Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1593

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Доржпаламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00316 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Доржпаламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-д холбогдох

 

"Монголын цахилгаан холбоо" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Х/61 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, дутуу олгосон цалин 1 600 000 төгрөг, замын зардал 117 400 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Хишигжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Доржпалам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 7 дугаар сараас "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Архангай аймгийн холбооны газрын даргаар ажилд орж, 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирлын Х/55 тоот хууль бус шийдвэрээр Архангай аймаг дахь холбооны газарт менежерээр томилж цалинг 160 000 төгрөгөөр бууруулсан. Энэ тушаалыг хууль бус гэж нэхэмжлэл гарган Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3653 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1073 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 925 тоот тогтоолоор эргэж хуучин ажилд томилохоор шийдвэрлэж 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Х/06 тоот тушаалаар Архангай аймгийн холбооны газрын даргаар томилогдсон. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирсэн. Энэ мэдэгдэл хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурж явуулсны дараа 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлын Х/61 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд "Монголын цахилгаан холбоо" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Х/61 тоот тушаалыг хүчингүй болгох, Архангай аймгийн холбооны газрын даргаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалин гаргуулах, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 07-ныг хүртэлх дутуу цалин болох 1 600 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцсон замын зардал болох 117 400 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч "Монголын цахилгаан холбоо" төрийн өмчит ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Н.Доржпаламыг 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн холбооны газрын даргын үүрэгт ажилд нь томилсон. "Монголын цахилгаан холбоо" хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Х/61 тоот тушаалаар Н.Доржпаламыг Архангай аймгийн холбооны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Ажил олгогч "Монголын цахилгаан холбоо" ХК  орон нутгийн холбооны газруудын 2015 оны үйл ажиллагааны үнэлгээг үндэслэж, Н.Доржпаламыг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон юм. Аймгийн холбооны газрын удирдлага нь тухайн орон нутагт "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай үйлчилгээг, хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах үндсэн үүрэгтэй. Ажил олгогч ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т гэрээний үр дүнгийн үзүүлэлтүүдийн биелэлтийн тайланг /Хавсралт-1, 21 газар, хэлтсийн үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийн дагуу хийгдсэн өөрсдийн үнэлгээний хамт тухайн жилийн 6 дугаар сарын 30, 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс гаргаж гүйцэтгэх захиралд танилцуулна" гэж, мөн "... гэрээний биелэлтийг үнэлэх зорилгоор гүйцэтгэх захирлын зүгээс хэдийд ч шалгаж дүгнэх эрхтэй бөгөөд зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд хариуцлага ногдуулах, гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж тохиролцсон. 2015 оны орон нутгийн холбооны газруудын үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон үнэлгээг гэрээнд заасны дагуу "Монголын   цахилгаан   холбоо"  ХК-ийн Санхүү бүртгэлийн газар, Захиргаа удирдлагын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Техник технологийн газар, Маркетинг үйлчилгээний газрууд нь газар тус бүр чиг үүргийн дагуу үнэлэн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс нэгтгэн дүгнэж, үнэлэн гүйцэтгэх захиралд танилцуулсан бөгөөд дээрх үнэлгээгээр Архангай аймаг нь 23 аймаг дүүргээс 21 дүгээр байр эзэлсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Дээрх үнэлгээг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүд, 6.2.1-т гэрээгээр хүлээсэн аль нэг үүрэг, хавсралтанд заагдсан үзүүлэлтүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, салбарын санхүүгийн үзүүлэлтүүд буурсан гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэдгийг нэрлэн заасан болно. Мөн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 07-ныг хүртэл хугацааны дутуу цалин 1 600 000 төгрөг, нэхэмжлэгчийн Архангай аймгаас өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон зардал 117 400 төгрөг зэргийг тус тус нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Дутуу олгосон цалинтай холбоотой гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцсонтой холбоотой зардлыг хариуцан төлөх үндэслэлгүй. Иймд хариуцагч "Монголын цахилгаан холбоо" ХК-д холбогдуулан гаргасан Н.Доржпаламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг
баримтлан нэхэмжлэгч Н.Доржпаламыг Архангай аймгийн холбооны газрын даргын
ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, "Монголын цахилгаан холбоо" төрийн өмчит
ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Х/61 тоот
тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч "Монголын цахилгаан холбоо" төрийн өмчит ХК-иас ажилгүй байсан хугацааны олговор 3 013 953 /гурван сая арван гурван мянга есөн зуун тавин гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Доржпаламд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 1 717 400 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар хариуцагч "Монголын цахилгаан холбоо" төрийн өмчит ХК нь Н.Доржпаламын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Н.Доржпаламын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч "Монголын цахилгаан холбоо" төрийн өмчит ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 63 173 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ажил олгогч нь 2015 оны орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагааны үнэлгээгээр Архангай аймаг 23 аймаг дүүргээс 21 дүгээр байр эзэлсэн нь Н.Доржпаламтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч, ажилтан зөрчил гаргасан нь нотлох баримтаар нотлогдоогүй, зөрчлийг гаргасан талаар хэлэлцсэн тухай баримт хэрэгт баримтаар авагдаагүй байна гэжээ”. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.8-т сахилгын ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүдийг харилцан тохиролцож заасан байдаг. Аймгийн холбооны газрын удирдлага нь тухайн орон нутагт “МЦХ” ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай үйлчилгээг, хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах үндсэн үүрэгтэй билээ. Ажил олгогч ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу аймаг дүүргийн холбооны газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг тус компанийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсээс шалгаж Архангай аймгийн холбооны газрын 2015 оны үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авч 23 аймгаас 21 дүгээр байранд орсон талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх ажилтан зөрчил гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ажил олгогчоос гаргаж өгсөн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн орон нутгийн холбооны газруудын 2015 оны үйл ажиллагааны үнэлгээний нэгтгэл гэх баримт нь ажилтныг хэзээ, ямар сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт болж чадахгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний  6 дугаар зүйлийн 6.2-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүд, 6.2.1-т гэрээгээр хүлээсэн аль нэг үүрэг, хавсралтанд заагдсан үзүүлэлтүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, салбарын санхүүгийн үзүүлэлтүүд буурсан гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэдгийг нэрлэн заасан бөгөөд үйл ажиллагааны үнэлгээний гол үзүүлэлт нь салбарын санхүүгийн үзүүлэлт байгаа бөгөөд гэрээнд заасан журмын дагуу тус компанийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын албанаас гаргасан дүгнэлтээр 21 дүгээр байрт буюу сүүлээсээ 3 дугаар байрт орсон үнэлгээ дүгнэлт нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гол үндэслэл байхад нотлох үндэслэл бүхий баримт гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Н.Доржпалам нь хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй   тэнцэх олговор, дутуу олгосон цалин 1 600 000 төгрөг, замын зардал 117 400 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажил олгогч “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Х/61 тоот тушаалаар ажилтан Н.Доржпаламыг Архангай аймгийн холбооны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2, 8.4, 6.2.1 дэх заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 5 дугаар тал/                     

           

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “… Н.Доржпалам нь төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс Архангай аймгийн холбооны ажлын үнэлгээ нийт 23 аймаг, дүүргээс 21 дүгээр байр эзэлсэн нь ноцтой зөрчил …” гэж маргасан боловч уг татгалзлын үндэслэл болох ажилтныг ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил  гаргасан гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, Архангай аймгийн холбооны салбар ажлаараа 21 дүгээр байр эзэлснийг ажилтан Н.Доржпаламын гаргасан ямар ноцтой зөрчил гэж үзэх эсэх, 2015 оны үйл ажиллагааны үнэлгээний нэгтгэл гэх баримтаар ажилтаныг ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгч Н.Доржпаламыг Архангай аймгийн холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

           Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 3 013 953 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв юм.

 

            Иймд ажилтан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан буюу хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 6.2.8-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

            Харин анхан шатны шүүх "Монголын цахилгаан холбоо" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Х/61 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан  бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл гэдгийг шүүх зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөн залруулав.

           

            Түүнчлэн дутуу олгосон цалин гэх 1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж зөв дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн зохицуулалт баримтлаагүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн замын зардалд нэхэмжилсэн 117 400 төгрөгийг хохиролд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Доржпаламыг Архангай аймгийн холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж,

3 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 …” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ       

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ