| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0145/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 141
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч А.Энхтуяа,
хохирогч Э.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч У.Оюунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Зүүвчийн морьтон овогт Ууганбаярын Оюунжаргалд холбогдох эрүүгийн 1931002530147 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Зүүвчийн морьтон овогт Ууганбаярын Оюунжаргал, Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 1 дүгээр цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 18 дугаар байрны 06 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/ТЗ90100802/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч У.Оюунжаргал нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ганзам 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 6 дугаар байрны 43 тоотод оршин суух Э.Болор-Эрдэний гэрт очиж түүнийг үснээс нь зулгаан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Оюунжаргал мэдүүлэхдээ: ”...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Э.Болор-Эрдэний гэрийн 7 давхарт найзындаа хоносон юм. Маргааш өглөө нь 9-10 цагийн хооронд цонхоор хартал манай нөхрийн машин гадаа байсан тул хаанаас гарч ирэхийг нь харах гэж өдөр 13 цаг хүртэл хүлээхэд Э.Болор-Эрдэнэтэй гарч ирсэн юм. Тэгээд уулзах гээд гарч иртэл энэ 2 хөдлөөд явчихсан тул найзынхаа машиныг авч араас нь явсан. Тэр өдөр нөхөрлүүгээ зөндөө залгасан ч миний утасыг аваагүй. Тэгээд нөхөр маань энэ хүүхнээс салчихаад надруу залгахад нь харсан гэдгээ хэлтэл жаахан бантаж байгаад тасалсан. Э.Болор-Эрдэний дугаарыг хүнээс олж байгаад гэрт орсон. Тэгээд би нөхрөө гэртэй хоноогүйг мэдэж байсан ч тухайн үед энэ хүний гэрт хоносон юм болов уу гэж бодсон ч үгүй байсан. Энэ хүний утсыг үзтэл өглөөний 8 цаг 32 минутаас эхлэн 41 минут хоорондоо ярьсан байсан юм. Намайг гэрт нь ороход цонхоор харахад өмнө нь өмсөж байсан хувцсаа сольчихсон байсан. Тэгээд би хувцсаа сольчихсон байна гэсэн чинь “Тэгсэн яасан юу болсон юм, танай нөхөр байхгүй” гэх зүйл хэлсэн тэгэхээр нь би шууд дайрсан гэтэл эхэндээ “үгүй” гэж байснаа сүүлдээ “саяхан ороод гарсан” гэж хэлсэн. Өмнө нь хүртэл манай нөхрөөс мөнгө төгрөг зээлж байсан, мөн ажлынхантайгаа гадуур явдаг байсан ч тэр үед би тоогоогүй. Анхнаасаа чамтай хардаж явж байгаагүй тэр байранд манай нөхрийн нэг ч найз байдаггүй тул би гайхсандаа хүлээж зогссон. Э.Болор-Эрдэнэтэй гарч ирэхэд нь би өөрөө хүртэл гайхаж балмагдсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр энэ үйл явдал болсон. Би урьд орой нь дүүгийндээ хоночихоод өглөө нь гэртэй очсон юм. Тус байрыг би түрээслэдэг байсан. Тэгээд ойрын хугацаанд түрээслээгүй байсан тул цэвэрлэгээ хийх санаатай тэнд очсон юм. Гэтэл 8 өнгөрч байхад Мөнхсайхантай 40-өөд минут ярьсан. Яагаад гэвэл бид хоёр хамт ажилладаг байсан. Ноднингоос эхлэн босоо удирдлагатай болж манай ажлын байр “нэг цонхны үйлчилгээ” болж шинэ худалдааны төвд байдаг болсон тул уулзалдаагүй жил гаруй хугацаа болсон байсан. Би эдний нөхөртэй 1 ч удаа гадуур гарч орж байгаагүй. Тэр өглөө бол би гэртэй харихыг зөвлөсөн, магадгүй би хаягаа хэлсэн байж болно. Тэгээд манайд ирсэн тэгэхэд нь би чи гэртэй харь, бэлэн хоол авч ид, би чамд бантан хийж өгмөөргүй байна гэж хэлсэн. Хэрвээ яриаг нь сонсож болдог бол тодорхой сонсогдоно. Гэтэл өөдөөс бэлэн хоол авах гэхээр дэлгүүр онгойгоогүй байна чи надад хийгээд өг гээд байсан. Өглөө 8 битгий хэл орой 00 цагт залгасан ч би утсаа авна яагаад гэвэл бид 2 энгийн харилцаатай хүмүүс юм. Тэгээд камерын бичлэгэнд бол 10 цаг 30 минутад манайд ирсэн байдаг. Үнэхээр хардсанаасаа болоод надад итгэхгүй байгаа. Нөхөрт нь ир гэж хэлээгүй байхад өөрөө ирсэн. Тэгээд хаалга тогшсон нэгэнт ирсэн хүнийг би оруулахгүй байж чадахгүй. Би бантан хийж өгсөн мах гэсэх хооронд нэлээн ярилцсан. 12 цаг 57 минутад бид 2 гарч ирсэн камерын бичлэг байгаа. Би гэр бүлийн зураг авах ёстой гарах хэрэгтэй байна гэж байж Мөнхсайханыг гэрээсээ гаргасан. Хэрвээ тэгээгүй бол Мөнхсайхан манайд суугаад л байх байсан. Би дайгдсан нь үнэн. Мөнхсайхан манайд согтуу орж ирээгүй. Тэгээд зурагчин ороход хаалттай байсан тул буцаад гэртэй ирсэн. Оюунжаргал надтай ярихад би мэдсэн ч энэ хүн Мөнхсайханы эхнэр байна гэж ерөөсөө хэлээгүй. Өөртэй чинь уулзмаар байна л гэсэн. Буцаж явах замдаа машинд Мөнхсайхантай утсаар ярихад нь л би мэдсэн. Тэгээд яав юу болов гэж асуухад Мөнхсайхан надад Оюухай байна, хардаж байна гэсэн. Тэгээд би тэнэг хүн биш эвгүй байдалд орчихлоо гэж бодсон. Мөнхсайханд би ийм балай юманд хутгалдмааргүй байна шүү гэхэд надад “зүгээр ээ” гэж хэлсэн Мөнхсайхан угийн тайван хүн гэхдээ их хариуцлагагүй. Би хэрэлдээд л өнгөрөх биз учраа хэлье л гэж бодон гэрээ зааж өгсөн. Надаас өөр хүн бол гэрээ зааж өгөхгүй шүү. Тэгээд Мөнхсайханд эхнэр чинь залгаж байна хүрээд ир гэхэд би гадуур явж байна гэсэн. Оюунжаргалтай хэл амаараа учраа олох байх гэж бодсон ч салгалж чичирсэн нэг л эвгүй орж ирсэн. Тэгээд чи яасан ямар эвгүй орж ирдэг юм гэхэд өөдөөс янз янзын юм яриад л эхэлсэн. Учрыг нь тайлбарлах гэхээр нь үсдэж аваад зодоод байсан. Гэхдээ би утсаар цохьсон гэж мэдүүлэг өгөөгүй. Угаасаа Оюунжаргалын өөдөөс гар минь хүрэх ч үгүй юм билээ. Мэдээж зодуулсандаа гомдолтой байна. Надад хоносон хоносон л гэж дайрч байсан ч одоо өөр зүйл ярьж байна. Тэгээд ерөөсөө хүний үг сонсох чадваргүй. Хэсэг тайвшраад уйлсан юм. Би тэгээд учраа хэлэн тайлбарлаад буруу ойлгож байна гэж хэлтэл хүний үг ойлгохгүй дайраад байсан. Мөн чи бид хоёрыг мэдчихсэн байна гэж Мөнхсайхантай ярь гэж надад тулгасан. Би үгүй гэсэн юм. Тэгээд ноцолдоод салахгүй болохоор нь би Мөнхсайхантай яриад эхнэрээ ирж ав намайг алах нь гэхэд өөдөөс цагдаа дуудаад өг гэж байсан. Тийм хариуцлагагүй хүмүүс. Тэр өдөр би хариуцлагатайгаар хэлэхэд хагас сайн өдөр газрын дуудлага худалдаа цахимаар болж байсан тул очих ёстой байсан юм. Тийм учраас хувцсаа сольчихсон байсан. Тэгээд зодчихоод яваад өгсөн. Би ажилдаа явах гээд гарах гэтэл толгой эвгүй болоод унасан би угийн даралт өндөртэй хүн. Маш муу характертай хүн байна лээ. Тэгээд орой нь тэсэлгүй гарч эмнэлэг орсон юм. Эмнэлэг ороход миний даралт 180-120 байсан. Энэ хүүхэн намайг тийм хэцүү байдалд оруулсан. Гэтэл хэд хоногийн дараа надад одоо хоёулаа шившигээ дэлгэе гэж мессеж явуулсан надад дэлгэх шившиг байхгүй шүү. Би энэ бүрээр дахин шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэнэ, гомдолтой байна. Би хэнд ч бантан хийж өгнө, яагаад болохгүй гэж” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Эрүүгийн 1931002140136 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох ( Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)
3.Хохирогч Э.Болор-Эрдэний 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Хаалга тогшихоор нь онгойлгоход Мөнхсайханы эхнэр орж ирээд та хоёр ингэж заваардаг уу? Мөнхсайхан урьд шөнө танайд хоносон, өглөө танайхаас чамтай хамт гараад явсан гэх мэтээр хэлээд дайрч давшлаад эхэлсэн. Тэгэхэд нь болсон явдлын талаар тайлбарлах гэж хичээсэн боловч миний үснээс зулгаагаад гар утсаараа миний толгой руу цохиж аваад цээж рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг[1],
4.Гэрч Э.Сарангуагийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Дараа нь надтай таараад ярихдаа тэр хүүхнийг гэртээ ирснийх нь дараа гэрт нь очиж тэр хүүхэнтэй уулзаж, хэрүүл маргаан хийсэн талаар ярьж байсан” гэх мэдүүлэг[2],
5.Гэрч Т.Сэлэнгээгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...У.Оюунжаргал Э.Болор-Эрдэнэ гэх хүүхэн рүү утасдаад танайх хаана байдаг юм уулзъя, ярилцъя гээд байсан. Тэгж байгаад Э.Болор-Эрдэнийх нь танай 10 давхарт байдаг юм байна. Би орчихоод ирье гээд гарсан. Хэсэг хугацааны дараа орж ирээд тэр хүүхнийг нь зодчихоод ирлээ гэж байсан” гэх мэдүүлэг[3],
6.Гэрч П.Мөнхсайханы 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эхнэр бид хоёр маргалдаад би найз Батбаярынд очиж хоночихоод өглөө 07 цагийн үед гэртээ харьсан чинь манай эхнэр байхгүй байсан. Ажлынхаа нэг өрөөний хүүхэн болох Э.Болор-Эрдэнээс “бантан хийгээд өгөөч” гэж гуйсан... Э.Болор-Эрдэний гэрээс гараад машинд сууж байхыг эхнэр харсан юм шиг байна лээ. ...Ямар ч байсан Э.Болор-Эрдэнэ нар руу залгаад танай эхнэр чинь ирчихээд намайг зодож, цохиод байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[4],
7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 191 дугаартай актын дүгнэлт хэсэгт:
1. Э.Болор-Эрдэний биед тархи доргилт, хацар, бүсэлхийд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт[5],
8.Шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...дагзны хөшилт, хөдөлгөөний хязгаарлалттай, нүдний алим бага зэрэг чичирхийлэлтэй байгаа нь тархи доргилт гэдгийг нотолж байна” гэх мэдүүлэг[6],
9.Шүүгдэгч У.Оюунжаргалын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Э.Болор-Эрдэнэ Мөнхсайхан руу утасдаад “хөөе эхнэр чинь ирчихээд намайг аллаа” гэх мэтийн юм чанга чанга яриад эхлэхээр нь гэнэт миний дургүй хүрээд том өрөөнд нь Э.Болор-Эрдэний үснээс нь зулгааж аваад зууралдаж, түлхсэн. Тэгээд буйдан дээр нь дээр доороо орж ноцолдсон юм” гэх мэдүүлэг[7],
10. Шүүгдэгч У.Оюунжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[8],
11. Хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын санал[9] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
1.Шүүгдэгч У.Оюунжаргалын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч У.Оюунжаргал нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ганзам 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 6 дугаар байрны 43 тоотод оршин суух Э.Болор-Эрдэний гэрт очиж, хардалтын улмаас түүнийг үснээс нь зулгаан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-мөрдөн байцаалтад хохирогч Э.Болор-Эрдэний 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Хаалга тогшихоор нь онгойлгоход Мөнхсайханы эхнэр орж ирээд та хоёр ингэж заваардаг уу? Мөнхсайхан урьд шөнө танайд хоносон, өглөө танайхаас чамтай хамт гараад явсан гэх мэтээр хэлээд дайрч давшлаад эхэлсэн. Тэгэхэд нь болсон явдлын талаар тайлбарлах гэж хичээсэн боловч миний үснээс зулгаагаад гар утсаараа миний толгой руу цохиж аваад цээж рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг[10],
-мөрдөн байцаалтад шүүгдэгч У.Оюунжаргалын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Э.Болор-Эрдэнэ Мөнхсайхан руу утасдаад “хөөе эхнэр чинь ирчихээд намайг аллаа” гэх мэтийн юм чанга чанга яриад эхлэхээр нь гэнэт миний дургүй хүрээд том өрөөнд нь Э.Болор-Эрдэний үснээс нь зулгааж аваад зууралдаж, түлхсэн. Тэгээд буйдан дээр нь дээр доороо орж ноцолдсон юм” гэх мэдүүлэг[11],
-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 191 дугаартай “...Э.Болор-Эрдэний эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт[12], шүүгдэгч У.Оюунжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[13], шүүгдэгч У.Оюунжаргалын Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын санал[14] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хэрэг учрал болохын өмнөх өдөр шүүгдэгч У.Оюунжаргал нь гэр бүлийн хүнтэйгээ муудалцан, нөхөр нь гэртээ ирж хоноогүй бөгөөд түүний нөхөр Мөнхсайхан хамт ажилладаг Болор-Эрдэний хамт орцноос нь гарч ирээд машин суугаад явсныг шүүгдэгч харсан учраас хардалтын улмаас тухайн нөхцөлд Э.Болор-Эрдэний гэрт очиж түүнийг үснээс нь зулгаан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Иймд шүүгдэгч У.Оюунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Оюунжаргалын нь хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч У.Оюунжаргалд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Мөн шүүгдэгч У.Оюунжаргал нь 3 бага насны хүүхэдтэй, хүүхэд асрах жирэмсний болон амаржсаны амралттай, нялх хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, бусад орлого олох боломжийг харгалзан 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч У.Оюунжаргал нь энэхүү тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч У.Оюунжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурьдав.
[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 17 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 21 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 30 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 48 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 48 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 57 дугаар тал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Зүүвчийн морьтон овогт Ууганбаярын Оюунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оюунжаргалыг 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Оюунжаргалын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан У.Оюунжаргалд анхааруулсугай.
5. Ялтан У.Оюунжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан У.Оюунжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.АМАРГЭРЭЛ