Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0426

 

  

    

 

 

 

 

 

 

 

 

                                    Н.Б-ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй, Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 108 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн а, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг тус тус баримтлан иргэн Н.Б-оос Булган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “сумын Засаг даргын мал бүхий иргэдийн малыг тууж, хашиж, мөнгө нэхэж буй үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие тус шүүхэд “Булган аймгийн Булган сумын Засаг даргын Булган сумын мал бүхий иргэдийн малыг бэлчээрээс болон хашаанаас тууж авч ирж Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашиж, мөнгө нэхэж, мөнгө тушаасан дараа малыг төлбөртэйгөөр гаргаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн N/11/01 тоот тогтоолд үндэслэж гэж” нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нь ойлгомжгүй байна.

Шүүх Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолыг “хэм хэмжээ тогтоосон захиргааны акт бус маргаан бүхий захиргааны акт гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байгаа тул тогтоолын хууль зүйн үндэслэлээр дүгнэлт хийх шаардлагагүй гэсэн хирнээ уг тогтоол нь 2018 оны 05 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 10-ны хооронд хэрэгжих хугацаатай Захиргааны акт байсан тул тухайн үедээ хэрэгжээд дууссан байхад уг тогтоолыг хэрэгжүүлэхээр гаргасан 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн а/105, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн а/177дугаартай “аймгийн төвөөс мал бүхий иргэдийг албадан гаргах ажлын хэсэг байгуулах тухай" захирамж гаргасан болон өвөлжөө, хаваржааны газар зааж өгсөн /газар эзэмшүүлэх захирамж гараагүй, гэрээ гэрчилгээ олгогдоогүй/, мод бэлтгэх зөвшөөрөл зарим иргэдэд олгосон, засаг дарга захирамж, хурал тогтоол гаргах эрх хэмжээ, сумын төвөөс мал гаргаж байгаа үйл ажиллагаа зэрэг огт маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.

Харин ямар ч сумын Засаг даргын захирамж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, хуульд заагдаагүй “Иргэдийн малыг хашаанаас, бэлчээрээс нь тууж хашиж /Сайхан Монгол тв-ийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн бичлэг дээр айлын хашаанд бэлчээрт байгаа малыг хашиж буй талаар дэлгэрэнгүй байдаг/, мөнгө төлүүлж; байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт хийгээгүй, …Ямар журмын дагуу энэ үйл ажиллагааг явуулж байгаа юм гэж асуухаар "нэг удаагийн тохиолдлыг зохицуулаад хэрэгжээд дуусгавар болсон 2018 оны сумын ИТХ-н N/11/01 тогтоол"-ыг биелүүлж байна л гэж 2019, 2020 онуудад ярьж байгаа зэрэг нь илт хууль бус болохыг тогтоолгох гэхэд шүүх шалгаж тогтоосонгүй. Захиргааны шүүх мөрдөн шалгах үүргээ бүрэн хэрэгжүүлсэнгүй. Шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан байна.

Бүсчлэн тогтоосон гээд байгаа тогтоол нь одоо хүртэл үйлчлээд байгаа хэм хэмжээний акт /Сумын засаг даргын орлогч хэрэгт авагдсан хуурцаг дээр Хууль зүйн яаманд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэж тайлбарладаг боловч одоог хүртэл Захиргааны хэм хэмжээний эмхтгэлд нийтлэгдээгүй/ юм бол Захиргааны ерөнхий хуульд “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ" гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлүүлсний дараа дагаж мөрдөх байтал ийм ажиллагаа хийгдээгүйн зэрэгцээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх тогтоолыг “маргаан бүхий захиргааны акт” гэж тогтоосон байдаг тус шүүх ч тэгж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулсан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасны дагуу Булган сумын ИТХ-н 2018 оны VI1/01 тогтоол нь 2019-2020 онуудад эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, Булган сумын Засаг дарга нь тогтоолыг хэрэгжүүлж байна гэж малчид иргэдийг дарамталж, хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна.

...Сумын төв, ногоон байгууламж руу орсон малыг хашиж, малын эздэд шаардлага тавьж байгаа нь сумын засаг дарга болон Засаг даргын тамгын газрын зүгээс хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хийж буй үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь ногоон байгууламж руу мал орсон нь нотлогдоогүй өөрөөр хэлбэр ногоон байгууламжид орж байгаа зураг, учруулсан хохирлыг тогтоосон акт байхгүй. Шүүх үүнийг шалгаж тогтоогоогүй. Ямар хууль, журамд иргэдийн малыг Засаг даргын тамгын газар бэлчээрээс тууж хаших эрх олгосон зэрэг нь тодорхойгүй байхад “хуулийн хүрээнд хийж байгааг буруутгах үндэслэлгүй" гэсэн нь ойлгомжгүй байна.

Шийдвэрт нэхэмжлэгчийн эхнэр Дагийгийн Мөнхсайханаас адуу хашуулсан төлбөр 50000 төгрөг тушаасан баримт байгааг нэхэмжлэгч зөвшөөрч, гэрч харуул

Даарий /дууддаг нэр нь бүтэн нарыг мэдэхгүй/ -г гэрчээр асуулгаж нэхэмжлэгчийн амралтын өдөр мал гаргахаар өгсөн төлбөрийг хэрхэн тушаасан талаар нэмэлт мэдээлэл авмаар байна гэх хүсэлтийг шүүх хангаж гэрчээр асууж мөнгө бэлнээр авсан талаар тайлбарлаж байхад, нэхэмжлэгч мөнгө бэлнээр өгч байсан нь нотлогдохгүй байна гэх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад мал хашаад мөнгө нэхдэг талаар урьдаж мөнгийг бэлнээр болон Булган сумын дансанд хийдэг талаар дурдсан атал шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Мөн хариуцагчийн тайлбар, нотлох баримтад, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн адуу хэд хэдэн удаа ногоон байгууламж, хориглосон бүс руу нэвтэрснийг авч ирж, тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашсан байдаг гэж дурдсан атал малыг хэрхэн гаргасан талаар тодруулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс адуу хашуулсан төлбөрөө бэлнээр төлсөн төлбөрийг тэмдэглэл хийгээгүй бүртгээгүй байхад шүүх тодруулж шалгасангүй.

Мөн хариуцагчаас өчнөөн иргэдийн малыг хашсан, мөнгө төлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч нотлох баримтууд болох малаа хашуулсан иргэдийн жагсаалт, тохижилт үйлчилгээний ангийн хашаанд байгаа малын зураг, мөнгө тушаасан баримтууд ирүүлсэн. Мөнгө төлүүлдэг гэдгээ баримтаар гаргасан, би хүсэлт гаргаж гэрчээр асуулгасан гэрчийн мэдүүлэг, Тохижилт үйлчилгээний ангийн мал хашсан бүртгэл, бүртгэл дээрх мөнгөө төлсөн гэх тэмдэглэл, малыг төлбөр төлсөн дараа гаргана эсвэл баталгаа бичиж өгч гаргахаар дарамталж бичүүлдэг баталгаа зэрэг баримт байхад ‘‘удаа дараа мал хашиж., мөнгө нэхдэг, дарамт шахалт үзүүлсэн" гэж маргасан боловч нотлогдохгүй байна …гэх зэргээр дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, шийдвэртээ сумын ИТХ-н 2018 оны УИ/01 дугаар тогтоолд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэснээ зөвхөн тэр л тогтоолын хэрэгжилтийн талаар дүгнэн бичиж нотлогдож байгаа болон нотлогдохгүй байгаа нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож тэр нь ямар хууль журамд нийцэж байгааг дурдаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул ...05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт дор дурдсан үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь “Булган сумын Засаг даргын мал бүхий иргэдийн малыг тууж хашиж, мөнгө нэхэж буй үйл ажиллагаа” нь илт хууль бус буюу иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж маргажээ.

1. Анх Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар  сарын 10-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тогтоолоор[1] “Булган сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэмд шилжсэн”-тэй холбогдуулан ...Гамшгаас хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-д ...заалтыг тус тус үндэслэн “Булган сумын төвөөс мал, амьтан гаргах, сумын нутаг дэвсгэрт мал, гахай оруулахгүй байх бэлчээрийн бүсийг Ачуут /1-р/ багийн Малчны хороо, Байшинт хэсэг, Булган /6-р/ багийн Жаргалант хороолол гэж зааж, газрын зураглалыг хавсралтаар баталж, мал, гахайн туслах  аж ахуйг гаргах ажлыг 2018 оны 05 дугаар сарын 10-наас, 06 дугаар сарын 10-ны хороонд зохион байгуулах”-ыг сумын Засаг даргад даалгажээ.

Уг тогтоолд сумын төвд мал оруулахгүй байх, бэлчээрийн буюу хориглолтын бүсийг Ачуут /1-р/ багийн Малчны хороо, Байшинт хэсэг, Булган /6-р/ багийн Жаргалант хороолол гэж зааж, хавсралтаар газрын зураглалын баталсан байдал, нэхэмжлэгчийн  нэхэмжлэлдээ[2] “малаа  Зүүн  түрүүний  гол,  Ачуутын гол,  Балгас, Хөрөөний рам, Нисэхийн гүүр, Цэнгэлдэхийн булаг зэрэг газарт бэлчээж байхад” гэж дурдсан газрууд нь уг хориглолтын бүсэд хамаарч байгаа байдал зэрэг нь нэхэмжлэгчээс “бүсчлэл тогтоосон гэж амаар хэлдэг боловч хэний, ямар эрхийн акт гаргасан нь мэдэгддэггүй, тэр акт баримтаа танилцуулдаггүй, малыг ногоон байгууламжид орсон гэдэг нь нотлогдоогүй” гэж маргаж байгаа нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

2.Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор анх гаргасан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолын биелэлтийг хэлэлцээд “хүйтний улиралд аймгийн төв рүү малтай өрхүүдийг эргэж орж ирүүлэхгүй байх талын арга хэмжээг сайтар зохион байгуулах, одоо малаа гаргаагүй байгаа айлуудтай уулзаж төрийн зүгээс авах арга хэмжээг судлах, ажил хэрэг болгох, аймгийн төв рүү шөнийн цагаар адуу малаа оруулж байгаа Булган сумын болон бусад хөрш зэргэлдээ сумдын малчдад зохих хуулийн дагуу хариуцлага тооцох”-ыг тэмдэглэж, тогтоолын 1 дэх хэсгээр “Сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах тухай тогтоолын хэрэгжилтийг дүгнээд “Хангалттай” гэж үзэж, 2 дахь хэсгээр “Цаашид тогтоолын хэрэгжилт, уг тогтоолтой холбоотой дэглэмийг мөрдүүлж ажиллах”-ыг сумын Засаг даргад үүрэг болгожээ. Уг тогтоол нь анх гарсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолын биелэлтийг үргэлжлүүлэх зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас анх гаргасан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, улмаар сумын төвд мал, гахайг оруулахыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

Иймээс анх гарсан Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоол хэрэгжээд дууссан, уг тогтоол хүчингүй болсон, уг тогтоолын хэрэгжилт нь зөвхөн нэг удаагийн үйлчлэлээр дууссан, дараа нь дахин уг тогтоолын хэрэгжилтийг үргэлжлүүлсэн шийдвэр гараагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс “уг тогтоол нь 2018 оны 05 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 10-ны хооронд хэрэгжих хугацаатай захиргааны акт байсан тул тухайн үедээ хэрэгжээд дууссан..., нэг удаагийн тохиолдлыг зохицуулаад хэрэгжээд дуусгавар болсон ...тогтоолыг биелүүлж байна гэж 2019, 2020 онд ярьж байгаа нь илт хууль бус” гэх гомдол үндэслэлгүй байна.

3. Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Булган сумын Засаг даргаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр А/105, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А/177 захирамжуудыг гаргаж сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргахад шаардлагатай ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар 24 удаа хуралдаж, мал, гахайг хориглосон бүсээс гаргах, энэ үйл ажиллагаатай холбогдуулан сумын төвөөс гарсан мал бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх, гэрэл цахилгааны асуудлыг шийдвэрлэх, худаг гаргах, өвөлжөө, хаваржааны модыг хөнгөлөлттэй үнээр бэлтгэх зөвшөөрөл олгох, мал, гахай оруулахгүй байх газрын зураглалд хамаарах хориотой бүсэд малаа буцаан оруулж ирсэн 14 айл өрхүүдэд сумын төвөөс малаа гаргах мэдэгдэл өгч, түр хугацаанд Ажлын хэсэг, тус сумын Тохижилт үйлчилгээний ангийн ажилчидтай хамтран ажлын хуваарь[3] гарган хаших арга хэмжээ авч, сумын цагдаагийн хэлтэс Зөрчлийн тухай хуулийн дагуу удаа дараа зөрчил гаргасан 30 иргэнд хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан  гэдэг  нь  Ажлын  хэсгийн  мэдээлэл[4], Ажлын  хэсгээс  ирүүлсэн  бусад баримтуудаар[5] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны байдлаар адуугаа хориглолтын бүсэд 3 удаа буцаан оруулж ирсэн зөрчил гаргасан[6], нэхэмжлэгчийн адуу дахин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө мал, гахай оруулахгүй байх газрын зураглалд хамаарах хориглолтын бүсэд орж ирэхэд Ажлын хэсэг, сумын Тохижилт, үйлчилгээний хэлтсийн ажилчдаас нэхэмжлэгчийн адууг хашсан, харин Цагдаагийн хэсгийн байцаагчаас Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгчид 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1806099 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 50.000 төгрөгийн  торгууль  ногдуулсан[7] гэдэг нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, Булган аймгийн Булган сумын Засаг дарга, түүний байгуулсан Ажлын хэсгээс тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолд заасан “газрын зураглалд хамаарах сумын төвийн хориглолтын бүсэд мал, гахай оруулахгүй байх” гэсэн заалтын биелэлтийг хангах, биелүүлэх зорилгоор хориглолтын бүсэд орж ирсэн нэхэмжлэгчийн адууг түр хугацаанд хаших арга хэмжээ авсан, уг арга хэмжээнд тус сумын Тохижилт үйлчилгээний газрыг татан оролцуулжээ.

Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.а-д “сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:... Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр мал, амьтаны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх”, 29.1.6.а-д “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, ...талаар:хууль тогтоомж, ... Хурлын шийдвэрийн биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах; 36.1.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана: Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж ...” гэж заасантай, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д “Сумын Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 11.2.3-д “эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;” гэж

заасантай тус тус нийцсэн байна.

   Иймээс нэхэмжлэгчээс “малыг Засаг даргын тамгын газар бэлчээрээс тууж хаших эрх олгосон нь тодорхойгүй” гэж гомдолдоо дурдан маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

4. Тус сумын цагдаагийн хэсгийн байцаагчаас “нэхэмжлэгч Н.Бийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолд заасан “газрын зураглалд хамаарах сумын төвийн хориглолтын бүсэд мал, гахай оруулахгүй байх” гэсэн шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хийсэн үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд нэхэмжлэгчээс уг шийтгэлийн хуудастай маргасан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй.

Үүний учир нэхэмжлэгчээс “...мал хашсан тохиолдолд торгоно, мөнгө хураана гэсэн журам тогтоол байхгүй..., ” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд мал хашвал мөнгө хураахаар заагаагүй. Тиймээс торгуулийн арга хэмжээг Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан байна.

Харин хариуцагч сумын Засаг дарга, түүний Тамгын газраас нэхэмжлэгч Н.Боос дээр дурдсан Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээс гадуур бэлэн мөнгө авсан нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар үндэслэл бүхий нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан гэрч Ц.Дариймаагийн мэдүүлэгт[8] нэхэмжлэгч Н.Боос амралтын өдөр бэлэн мөнгө авсан талаар мэдүүлэг өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн “гэрч харуул Даарий /дууддаг нэр бүтэн нэрийг мэдэхгүй/-г гэрчээр асуулгаж нэхэмжлэгчийн амралтын өдөр мал гаргахаар өгсөн төлбөрийг хэрхэн тушаасан талаар, ...мөнгө бэлнээр авсан талаар тайлбарлаж байхад нэхэмжлэгч мөнгө бэлнээр өгч байсан нь нотлогдохгүй байна гэх нь ойлгомжгүй байна” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг баримталсан нь буруу байна. Учир нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргахдаа Эрүүл мэндийн тухай хуулийг үндэслэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “а”, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “а”, 29.1.6-ийн “а”, 36 дугаар зүйлийн 36.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3-д” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргийн 28-29 дэх тал

[2] Хэргийн 15 дахь тал

[3] Хэргийн 45, 93 дахь тал

[4] Хэргийн 45 дахь тал

[5] Хэргийн 35-45 дахь тал

[6] Хэргийн 36 дахь тал арын нүүр, 39 дэх тал

[7] Хэргийн 187 дахь тал

[8] Хэргийн 82-83 дахь тал