Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 725

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, “ГЗ” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “ГЗ” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ГЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* нар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... 

Нэг. Гэрээний талууд

1.1. Нэг талаас: “ГЗ” ХХК-ийг төлөөлж, захирал Д.Б , 

1.2. Нөгөө талаас: Нийслэлийн Засаг даргыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* бид харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав. 

Хоёр. Нийтлэг үндэслэл

2.1. Энэхүү гэрээний зорилго нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн “ГЗ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сэргээх ...” шаардлага бүхий захиргааны хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэх, эвлэрлийн гэрээгээр талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлох болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино. 

2.2. Энэхүү гэрээний талууд дараахь асуудлаар харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:

2.2.1. Хариуцагч нь 2014 оны А/257 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, 

2.2.2. Нэхэмжлэгч нь эзэмшил газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг 330.000.000 /гурван зуун гучин сая/ төгрөгөөр тооцож төлөх бөгөөд уг төлбөрийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлнө. 

2.2.3. Маргаан бүхий захиргааны акттай холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл, өөр шаардлага гаргахгүй байх.

Гурав. Бусад зүйл

3.1. Энэхүү гэрээ нь талуудын гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ГЗ” ХХК-ийн захирал Д.Б , Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* нар нь тус шүүхэд хянагдаж байгаа “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “ГЗ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэх шаардлагатай захиргааны хэргийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч Нийслэлийн Засаг дарга өөрийн 2014 оны А/257 дугаар захирамжийн нэхэмжлэгч “ГЗ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгч нь эзэмшил газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг 330.000.000 /гурван зуун гучин сая/ төгрөгөөр тооцож төлөх, уг төлбөрөө 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх, уг асуудлаар дахин нэхэмжлэл, өөр шаардлага гаргахгүй байхаар тус тус харилцан тохиролцож байгаа болно” гэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч “ГЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/3377 дугаар албан бичгээр Нийслэлийн Газрын албаны хуулийн ахлах мэргэжилтэн Д.Ц*******д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг тусгайлан олгосон байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар ...уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “ГЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “ГЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* нарын “Нийслэлийн Засаг дарга өөрийн 2014 оны А/257 дугаар захирамжийн “ГЗ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 га газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг 330.000.000 /гурван зуун гучин сая/ төгрөгөөр тооцож, уг төлбөрөө 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх” гэж харилцан тохиролцож байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч “ГЗ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.ОЮУМАА