Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00997

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/05426 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

Төрд учирсан хохиролд ******* гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан төрд учруулсан хохиролд ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...******* нэхэмжлэл гаргах эрхгүй, төрд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолоход нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

4.1. Хариуцагч ******* нь ******* сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны Техник тоног төхөөрөмжийн судалгаа, мэдээлэл, зээлийн гэрээ хариуцсан мэргэжилтэн******* үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, /хх-9/

 

4.2. ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч харьяа шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01429 шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ******* төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1864 дугаар магадлал, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тус тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, /хх 11-30/

4.3. Улмаар ******* сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 сарын 20-ны дугаар Б/10 тушаалаар******* ажилд эгүүлэн томилж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр түүний ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт******* төгрөгийг *******-аас гаргуулан шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* төгрөгийг төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. /хх 31, 32-37, 41/

 

4.4. Зохигч талууд******* хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд төрөөс******* төгрөгийг олгосон талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, төрд хохирол учирсан эсэх талаар болон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар маргажээ.

 

5. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.

Тодруулбал, ******* сан-г Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд ******* сан нь Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагааг явуулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ******* сан-г, Мал хамгаалах сан-тай нэгтгэж, Хөдөө аж ахуйг дэмжих сан-г байгуулсан. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуй корпораци ТӨХХК-ийг байгуулжээ.

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар засгийн газрын тусгай сан" гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг ойлгох бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.17-д зааснаар Засгийн газрын Тусгай сангийн захирагч нь төсвийн шууд захирагч байхаар, төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоохоор заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан, хариуцагч нь ******* сан-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тухайн сангийн мэргэжилтэн******* ажлаас чөлөөлсөн байх тул хариуцагчийн төрд хохирол учруулаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч ******* нь зөвхөн өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан бол хариуцлага хүлээнэ.

 

5.2. Хариуцагч ******* нь сангийн удирдах албан тушаалыг эрхэлж байхдаа Хөдөлмөрийн тухай хууль болон тухайн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм, журмыг баримтлалгүйгээр хууль бусаар******* ажлаас чөлөөлсөн, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг төр хариуцан олгожээ.

 

5.3. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01429 шийдвэрээр******* урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон боловч ажилд нь эгүүлэн томилоогүйгээс хохирол учирсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр түүний ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг дахин тогтоож шийдвэрлэсэн үйл баримтаар тогтоогдож байна.

 

5.4. Хариуцагч ******* нь дээрх хугацаанд ******* сан-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн томилоогүй нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шууд санаатай үйлдэл /эс үйлдэхүйн/ улмаас төрд учирсан хохирлыг хариуцах учиртай гэж үзнэ.

 

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдад гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар заасан.

******* сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №Б/57 тоот тушаалаар******* ажлаас чөлөөлсөн байх бөгөөд дээрх үйл ажиллагааны улмаас үүссэн хохирол болох ******* төгрөгийг ******* сангаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулжээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас дээрх төлбөрийг гаргуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2023/02043 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/5020 тоот албан бичгээр *******д материалыг хүргүүлж, ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Иймд гэм хорын төлбөрийг буруутай этгээдээс шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

6.1. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******ас төрд учирсан хохиролд ******* төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/05426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.БАТЧИМЭГ 

 

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.ХУЛАН