Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 04

 

А.Насанбаярт  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Прокурор Г.Амарсайхан

Хохирогч Б.Шижиртуяа

Шүүгдэгч А.Насанбаяр нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Б.Шижиртуяагийн давж заалдах гомдлоор А.Насанбаярт холбогдох эрүүгийн 201717000071 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  тус аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух,  ял шийтгэлгүй Гэлэг овогт Адъяагийн Насанбаяр /РД: ЛЖ88082119/

 

Шүүгдэгч А.Насанбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Шижиртуяаг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Гэлэг овгийн Адъяагийн Насанбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан шүүгдэгч А.Насанбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч А.Насанбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Шижиртуяа түүнтэй сайн дураар эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, түүнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Шижиртуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.Насанбаяр нь надад эмчилгээний зардал 500000 төгрөг өгнө гэж анхан шатны шүүх хуралдаанд орж хэргээ шийдүүлсэний дараа эмчилгээний зардлаа өгөөгүй байгаа. Одоо миний зүүн нүд, үүдэн шүд хөдөлж байгаа тул эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан  байна.

А.Насанбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Шижиртуяаг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч А.Насанбаярын “...Алтанзаяа намайг элдвээр харааж, мөнгөгүй байж такси барилаа гээд байхаар нь үснээс нь зулгааж, толгой руу нь цохисон. Гэтэл Шижирээ эгч яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ? гэхээр нь би цохисон” гэх /хх-21/, ”хохирогч Б.Шижиртуяагийн “...Насанбаяр Алтанзаяа хоёр таксинд хэрэлдэж байснаа зодолдоод эхэлсэн. Би эмэгтэй хүн зодлоо боль гэтэл танд хамаагүй гээд намайг цохисон. Миний зүүн нүд хөхөрч, дээд уруул сэтэрч, үүдэн шүд хөдөлсөн” гэх /хх-9/, гэрч А.Алтанзаяагийн  “...Насанбаяр таксины мөнгө өгч чадахгүй, арчаагүй эмэгтэй гээд үснээс зулгаагаад толгой, хамар руу цохихоор нь би  маажсан. Шижирээ эгч манай дүүг яагаад зодоод байгаа юм бэ? гэхэд нь түүнийг зодсон” гэх /хх-11/, гэрч М.Мөнхбаярын “...10 жилийн урд талын 27б байрны гадаа зогсоход Шижирээ эгч “яагаад манай дүүг зодоод байгаа юм бэ” гэтэл Шижирээ эгчтэй зууралдаж байгаад  машинаас буусан” гэх /хх-12/, мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаар ”Б.Шижиртуяагийн биед зүүн нүдний эргэн тойронд, зүүн хацарт цус хуралт, дээд уруулд зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2 дугаар шүдний хөдлөл зэрэг гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-15/ зэрэг  шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж, хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хэрэгт мөрдөн байцаалт явуулах болон хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч А.Насанбаяр нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд хохирогч Б.Шижиртуяа нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч, хүсэл зоригоо өөрөө бичгээр илэрхийлэн улмаар шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх тул анхан шатны шүүхээс хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болжээ. Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1,   325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. хохирогч Б.Шижиртуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болно.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

            ШҮҮГЧИД      Ж.ДОЛГОРМАА

      Б.СҮХГОМБО