| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0151/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 148
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Г.Цолмонгэрэл,
шүүгдэгч Б.Жарантай, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2728/,
шүүгдэгч Х.Отгончимэг, түүний өмгөөлөгч Р.Баярхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2916/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Батчулууны Жарантай, Боржигон овогт Хөтөөгийн Отгончимэг нарт холбогдох эрүүгийн 1831001410128 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Батчулууны Жарантай, Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Буурхээр 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 260 тоотод оршин суух хаягтай, оюуны хөнгөн хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, РД:/МЮ81082514/,
Боржигон овогт Хөтөөгийн Отгончимэг, Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 011 тоотод оршин суух хаягтай, оюуны хүндэвтэр хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, РД:/ОС83041101/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Жарантай нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн дэргэдэх шатахуун түгээх станцын ойролцоо явж байхдаа Б.Баянмөнхийн толгойн зүүн талд чихний орчим чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Отгончимэг нь 2019 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 011 тоотод оршин суух өөрийн гэртээ нөхөр Б.Баянмөнхийн толгойн зүүн талд тоосгоор цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Жарантай нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн дэргэдэх шатахуун түгээх станцын ойролцоо явж байхдаа Б.Баянмөнхийн толгойн зүүн талд чихний орчим чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Х.Отгончимэг нь 2019 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 011 тоотод оршин суух өөрийн гэртээ нөхөр Б.Баянмөнхийн толгойн зүүн талд тоосгоор цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Жарантай, Х.Отгончимэг нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Хохирогч Б.Баянмөнхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ний өдөр хохирогчоор өгсөн: “...Би тухайн үед ихээр архи уудаг байсан тул он, сар, өдрөө санахгүй байна. Манай эхнэр Отнончимэг бид нар архи ууж байгаад миний толгойн зүүн тал руу модоор цохиж толгойноос цус гаргаж байсан. Маргааш нь Буурын голын Жарантай надруу чулуу шидэж, толгойн зүүн хэсэгт онож, эхнэрийн урьд өдөр нь гэмтээсэн шархыг сэдрээж цус гаргасан. Дараа нь гэртээ мөн л архи ууж байхад эхнэр Х.Отгончимэг, Туяацэцэгтэй хардан хэрэлдэж байгаад мөн толгойн зүүн хэсэг рүү тоосгоны хагархайгаар 2 удаа цохисон. Түүнээс хойш миний толгой дүүнгэтээд манараад эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Манай эхнэр эхлээд модоор, дараа нь Жарантай чулуугаар, мөн эхнэр дахиад тоосгоны хагархайгаар цохисон. Эхний өдөр эхнэр модоор, Жарантай чулуугаар цохиход миний хуйх язарч цус гараад байсан. Харин хамгийн сүүлд Х.Отгончимэг хагархай тоосгоор цохих үед миний бие нэг л биш болсон” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Ц.Отгоны 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн: “...Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл алга байна. Миний хүү Жарантай 1981 онд Сэлэнгэ аймагт төрсөн, төрсөн цагаасаа ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн. Сургуульд сураагүй, цэцэрлэгт ч яваагүй, гүрээний судас нь 6 настай байхад нь гэмтээд тэрнээс хойш сэтгэцийн эрүүл мэндийн хувьд өөрчлөлтэй болсон. Бичиг үсэг мэдэхгүй, эхнэр хүүхэдгүй, найз нөхөд гэж байхгүй” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч П.Ган-Орхоны 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн: “...Би Баянмөнхийн гэрт нь очиход Баянмөнхийн толгой нүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь цусыг цэвэрлэх гээд Баянмөнхийн толгойг угаахад толгойных нь 3 хэсэг газарт хагарчихсан байсан. Ямар шалтгааны улмаас хэн хагалсан талаар надад хэлээгүй. Архи ууж байгаад ийм зүйл болчихлоо гэж байсан. Мөн энэ өдөр 15 цагийн үед Баянмөнх нь малгай өмсчихсөн аавтайгаа цуг манай гэрт ирсэн. Жарантай нь миний төрсөн ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд юм” гэх мэдүүлэг[3]
4. Гэрч Э.Туяацэцэгийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ний өдөр би Б.Баянмөнх ахын гэрт очиход Б.Баянмөнх ах, эхнэр Отгончимэг нар нь архи уучихсан согтуу хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Миний сонсгол муу учир юунаас болж маргалдаад байсныг мэдээгүй ямар ч байсан хоорондоо маргалдаад зодолдоод Отгончимэг нь Б.Баянмөнх ахыг мод бариад цохиод байсан. Тэр үед Б.Баянмөнх ахын зүүн чихнийх нь дээд талд хавдаад толгой нь хагараад цус аймар их гарч байсан ” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Т.Баянмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн: “...Намайг өглөө очиход Мөнгөнөөгийн зүүн нүд, зүүн дал нь хөхөрсөн байсан. Хэн, хэзээ цохисон болохыг мэдэхгүй. Баянмөнхийн толгойн баруун талд 1, зүүн талд нь ойрхон зайнд 2 хэсэг хагарч цус гарсан байсан. Харин Баянмөнх л толгойгоо боочихсон сууж байсан. Жарантай нь Батмөнхийн толгойн аль хэсэг рүү цохиод толгойных нь хаана, хэр хэмжээний шарх, гэмтэл учруулсан болохыг би хараагүй. Өөр биед нь гэмтэл, шарх харагдаагүй. Отгончимэгийн биед гэмтэл байсан үгүйг анзаараагүй. Харин Жарантайгийн биед гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг[5],
6. Насанд хүрээгүй гэрч О.Итгэл 2018 оны 08 дугаарр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн: “...Манай аав, ээж хоёр архи уусан болон уугаагүй үедээ хоорондоо хэрүүл маргаан зодоон хийж байсан үед зөндөө бий. Аав ажил хийгээд их мөнгө олсон үед аавыг архи уулгаж тасраагаад мөнгийг нь аваад гэрээсээ яваад хонож өнжөөд гэртээ ирдэг ч үе зөндөө байсан. Тэр хоёр зодолдохоороо ээж аавын дээр гарч суугаад багалзуурдаад харин аав үснээс нь татаад ана мана л зодолдож байдаг. Манай аав, ээж хоёр архи уугаагүй үедээ гайгүй зүгээр л байцгаадаг. Харин архи уусан үедээ аав ямар нэгэн зан авир гаргадаггүй. Ээж маань архи ууж, уурласан үедээ чулуу мод аваад аав, дүү бид нар руу дайраад цохиод байдаг. Яагаад тэгэж согтчихдог талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],
7. О.Энэрэл өсвөр насны гэрч О.Энэрэлийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад одоогоос 2 хоногийн өмнө гэхээр 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хичээлдээ өглөө 07 цагт яваад өдөр 11 цагт гэртээ ирэхэд аав, ээж хоёр, Туяа эгчтэй архи уугаад гэртээ байж байсан. Архи ууж байгаад аав руу уурлаад гараараа цохиод ханаруу толгойг нь савж, цохиод аавтай маргалдсан. Аав цохиулснаас болж толгойноос нь цус гараад “өвдөөд байна” гэж хэлээд цусаа арчсан. Хэсэг хугацааны дараа хоорондоо эвлэрч байгаад нь дахиж маргалдаад аав намайг гэрээс дагуулж гараад байшингийн урд ээжээс нуугдахад ээж төмөр сүх бариад аавыг хайсан. Аав ээжээс сүхийг авсан. Гэрлүү ороод ээж аавыг “зайл” гэж хэлээд гараараа нуруу руу нь цохиж байгаа харагдсан. Орой нь цаг хэд болж байгааг мэдэхгүй, Цэнгэл ах манай гэрт ирээд унтсан. Би ч унтаад өгсөн. Цэнгэл ах манайд ирсний дараа ээж, аав хэрэлдэж маргалдаагүй..” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Н.Мөнгөнзулын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим Баянмөнхийн гэрт орж архи уухад Баянмөнхийн толгойноос цус гарчихсан толгойгоо боочихсон байсан. Би Баянмөнхөөс толгойгоог яачихсан юм бэ? гэж асуухад манай эхнэр хагалчихсан гэж байсан. Нэг сэрэхэд Отгончимэг гаднаас орж ирээд Баянмөнхийн дээр гарч суучихаад алгадаж цохиод байсан. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ган-Орхон эгчийн гэрт Баянмөнх толгойгоо алчуураар боочихсон орж ирсэн. Алчуурны цаанаас цус нэвчээд байхаар нь Ган-Орхон эгч Баянмөнхийн толгойг угааж өгсөн” гэх мэдүүлэг[8],
9. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 257 дугаартай дүгнэлтээр:
1. Б.Баянмөнхийн биед зулай, дух ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал тогтоогдлоо. Зүүн чамархайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь биед аюултай тул гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлт эрүүл мэндээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт[9],
10. Дархан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 813 дугаартай дүгнэлтээр:
1. Өмнө гарсан шүүх эмнэлгийн үзлэгийн №257 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Б.Баянмөнхийн биед 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тархины хүнд зэргийн няцрал, гавлын зүүн талын зулай дух ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал гэсэн гавал тархины битүү гэмтэл үүссэн байна.
3. Б.Баянмөнхийн биед илэрсэн уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай “Хүнд” зэргийн гэмтэл болно.
4. Б.Баянмөнхийн биед гавал тархины гэмтлийн улмаас зүүн чамархай зулайн ясанд цооллого хийж хатуу хальсан доорхи цусан хурааг авах хагалгаа хийгдсэн бөгөөд гавал тархины хагалгааны дараа бохирдлоос шалтгаалж үүссэн хатуу хальсан доорхи идээг авч цэвэрлэсэн, 2 удаагийн мэс заслын дараах байдал тогтоогдсон болно” гэсэн шинжээчийн дүгнэлт[10],
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сары 05-ны өдрийн 1304 дугаартай
1. Урьд гаргасан 257 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 813 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэгт “2018.05.10-ны өдөр... үүссэн байна” гэдгээс бусад нь үндэслэлтэй байна.
2. 3.5.6 Н.Батмөнхийн биед учирсан гавлын зүүн талын зулай дух ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархайн хуйхны няцарсан шарх гэмтлийг 2018 оны 05 дугаар сарын 8-9-ний аль өдөр үүссэн эсэхийг буюу дээрх гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Гавал тархины гэмтэл учирснаас хойш толгой өвдөх, эргэх, цусны даралт буурах, дотор муухайрах, бөөлжих, хүйтэн хөлс гарах, царай цайж зэвхийх эсвэл улайх, мөчдийн булчингийн таталт, саажилт, эпилепси төст уналт, янз бүрийн эмгэг хөдөлгөөн хийх, гадны цочролд хамгаалах рефлекс нэмэгдэх, өөрийн мэдэлгүй хүнд хөнгөнөөр бие засах, улмаар ухаангүй болох шинж тэмдгүүд илэрнэ.
3.Дээрх гавал тархины битүү гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хамгийн багадаа нэг удаагийн үйлдлээр толгойн зүүн талд цохьсноос үүснэ. Б.Жарантай, Х.Отгончимэг нарын хэнийх нь цохилтоос болж үүссэнийг ялгах боломжгүй байна” гэсэн дүгнэлт[11],
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5773 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбонууд нь бүгд шинжилгээнд тэнцээгүй тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна” гэсэн дүгнэлт[12],
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5772 дугаартай
1. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн тоосго, саарал өнгийн цутгамал, мод, ноолууран цамц, дэвсгэр даавуу, улаан эрээн өнгийн цамц, саарал өнгийн цамцан дээр цус илэрсэн. АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.
2. Шалны алчуур үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна.
3. Бусад эд зүйлс дээр цус илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт[13],
14. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №51/18 дүгнэлтээр:
1.2.3. Иргэн Б.Жарантай нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй болно. Энэ өвчин нь удамшлын өвчин болно. Энэ өвчин нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай болно.
4.5 Иргэн Б.Жарантай нь архины хамааралгүй байна.
6. Иргэн Б.Жарантай нь одоо сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй учир албадан эмчилгээ шаардлагагүй болно.
7. Иргэн Б.Жарантай нь сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй учир хэрэг хариуцах чадвартай болно” гэсэн дүгнэлт[14],
15. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №78/18 дүгнэлтээр:
1.2.3. Иргэн Х.Отгончимэг нь сэтгэцийн Оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч өөрийн үйлдлээ удирдан жолоодож, хариуцах чадвартай болно.
4.5.6. Иргэн Х.Отгончимэг нь архины хамааралтай байх магадлалтай. Энэ нь сэтгэцийн өвчинд хамаардаг болно.
7. Иргэн Х.Отгончимэг нь сэтгэцийн Оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.
8. Иргэн Х.Отгончимэг нь сэтгэцийн Оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно” гэсэн дүгнэлт[15],
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 706 дугаартай “Шинжээчид бид дээрх материалыг үндэслэн санал нэгтэй дараахь дүгнэлтийг гаргав.
1.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 257 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1304 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 813 дугаартай “Б.Баянмөнхийн биед 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гавал тархины гэмтэл учирсан... гэж хугацааг хэт нарийвчлан гаргасантай санал нийлэхгүй байна.
2. Б.Баянмөнх нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Х.Отгончимэг, Б.Жарантай нарт толгойн тус газар цохиулсан гэх бөгөөд эдгээр үйлдлүүд нь ойролцоо цаг хугацаанд үйлдэгдсэн, бүгд толгойн зүүн хэсэгт цохисон байх тул чухам хэний үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсныг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
3. Б.Жарантай нь хохирогч Б.Баянмөнхийн толгойн тус газар чулуугаар нэг удаа цохиход дээрх гавал тархины хүнд гэмтэл учрах боломжтой.
4. Х.Отгончимэг нь хохирогч Б.Баянмөнхийн толгойн тус газар мод, тоосгоор цохисны улмаас мөн дээрх гавал тархины хүнд гэмтэл учрах боломжтой.
5. Хохирогч Б.Баянмөнхийн биед үүссэн дээрх гавал тархины хүнд гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6. Х.Отгончимэг, Б.Жарантай нарын цохисон үйлдлээс ямар гэмтэл учирсан, хүн тус бүрийн учруулсан гэмтлийг тус тусад нь ялган тогтоох боломжгүй.
7. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б.Баянмөнхөд хийсэн мэс заслын тэмдэглэлд хатуу хальсны доор хурсан цусан хурааны байдлыг тодорхой бичээгүй тул уг цусан хураа үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 8. Гавал тархины хүнд гэмтэл авсан даруйд эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг боловч архи уусан согтуу үед илрэх шинж тэмдэг бүдгэрнэ” гэсэн дүгнэлт[16],
17. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[17],
18. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.Жарантай яллагдагчаар өгсөн: “...Баянмөнх намайг пизда минь гэх зэргээр үг хэлээр доромжлоод байхаар нь тухайн үед миний урд, газарт байсан гарын алганы хэмжээтэй чулуу байсныг авч Баянмөнх рүү шидтэл түүний толгойн тус газар ончихсон юм. Тэгтэл Баянмөнх толгойгоо бариад надаас зугтаан цааш явсан” гэх мэдүүлэг[18],
19. 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Х.Отгончимэг яллагдагчаар өгсөн: “...Би Б.Баянмөнхтэй хамт амьдараад 15 жил болж байна. 5-18 насны 5 хүүхэдтэй. Б.Баянмөнх нь хамт амьдарч байх хугацаанд архи уусан үедээ байнга агсам тавьж, хэрүүл маргаан болж, намайг зодож, цохидог байсан. Энэ явдал үргэлжилж явсаар ийм асуудал боллоо. Би Б.Баянмөнхийн толгойн зүүн талд чихний дээд хэсэгт улаан хүрэн өнгийн тал хэмжээний тоосгоор 2 удаа цохисон. Б.Баянмөнхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдлийнхээ сүүлд нь учрах үр дагаврыг бодолгүй ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлэг[19] зэрэг болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, шүүгдэгч Б.Жарантай нь эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Х.Отгончимэг нь хохирогчийг байнга асарч, шаардлагатай эмчилгээг хийж байх тул шүүгдэгч нар энэ тогтоолоор төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.Жарантай нь оюуны хөнгөн хомсдолтой боловч хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзсэн.
Шүүгдэгч Х.Отгончимэг нь оюуны хүндэвтэр хомсдолтой боловч хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлэх, одоо ч асарч байгаа, 5-16 насны 5 хүүхэдтэй зэрэг хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Батчулууны Жарантай, Боржигон овогт Хөтөөгийн Отгончимэг нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Жарантай, Х.Отгончимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.
Ялтан Б.Жарантай, Х.Отгончимэг нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудас
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудас
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар хуудас
[16] 2 дугаар хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас
[18] 2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас
[19] 2 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Зүүвчийн морьтон овогт Ууганбаярын Оюунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Оюунжаргалыг 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Оюунжаргалын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан У.Оюунжаргалд анхааруулсугай.
5. Ялтан У.Оюунжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан У.Оюунжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.АМАРГЭРЭЛ