| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0170/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 177
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
иргэдийн төлөөлөгч Д.Мягмаржав,
улсын яллагч А.Энхтуяа,
хохирогч Х.Ж*******,
шүүгдэгч Д.П*******, түүний өмгөөлөгч Р.Баярхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар №****/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х******* овогт Д******* П******* т холбогдох эрүүгийн 1931001960146 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х******* овогт Д******* П*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр З******* аймгийн Ц******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эхнэр 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, З******* задгайд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/**********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.П******* нь 2019 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ иргэн Х.Ж*******ын хэвлийн тус газарт нь хутгалж, амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.П******* нь 2019 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ иргэн Х.Ж******* ын хэвлийн тус газарт нь хутгалж, амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.П******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Хохирогч Х.Ж ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Би Д.П******* ыг гэрийнх нь ойролцоо дөхүүлж өгчихөөд буцаад харих гээд явтал Д.П******* гэрийнхээ үүдийг эвдэчих гээд чанга чанга нүдээд байсан. Тэгэхээр нь би буцаж очоод хатавчаар нь гараа оруулж, түгжээг тайлж өгч гэрт нь оруулсан. Тэгэхэд гэрээс нь холгүй байхад Д.П******* нь эхнэрээ пизда, наху гэх мэтээр хэлээд, бос гээд зандраад байхаар нь би буцаж очоод “чи яаж байгаа юм бэ? наад хүнийг чинь өмөөрөх ах дүү байдаг юм шүү” гэхэд “чи муу юу гээд байгаа юм бэ, чамайг ална шүү” гээд хутга барьж гэрээсээ гарч ирээд шууд миний гэдэс рүү хутгалсан” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч А.А ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Тэр шөнө Д.П******* эхнэртээ агсам тавиад, манай нөхөр Х.Ж******* өмөөрөөд хоорондоо маргалдсан. Тэгээд Д.П******* манай нөхрийг хутгалсан” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Х.С 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай бэр эгч А бид хоёр “Дархан бэр” цол тэмдэг авсан бөгөөд манай гэр бүлийнхэн бид хоёрын цол тэмдгийг угаана гээд цуглаж, цайллага хийцгээсэн. Тэгээд нэг сэрэхэд нэгнийгээ хутгалчихлаа гээд бөөн шуугиан дэгдсэн бөгөөд намайг босоод ирэхэд манай нөхөр Д.П******* нь миний төрсөн ах Х.Ж******* ын гэдэс рүү нь хутгаар хатгасан байсан” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Д.О ийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай том бэр А, миний охин С нар нь “Дархан бэр” цол тэмдэг авсан бөгөөд манай гэр бүлийнхэн тэр хоёрын цол тэмдгийг угаана гээд цуглаж цайллага хийсэн. Шөнө 03 цаг өнгөрч байхад том ач хүү Б маань ирж “Д.П******* ах аавын гэдэс рүү нь хутгаар хатгасан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Х. гийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай бэр эгч А, миний охин С нар нь “Дархан бэр” цол тэмдэг авсан бөгөөд манай гэр бүлийнхэн тэр хоёрын цол тэмдгийг угаана гээд цуглаж цайллага хийсэн. Шөнө 03 цагийн үед бэр эгч А уйлчихсан орж ирээд “Пүүжээ Ж******* ыг хутгалчихлаа, гэдэс нь цуваад байна гээд манай нөхрийг дагуулаад гарсан” гэх мэдүүлэг[5],
6. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтээр: 1.Х.Ж*******ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шархтай, ходоодны их нахиан хэсгийн артерийн судас тасарсан, сэмж зүсэгдсэн, хурц цус алдсан, зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, этээс хамаарна” гэх дүгнэлт[6],
7. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр: Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрэхгүй байна гэх мэдүүлэг[7],
8. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3153/295 дугаартай өвчний түүх[8],
9. Мэс заслын тэмдэглэл[9],
10. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 07400 дугаартай өвчний түүх[10],
11. Мэс засал /мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас[11],
12. Шүүгдэгч Д.П******* 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Х.Ж******* нь гэрийн хаалга эвдчих гээд нүдээд байхаар нь би онгойлгож өгөөд, бид хоёр гадаа гараад барьцалдаж авч ноцолдсон. Х.Ж******* хогны тармуураар зодох гээд байсан болохоор би гэр лүүгээ орж хутга авч гарч ирээд Х.Ж*******ын гэдэс рүү нь хатгачихсан” гэх мэдүүлэг[12] зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П******* нь “Тухайн үед манайх гэртэй цайллага хийсэн. Орой нь манай хадам ах маань намайг дуудаж хамт пиво уусан юм. Тэгээд орой гэртэй байж байтал Ж******* ах агсам тавиад байсан. Би “одоо явж амар” гэхэд гэрлүүгээ явсан ч буцаж ирээд агсам тавиад байсан. Тэгээд нэлээн ноцолдож байгаад ширээн дээр хутга байхаар нь айлгах гээд дүрсэн. Би маш их гэмшиж байна”[13] гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ж*******аас: “Хаалгыг нь би онгойлгож өгсөн нь үнэн. Би гэрт нь ч хүргэж өгсөн юм. Анх гэрт нь ороход том 2 хүүхэд нь бага хүүхдийг тэвэрч байсан. Тэгээд би гэрт оруулж өгчихөөд хажууханд нь бие засч байхад орилж чарлаад хараагаад байсан юм. Тийм болохоор нь би буцаж очоод “боль” гэж хэлэхэд намайг “Чамд хамаагүй, ална шүү, хутгална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Ямар айхтар юм, чи тэгвэл гараад ир” гэж хэлсэн. Гэтэл энэ хаалга дөнгөж онгойлгонгуутаа хатгачихсан юм. Хутгаа барьж гарч ирээгүй. Би гэрийнх нь хажуу талд байсан эсгий тогтоодог 2 уньнийнх нь нэгийг сугалж аваад цохисон чинь онолгүй газар таарсан юм. Тэгээд унь нь богинохон болчихоор нь дахиад нэг цохьтол өнхрөөд уначихсан юм. Уначихаар нь би хөлийг нь сугалж авсан. Тэгтэл дахиад хутгална гээд дайраад байсан. Би хутгыг гараараа барьчихсан тул одоо миний хуруунууд тахийчихсан байгаа /харуулав/”[14] гэж маргасан.
Иргэдийн төлөөлөгч Д.Мягмаржаваас шүүгдэгч Д.П*******ыг “Мэс” хэрэглэж хүний биед хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна. Аливаа баяр ёслолыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүйгээр тэмдэглэж байх хэрэгтэй. Хохирогч өөрөө ах дүү, хамаатны хүмүүс байна. Гэр бүлийн хэрэгт хөндлөнгөөс оролцохдоо эв зүйг олох ёстой байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.П*******ыг “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Х.Ж*******ын зүгээс эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.П******* нь 1,600,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэж гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсний дагуу шүүгдэгчийн зүгээс 5 хоногийн завсарлага авч төлж барагдуулсан болно.
Мөн хохирогч Х.Ж******* нь ажилгүй байсан хугацааны цалин 2,660,000 төгрөгийг нэхэмжилсэн ба холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүх хэлэлцэхгүй орхив.
Хохирогч Х.Ж******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Д.П*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар[15] тогтоогдсон.
Шүүгдэгч Д.П*******ын хувийн зан байдал, ажил амьдралын талаар гэрч О.Мягмарсүрэн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.П******* уг нь гайгүй ааш зантай, даруухан хүн байсан. Бид хоёр Зүүнхараагийн сангийн аж ахуйд хамт өссөн хүүхдүүд байгаа юм. Х.Ж*******ыг хутгаар хатгасныг сонсоод сүүлийн үед архи уухаараа хутга, шөвгө барих гээд байдаг болсон юм уу гэж бодож байна” гэх мэдүүлэг[16],
-гэрч Ц.Болдбаатар 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.П******* нь хувь хүний хувьд гайгүй ааш зантай. Хүнтэй таарамжгүй харьцаад байдаггүй. Архи согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй, баяр ёслолын өдрөөр хааяа нэг согтуу байхыг нь харж байсан. Амьдрал нь бол тааруухан, амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхөд хамаардаг” гэх мэдүүлэг[17] зэрэг хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.П*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалын хэрэгт хамаардаг.
Шүүгдэгч Д.П*******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд тогтоогдохгүй байх тул түүний хувийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж, 3 жил, 6 сарын хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгч Д.П*******т ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.П*******т ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр тогтов.
Энэ хэрэгт ялтан Д.П******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.
[1] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 77 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 56-62 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас
[13] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[14] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[15] Хавтаст хэргийн 97-98 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 27 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 28 дугаар тал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х******* овогт Д******* П******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Хохирогч Х.Ж******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.П******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.П******* т оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ялтан Д.П******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Ялтан Д.П******* т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРГЭРЭЛ
С.НОЛХООСҮРЭН