Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/01191

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/03496 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. .Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарласан. ******* нь 2009 онд УБТЗ-ын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд суралцан төгсөж Зүтгүүрийн мэргэжил эзэмшсэн. 2023 онд УБТЗ-ын Политехникийн коллежид элсэн орж Зүтгүүрийн техникчийн мэргэжлээр эчнээ ангид суралцаж байгаа, УБТЗ ХНН-ийн Улаанбаатар татах хэсэгт 2009-2021 онд Зүтгүүрийн туслах машинч, Зүтгүүрийн машинчаар тус тус ажиллаж байсан.

*******-д 2022 оны 6 дугаар сараас Зүтгүүрийн машинч, Зүтгүүрийн зааварлагч машинчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа шагнагдаж урамшуулагдаж байсан. *******-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/637 дугаар тушаалаар 2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тушаалыг эс зөвшөөрч, эрх ашиг хохироосон гэж үзээд *******-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж, тус хороо 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан боловч хариуцагч ирээгүйгээс нэг удаа хойшлон 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин хуралдаж хариуцагчид товыг мэдэгдсэн боловч дахин ирээгүй тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, тус хорооны 133 дугаар хуралдааны шийдвэр/тэмдэглэлийг гарган ирүүлсэн тул уг шийдвэр тэмдэглэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүхэд гомдлоо гаргасан.

Нэг: Би *******-д Зүтгүүрийн депогийн зааварлагч машинчаар ажилладаг. 2024 оны 09 сарын 13-15-ны хооронд *******-ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 27-ны А/59 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зааварлагч машинчийн ажлыг зохион байгуулах журмын 6 зүйлд заасан чиг үүргийн дагуу Зүтгүүрийн бригадтай аялал хийх чиг үүргийн дагуу Тавантолгой-Ханги-Ханги-Тавантолгой хооронд аялал хийгээд ирсэн байдаг.

Маргаан бүхий *******илчит тэргийг ажилтай замд явсан үед засварчин, засварын хүлээн авагч нар шаардлагатай техник үйлчилгээг хийж, их засварт явахад бэлдэж хүйтэнд шилжүүлсэн байсан. Миний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зааварлагч машинчийн ажлын зохион байгуулалтын журамд зүтгүүрийн засварын гэмтэлтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээх талаар зохицуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл миний шууд харьяалах чиг үүрэгт хамаардаггүй, би зүтгүүрийн бригадын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Цогтцэций өртөөнөөс их засварт хүргүүлэхээр ******* зүтгүүрийг галт тэргэнд холбож найруулах үед тус зүтгүүрт агаарын сийгэлт гарч, 19 цаг өнгөрч байхад ажил тарсны дараа өртөөний жижүүр утсаар дуудаж, хүйтэнд явах *******илчит тэрэг зүтгүүртэй холбохоор сийгэж байгаа талаар хэлсэн. Би 19:30 минутын үед очиход депогийн засварчин, засварын хүлээн авагч 2 засаад хэвийн болгоод явуулах болсон гэж мэдэгдсэн.

Тухайн илчит тэргэнд *******ХХК-ийн зүтгүүрийн бригад бэхлэгдсэн байсан. Би зүтгүүрийн засварчин, засварын хүлээн авч зассаны дараа хөдлөх бүрэлдэхүүнд холбож, вагон үзэгч, өртөөний холбогч найруулагч, засварчдын хамт тоормосны туршилт хийж үзэхэд тухайн хүйтэнд шилжсэн илчит тэрэгний тоормос хэвийн ажиллагаатай байсан. Иймд ажил олгогч надад энэхүү зөрчлийг холбогдуулан хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь бодит үндэслэлгүй юм.

Хоёр. Мөн *******-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 11 сарын 01-ний Б/637 дугаар тушаал хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч санаачлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажилтнаас гаргасан зөрчилтэй нь холбогдуулан тайлбар авах, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх хэсэгт заасны аль тохирох үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, хөдөлмөрийн тухай хуулийн 83.4-д Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө гэж заасны дагуу ажилтанд тушаалыг ажил хүлээлцэхээс өмнө хүлээлгэн өгөх, мөн хуулийн 123.4-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. заасан хугацааг сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан 6 үндэслэл байдаг боловч энэхүү үндэслэлийн алийг нь ч баримтлалгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуулийн үндэслэлгүй болсон.

Мөн тушаал гарахаас өмнө надад танилцуулаагүй, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний Б/637 дугаар тушаалыг хүлээн авсан байдаг.

Маргаанд холбогдох дутагдал 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарч, шуурхай хурлыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийсэн байдаг. Мөн тушаалыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан гэдэг боловч тушаал гаргахаас өмнө танилцуулаагүй, тухайн өдөр гүйцэтгэх захирал Б.Отгонсүх нь Хонг Конг улс руу томилолтоор ажиллаж байсан, тушаалыг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр танилцуулан шийдвэрийн хувийг хүлээлгэн өгсөн. Үүнээс өмнө надад цахим болон аливаа бусад хэлбэрээр тус тушаал танилцуулагдаж байгаагүй зэргээс үзвэл ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-д "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна." гэснийг илэрхий зөрчсөн гэж үзэхээр байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа дараах үндэслэлээр тайлбарласан. *******-ийн Цогтцэций зангилаа, Зүтгүүрийн депогийн Засварын хүлээн авагч ******* нь Зам тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын 14 дүгээр хавсралтаар батлагдсан Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл"-ийн 2.1.2-т зааснаар ажилтан нь төмөр замын нийтлэг багц дүрэм, журмын шаардлага, төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангахад чиглэсэн чиг үүргийг бүрэн гүйцэтгэхийг зөрчсөн.

Мөн Төмөр замын техник ашиглалтын журам-ын 11.2.5-т зааснаар техникийн үйлчилгээний үед дор дурдсан зүйлийг шалгана гэж заасныг буюу тоормосны тоноглол, авто угсрааны хэрэгсэл, хянах хэмжих, хамгаалах, дохионы багаж хэрэгслийн ажиллагааны бүрэн бүтэн байдал гэснийг тус тус зөрчиж, засварт явах зүтгүүрт автотоормосны чиглэлээр хийгдэх шаардлагатай автотоормосыг шалган турших ажлыг хийлгүй, зүтгүүрийн машинчийн краны бариулыг ажиллагаатай байдалд орхисон заалтуудыг зөрчиж хариуцлага алдсан нь *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн атлаа гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/635 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журамд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг хариуцагч *******-ийн Цогтцэций зангилаа, Зүтгүүрийн депогийн Зааварлагч машинч ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******-д нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 391,804 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч миний гаргасан гэх зөрчил миний ажлын чиг үүрэгт хамаардаггүй, би зүтгүүрийн бригадын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг. Нэхэмжлэгч галт тэрэгний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй гэдгээ дээрх тайлбараар нотолж байгаа юм. Зааварлагч машинч нь машинч нарт зааварлаж, галт тэрэгний аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй албан тушаал байхад би ямар ч буруугүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн төмөр замын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэсэн дүгнэлтэд ******* тоормос шалгасан гэх худал акт үйлдсэн, тоормосны хэвийн байдлыг шалгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэж, 42.2.2-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж заасныг тус тус биелүүлээгүй. Мөн галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 2.1.2, 2.1.3, төмөр замын техник ашиглалтын журмын 11.2.5-д заасныг тус тус зөрчиж, байгууллагад 139,697,800 төгрөгийн хохирол учруулсан атлаа би ямар ч буруу зүйл хийгээгүй, би хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *******ын хөдөлмөр эрхлэлтийн гэрээний харилцааг дуусгавар болгох тухай гэх тушаалд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын журмуудын холбогдох заалтууд, мөн техник ашиглалтын журмын холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалсан гэж дурдсан байдаг. Тухайн тушаалд дурдагдсан журмууд нь Зам тээврийн яамны сайдын 2020 онд батлагдсан 154 дугаар тушаалын хавсралтууд болох нь тогтоогддог. Түүнчлэн уг хавсралтуудад заагдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэхийг судалж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д техникийн байдлын ашиглалтын үед зүтгүүрийн бригад, депо болон техник үйлчилгээний газар, засварын төрөлжсөн бригад шалгахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхээр буюу зүтгүүрийн техникийн байдлыг тодорхойлох бригад хариуцахаар заажээ гэж холбогдох дүрэм журмуудыг зааварлагч машинчид хамааралгүй болохыг дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан баримт болох Тээврийн Прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 227/А гэх прокурорын тогтоол дээр техник ашиглалтын журам, Зам тээврийн яамны сайдын 154 дугаар тушаалаар батлагдсан хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэж, шалгах ёстой гэж заасан байдаг. Тухайн тогтоолоор ажилтнууд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул 250, 300, 546 дугаартай хэргийг хаасан гэх Тээврийн Прокурорын газрын тогтоол гарсан байдаг. 3 удаа Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж энэ хэргийг шалгуулсан боловч 3 удаа хэрэгсэхгүй болгосон тогтоол, шийдвэрийг гаргасан. Хариуцагч талын давж заалдах гомдолдоо дурдаж байгаа тоормосны туршилт хийгээгүй, худал акт бүрдүүлсэн зэрэг асуудлуудаар *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас нь халсан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалыг гаргаагүй. Тиймээс анхан шатны шүүх тушаалын үйл баримттай холбогдуулж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийсэн. Хохирлын тухайд уг хохирлыг үнэхээр нэхэмжлэгч гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлууд яригдана. Гэвч өнөөдрийг хүртэл ******* энэ хохирлыг гаргасан гэж нэхэмжилсэн ямар нэгэн ажил олгогчийн тушаал шийдвэр, шүүхэд гаргасан нэхэмжлэл огт байдаггүй. Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажилтны сахилгын тусгай журмуудыг авч үзэхэд техникийн үйлчилгээний үед гэх зүйл дурдагддаг. Төмөр замын тээвэрт техник үйлчилгээнд засвар хийх, засвар хийсэн техник хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах гэсэн 2 үндсэн бүрэлдэхүүнээр ажилладаг. ******* зааварлагч машинч буюу илчит тэргийг жолоодох машинч нарт заавар зөвлөгөө өгдөг ажил үүргийг хийж гүйцэтгэдэг байхад техникийн засвартай холбоотой ажилд холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалж байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтэйгөөр тухайн ажлыг шууд хариуцаж байсан хүлээн авагч зүтгүүрийн инженер, зүтгүүрийн депогийн дарга гэх ажилтнууд галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг тусгай журмын дагуу өөрсдөө захиалга өгч тэргээ бэлдэж, галт тэргэнд холбож явуулдаг. Энэ илчит тэрэг хөдлөхдөө галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй хөдөлсөн үү гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй. Учир нь тухайн илчит тэргийг 300 километрийн аялал хийсний дараа Хулангийн зоо гэх өртөө дээр тус байгууллагын зүтгүүрийн депогийн дарга автомашинтай дагаж явж байгаад зөрчил гарсныг илрүүлсэн байдаг. Тухайн илчит тэрэг засварт явж байсан учир энэ асуудлыг ямар ч хамааралгүй зааварлагч машинч гэх хүнд хамаатуулан тухайн хүнийг ажлаас нь халж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх дээрх баримтуудыг үндэслэж, Зам тээврийн яамны сайдын холбогдох тушаалуудыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Мөн галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журамд хэрэв байгууллагад гологдол гаргасан бол 3 сар хүртэлх хугацаагаар цалингийн 20 хувийн сахилгын шийтгэл ногдуулна гэх сайдын баталсан тушаал байдаг. Гэтэл ******* тухайн зөрчлийг гологдлоор бүртгэж, гологдлын акт үйлдсэн атлаа ажилтнуудыг ажлаас нь халж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул *******той хамт ажлаасаа халагдсан ажилтнууд ажилдаа эргэн тогтоогдсон үйл баримтууд байдаг. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2024/05-43 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, хариуцагчийн Цогтцэций зангилаа, Зүтгүүрийн депогийн Зааварлагч машинч ажлын байранд ажиллаж байгаад *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/637 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. /хх 6-13/

3.2. Хариуцагч *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/637 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3, Төмөр замын техник ашиглалтын журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсгийг тус тус зөрчиж, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгон цуцалжээ. /хх 6/

3.3. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 133 тоот хурлын тэмдэглэлээр тогтоогдсон. /хх 14-15/

Дээрх хурлын тэмдэглэлээр 2 тал харилцан тохиролцоогүй, маргааныг шийдвэрлүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсанд хариуцагч маргаагүй.

4. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг хийж гүйцэтгэж буй ажлын чиг үүрэгт хамааралгүй зөрчил гаргасан гэж сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй, тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчиж, танилцуулж мэдэгдээгүйгээс гадна тушаалд гаргасан гэх ноцтой зөрчлийн үндэслэлийг заагаагүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, холбогдох дүрэм журмыг зөрчсөний улмаас зөрчил гаргаж, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, алдагдуулах боломжийг бий болгосон нь хөдөлмөрийн гэрээний 6.1.2-д заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн гэх агуулга бүхий тайлбар, гомдлыг гаргасан.

4.1. Гэвч хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/637 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний 6.1.2-д заасныг баримтлаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж байгаа бол түүний гаргасан сахилгын зөрчил нь баримтаар нотлогдож тогтоогдсон байхыг шаардана.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-д ажилтан нь өөрийн мэргэжил, хариуцсан ажил үүргийн хүрээнд дагаж мөрдвөл зохих хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон компанийн дотоод үйл ажиллагааны дүрэм, журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд мөрдөж, хэрэгжүүлж ажиллана. Ийнхүү мөрдвөл зохих аливаа хэм хэмжээг зөрчсөн нь хөдөлмөрийн сахилгын зөрчил болно гэж заажээ.

4.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь хөдөлмөрийн нөхцөл-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3, Төмөр замын техник ашиглалтын журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасныг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан болох нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төмөр замын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэсэн тухай дүгнэлт-ээр нотолно, дүгнэлтийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/01 дугаартай хурлын тэмдэглэлээр хэлэлцүүлж, зүтгүүрийн депогийн зааварлагч машинч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг зөрчөөгүй гэж тайлбарладаг.

4.4. Хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төмөр замын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэсэн тухай дүгнэлт-нд ...Цогтцэций өртөөний Зүтгүүрийн депогийн зааварлагч машинч О.Ган-Очирыг засварт явах зүтгүүрт автотоормозны чиглэлээр хийгдэх шаардлагатай автотоормоз шалган турших ажлыг хийлгүй, зүтгүүрийн машинчийн краны бариулыг ажиллагаатай байдалд орхисон, галт тэргэнд холбогдсон зүтгүүрт тоормозны гол хоолойд сийгэлт гарсан шалтгаанаар дуудагдан очоод тоормозны цилиндр дэх агаарыг суллахад агаарыг гадагш гаргах зориулалттай нүхийг бөглөж явуулсан зэрэг зөрчлийг гаргасан.

...Эдгээр албан тушаалтнууд зүтгүүрт техник үйлчилгээг хангалтгүй хийсэн, депогийн удирдлагаас хяналтыг зохих ёсоор тавиагүй, дүрэм журмыг шат шатандаа нэг мөр хэрэгжүүлээгүй, компанийн бүтцийн нэгжийн удирдлагууд шаардлагатай техник үйлчилгээний баримт бичгийг баталж мөрдүүлэлгүйгээр DFg-MR-*******зүтгүүрийг төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаагүй байхад 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг 46 минутад 10023 дугаартай галт тэргэнд холбож, бичгээр зөвшөөрөл өгөлгүйгээр Цогтцэций-Зүүнбаян чиглэлд машинчийн автотоормозын удирдлагын краныг ажиллагаатай буюу автотоормоз бариатай явуулсны улмаас зүтгүүрийн 6 хос дугуйн төв нь жийрэг мөөрөн дотроо хий эргэж, ашиглалтаас гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэж байна гэсэн. /хх 147-153/

4.5. Нэхэмжлэгч нь дээрх дүгнэлттэй танилцсан, гүйцэтгэх захирлын зөвлөлийн хуралдаанд оролцсон талаараа маргаагүй боловч уг хуралдаанаар ажлаас чөлөөлөх талаар мэдэгдээгүй, дээрх дүгнэлтэд заагдсан зөрчлийг гаргасан, зөрчлийг гаргахад буруутай гэдэг нь баримтаар тогтоогдоогүй гэж маргадаг бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2024/05-43 дугаар Хөдөлмөрийн гэрээний 2.Гэрээний үндсэн нөхцөлийн 2.4-т зааснаар ажлын байрны тодорхойлолтын дагуу зүтгүүрийн техникийн байдлыг хариуцах үүрэгтэй болох нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь талуудын байгуулсан 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2024/05-43 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2.4-т гүйцэтгэх үндсэн үүрэг: Гэрээний хавсралт дахь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэнэ. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр нэмэлт ажил, үүрэг гүйцэтгэж болно гэсэн боловч нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь түүний хариуцах чиг үүрэгт хамааралтай эсэхийг хариуцагч нь баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

4.6. Өөрөөр хэлбэл тушаалын үндэслэл болсон Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл, Төмөр замын техник ашиглалтын журам нь Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын хавсралтаар тус тус батлагдсан байх бөгөөд нийтэд илэрхий талаар хэн аль нь маргаагүй. /хх 118-135/

Хэрэгт авагдсан Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 2.1.2-т ажилтан нь төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмын шаардлага, төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн өөрийн чиг үүргийг биечлэн гүйцэтгэх, 2.1.3-д төмөр замын байгууллагын ажилтнаас төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмыг сахин биелүүлэх шаардлага тавих үүргийг ажил олгогч, ажил удирдагч хариуцахаар заасан байх боловч нэхэмжлэгчийг ямар чиг үүргийг биечлэн гүйцэтгэх байсан нь тодорхойгүй, уг журмын 7 дугаар зүйлд хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг дурдсан байх бөгөөд 7.5-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчилд хамаарах эсэхийг тушаалын үндэслэлд дурдаагүй байна.

Төмөр замын техник ашиглалтын журам-ын 11.2.5-д техникийн үйлчилгээний үед дор дурдсан зүйлийг шалгана. б.тоормосны тоноглол, авто угсрааны хэрэгсэл, хянах, хэмжих, хамгаалах, дохионы багаж хэрэгслийн ажиллагааны бүрэн бүтэн байдал гэж заасан боловч журмын 11-ийн 11.1, 11.2, 11.2.1-т зүтгүүрийн техникийн байдлыг ашиглалтын үед зүтгүүрийн бригад, депо болон техник үйлчилгээний газарт засварын төрөлжсөн бригад шалгахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхээр буюу зүтгүүрийн техникийн байдлыг холбогдох бригад хариуцахаар заасан боловч нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтын дагуу зүтгүүрийн техникийн байдлыг хариуцах үүрэгтэй болох нь баримтаар нотлогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.7. Мөн хариуцагч нь Төмөр замын цагдаагийн газарт 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий ажилчид нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй гэх гомдол гаргасан байна. /хх-46/

Гэтэл нэр бүхий ажилчид 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд DF79-*******дугаартай зүтгүүрийг их засварт явуулахдаа төмөр замын хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг сахин хангаж, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй болох нь тогтоогдож хэрэг бүртгэлтийн 250300546 дугаартай хэргийг хаасан болох нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 227А дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас ажил олгогчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй болно. /хх 104-112/

4.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасны улмаас ажил олгогчийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулан 139,697,800 төгрөгийн хохирол учруулж, зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан илчит тэрэгний дугуй салгах, жийрэг мөөрийг завсарлах, буцаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдоно гэсэн боловч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан талаар заагаагүй, мөн дээрх зөрчлийг нэхэмжлэгч нь гаргасан нь тогтоогдоогүй талаар Тээврийн прокурорын газрын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 227А дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор нотлогдож байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлйин 42.1.1, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт хамаарах үүргээ ноцтой зөрчсөн, түүнчлэн хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/637 дугаар тушаалд заасан зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон нь хуульд нийцсэн байна.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч *******ыг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажлын 15 сар, 23 хоногийн олговорт ******* төгрөгийг гаргуулж, үлдэх ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхаас гадна ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/03496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 392,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Д.ХУЛАН