| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/08596/И |
| Дугаар | 210/МА2026/01063 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01063
*******ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02697 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлх /14070/ 43 дугаар хэсэг гудамж, 4307 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэгдсэн 214.88 м.кв хувийн сууцыг 2023 оны 09 дүгээр сард хариуцагчид худалдаж хүлээлгэж өгсөн ба гэрээг 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Гэрээний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох ******* төгрөгөөс ******* төгрөгийг хүлээн авсан ба үлдэх төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* төгрөг, үлдэгдэл ******* төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор *******гийн эзэмшлийн *******дугаар дансанд төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1******* төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* төгрөгт тооцож автомашин, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* төгрөг, нийт ******* төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл төлбөр ******* төгрөг болон гэрээний 3.5-д зааснаар хугацаа хэтрүүлсний алданги ******* төгрөг, нийт ******* төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******гаас ******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 3,502,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Миний бие шүүх хуралдаан давхацсан тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхийн цахим хаягаар хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд энэ нь талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, зохигчийн эрх зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн.
4.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх зохигчийн нэг талын эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасныг үндэслэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд тусгай журмын дагуу шийдвэрлэх ёстой байтал уг процессыг алгасаж, хуралдааныг үргэлжлүүлсэн нь процессын ноцтой алдаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдлоо 3 үндэслэлээр гаргасан байх бөгөөд хүсэлт хангаагүй, нотлох баримт гаргах эрхээр хангаагүй гэх үндэслэлийг нэгтгэж тайлбар гаргая. ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр*******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 11 дүгээр сарын 19-ний өдөр хариу тайлбараа ирүүлсэн. 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Анхан шатны шүүх дараагийн шүүх хуралдааныг товлохдоо талуудын боломжит цагийг харгалзан, харилцан тохиролцсоны үндсэн дээр 30 хоногийн дараа буюу 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр товлосон. Тухайн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан учир хурал хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангасан учир уг хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзаж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 124 хоног, хариу тайлбар өгснөөс хойш 96 хоногийн дараа шүүх хуралдааныг товлосон. Иймд хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримт гаргах, цуглуулах хангалттай хугацаа байсан. Шүүх хуралдаан үргэлжлэх явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Тухайн үед миний бие татгалзал гаргаж буй этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн аль үндэслэлээр татгалзаж байгаагаа тодорхойлох шаардлагатай, үндэслэлээ тодорхой заагаагүй тохиолдолд миний бие холбогдох тайлбарыг гаргах боломжгүй байна гэж байр суурийг илэрхийлсэн. Үүний дараа шүүгч хариуцагчийг татгалзлын үндэслэлээ тодруулахыг шаардахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь саяын хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзаж байна гэж тайлбарласан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Уг үндэслэлтэй холбогдуулан Улсын Дээд Шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна гэж заасан. Хэрэв шүүх бүрэлдэхүүн үүнийг хуульд заагаагүй үндэслэл гэж үзвэл тэмдэглэлд тусгаад, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх эрхтэй гэж тайлбар гаргасан. Ингээд шүүх хуралдаан цааш үргэлжилж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нь давж заалдах гомдлын 1 болон 2 дугаар үндэслэлд өмгөөлөх боломжоор хангаагүй, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж дурдсан байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч ******* өмгөөлөгч оролцож байна. ******* нь Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн 200 дугаарт бүртгэгдсэн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий мэргэжлийн өмгөөлөгч. Хэдийгээр тухайн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн статусаар оролцсон боловч тэрээр хууль зүйн өндөр мэдлэгтэй, мэргэжлийн өмгөөлөгчийн хувиар хариуцагчийн эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх бодит чадамжтай байсан. Иймд хариуцагчийг мэргэжлийн өмгөөлөгчгүй оролцуулсан, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарласан гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш шүүх хуралдааны өдөр хүртэлх 124 хоногийн хугацаанд нотлох баримтаа бүрдүүлж, өмгөөлөгчөө сонгох хангалттай цаг хугацаа байсан. Гэвч хариуцагч нь тухайн эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй хэр нь шүүхийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж буруутгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр ******* төгрөг, алданги ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй учир зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Зохигч талууд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлх /14070/ 43 дугаар хэсэг гудамж, 4307 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэгдсэн 214.88 м.кв хувийн сууцыг 2023 оны 09 дүгээр сард хариуцагчид хүлээлгэн өгч, худалдан авагч буюу хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ******* төгрөгийг гэрээний 3.2-д заасан хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байх ба талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв байна. /хх5-7/
3.2. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-д төлбөр төлөх нөхцөл, хугацааг харилцан тохиролцож, ******* төгрөгийг *******Хаан банкны *******тоот дансанд хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийг дээрх дансанд төлж барагдуулахаар заасан байх бөгөөд хариуцагч*******гаас *******гийн Хаан банк дахь *******тоот дансанд ******* төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон.
Учир нь талууд гэрээгээр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэрлэн заасан этгээд болох *******д худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шилжүүлсэн гэж үзнэ.
3.3. Мөн хариуцагч******* болон ******* нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******арлын дугаартай, ******* улсын дугаартай, Toyota, Land cruiser маркийн, хар өнгөтэй, 2013 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай, *******дугаар гэрчилгээтэй сайн чанарын тээврийн хэрэгслийг орон сууцны төлбөрт ******* төгрөгт тооцон шилжүүлэхээр гэрээ байгуулсан /хх 13-14/ буюу хариуцагч*******гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт ******* төгрөгийг төлсөн байна.
3.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр ******* төгрөг, гэрээний 3.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлан ******* төгрөг, нийт ******* төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.
3.5. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох нотолгооны үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй, мөн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа талаар хэн аль нь маргаагүй, талууд гэрээний 3.3-д төлбөрийг бүрэн хүлээн авснаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцсон байх тул үүргийн хэлцлийг үнэн зөв гэж дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгасныг буруутгах үндэслэлгүй.
4. Хариуцагчийн өмгөөлөгч нь ...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн, өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн атлаа татгалзлаа нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй, эрх зөрчсөнөөс хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
4.1. Учир нь, нэхэмжлэгч нь 2025 оны 09 сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх 26-30/
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагт товлон зарласан бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас ...Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, түүнд хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар тус тус гарын үсэг зуржээ. /хх 42, 43/
4.3. Товлон зарлагдсан 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч *******гаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал давхацсан талаарх баримтыг ирүүлсэн байна. Шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд хавсарган ирүүлсэн шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаас үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч *******д 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тов мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байна. /хх 46/
Хариуцагчийн өмгөөлөгч *******д 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн товыг мэдэгдсэн, тов мэдсэн баримтад гарын үсгээ зурсан атлаа хуралдаан давхацсан гэж 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тов мэдэгдсэн баримтыг ирүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
4.4. Мөн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан шүүгчээс татгалзсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №05 дугаартай тогтоолын 5.3-т тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна гэж тайлбарласан тул хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Д.ХУЛАН