| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/00102/И |
| Дугаар | 210/МА2026/01129 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01129
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03343 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* нарт холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг бичгээр байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь манай компанийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, 29 байрны *******тоотын 87.51 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг түрээслэн амьдрахаар 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Түрээсийн гэрээний хугацаа дуусаж байрыг суллахыг шаардсан боловч одоо өөрөө амьдрахгүй өөр хүмүүсийг тус байранд байлган гэрээний үүргээ зөрчсөн. Бид 2024 оны 11 дүгээр сараас байрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч гардаггүй. Одоо тус байранд *******ийн төрсөн дүү болох ******* амьдарч байна. Тиймээс хариуцагч *******оос татгалзаж, *******ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Туул ван 29 байр, *******тоот хаягтай 87.51 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авахаар болж төлбөрийг нэхэмжлэгчийн борлуулагч, хамтран ажиллагч гэх *******ын данс руу графикийн дагуу төлж дуусгасан. Уг орон сууцанд 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. *******ХХК-ийн ажилтнуудаас ******* гэж хүнээр дамжуулан орон сууцны гэрчилгээг удахгүй гаргаж өгнө гэж янз бүрийн шалтаг тоочсоор өдийг хүрсэн. Гэтэл нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахаас өмнө *******эс байрны төлбөр авсан ******* гэх хүн нас барсан байдаг. Үүний дараа нэхэмжлэгч компани байрыг чөлөөл гэх асуудлыг тавьсан. Хариуцагчийн хувьд ******* төгрөгөөр *******ХХК болон ******* нараас уг байрыг худалдаж авахаар болсон гэж тайлбарладаг. Байрыг худалдан авахаар мөнгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Миний бие Хан-уул дүүргийн 19 дүгээр хороо Туул гол гудамж, Туул ван 29 байр байр *******тоот хаягт байрлах байрыг худалдан авахаар болж төлбөрийг ******* гэх нэхэмжлэгчийн борлуулагчаар дамжуулан төлбөрийг төлж, улмаар уг орон сууцанд орж амьдарч байна. *******ХХК-ийн ажилтнуудаас зуучлагч ******* гэж хүнээр дамжуулж орон сууцны гэрчилгээг удахгүй гаргаж өгнө гэж янз бүрийн шалтаг тоочсоор өдийг хүрсэн боловч бичиг баримтыг одоо болтол гаргаж өгөөгүй байна. Иймд *******ХХК-д Хан-уул дүүргийн 19 хороо Туул гол гудамж, Туул ван 29 байр байр, 172 тоот хаягт байрлах 87.51 м.кв байрны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг бичгээр байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Хариуцагч *******эс гаргаж буй сөрөг нэхэмжлэлээ нотолсон ямар ч баримт байхгүй. Маргаан бүхий байрыг худалдаж авч байгаа бол худалдах, худалдан авах гэрээ нь ямар хүмүүсийн хороонд хийгдсэн талаар баримтгүй. Манайх анхнаасаа энэ барилгыг барьж ашиглалтад оруулсан өмчлөгч юм. Өмчлөх эрхийн анхны гэрчилгээ болох том гэрчилгээ нь 2021 оны 11 дүгээр сарын 07-нд гарсан байдаг. Бүх байрнууд нэг гэрчилгээнд байхаар төвөгтэй, нэг байр худалдах бүрд том гэрчилгээг солих шаардлага гараад байсан тул бид байр тус бүрээр нь салгаж 2025 онд дахин гэрчилгээ авсан. Тэгэхээр бид 2021 онд анхнаасаа энэ байрны өмчлөгч болсон. ******* гэж хүн ******* гэх компанитай гээд манайтай анх уулзаж байсан юм билээ. Манай компанитай ажилчдаа танай байранд түрээсээр суулгах гэсэн юм гээд уулзсан байдаг. Манайхаас компанитай гэрээ хийхгүй, иргэнээр гэрээ хийнэ гэж хэлээд буцаасан байдаг. Үүний дараа ******* нь ажилчдынхаа иргэний үнэмлэхийг авч ирээд энэ хүн амьдарна гэж хэлээд түрээсийн гэрээ хийсэн бөгөөд түрээсээр суух ажилтан нь завгүй байгаа учир би гэрээнд гарын үсэг зуруулаад эргээд өгнө гэж хэлээд авч явдаг байсан. Тэгээд түлхүүр аваад манай ажилчин энэ байранд орлоо гэдэг ийм л үйл явдал болсон. Бид *******той байгуулсан түрээсийн гэрээгээр *******ийг л энэ *******тоот байранд амьдарч байгаа гэж ойлгож ирсэн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа *******ийн дүү ******* амьдарч байгааг мэдээд *******ийг хариуцагчаар татаж, *******оос татгалзсан. Манай компанийн хувьд *******эс огт мөнгө төгрөг аваагүй. Тиймээс түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, туул гол гудамж, 29 байрны *******тоот хаягт байршилтай, 87,51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******ХХК-д холбогдох байрны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг бичгээр байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ид холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 1,057,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхааралтай хянаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шүүхээс намайг нэхэмжлэгч болон түүний эрх олгосон этгээдэд мөнгийг шилжүүлээгүй аливаа гэрээ байгуулаагүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар уг орон сууцыг бодитойгоор өөрийн эзэмшилдээ авч олон жил амьдарсан, энэ хугацаанд нэхэмжлэгчээс ямар нэгэн шаардлага гаргаагүй зэрэг анхаарал татсан үйл баримтуудыг үнэлж цэгнээгүйд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* нь мөнгө шилжүүлсэн талаар тайлбар гаргасан байхад уг тайлбарыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл ийм үйл баримтууд тогтоогдож байхад хариуцагчийн эзэмшил хууль ёсны дагуу гэж үзэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд олон хүнд холбогдуулан хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг ******* гэж хүнийг нас барсантай холбогдуулан гаргасан байдаг бөгөөд уг нэхэмжлэл болгондоо хуурамч орон сууц хөлслөх гэрээ гэж баримтыг гаргаж өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулж миний болон өмгөөлөгчийн зүгээс дээрх гэрээн дээр зурсан гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд анхан шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж тус тус заасан байдаг.
Анхан шатны шүүх хуралдаан 7 удаа хойшилж 8 дахь өдрөө хэлэлцсэн байдаг. Шүүх хариуцагч талын гаргаж байсан гомдол, хүсэлт сөрөг нэхэмжлэлийг тухайн бүрд нь шийдвэрлэж байсан. Худалдах, худалдан авах гэрээг хариуцагч *******тэй байгуулж байгаагүй. *******д 6-7 удаа мөнгө шилжүүлсэн гэж ярьдаг. Уг мөнгөө буцааж *******аас авсан боловч хэнд хэдэн төгрөг шилжүүлснээ огт мэддэггүй. Шүүх хуралдаанд оролцдоггүй, мөн хуулийн дагуу хариу тайлбараа гаргаж өгөөгүй. *******ХХК-д нэг ч удаа мөнгө шилжүүлж байгаагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийг шаардах хүрээнд нэхэмжлэл гаргасан. Үүнийг нотлохын тулд Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн. Хариуцагч талын давж заалдах гомдлыг харахад сөрөг нэхэмжлэлд гомдол гаргаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, туул гол гудамж, 29 байрны *******тоот хаягт байршилтай, 87,51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг бичгээр байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн байна.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж, шаардлагаа нотлохоор Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000932742 тоот болон №001304670 дугаартай гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, уг баримтад маргаан бүхий орон сууц нь *******ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, орон сууцны үнийг компанийн хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч *******д төлж, эзэмшиж ашиглаж байсан гэж тайлбарлан маргадаг.
3.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд тухайн этгээдийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.
Энэ тохиолдолд маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******д эзэмших, ашиглах эрх хэрхэн олгогдсон үйл баримтыг тогтоох нь хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэхийг тогтооход нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үндсэн дээр *******ид шилжүүлсэн боловч өөрөө амьдрахгүй төрсөн дүү болох *******эг байранд байлгаж байна гэсэн боловч хариуцагч ******* нь уг орон сууцанд 2022 оноос хойш амьдарч төлбөр төлж байсан гэж дансны хуулгыг баримтаар ирүүлжээ.
3.3. Тодруулбал, хариуцагч ******* нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, туул гол гудамж, 29 байрны *******тоот хаягт байршилтай, 87,51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан авахаар болж орон сууцны үнийг нэхэмжлэгч *******ХХК-ийн хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч ******* гэх хүнд төлж дуусгасан, улмаар уг орон сууцанд орж амьдарч байна гэх тайлбараа нотлох зорилгоор Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, Хаан банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, мөн *******д холбогдох эрүүгийн хэрэгт баримтууд авагдсан байгаа гэж тайлбарлажээ. /хх 53-56, 108-124/
3.4.Нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууц хөлслөсний төлбөрийг *******аас төлж байсан үйл баримтад маргаагүй боловч дээрх мөнгөн хөрөнгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн эсэх талаарх үйл баримтыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн өөрийн өмчлөх эрхийг зөрчигдсөн гэж тайлбарлаж, хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд энэ талаарх үйл баримт бүрэн тогтоогдсон байх учиртай. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагчаас төлбөр төлсөн баримтыг гаргаж, нэр бүхий этгээдэд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар төлбөр төлсөн гэж тайлбарласан байх ба энэ талаарх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.
3.5. Дээрх үйл баримтыг тогтоох нь маргааны зүйл тодорхой болох, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх замаар зохигч мэтгэлцэх, улмаар шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэлийн талаар холбогдох хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ХУЛАН