Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/01192

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01227 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 189,361,636 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 202*******оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* ББСБ ХХК нь ******* нарын хүсэлтээр 170,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөр, болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцох зээлээ хуваарийн дагуу 30 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах болзолтой уг зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 хороолол Да хүрээ гудамж 66е байр, *******тоот хаягтай улсын бүртгэлийн *******дугаартай 42.71 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээний хамт зээлийн гэрээ хийсэн. Зээлдэгч ******* нар нь 202*******оны 11 сараас зээлийн үүргээ биелүүлэхээ больсон, манай байгууллага араас нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, мэдэгдэх хуудас өгсөн, утсаар тогтмол шаарддаг, биечлэн очиж уулзсан боловч үүргээ биелүүлээгүй, эргэн манай байгууллагыг зээлээ төлөхгүй ахиж шаардвал амиа хорлоно гэж айлган сүрдүүлсэн. 2025 оны 0*******дугаар сарын 19-ний байдлаар үндсэн зээл 140,990,401 төгрөг, зээлийн хүү 48,352,332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,901 төгрөг, нийт 189,361,636 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч ******* нарын өмч барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 хороолол Да хүрээ гудамж 66е байр, *******тоот хаягтай улсын бүртгэлийн *******дугаартай 42.71 м.кв талбайтай орон сууц болох барьцаалбараар хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн захирал ******* болон түүний нөхөр ******* нар нь ББСБ-аас гадна машин зардаг бизнес эрхэлдэг байсан. Хариуцагч ******* нь нөхөр *******тай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Борлуулагч ажиллуулах гэрээ байгуулан, түүний худалдан борлуулж байгаа автомашины борлуулагчаар ажиллах болсон. ******* нь ингэж ажиллаж байхдаа 2022, 202*******онд борлуулж буй автомашинаасаа тоёота приус-41 маркийн автомашин 2 ширхэг, тоёота приус-30 маркийн автомашин *******ширхгийг заран хувьдаа мөнгийг нь хэрэглэсэн байдаг. тоёота приүс-41 маркийн автомашиныг нэг бүрийг нь 26,000,000 төгрөгөөр, тоёота приус-30 маркийн автомашиныг нэг бүрийг нь 22,000,000 төгрөг буюу нийт 118,000,000 төгрөгийг авсан. ******* болон ******* нарын зүгээс дарамт шахалт үзүүлэн 202*******оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-23.911 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* болон түүний охин ******* нар ******* ББСБ-аас 170,000,000 төгрөг зээлсэн мэтээр үйлдэж, уг зээлийн барьцаанд *******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66е байр *******тоот хаягт байрлалтай хоёр өрөө орон сууцыг барьцаанд авсан мэтээр үйлдсэн байдаг. Бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу ******* нарт ямар нэг мөнгө шилжиж орж ирээгүй, *******гийн машин борлуулж байхдаа хувьдаа хэрэглэсэн мөнгийг буцаан төлүүлэх зорилготой дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ үйлдэгдсэн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-т зааснаар дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. ******* энэ мөнгийг хариуцан төлөх ёсгүй, хариуцагч биш. *******гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 84,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь, дээр дурдсан тээврийн хэрэгслүүдийг 118,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан ба өнгөрсөн хугацаанд 33,100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл биш учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 189,361,636 төгрөгийг гаргуулах, барьцааны Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол Да хүрээ гудамж 66е байр 0*******тоот хаягт байрлалтай 42,71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,174,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийг бодитоор олгоогүй байна, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь 5 ширхэг автомашиныг завшиж, 150,000,000 төгрөгийн хохирол төлүүлэх зорилготой дүр үзүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэж шийдвэрлэжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан 202*******оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ-23.911 дугаар Зээлийн гэрээ нь талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдэгч нар нь зээлийг олгосны дараа тухайн мөнгөн зээлийг юунд зарцуулах нь тэдгээрийн эрхийн асуудал юм. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс зээл авах хүсэл сонирхлын илэрхийлэл хариуцагч нарт байгаагүй, дарамталж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нарын зүгээс уг зээлийн гэрээнд заагдсан мөнгөн зээлийг 5 ширхэг автомашины төлбөрт тооцож төлөх хүсэл сонирхлын илэрхийлэл, хүсэлтийн дагуу нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас зээл олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч талыг хариуцагч нарыг дарамталж гэрээнд гарын үсэг зуруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байхад дарамталж гарын үсэг зуруулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан зээлийг бодитоор олгоогүй гэдэг нь хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан зээл бэлнээр олгосон баримтаар няцаагдах бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт зээл нь бэлэн болон бэлэн бус хэлбэртэй байж болно гэж заасан бөгөөд уг баримт нь зээлийг бэлнээр олгосныг нотолсон баримт юм. Хариуцагч ******* нь дээрх зээл олгосон баримтад гарын үсэг зураагүй гэж мэтгэлцэж Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №Е50125/2796 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр *******гийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон байдаг. /хх 111-118/.

4.3. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийг бодитоор олгосон нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзэж байна.

4.4. Мөн нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг бөгөөд cap тутам тайлан, мэдээллээ гаргаж өгч явдаг болно. ******* ББСБ ХХК нь хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлээр зээл олгох боломжгүй, хяналтгүй олгохгүй ба ******* нарт олгосон зээлийг хууль болон журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнасан хууль ёсны дагуу олгосон зээл юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01227 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь *******г цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан, энэ талаарх баримт буюу хэрэгт *******гийн яллах дүгнэлт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан. Эрүүгийн шүүхээс *******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар бусдын хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын ял өгсөн. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэг асуудлыг 2 өөр шүүхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Бодит байдалд хариуцагч нар нь нэхэмжлэгч компаниас зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авсан үйл баримт байхгүй бөгөөд *******ийн өмчлөлийн 5 автомашиныг завшсан шалтгаанаар зохиомол авлага үүсгэж, зээлийн гэрээг байгуулсан, 5 машины хохирлыг төлсөн төлбөрийг хасч шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 189,361,636 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

3.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...202*******оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* ББСБ ХХК болон ******* нар нь ЗГ-23.911 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 170,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлсэн, мөн өдөр БГ-23.911 дугаартай барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол Да хүрээ гудамж 66е байр, *******тоот хаягтай улсын бүртгэлийн *******дугаартай 42,71 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 189,361,636 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...зээлийн гэрээний дагуу ******* нарт ямар нэг мөнгө шилжиж орж ирээгүй, *******гийн машин борлуулж байхдаа хувьдаа хэрэглэсэн мөнгийг буцаан төлүүлэх зорилготой дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл, дарамтад орж гарын үсэг зурсан, эрүүгийн журмаар хохирол төлөхөөр шийдвэрлэгдсэн гэж тус тус тайлбар гарган мэтгэлцсэн байна.

 

3.2. Мөн хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хохирлыг төлүүлэхээр тохиролцсон, бодитоор мөнгө шилжээгүй гэх тайлбар гарган маргаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №841 дугаартай Яллах дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ. /хх 123-125/

 

3.3. Хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 841 дүгээр яллах дүгнэлтээр ...яллагдагч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 202*******оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа *******ийн худалдан борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2011 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2014 онд үйлдвэрлэгдсэн хар өнгөтэй Тоёота 41 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 201*******онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгөтэй Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн, сувдан цагаан өнгөтэй Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл тус бүр 1 ширхэгийг тус тус завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 140,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, хэргийг харьяаллын дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна гэжээ.

 

3.4. Хариуцагчаас эрүүгийн журмаар хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэгдсэн, уг хохиролд иргэний журмаар төлөгдсөн мөнгөн дүн хасагдаж тооцогдсон гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд эрүүгийн хэрэгт хохирлын 10,000,000 төгрөгийг *******гээс төлүүлсэн, үлдэгдэл 140,000,000 төгрөгийг иргэний шүүхээр шийдвэрлэх тул хохиролгүй, төлбөргүй оролцоно гэх тайлбарыг гаргаж байсан байх бөгөөд дээрх үйл баримтыг тодруулалгүйгээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Тодруулбал, дээрх байдлаар эрүүгийн журмаар хохирол төлбөр төлөгдсөн эсэх талаар маргаж, хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний үүргийн биелэлтийг тооцох, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдээгүй байна.

 

3.5. Иймд талуудын хооронд байгуулагдсан 202*******оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ-23.911 дугаартай зээлийн гэрээ болон БГ-23.911 дугаартай барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхэд дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай буюу хариуцагч *******гийн эрүүгийн журмаар шалгагдах явцдаа бусдад бага хэмжээнээс дээш буюу 140,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, уг хохирол төлбөрт зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө тооцогдсон эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас төлсөн 1,174,958 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

 

Д.ХУЛАН