Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ХШТ/32

 

Н.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 739 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаар магадлалтай, Н.Э-д холбогдох 2410000001014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой Н-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э-ийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Э гаргасан гомдолдоо “Миний бие 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа дуудлага өгсөн хаягаар очиход такси дуудсан хүн маань бус өөр хүн сууж үйлчлүүлсэн болно. Тухайн хүн тооцоогоо зориулалтын аппликэйшнээр хийлгүй дансны дугаар аван гүйлгээ хийсэн. Ингэхдээ өөрөө буруу гүйлгээ хийсэн байдаг. Би өөрийн хүсэл эрмэлзлээр тухайн хүнийг хайж олж, тухайн хүн илүү мөнгө шилжүүлсэн эсэхээ ч мэдэхгүй байхад нь учир байдлыг тайлбарлаж, анхааралгүй шилжүүлсэн мөнгийг нь надад орж ирэх ёстой мөнгө хэмээн андууран хэрэглэснээ тайлбарлаж, тодорхой хэмжээний мөнгийг буцааж олгоод, үлдэгдэл мөнгийг төлөх хугацааг тохирон салсан. Энэхүү тохирсон хугацаанд тооцоог бүрэн барагдуулсан. Гэтэл намайг мөнгө завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллан шийтгэсэнд гомдолтой байна. Миний бие тогтмол такси үйлчилгээнд явдаггүй ба надад тухайн мөнгийг завших сэдэл огт байгаагүй болно. Өмнө дурдсанчлан андуурал үүссэн бөгөөд би өөрөө согтуурлын зэрэгтэй байснаа хүлээсэн болно. Миний бие цаашид төрийн албанд ажиллах хүсэлтэй бөгөөд өөрөө энэ хэргийг илчилсэн, хохирогч төлбөрөө бүрэн авсан зэргийг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Н.Гэрэлмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг авахаар санаатай үйлдэл хийгээгүй боловч хохирогчийн тохиолдлын шинжтэй хийсэн алдаатай гүйлгээний улмаас өөрийн дансанд орсон мөнгийг захиран зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд хяналтын журмаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн О.О-ийн андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 6,643,350 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд  мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

2.Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдлаар илэрнэ.

 

3.Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод “UB cub” такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч О.О-ийг ... дүүргийн ... дугаар хороо, .... хороолол дахь хаягт хүргэн өгч, О.О-ийн 6,650 төгрөгийн төлбөр төлөхдөө андуурч илүү шилжүүлсэн 6,643,350 төгрөгийг захиран зарцуулсан, улмаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн санаачилгаар хохирогч О.О-ийг олж уулзан, түүний шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан болохоо хэлж, 1,400,000 төгрөгийг буцааж өгч, үлдэх мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс (хавтаст хэргийн 31, 39 дэх тал) гадна хохирогч О.О-ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, (хавтаст хэргийн 4 дэх тал), О.О-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), Н.Э-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), Н.Э-өөс О.О-д бичсэн мессеж болон 400.000 төгрөг болон 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн дансны хуулга (хавтаст хэргийн 6 дахь тал), хохирогч О.О нь үлдэгдэл 5,250,000 төгрөгийг бүрэн авсан тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Харин шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Н.Э нь хохирогч О.О-ийн андуурч шилжүүлсэн мөнгийг тухайн үедээ мэдээгүй боловч орой нь дансаа шалгахад 6,650,000 төгрөг орсныг хараад урьд нь авлагатай байсан А.Б-аас шилжүүлсэн мөнгө гэж ойлгон захиран зарцуулсан, улмаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр уг мөнгийг А.Б-аас шилжүүлээгүй болохыг мэдээд хохирогч О.О-ийг олж уулзахад тэрбээр илүү мөнгө шилжүүлсэн гэдгээ мэдээгүй байсан, түүнд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 400,000 төгрөг тус тус буцаан шилжүүлж, үлдэх мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний дотор 2 хувааж төлж барагдуулахаар тохирсон талаар (хавтаст хэргийн 27-28 дахь тал) өгсөн мэдүүлэг, мөн шүүгдэгч Н.Э-ийн гэр бүлд 16 сая орчим төгрөгийн өглөгтэй байсан талаар А.Б-ийн өгсөн гэрчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал) зэргийг тус тус няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад дээр дурдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шүүхийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангаагүй байна.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” байхаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл, эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх ашигт халдсан гэм буруутай этгээдийн үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт үйлдэл болон түүний үр дагаварт хандаж буй сэтгэхүйн хандлага, хохирол, хор уршгийг арилгасан байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан судалж үзэхэд тухайн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь ялимгүй буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй бол гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болно.

 

5.Шүүгдэгч Н.Э-ийн хувьд хохирогч О.О-ийн андуурч шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан буруутай боловч энэ талаар хохирогч гомдол гаргахаас өмнө өөрийн санаачилгаар хохирогчтой уулзаж, хохирол барагдуулах арга хэмжээ авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээг завших” гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй байх тул шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Э-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 739 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокуророос Н.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                               

                                                                                                            Д.БАТБААТАР

           

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ