Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 134

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч Г.Цолмонгэрэл,                           

 шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ар гөрөөчин овогт Батаагийн Зэс-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1931002140136 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Ар гөрөөчин овогт Батаагийн Зэс-Эрдэнэ, Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хутаг Өндөр суманд төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Voice” караокед зөөгч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Хонгорморьт, Хужир-нуга 1 дүгээр багийн задгайд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/ГН97101290/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи” гэх газар М.Болдбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа ойлгож байна. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай ахынд үсний найр болсон юм. Тэнд хүмүүс согтоод муудалцаж байсан. Тэгээд би Сайнхүү ахынд очиход Болд ах намайг хэл амаар доромжилсон. “Нохойн гөлөг, баас, шээс гээд байхаар нь очоод хэд тонгорсон. Хүү нь ирж авсан өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг[1],

 

Эрүүгийн 1931002140136 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох ( Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)

1.Хохирогч М.Болдбаатар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Хар горхи” гэх газар байдаг Батаагийн хүүхдийн үсний найранд очсон. Тэгээд Сайнхүүгийнд очтол Батаагийн хүү Зэс-Эрдэнэ миний хойноос морьтой ирээд намайг тонгорч шидэхээр нь босч иртэл 2-3 удаа авч өргөж идээд байсан. Тэгээд би уурлаад Батаагийн шээснүүд гэж орилсон, тэр үед Сайнхүү эхнэрийнхээ хамт Зэс-Эрдэнийг “яаж байгаа юм хөгшин хүн зодлоо” гээд уурлаад салгаад явуулсан. Сайнхүүгийн гэрт байхад манай дүү Алтаншагай машинтай ирж намайг авч гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ очоод унтаад 2-3 цагийн дараа баруун талын хавирганы орчим өвдөж эхэлсэн, шөнөжин өвдөөд маргааш нь эмчид үзүүлсэн.  Баруун талын хавирга хугарсан. Зүүн талын гуяны орчим хөхөрсөн. Гарын шуу хөхөрч хавдсан” гэх мэдүүлэг[2],

2.Гэрч Э.Энхсайханы 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн:  “...Зэс-Эрдэнэ улаан Болд ахыг барьж аваад 3-4 удаа дээш нь өргөж аваад ар дагзаар нь 2 удаа савж унагаасан. Тэр үед манай нөхөр Сайнхүү гарч ирж салгасан” гэх мэдүүлэг[3],

3.Гэрч Ч.Сайнхүүгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Болд ах Зэсээг “нохойн гөлөг минь” гээд салаавч гаргаад байсан. Тэгээд очих хооронд Зэсээ нь Болд ахыг өмсөх маягтай толгой дээгүүрээ давуулаад шидсэн. Болд ах газар нуруугаараа унасан. Би Болд ахыг гэрт оруулж, манай эхнэр Энхсайхан Зэсээг аваад явсан” гэх мэдүүлэг[4],

4.Гэрч А.Алтаншагайгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Түшиг сумын “Харгорхи” гэх газар Батаагийн хүү Мөнх-Эрдэний үсний найранд очсон. Тэгээд 14-15 цагийн үед бензинд яваад 19-20 цагийн үед ирэхэд зодоон болсон гэж сонсоод аав Болдбаатар, ээж Алтанцэцэг нарыг Сайнхүүгийн гэрээс авч явсан. Аав шөнө бие өвдөөд байна гээд эм нэхсэн. Тэгээд өглөө нь босож чадахгүй байна гээд эмч дуудсан” гэх мэдүүлэг[5]

5.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай актад: Хэсэг газрын үзлэгт: Цээжний баруун хэсэгт суганы урд шугамаар VII VIII дугаар хавиргааны орчим бага зэргийн овойсон хавдартай. Зүүн сарвуунд алганы дээд хэсэгт хавантай. Зүүн гуяны ар дээд хэсэгт 7х6 см улаан эрээн цус хуралттай.

Дүгнэлтээр:

            1. М.Болдбаатарын биед баруун VIII хавирганы хугарал, сарвуунд хаван, гуяанд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт[6],

6. Шүүгдэгч Б.Зэс-Эрдэнийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...М.Болдбаатарыг цохиж зодох гэж араас нь очсон зүйл байхгүй. Намайг хэл амаар доромжлоод байхаар газар авч шидсэн” гэх мэдүүлэг[7],

7. Шүүгдэгч Б.Зэс-Эрдэний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[8],

8. Хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын санал[9] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

1.Шүүгдэгч Б.Зэс-Эрдэний гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи” гэх газар иргэн М.Болдбаатарын  эрх чөлөөнд халдаж “...биед нь баруун  VIII дугаар хавиргааны хугарал, сарвуунд хаван, гуяанд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч М.Болдбаатарын 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Хар горхи” гэх газар байдаг Батаагийн хүүхдийн үсний найранд очсон. Тэгээд Сайнхүүгийнд очтол Батаагийн хүү Зэс-Эрдэнэ миний хойноос морьтой ирээд намайг тонгорч шидэхээр нь босч иртэл 2-3 удаа авч өргөж шидээд байсан. Тэгээд би уурлаад Батаагийн шээснүүд гэж орилсон, тэр үед Сайнхүү эхнэрийнхээ хамт Зэс-Эрдэнийг “яаж байгаа юм хөгшин хүн зодлоо” гээд уурлаад салгаад явуулсан. Сайнхүүгийн гэрт байхад манай дүү Алтаншагай машинтай ирж намайг авч гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ очоод унтаад 2-3 цагийн дараа баруун талын хавирганы орчим өвдөж эхэлсэн, шөнөжин өвдөөд маргааш нь эмчид үзүүлсэн.  Баруун талын хавирга хугарсан. Зүүн талын гуяны орчим хөхөрсөн. Гарын шуу хөхөрч хавдсан” гэх мэдүүлэг[10],

-мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Зэс-Эрдэний 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...М.Болдбаатарыг цохиж зодох гэж араас нь очсон зүйл байхгүй. Намайг хэл амаар доромжлоод байхаар газар авч шидсэн” гэх мэдүүлэг[11],

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай актад: “...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт[12], шүүгдэгч Б.Зэс-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[13], шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэд холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын  санал[14] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ нь “...Гэм буруугаа ойлгож байна. ...Болд ах намайг хэл амаар доромжилсон. “Нохойн гөлөг, баас, шээс гээд байхаар нь очоод хэд тонгорсон. Хүү нь ирж авсан өөр зүйл болоогүй” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд гэмтэл учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа ойлгож байна. ...Болд ах намайг хэл амаар доромжилсон. “Нохойн гөлөг, баас, шээс гээд байхаар нь очоод хэд тонгорсон” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Зэс-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ нь энэхүү гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс гомдол саналгүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зэс-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ нь энэхүү тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Зэс-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурьдав.

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 76 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 77 дугаар хуудас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ар гөрөөчин овогт Батаагийн Зэс-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зэс-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Зэс-Эрдэний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Б.Зэс-Эрдэнэд анхааруулсугай.

          5. Ялтан Б.Зэс-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Ялтан Б.Зэс-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ