Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 910

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,           

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Э-н Ж-д холбогдох эрүүгийн 1909035711102 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, хүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13 дугаар гудамжны 79г тоот оршин суух,

 Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УД 91113057 / Боржигон овогт Э-н Ж нь:

 

- 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Өсөх” караоке төвийн гадаа хамтран амьдрагч болох хохирогч Ц.Батчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Батчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” караокед найз залуу Э.Ж, түүний ах Ихбаяр, найз Цогоо нарын хамт нэг цаг дуулахаар өрөө авч суусан. Уг өрөөндөө архи, пиво авч уугаад байж байсан юм. Удалгүй Э.Ж, Ихбаяр, Цогоо нар тамхи татах гээд караокены өрөөнөөс гараад явцгаасан. Тэр хэд орж ирэхгүй удаад байхаар нь араас нь караокены гадаа гартал Цогоо нь машин авах гэж ирсэн. Манай найз залуугийн ах Энхтүвшингийн Боо гэж дууддаг хүнтэй Цогоо зодолдож байсан. Э.Ж нь тэр хэдийн дундуур ороод байхаар нь Э.Жийг цаашаа бол гэж татаад болиулсан боловч Э.Ж нь Цогоо, Боо хоёрын дунд нь элдэв үг хаяад зодолдуулах гээд байхаар нь “Чи больчих. Хоёулаа караоке дотор оръё. Тэд нарыг явахаар нь гараад ирье” гэж хэлсэн чинь Э.Ж нь “Би орохгүй. Чи намайг ах нарын дунд аашлаад элдэв үгээр намайг хэлсэн” гэж хэлээд шууд миний нүүрэн тус газарт зүүн хацар руу гараараа 2-3 удаа алгадсан. Э.Жийг хоёр ах нь болиулах гэж оролдсон чинь Э.Ж баруун гуя руу өшиглөөд би хойшоогоо газарт унасан чинь зүүн гарынхаа бугуй хэсгээ замын хажуу талын хашлага бүхий цементийг цохиод унасан юм. Миний зүүн гарын бугуй хэсэг өвдөөд байсан. Э.Ж миний биед гэмтэл учруулсан гэжээ. / хх 17 /

 

Яллагдагч Э.Ж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Энхцогийн хамтаар караокеноос гараад гадаа зогсож байсан чинь манай ах ажлынхаа хүнтэй ирсэн юм. Тэгсэн чинь Энхцог нь ахын ажлын хүнтэй маргалдаад хэрэлдээд эхэлсэн. Тэр үед манай эхнэр Ц.Батчимэг нь миний хажууд зогсож байсан. Та хоёр хоёулаа гудамжинд очоод учраа олчих гэж хэлсэн чинь тэр 2 цаашаа яваад өгөхөөр нь яах гэж байгаа бол гээд харахаар очих гэтэл манай эхнэр Ц.Батчимэг уурлаад над руу гэнэт орилоод “Чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд над руу дайраад байхаар нь Ц.Батчимэгт хандаж “Би энэ 2 дээр очоод буцаад ирнэ” гэж хэлсэн. Ц.Батчимэг нь миний нүүр хэсгийг гараараа маажаад авахаар нь би уурлаад Ц.Батчимэгийн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөсөн чинь Ц.Батчимэг нь миний өшиглөлтөд унаад гараараа замын цемент цохиод гэмтээсэн. Би Ц.Батчимэгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 6 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11161 дүгээр дүгнэлтэнд:  

1. Ц.Батчимэгийн биед зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. / хх 26 /

 

Шүүгдэгч Э.Ж-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 4-7 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 31  / зэрэг болно.

Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Э.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Өсөх” караоке төвийн гадаа хамтран амьдрагч болох хохирогч Ц.Батчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Э.Ж миний зүүн хацар руу гараараа 2-3 удаа цохьсон, баруун гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөснөөс газарт унахдаа зүүн гарын бугуйн хэсгээ замын жижиг хашлага, цементэд цохиж гэмтээсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Батчимэгийн мэдүүлэг / хх 17 /, ...Би Ц.Батчимэгийн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөсөн чинь миний өшиглөлтөд унаад гараа замын цемент цохиод гэмтээсэн. Би Ц.Батчимэгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Жийн мэдүүлэг / хх 6 /, ...Ц.Батчимэгийн биед зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11161 дүгээр дүгнэлт / хх 26 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Ж нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Батчимэг   нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 46 / гэсэн тул шүүгдэгч Э.Ж нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Э.Ж-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э-н Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ж нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Э.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ