| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 197/2025/37597/И |
| Дугаар | 210/МА2026/01130 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01130
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/08360 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг цахимаар оролцож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд зааснаар 50 хувиар тооцож, ******* төгрөгийг олгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээгээр тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар ******* төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 35 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан авсан T******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. /хх 110-114/
3.2. ******* ББСБ ХХК нь *******ХК-тай 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр даатгалын гэрээ байгуулсан. Гэрээгээр даатгуулагч T******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* төгрөгийн үнэлгээгээр даатгуулах, даатгуулагч хураамжид жилд ******* төгрөг төлөх, даатгагч *******ХХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр тохиролцсон байна. /хх 19-22/
Дээрх даатгалын гэрээг ******* ББСБ ХХК-тай байгуулсан боловч уг даатгалын гэрээний зүйлийн өмчлөгч нь ******* учир гэрээнд гарын үсэг зурсан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
3.3. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч ******* нь даатгалын зүйл болох дээрх тээврийн хэрэгслийг жолоодон 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5 дугаар багийн нутагт зам тээврийн осол гаргаж, улмаар тээврийн хэрэгсэлд ******* төгрөгийн хохирол учирсан болох нь Төв аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа болон Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд уг ослын улмаас *******ын тээврийн хэрэгсэлд хохирол учирснаар даатгалын тохиолдол бий болжээ. /хх 31-49, 98/
3.4. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар Toyota Estima маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн кузов чихэгдэж хонхойсон, багажны хаалга хонхойж, нугларсан, зүүн хойд, баруун хойд, багажны гэрэл хагарч бутарсан. Зүүн хойд, баруун хойд гэрэл хагарсан, зүүн хойд, баруун хойд гурвалжин шил хагарч бутарсан. Хаалгануудын ком нугарч хонгойсон, багажны салон хагарч бутарсан, урд гуфер хагарч цуурсан, дугуй хагарсан, обудь хагарч сэнсэрсэн, урд салхины шил хагарч цуурсан гэх мэт автомашины эд ангиуд эвдэрч, гэмтсэн гэж эвдрэл хохирлын үнэлгээг тухайн өдрийн ханшаар ******* төгрөгөөр үнэлсэн. /хх 31-33/
4. Даатгалын гэрээнд Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх ослыг даатгалын эрсдэлд тооцсон байх бөгөөд энэ нь даатгалын 100 хувийн хамгаалалтад хамрагдахаар заасан.
5. Гэхдээ даатгалын гэрээний 6.19-д замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, хориглосон агуулга бүхий заалтуудыг зөрчсөнөөс учирсан хохирлыг 50 хувь олгохоор талууд тохирсон байна.
5.1. Хэргийн 25 дугаар тал дахь эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн магадалгаанд даатгуулагч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.2-т дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэх заалтыг зөрчсөн гэжээ. /хх 98/
5.2. Дээрх магадлагааг үндэслэн хариуцагч *******ХХК нь нэхэмжлэгч *******ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, даатгалын гэрээний 6.1.19.4-д гүйцэж түрүүлэхийг хориглосон газар гүйцэж түрүүлсэн гэж даатгалын нөхөн олговрын 50 хувийг олгосон байна.
6. Хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д зараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/.өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гэсэн заалтыг зөрчсөн нь даатгалын гэрээний 6.1.19, 6.1.19.4-т заасанд хамаарахгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Даатгалын гэрээний Автотээврийн хэрэгслийн баталгааны 13, 14-д зааснаар даатгуулагчийн Хас үнэлгээ ХХК-д төлсөн үйлчилгээний төлбөрөөс 950,000 төгрөг, даатгалын гэрээний 7.2.11-д заасны дагуу дугуйны 180,000 төгрөг, 50 хувийн нөхөн төлбөрт ногдох 5 хувь 582,552 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,297,517 төгрөгийг хасаж, даатгалын нөхөн төлбөрт ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
7.1. Мөн хариуцагч нь нөхөн төлбөрөөс аж ахуй нэгжид оногдуулах ёстой 10 хувийн татварыг хасаж тооцсонгүй гэх агуулга бүхий гомдол гаргасан. Даатгалын гэрээг хуулийн этгээдүүд хоорондоо байгуулсан боловч автомашиныг эзэмшиж ашиглаж буй этгээд нь иргэн ******* бөгөөд түүнд нөхөн төлбөрийг олгосон байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/08360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ХУЛАН