж үзүүлэлтийн хэмжээ нь бат бэхийн шаардлага хангаж буй гэж дүгнэсэн гэж үзэх боломжгүй, шүүх тусгай мэдлэг бүхий шинжээч биш юм.
4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд "М350 бетон тээвэрлэлтийн явцад чанар байдал буюу марк буурах тохиолдол байдаг эсэхийг Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн хүнээс тодруулах, шинжээчээр томилж өгнө үү гэсэн хүсэлт, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс "бетоны чанар байдал буруу арчилгаанаас болж буурсан эсэх, эсхүл чанаргүй бетон зуурмаг нийлүүлсэн эсэх" асуудлыг тодруулахаар ******* төвийн профессор *******ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй атлаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч *******г шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцуулаагүй оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Ийнхүү анхан шатны шүүх шинжээч томилоогүй, гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Барилгын материал үйлдвэрлэгчийн зүгээс Барилгын тухай хууль тогтоомжид заасны дагуу ямар орц найрлагаар бетон зуурмагийг үйлдвэрлэх талаар туршилтыг хийж, шаардлага хангасан тохиолдолд ******* корпорацаас технологийн зааврыг баталгаажуулдаг.
Барилгын материал үйлдвэрлэгч уг технологийн зааврын дагуу орц найруулгыг тааруулж, барилгын материал үйлдвэрлэх үүрэгтэй. Хариуцагч нь бетон зуурмагийг үйлдвэрлэж, худалдан авагчид хүлээлгэн өгөхдөө нийлүүлсэн бетон зуурмагаас дээж аван, 28 хоног хадгалж, ******* корпорацад өгч чанарын шалгалт хийлгүүлж дүгнэлт гаргуулдаг.
Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд авсан 46,000,000 төгрөгийн бетон зуурмаг дээр шаардлага хангаагүй гэж гомдол гаргасан. Үүний дагуу хариуцагчийн зүгээс дээр дурдсан процессын талаар тайлбарлаж, чанарын шаардлага хангасан болон холбогдох баримт бичгийг гаргаж өгсөн.
5.2. *******-ийн зүгээс нойтон шингэн бетон зуурмаг шилжүүлж өгөх үүрэгтэй бөгөөд уг бетон зуурмагийг арчлах, хамгаалах, хадгалах үүргийг нэхэмжлэгч тал гүйцэтгэнэ. Барилгын норм дүрэмд бетон зуурмагийн бүтэц 70 хувийн бэхжилт авсны дараа, дараагийн цутгалтыг авна гэж заасан байдаг. Энэ дагуу нэхэмжлэгч ажилласан гэх баримт байхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа авсан бетон зуурмаг шаардлага хангахгүй байна гэсэн албан бичиг, мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд үүний үндсэн дээр хариуцагч компанийн зүгээс цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан.
5.3. ******* нь *******тай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан байдаг. Мөн ******* нь тусгай мэдлэгтэй этгээд мөн үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. *******ын гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй гэдгийг нотлох үүднээс хариуцагчийн зүгээс ******* корпорацын гаргасан шинжилгээний дүгнэлтийг гаргаж өгсөн.
5.4. Иргэний хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа өмгөөлөгч, төлөөлөгчийг солих, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж хэргийг удаашруулж байсан бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдөө хэргийн оролцогчдын эрхийг хангаж, бүрэн оролцох боломжтой байсан гэж үзэж байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангаагүйн улмаас учирсан доголдлыг арилгахад гарсан зардал 610,370,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэрээнд заасан шаардлагыг хангасан бетон зуурмаг нийлүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.
3.1. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид MNS1184:98 стандартын шаардлага хангасан М350 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 175,000 төгрөгөөр тооцож нийлүүлэхээр харилцан тохиролцжээ.
Гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 14, 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангасан эсэх талаар зохигч маргасан.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ******* төвийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 59/20, 69/20 дугаартай дүгнэлтүүдийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Эдгээр баримтууд нь бичмэл нотлох баримтад тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.
3.2. Харин хариуцагчийн зүгээс мэтгэлцээний байр сууриа дэмжиж ****** корпорацын Бетон дүүргэгч, барилгын физикийн лабораторийн 2020 оны 06 дугаар сарын *******, 09 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтүүд болон бетон зуурмагийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн нийлүүлсэн бүтээгдэхүүн зохих шаардлага хангасан талаарх баримтуудыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн байна.
3.3. Ийнхүү талууд бетон зуурмаг нь гэрээнд заасан стандартын шаардлага хангасан эсэх асуудлаар маргаж, өөр өөрийн байр суурийг дэмжсэн баримт гаргаж өгсөн нөхцөлд эдгээрт үндэслэн нэхэмжлэгчийн барьсан барилгад хийсэн гэх хүчитгэлийн ажил нь бетон зуурмагийн чанарын доголдлоос шалтгаалсан эсэх, эсхүл бетон цутгалт болон арчилгаа, ашиглалтын үеийн технологийн алдаанаас үүдэлтэй эсэхийг тогтоох нь тусгай мэдлэг шаардсан асуудал байна.
Гэвч уг ажиллагаа хийгдээгүйн улмаас маргааны гол зүйл болж буй үйл баримт тогтоогдоогүй, үүнийг одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нийлүүлсэн бетон зуурмагийн чанарыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдвал зохино.
3.4. Мөн нэхэмжлэгчийн гаргасан *******ыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаагүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
4. Харин 20******* оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүссэн цагаас нэхэмжлэгч тал хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй гэх гомдлыг хангахгүй орхив.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,209,801 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Т.БАДРАХ