Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 150

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч Г.Цолмонгэрэл,                           

 шүүгдэгч Ё.Батнаран,

 хохирогч О.Отгонжаргал, Д.Энхтуяа,

 иргэний нэхэмжлэгч У.Хишигсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Шарнууд овогт Ёндонжунайгийн Батнаранд холбогдох эрүүгийн 1931002270139 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шарнууд овогт Ёндонжунайгийн Батнаран, Монгол улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын “Бугант” төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, Болд Төмөр Ерөө гол ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймаг, “Ерөө” сум, 3 дугаар баг, “Бугант” төв гудамж 1-131 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлтэй, РД:/МТ73090918/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ё.Батнаран нь согтуурсан үедээ иргэн У.Хишигсайханы эзэмшлийн 85-24 УНЭ улсын дугаартай, “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Оросын уул” гэх газар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, мөн дүрмийн 3.7 дахь заалтад заасныг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Энхтуяа, О.Отгонжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ё.Батнаран нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ иргэн У.Хишигсайханы эзэмшлийн 85-24 УНЭ улсын дугаартай, “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар баг, “Бугант” тосгоны нутаг “Оросын уул” гэх газар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, мөн дүрмийн 3.7 дахь заалтад тус тус заасныг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Энхтуяа, О.Отгонжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ё.Батнаран гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:        

1.Хохирогч О.Отгонжаргалын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өглөө Хишигсайхан манай гэрт орж ирээд Батнаран миний машинд сууж байна. Хэдүүлээ гол орж сэрүүцэж байгаал өдөр гаръя гэхээр Энхтуяа бид 2 зөвшөөрч гол руу явсан. Тэгээд гол дээр Хишигсайхан, Батнаран тэр 2-той хамт явсан залуу 3 авч явсан 1 шил архи, 1 сав пивоо хувааж уусан. Тэгээд голоос төв рүү явж байгаад машин онхолдсон. Хурдтай давхиж явснаас болсон. Батнаран машин жолоодож хурдтай давхисан, хурдаа багасгаад яв гэж хэлсэн. Манай гэрээс гарахдаа би өөрийн бага хүү Сайханжаргалыг авч явсан. Батнаран жолоо барьж би хүүгээ урдаа аваад хажууд нь сууж явсан. Арын суудалд Энхтуяа, Хишигсайхан, нөгөө залуу 3 сууж явсан. Би ослын улмаас Дархан-Уул аймгийн эмнэлэгт үзүүлэхэд аарцагны яс цуурсан, хэвтрийн дэглэм сахь гэсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардлыг төлж барагдуулбал, цаашид гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Д.Энхтуяагийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “.. 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим манай охин Анужин болон Хишигсайхан бид 3 түүний 85-24 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дулаанхаан тосгоноос Бугант тосгоны чиглэлд явсан. Бугант тосгонд ирээд би найз Отгоогийнд очиж хоносон. Маргааш нь Хишигсайхан, Батнаран бас хамт явсан танихгүй залуу, манай найз Отгоо түүний 2 дугаар ангийн хүүхдийн хамт Хишигсайханы машинтай гол руу явсан. Голын эрэг дээр очиход Хишигсайхан 0,75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд уусан. Тэндээсээ 11 цагийн орчим буцаад Бугант тосгоны чиглэлд явж байхад автомашиныг Батнаран жолоодож явсан. Голын эргээс хөдлөх үед Батнаранг ширүүн яваад байхаар би түүнийг зөөлөн яваач гэж хэлж байсныг сонссон эсэхийг мэдэхгүй байна. Удалгүй машин замын хажуу тал руу гараад 2,3 удаа өнхрөх шиг болсон. Миний хувьд Батнарангаас эмчилгээнд гарсан зардлаа  нэхэмжилж байна. Мөн цаашид шаардагдах эмчилгээг хийлгэмээр байна” гэх мэдүүлэг[2],

3. Иргэний нэхэмжлэгч У.Хишигсайханы 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн: “...Батнаран төвөөс анх машиныг жолоодож явахдаа архи уугаагүй байсан. “Ерөө” гол дээр очоод 075 граммын шилтэй “Хараа” архи 1 шил, 2,5 литрийн савалгаатай 1 сав пиво авсныг Батнаран, Мөнхбат, бид 3 хувааж уусан. ...Батнаран бид 2 хамаатны хүмүүс байгаа юм. Батнаран миний дүүтэй амьдарч байсан. Тэгэхээр би машинаа үнэлүүлж хохирол гаргуулах шаардлагагүй. Миний бие зүгээр байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй” гэх мэдүүлэг[3]

4. Гэрч С.Мөнхбатын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “... 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр найз Батнаран, Хишгээ, Энхтуяа, Отгоо, тэгээд Отгоогийн банди гээд 5 том хүн, 1 хүүхэдтэй бид нар “Ерөө” гол руу явсан. Тэгээд өдөр буцаж яваад машин онхолдсон. Машин хэдэн км/цагийн хурдтай явсныг бол хараагүй, их хурдтай явсан, Энхтуяа архи уучихаад аажуухан яваач гээд байсан. Ямар ч байсан хүүхдийн толгойноос цус гарсан байхаар нь эмнэлэг рүү явуулсан, Энхтуяагийн гар гэмтсэн, Отгоо бол ухаангүй байсан тул эмнэлэг рүү явуулсан, харин Батнаран, Хишгээ бид нар зүгээр байсан” гэх мэдүүлэг[4]

5. Гэрч У.Жадамбын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “ Тэр өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим би мотоциклтой “Их алт” гэх газраас ирж явсан. Улаангүүр өнгөрөөд “Ерөө” гол руу салдаг замын ойролцоо миний хажуугаар 1 жижиг машин их хурдтай явж өнгөрсөн. Тэгээд би тоосонд дарагдаад явж байтал урд шороо босоод явчихсан. Тэгээд дөхөж очтол миний хажуугаар давхиж явсан машин онхолдож замын хажууд хүүхэд уйлаад байхаар яваад очтол урд талын суудал дээр нэг эмэгтэй хэвтчихсэн, арын суудалд 2-3 хүн байсан. Тэгээд нэг эрэгтэй хүүхэд уйлаад байхаар нь машинаас гаргасан чинь намайг 2 аниа дээр хүргээд өгөөч гэсэн. Би гэрийг нь мэддэг болохоор гэрт нь хүргэж өгсөн. Онхолдсон машин миний хажуугаар өнгөрөхдө 80-100 км цагийн хурдтай явсан байж магадгүй, шороо бужигнаад юу ч харагдаагүй. Тухайн үед машин зам ямар ч саадгүй байсан, би мотоцикльтэй явж байсан, нөгөө онхолддог машин араас ирээд гүйцэж түрүүлээд явсан, тухайн үед зам чөлөөтэй байсан“ гэх мэдүүлэг[5],

6.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 564 дугаартай

1. Д.Энхтуяагийн биед баруун гарын шууны 2 яс болон зүүн далны тогооны битүү хугарал, тархины доргилт, зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “ХҮНДЭВТЭР” зэргийн гэмтэл болно.

4. Д.Энхтуяагийн биед учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт[6],

7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 174 дугаартай

1. О.Отгонжаргалын биед тархи доргилт, ташаа ясны дэлбээ хэсгийн хугарал, цууралт, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “ХҮНДЭВТЭР” зэргийн гэмтэл болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт[7],

8. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Мөнхбатын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай

1. Жолооч Ё.Батнаран нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. “а) согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Нэгдүгээр хариултаар хариулсан.

3. Жолооч Ё.Батнаран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. а) согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

4. Жолооч Ё.Батнаран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д тус тус зааснаар “Зам тээврийн осол” гэсэн нэр томъёоны тайлбар хэсэгт: “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах”-ыг хэлдэг тул энэхүү осол нь зам тээврийн осол мөн. 5.Нэгдүгээр хариултаар хариулсан” гэх шинжээчийн дүгнэлт[8],

9. Шүүгдэгч Ё.Батнарангийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өглөө гэрээсээ гарахад Дулаанхаан тосгонд амьдардаг Хишигсайхан манай хашаанд машиндаа унтаж байсан. Ингээд би очиж сэрээгээд мэнд мэдээд Бугант тосгоны төвөөр машиныг нь жолоодоод дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн “Хараа” архи аваад явж байгаад Мөнхбаттай тааралдаж Хишигсайханы машинд суулгасан. ...”Ерөө” голын эрэг дээр очоод дэлгүүрээс авсан 1 шил 0,75 литрийн “Хараа” архиа хувааж уугаад хэсэг юм ярьж сууж байгаад буцаад “Бугант” тосгоны төв орохоор явахдаа би Хишигсүрэнгийн машиныг жолоодон явж байгаад замын хажуу руу орж онхолдсон. ...Тэгээд бид нар машиныхаа хаалгыг онгойлгон гарч ирэхэд Отгонжаргал ухаан алдсан байсан. Хиймэл амьсгал хийж байх үед цагаан өнгийн машинтай залуу ирж таараад эмнэлэг, цагдаа дуудсан.Тухайн үед би 45 км цагийн хурдтай явж байсан. Би машин жолоодоод хажууд Отгонжаргал хүүхэдтэйгээ суугаад жолоочийн ард Хишигсайхан, голын суудалд Энхтуяа, хажуугийн арын суудалд Мөнхбат сууж явсан. Тухайн зам их дэржигнүүртэй, хонхороос зайлж гарах гэж байгаад хажуу тийш нь дараад тэгээд замын хажуу руу онхолдсон. Би Отгонжаргал, Энхтуяа нарын эмчилгээнд тус бүр 350,000 төгрөг өгсөн. Цаашид дээрх хүмүүст эмчилгээний мөнгө өгнө. Би өөрийн хийсэн буруутай зүйлдээ маш их харамсаж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг[9],

10. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[10],

           11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[11]

           12. Гэрэл зургийн үзүүлэлт[12]

           13. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл[13]

           14. Согтуурал шалгасан тухай тэмдэглэл[14]

           15. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15]

            16. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл[16]

            17. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт[17]

          18. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[18]       

19. Ё.Батнарангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг[19], 20. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20] зэрэг болно.

   Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ё.Батнарангийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Ё.Батнарангийн гэмт үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Энхтуяагийн биед баруун гарын шууны 2 яс болон зүүн далны тогооны битүү хугарал, тархины доргилт, зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч О.Отгонжаргалын биед тархи доргилт, ташаа ясны дэлбээ хэсгийн хугарал, цууралт, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл тус тус тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Энхтуяа, О.Отгонжаргал нарт шүүгдэгч Ё.Батнарангийн зүгээс эмчилгээний зардалд тус бүр 350,000 төгрөгийг төлсөн, хохирогчдын зүгээс эмчилгээний зардлын нотлох баримтыг бүрэн бүрдүүлж ирээгүй байх тул хохирогч нар нь цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлан өгсөн болно.

Иймд шүүгдэгч Ё.Батнаран нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

                              Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар

          Шүүгдэгч Ё.Батнаран нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг төлж, хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогч нараас уучлалт гуйж, тэдэнд цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ё.Батнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.Батнаранд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор тогтоосон.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Энхтуяа, О.Отгонжаргал нар нь цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлан өгөв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.

            Ялтан Ё.Батнаранд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 


[1] Хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 27-28, 29 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 62 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 66 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 80-81 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 2 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 3-4 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 5-12 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 13 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 16-19 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 56-57, 63-64, 67-69 дүгээр тал

[16] Хавтаст хэргийн 70-71 дүгээр тал

[17] Хавтаст хэргийн 72 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 77-79 дүгээр тал

[19] Хавтаст хэргийн 80-81 дүгээр тал

[20] Хавтаст хэргийн 95 дугаар тал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шарнууд овогт Ёндонжунайгийн Батнаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шарнууд овогт Ёндонжунайгийн Батнаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ё.Батнаранд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.Батнаранд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ё.Батнаран нь хохирогч Д.Энхтуяа, О.Отгонжаргалын эмчилгээний зардалд тус бүр 350,000 (гурван зуун тавин мянган) төгрөг төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч Д.Энхтуяа, О.Отгонжаргал нар нь цаашид өөрийн биед учирсан гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхисугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ё.Батнаранд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Ялтан Ё.Батнаран нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ё.Батнаранд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ