| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0146/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 142
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Г.Цолмонгэрэл,
шүүгдэгч М.Зоригт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хэтийнхэн овогт Мияажавын Зоригтод холбогдох эрүүгийн 1931000000151 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэтийнхэн овогт Мияажавын Зоригт, Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Буурхээр 8 дугаар багийн 5 дугаар хэсгийн 134 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, РД:/ПЖ95051010/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.Зоригт нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан С.Төмөрбаатарын өмчлөлийн хээр зүсмийн 1/нэг/ тооны гүүг завшиж 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Зоригт мэдүүлэхдээ: “...Тэр адуу манай адуунд Алтанбулагийн наадмаас өмнө ирсэн юм. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай адуун дунд хээр гүү орчихсон байсан. Тэгээд нэлээн хэд хоног манай адуун дунд байсан. Манай Баяраа гэдэг найз мөнгө хэрэгтэй байна гэхээр нь тэр гүүг зарвал зарахгүй юу өөрөө мэд гэхэд зарчихсан юм. Тэгэхэд би харьж явсан ч Баяраа хүргээд өг гэсэн болохоор нь буцаж явсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Эрүүгийн 1931002140136 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох ( Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)
1. Хохирогч С.Төмөрбаатарын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “... 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр Мягмаржаргалын утас руу Хөхөө гэх залуу утасдаж танай хээр гүү манай адуунд байхгүй байна гэж хэлсэн байсан. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Бадмаараг гэх танилдаа алга болсон хээр гүүнийхээ талаар хэлэхэд ПСМК байдаг нядалгааны газар байсан талаар хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар сумын мал нядалгааны газарт очиж хяналтын камер шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед манай хээр гүүг түрийтэй гуталтай залуу хөтлөж оруулж ирээд задгай хашаанд уяж үлдээгээд маргааш нь 92-68 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад гарч буй нь бичигдсэн байсан. Тэгээд уг адууг Сүхбаатар сумаас гарахад гарал үүслийн гэрчилгээ авсан байх учиртай гээд 5 дугаар багийн малын эмч рүү утасдаж асуухад Мөнх-Эрдэнэ гэх залуу бүдүүн Баатараас 2 гүү худалдаж авсан гэж хэлээд бичүүлсэн талаар хэлсэн. Тэгээд малын эмч Мөнх-Эрдэнэ рүү залгаж яагаад хулгайн адуунд гарал үүслийн бичиг бичүүлж байгаа юм бэ гэтэл уучлаарай гүүг Зоригоогоос авсан, хулгайн адуу болж таарлаа гэж хэлсэн байсан.”гэх гэрчээр өгсөн мэдүүлэг[1],
2.Хохирогч С.Төмөрбаатар 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...Манай хээр зүсмийн гүү 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байх Алтанбулаг сумын наадмын үеэр өөрийн адуунаас салаад Хөхөө гэгчийн адуутай нийлсэн байхаар тоогоогүй. Тэрнээс хойш алга болсон. Миний бодлоо бэлчээр дээрээс алга болсон” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Л.Баярмэндийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Сэлэнгээс орж ирсэн 2 гүү миний санаж байгаагаар хээр зүсмийнх байсан” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Г.Даланбаярын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “... Би өнгөрсөн хавар 04 дүгээр сарын сүүлчээр хэд хоног Зоригоогийн адууг маллаж байсан. Тэгээд буцаагаад хүлээлгээд өгөх гэтэл нэг гүү алга болсон байна гэж байсан. Тэр үед би ямар зүсмийн адуу алдсанаа сайн мэдээгүй. Сүүлд хорин хэдэн хоногийн өмнө Зоригоогийнд очсон чинь “чиний алдсан хээр гүү чинь гүйгээд ирсэн” гэж надад хэлэхээр нь хээр зүсмийн гүү байсан. Зоригоо миний өөрийн гүү гэж хэлэхээр нь түүний өөрийнх нь гүү юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг [4],
4. Гэрч Д.Амгаланбаатарын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Зоригоо гэх залуу хээр гүү тууж ирсэн. Тэгээд ямар учиртай болохыг асуухад миний өөрийн гүү байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5],
5. Гэрч М.Түвшинжаргалын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Тухайн мал эмнэлгийн гэрчилгээ бичихдээ гадагш явж байгаа малыг харж байж бичих ёстой. Тухайн үед миний таньдаг хүн ярихаар итгээд бичээд өгсөн юм” гэх мэдүүлэг[6],
6. Гэрч С.Мөнх-Эрдэнийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Надад морь зарсан залууг таньдаг гэх Зоригоо гэх залуу морьтой явж байсан болохоор миний худалдаж авсан адууг ПСМК-д байрлах нядалгааны газар хүргэж өгсөн” гэх мэдүүлэг[7],
7. “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ/518-004 дугаартай “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт[8],
8. Яллагдагч М.Зоригтын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Намайг иргэн Бадрахын адууг маллаж байхад Алтанбулаг сумын наадам болох үеэр ямар нэг им тамгагүй хээр зүсмийн 1 тооны гүүг манай азарга өөрийн гүүнүүдийн хамт хураачихсан байсан. Уг адууг Бадрахын адууг хүлээлгэж өгөхдөө хамт туугаад ирсэн. Даланбаяр мөнгө төгрөгний асуудалтай байгаа гэхээр өрийг нь өгөх гээд хээр зүсмийн гүүг өөрийн гүү гэж ойлгуулаад ченж дуудаж бэлэн мөнгөөр өгөхөөр тохирсон” гэх мэдүүлэг[9],
9. Мал эмнэлгийн гэрчилгээ [10]
10. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[11]
11. Шүүгдэгч М.Зоригтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[12],
10. Хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын санал[13] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
1.Шүүгдэгч М.Зоригтод хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч М.Зоригт нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан иргэн С.Төмөрбаатарын өмчлөлийн хээр зүсмийн 1 /нэг/ тооны гүүг завшиж, 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч С.Төмөрбаатарын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “... 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр Мягмаржаргалын утас руу Хөхөө гэх залуу утасдаж танай хээр гүү манай адуунд байхгүй байна гэж хэлсэн байсан. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Бадмаараг гэх танилдаа алга болсон хээр гүүнийхээ талаар хэлэхэд ПСМК байдаг нядалгааны газар байсан талаар хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар сумын мал нядалгааны газарт очиж хяналтын камер шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед манай хээр гүүг түрийтэй гуталтай залуу хөтөлж оруулж ирээд задгай хашаанд уяж үлдээгээд маргааш нь 92-68 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад гарч буй нь бичигдсэн байсан. Тэгээд уг адууг Сүхбаатар сумаас гарахад гарал үүслийн гэрчилгээ авсан байх учиртай гээд 5 дугаар багийн малын эмч рүү утасдаж асуухад Мөнх-Эрдэнэ гэх залуу бүдүүн Баатараас 2 гүү худалдаж авсан гэж хэлээд бичүүлсэн талаар хэлсэн. Тэгээд малын эмч Мөнх-Эрдэнэ рүү залгаж яагаад хулгайн адуунд гарал үүслийн бичиг бичүүлж байгаа юм бэ гэтэл уучлаарай гүүг Зоригоогоос авсан, хулгайн адуу болж таарлаа гэж хэлсэн байсан.”гэх гэрчээр өгсөн мэдүүлэг[14],
-мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Зоригтын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Намайг иргэн Бадрахын адууг маллаж байхад Алтанбулаг сумын наадам болох үеэр ямар нэг им тамгагүй хээр зүсмийн 1 тооны гүүг манай азарга өөрийн гүүнүүдийн хамт хураачихсан байсан. Уг адууг Бадрахын адууг хүлээлгэж өгөхдөө хамт туугаад ирсэн. Даланбаяр мөнгө төгрөгний асуудалтай байгаа гэхээр өрийг нь өгөх гээд хээр зүсмийн гүүг өөрийн гүү гэж ойлгуулаад ченж дуудаж бэлэн мөнгөөр өгөхөөр тохирсон” гэх мэдүүлэг[15],
-мөрдөн байцаалтад гэрч М.Түвшинжаргалын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Тухайн мал эмнэлгийн гэрчилгээ бичихдээ гадагш явж байгаа малыг харж байж бичих ёстой. Тухайн үед миний таньдаг хүн ярихаар итгээд бичээд өгсөн юм” гэх мэдүүлэг[16],
-мөрдөн байцаалтад гэрч С.Мөнх-Эрдэнийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Надад морь зарсан залууг таньдаг гэх Зоригоо гэх залуу морьтой явж байсан болохоор миний худалдаж авсан адууг ПСМК-д байрлах нядалгааны газар хүргэж өгсөн” гэх мэдүүлэг[17],
-“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ/518-004 дугаартай “...Тайлгаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт[18], шүүгдэгч М.Зоригтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[19], шүүгдэгч М.Зоригтын Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт[20], хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын санал[21], Мал эмнэлгийн гэрчилгээ[22], камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Зоригт нь “...гэм буруугаа ойлгож байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэж чин санаанаасаа гэмшсэн бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч М.Зоригт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа ойлгож байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Зоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Алдуул мал завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Шүүгдэгч М.Зоригтод хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч М.Зоригтод хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Зоригт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчоос гомдол саналгүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч М.Зоригт нь энэхүү тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурьдав.
[1] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 08 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 09 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 75 дугаар тхуудас
[21] Хавтаст хэргийн 79 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 08 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 09 дүгээр хуудас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хэтийнхэн овогт Мияажавын Зоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зоригтыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Зоригтийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 650 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Зоригтод анхааруулсугай.
5.Ялтан М.Зоригт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан М.Зоригтод урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.АМАРГЭРЭЛ