Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00928

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02061 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* нарт холбогдох,

 

******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК-тай 2412-0090 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулж, ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг түрээсэлсэн. Түрээслэгч нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-ээр ******* төгрөгөөр дээр дурдсан автомашиныг худалдан авсан бөгөөд үнийн дүнгээс ******* төгрөгийг худалдагч талд өөрсдөө хариуцан төлж, үлдэх ******* төгрөгийн төлбөрийг манай байгууллагаар төлүүлж, улмаар тухайн тээврийн хэрэгслээ түрээслэн авч, сар бүр үндсэн үнийн дүнгийн үлдэгдэл тутамд 2,9 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр, түрээсийн төлбөрийг 2029 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж дуусгах график гарган төлөхөөр талууд тохиролцсон. Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл нь түрээслүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй байхаар гэрээний 2.5 дахь хэсэгт заасан бөгөөд түрээслэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцож энэ талаар гэрээнд тодорхой тусгасан. Түрээслэгч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн төлбөрт ******* төгрөг, хүүгийн төлбөрт ******* төгрөг, хуваарьт төлбөрийг хоцроосны алдангийн төлбөрт ******* төгрөг буюу нийт ******* төгрөгийг төлсөн.

Түрээслэгч талаас 2412-0090 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-д заасны дагуу төлбөрөө төлж чадахгүй болсон тул шүүхэд шилжүүлэн асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Хариуцагч ******* нараас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан 2412-0090 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл ******* төгрөг, гэрээний 1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хүүгийн төлбөрт ******* төгрөг буюу нийт ******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч нар нь ******* ХХК-аас ******* улсын дугаартай "*******r" маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, автомашины үнийг тус компанийн санал болгосны дагуу ******* ХХК-аас зээл авч төлсөн. Ийнхүү нэхэмжлэгч компанитай Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, автомашинаа нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгсөн.

Хариуцагч нар нь тухайн автомашиныг худалдан авахдаа ******* ХХК-д урьдчилгаанд ******* төгрөгийг төлж, нэхэмжлэгч талаас ******* төгрөгийг зээлсэн бөгөөд бид зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч талд нийт ******* төгрөгийг төлсөн.

Гэтэл нэхэмжлэгч тал нь барьцаа хөрөнгө болох автомашиныг 2025 оны 08 дугаар сарын дундуур хураан авсан бөгөөд автомашиныг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдан борлуулсан байдаг. Иймд хариуцагч нарын зээлийн үүрэг барьцаа хөрөнгийг хураан авснаар хангагдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нараас зээлийн гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,082 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ...Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө дуусгавар болно гэж заажээ ... гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ-г байгуулж, тус гэрээгээр ******* төгрөгийг сарын 2,9 хувь, жилийн 34,8 хувиар тооцон хүү төлөх нөхцөлтэй 2029 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Хариуцагч нар нь гэрээний үүрэгт ******* төгрөгийг төлсөн бөгөөд үүнд маргаан бүхий автомашиныг ******* төгрөгөөр худалдан борлуулсан үнэ орсон гэдгийг шүүх авч үзээгүй байдаг. Маргаан бүхий автомашиныг ******* төгрөгийн үүрэгт худалдан борлуулахыг хариуцагч нарын гар өргөдөл, хүсэлтийнх нь дагуу худалдан борлуулсан. Зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг бүрэн төлөгдөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөр ******* төгрөг 41 мөнгө байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээл олгогч байгууллага нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэн хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн тухайн автомашиныг ******* ХХК-аас худалдан авсан боловч өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн үйл баримт байгаа нь талуудын хооронд фидуцийн шинжтэй гэрээний харилцаа үүссэнийг илтгэж байна. Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүсэж улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Хариуцагч нар 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр уг автомашиныг нэхэмжлэгч талд буцаан хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, автомашиныг ашиглаж байсан хугацаа ойролцоогоор найман сар байсан. Тухайн автомашин нь 2024 оны 11 дүгээр сард гаалиар орж ирсэн, шинэ тээврийн хэрэгсэл бөгөөд зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор ******* төгрөг байсан. Уг хугацаанд хариуцагч нар зээлийн төлбөрт ******* гаруй төгрөг төлж барагдуулсан боловч цаашид зээлийн үүргээ бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон тул үлдэгдэл төлбөрийг зогсоож, гэрээний дагуу автомашиныг хүлээлгэн өгсөн. ******* төгрөгөөр автомашиныг худалдан борлуулахыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэх агуулгатай баримт хэрэгт авагдсан боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн тухайн баримттай холбоотой хүсэлтийг хэн гаргасан талаар тодруулахад хариуцагч тал ийм хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй, ээжтэй ярьж байгаад ямар нэг зүйл ярьсан байж магадгүй гэх тайлбар өгдөг. Хариуцагч нар зээлдэгчтэй ******* төгрөгөөр худалдан борлуулах талаар харилцан тохиролцож, зөвшөөрсөн яриа, хүсэлт огт хийгдээгүй. Учир нь тухайн автомашин нь анх ******* төгрөгөөр худалдан авсан, ашиглагдаад ердөө найман сарын хугацаа болсон шинэ тээврийн хэрэгсэл бөгөөд ийм богино хугацаанд ******* төгрөгийн үнэтэй автомашиныг ******* төгрөгөөр худалдах нь боломжгүй. Тухайн автомашиныг 8 сарын хугацаанд ашиглагдсан, улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон. Ийм нөхцөлд зах зээлийн үнэлгээгээр хамгийн багадаа 4,000,000-5,000,000 төгрөгийн элэгдэл үүссэн гэж үзэж болохоор байна. Зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хангана гэж үзэж автомашиныг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал уг автомашин аль хэдийн бусдад шилжиж, цаашид буцаан авах боломжгүй болсон байхад дахин ******* гаруй төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн уг хугацаанд нийт ******* гаруй төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзвэл зээлийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. ******* төгрөгөөр автомашиныг худалдан борлуулсан асуудал нь ******* ХХК-ийн өөрийн шийдвэр, дотоод ажиллагаатай холбоотой бөгөөд хариуцагч нар зарж өгөөч эсхүл ******* төгрөгөөр зарж болно гэж хүлээн зөвшөөрсөн, тохиролцсон аливаа бичгээр үйлдэгдсэн баримт байхгүй. Гэтэл нэхэмжлэгч тал гар утасны мессежээр ирсэн мэт нэг хуулбар баримтыг нотлох баримт болгон ирүүлсэн боловч уг баримтыг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийм агуулгатай баримт үйлдэж, өгсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн баримт нь хаанаас, ямар үндэслэлээр бүрдсэн нь тодорхойгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар нь ******* ХХК-аас ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг худалдан авсан. Тус автомашины үнэд төлөх ******* төгрөгийг манай байгууллагатай 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2412-0090 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулж, төлүүлсэн. Хариуцагч нар нь тухайн гэрээний үүрэг зөрчиж, санхүүгийн түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс цуцалсан. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт ******* төлөх үүрэгтэй гэж,

хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж, ******* төгрөгийн зээл авч, ******* ХХК-аас худалдан авсан ******* маркийн автомашины үнийг төлж, автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь биднээс автомашиныг хураан авч, худалдан борлуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргасан байна.

 

4. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. Хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* маркийн автомашиныг ******* төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт ******* төгрөгийг төлсөн.

4.2. Улмаар хариуцагч нар нь дээрх автомашины үлдэгдэл төлбөр болох ******* төгрөгийг төлөх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, ******* төгрөгийг сарын 2,9 хувь, жилийн 34,8 хувиар тооцон хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлэхээр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний төлбөр болох ******* төгрөгийг ******* ХХК-д хариуцагч нарын авсан автомашины үнийг төлсөн.

4.3. Хариуцагч нар нь ******* ХХК-аас худалдан авсан ******* маркийн автомашинд ******* улсын дугаар авч, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн. /хх-10/

4.4. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх гэрээний үүрэгт нийт ******* төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч нарын эзэмшилд байсан ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хураан авч, бусдад худалдан борлуулсан.

 

5. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаангүй байна. Харин талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ эсхүл зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар болон гэрээний үүрэгт ******* төгрөгийг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Тодруулбал, зохигч, тэдний хооронд 2024.12.06-ны өдөр 2412-0090 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж, нэхэмжлэгч гэрээг санхүүгийн түрээс гэж шаардлагаа үндэслэсэн бол хариуцагч татгалзал, тайлбартаа зээлийн гэрээний шинж давамгайлсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлж мэтгэлцсэн, улмаар нэхэмжлэгч гэрээний зүйлийг буцаан авснаар гэрээ цуцлагдсан гэж үзвэл энэ нь гэрээний үүргийг дүгнэхэд хамаарах нөхцөл байдал болох эсэх талаар маргажээ.

5.1. Зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаас гадна Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шаардлага хангагдсан эсэхийг дүгнэнэ.

Санхүүгийн түрээсийн гэрээний хувьд ихэвчлэн нэг тал нь нөгөө талын мөнгөн хөрөнгөөр авсан эд зүйл, тоног төхөөрөмжийн ашиглалтаас бий болох орлогоос түрээсийн төлбөрөө төлж, цаашид өмчлөгч болоход чиглэсэн харилцаа байдаг бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээний хугацааг гэрээгээр тодорхойлох шаардлагатай байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч нарыг санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн шалтгаанаар гэрээг цуцлаад, түрээсийн зүйлийг өөрийн эзэмшилд буцаан авч, хариуцагчаас төлбөр шаардаж байгаа тохиолдолд Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах тухай зохицуулалт хэрэглэгдэнэ. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг түрээсэлсэн эд хөрөнгийн элэгдлийг тооцсон үнийг харгалзан тодорхойлно гэж заасан.

5.2. Гэтэл хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-гээр хариуцагч нар нь ******* ХХК-аас худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс зээлэн авч төлсөн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, мөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх талаар тусгагдаагүй байна.

5.3. Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний 1.4-д ...түрээслэгч түрээсийн зүйлийн үнэ болон хүүг бүрэн төлж дуусган түрээслэгчийн өмчлөлд түрээсийн зүйлийг албан ёсоор шилжүүлэх хүртэл хугацаанд хүчинтэй үйлчилнэ гэж заасан. Энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлд ******* улсын дугаартай ******* маркийн автомашин нь бүртгэгджээ.

Дээрх үйл баримтаар хариуцагч нар нь нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгөөр авсан эд хөрөнгийн ашиглалтаас бий болох орлогоос түрээсийн төлбөр төлөх, цаашид өмчлөгч болох агуулгаар бус хариуцагч нарын бусдаас худалдан авсан эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч нь төлж, дээрх төлбөрийг хариуцагч нар нь буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргийг харгалзан үзэж тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

6.1. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан байна.

6.2. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт ******* төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хураан авсан байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хэрэгжиж, нэхэмжлэгчээс эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлж авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд гагцхүү ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн авснаар үүрэг дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болсон. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог.

6.3. Ийнхүү гэрээний үүргийг дуусгавар болсон эсэхийг дүгнэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийн хэмжээ, фидуцийн зүйлийн үнэ ач холбогдолтой. Гэвч нэхэмжлэгч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авч бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон ба тухайн худалдан борлуулсан үнэ нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахад хүрэлцэхгүй байсан талаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгийн үнийг тооцож хасахдаа хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэсэн гэх боловч уг тайланг хариуцагч талд танилцуулсан болохоо нотлоогүй, фидуцийн зүйлийг бусдад худалдан борлуулахдаа үнийн талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн уг автомашиныг бусдад энэ үнээр худалдан борлуулсан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

6.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 339,082 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

 

Д.ХУЛАН