Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 865

 

   2019        11          12                                   2019/ШЦТ/865

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  шүүгдэгч Т.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Луун чойжил овгийн Т.Эд холбогдох эрүүгийн 1911022541047 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Луун чойжил овгийн Т.Э, 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 3 дугаар байрны 13 тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт хохирогч Г.Алтанмөрөнд “...гар утсаар чинь яриад өгье...” гэж хуурч, Самсунг А-30 загварын гар утсыг залилан авч 550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Алтанмөрөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сараас эхлэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Пийсмолл худалдааны төвийн 9 дүгээр давхарт үйлд ажиллагаа явуулах Япон хэлний сургалтын төвд сургалтанд сууж эхэлсэн. Манай сургалтанд барагцаагаар 7-8 хүн суудаг. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өглөө сургалтандаа очих үед манай сургалтанд хамт суудаг Эрдэнээ гээд ах халамцуу байх шиг байсан. Ингээд сургалт эхлэхийг хүлээж байсан чинь багш чөлөө авсан гэхээр нь доошоо бууж байтал Эрдэнээ ах намайг хамт хоол идье гэхээр нь зөвшөөрөөд хамт дагаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах пабад орж суугаад эхлээд хоол захиалаад байж байснаа ах нь өчигдөр уусан гээд шараа тайлмаар байна гээд 300 билүү 400 грамм архи авч уусан. Харин би нэг шил пиво уусан. Ингээд ойр зуурын юм яриад сууж байтал Эрдэнээ ах надаас утсаа өгч байгаач ах нь эхнэртэйгээ муудсан байгаа утсаар ярих хэрэгтэй байна гэхээр нь ямар нэг зүйл бодолгүй, таньдаг юм чинь гэж бодоод итгээд өөрийн эзэмшлийн самсунг А-30 загварын гар утсаа өгсөн. Тэгээд миний хажууд суугаад миний утсаар хүнээс мөнгө нэхээд байх шиг байсан. Тэгснээ дараа нь дахиад утсаа өгч байгаач гээд миний утсыг аваад хүнтэй яриад байгаа бололтой гараад явсан. Ингэхдээ надаас миний утасны кодыг асуухаар нь би хурууны хээгээр нээж өгсөн. Нэлээд хугацааны өнгөрсөн боловч орж ирээгүй. Тэгээд би араас нь гарсан боловч ойр орчин байгаагүй. Тэгээд хүний утсаар өөрийн дугаар руу залгахад дуудаж байснаа гэнэт холбогдох боломжгүй болсон. ...Би Эрдэнээгээс 530.000 төгрөгийг авсан бөгөөд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 17-21/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эд зүйлийн үнэлгээнд: “...Самсунг А-30 утас нь 550.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 14/,

Шүүгдэгч Т.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ингээд Алтанмөрөнгөөс утсыг нь гуйж аваад нэг сэргэх үед миний халаасанд зуу гаран мянган төгрөг байсан. Тэгэхээр нь би кодтой утас ломбарданд тавина гэж байхгүй учраас Алтанмөрөнгийн утсыг зарсан гэдгээ мэдсэн. Тэгээд л өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, шүүгдэгч Т.Эгийн Хаан банкны дансны хуулга /хх 46, 48/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрийн 289 дүгээр  тогтоол /хх 54/, шүүгдэгч Т.Эгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 50/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт хохирогч Г.Алтанмөрөнд “...гар утсаар чинь яриад өгье...” гэж хуурч, Самсунг А-30 загварын гар утсыг залилан авч 550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Алтанмөрөнгийн “...Нэлээд хугацааны өнгөрсөн боловч орж ирээгүй. Тэгээд би араас нь гарсан боловч ойр орчин байгаагүй.  Тэгээд хүний утсаар өөрийн дугаар руу залгахад дуудаж байснаа гэнэт холбогдох боломжгүй болсон. ...Би Эрдэнээгээс 530.000 төгрөгийг авсан бөгөөд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 17-21/, чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эд зүйлийн үнэлгээнд: “...Самсунг А-30 утас нь 550.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 14/, шүүгдэгч Т.Эгийн “...Ингээд Алтанмөрөнгөөс утсыг нь гуйж аваад нэг сэргэх үед миний халаасанд зуу гаран мянган төгрөг байсан. Тэгэхээр нь би кодтой утас ломбарданд тавина гэж байхгүй учраас Алтанмөрөнгийн утсыг зарсан гэдгээ мэдсэн. Тэгээд л өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Г.Алтанмөрөн нь “...Би Эрдэнээгээс 530.000 төгрөгийг авсан бөгөөд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх тул шүүгдэгч Т.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Эг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. Ингэхдээ дээрх хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал, түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Луун чойжил овгийн Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН