| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0871/Э |
| Дугаар | 879 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 879
2019 11 14 2019/ШЦТ/879
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Л.Э , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэд овгийн Л.Э ад холбогдох эрүүгийн 1811028481102 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чимэд овгийн Л.Э , 1965 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун баян уулын 2 дугаар гудамжны 9 тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Найс” нэртэй бэлэн хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байсан М.Эрхэмжаргалын халааснаас 600.000 төгрөгийн Самсунг Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эд зүйлийн үнэлгээнд “...Самсунг жи-7 загварын гар утас нь 600.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 10/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наяс хувцасны дэлгүүрийн хойд талын хаалгаар 40-45 орчим насны эрэгтэй хүн орж ирээд хохирогч эмэгтэйн хажууд зогсон хувцас үзэж байхдаа түүний баруун халааснаас гар утас авч байгаа болон түүнийгээ хар өнгийн өмдөөр халхлан авч буй бичлэг бичигдсэн байв...” гэх тэмдэглэл /хх 11/,
Хохирогч М.Эрхэмжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди худалдааны төвийн урд байрлах хувцасны дэлгүүрт хувцас үзэж байх үед халааснаасаа Самсунг Жи 7 маркийн гар утсаа алдсан. Би гар утсаа алдсанаа дэлгүүрээс гараад утсаар ярих гэхэд байхгүй байхаар нь гар утсаа алдсанаа мэдээд тус дэлгүүрийн хяналтын камерыг үзэхэд хяналтын камер дээр нь халааснаас 40 орчим насны саравчтай малгайтай эрэгтэй гар утас хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Би гар утсаа энэ оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Мобиком салбараас гэрээтэй 850.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 700.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх 15-16/,
Шүүгдэгч Л.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаа айрагны асар дотор ганцаараа айраг уугаад сууж байтал эсрэг талын Найс нэртэй бэлэн хувцасны дэлгүүр хямдрал зарласан байсан. Тэгэхээр нь ороод өөртөө өмд авах санаатай бараа үзэж байхад 30 орчим насны эмэгтэйн куртикний халааснаас гар утас цухуйж байхыг харсан. Тухайн үед би мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан, мөнгө хэрэгтэй байсан учраас тухайн эмэгтэйн хойно нь зогсож байгаад халааснаас нь гар утсыг нь аваад шууд гараад хойшоо Теди худалдааны төв рүү явсан. Гарч ирсэнийхээ дараа хулгайлсан гар утсаа харахад Самсунг галакси жи-7 загварын утас байсан бөгөөд кодтой байсан. Ингээд би гар утсыг танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зараад мөнгөөрөө тоглоод дууссан...” гэх мэдүүлэг /хх 29-30/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, шүүгдэгч Л.Э ад холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 45-46/, хохирогч М.Эрхэмжаргалын гаргасан гомдол саналгүй гэх хүсэлт, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Найс” нэртэй бэлэн хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байсан М.Эрхэмжаргалын халааснаас 600.000 төгрөгийн Самсунг Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эд зүйлийн үнэлгээнд “...Самсунг жи-7 загварын гар утас нь 600.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 10/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наяс хувцасны дэлгүүрийн хойд талын хаалгаар 40-45 орчим насны эрэгтэй хүн орж ирээд хохирогч эмэгтэйн хажууд зогсон хувцас үзэж байхдаа түүний баруун халааснаас гар утас авч байгаа болон түүнийгээ хар өнгийн өмдөөр халхлан авч буй бичлэг бичигдсэн байв...” гэх тэмдэглэл /хх 11/, хохирогч М.Эрхэмжаргалын “...Би гар утсаа алдсанаа дэлгүүрээс гараад утсаар ярих гэхэд байхгүй байхаар нь гар утсаа алдсанаа мэдээд тус дэлгүүрийн хяналтын камерыг үзэхэд хяналтын камер дээр нь халааснаас 40 орчим насны саравчтай малгайтай эрэгтэй гар утас хулгайлж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/, шүүгдэгч Л.Э ын “...өөртөө өмд авах санаатай бараа үзэж байхад 30 орчим насны эмэгтэйн куртикний халааснаас гар утас цухуйж байхыг харсан. Тухайн үед би мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан, мөнгө хэрэгтэй байсан учраас тухайн эмэгтэйн хойно нь зогсож байгаад халааснаас нь гар утсыг нь аваад шууд гараад хойшоо Теди худалдааны төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх 29-30/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Э ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийхгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч М.Эрхэмжаргал нь “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гар утсаа хүлээн авсан тул цаашид гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч Л.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чимэд овгийн Л.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э ад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН