Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1594

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Мөнхтамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00270 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Мөнхтамирын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох

 

Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Халиун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Хангай, Б.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын 2010 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 тоот тушаалаар Санхүүгийн удирдлагын газарт мэргэжилтнээр анх хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Улмаар тус байгууллагадаа эрсдэлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж, ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/13 тушаалаар Ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцаа, стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнээр томилогдож ажилласан. Гэтэл байгууллагын зүгээс 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дуудаж уулзаад ажлаас халах тухай мэдэгдэх хуудас, бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбоотой чиний ажлын байр байхгүй болсон тул хөдөлмөрийг гэрээг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр цуцлахаар болсон гэж мэдэгдсэн. Үүнийг Т.Мөнхтамир хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайн өдрөө байгууллагын удирдлагадаа хандаж өргөдөл бичиж өгсөн боловч татгалзсан хариу өгч, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/33 тоот ажлаас халсан тушаалыг хүлээлгэн өгч, ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг ажлаас халсан тушаал гарсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэн, харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажиллаагүй байсан бүх хугацааны цалин 2015 оны 9, 10, 11 дүгээр сарын цалингаас тооцсон энэ 3 сарын цалингийн дундаж 1 005 727 төгрөг, ажлын дундаж хоногоо 21,5 хоногоор тооцоход нэг өдрийн цалин 46 778 төгрөг болно. Үүнийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажлын 93 хоногоор үржүүлэн тооцоход нийт 4 350 354 төгрөг болж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангай шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн хүлээх үүрэг, болон Засгийн газрын 2016 оны 419 дүгээр тогтоолоор "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ийн чиг үүрэг, өмч захиран зарцуулах бүрэн эрхийг шилжүүлсэн тогтоол болон хэргийг хянан хэлэлцэхэд ач холбогдол бүхий гэж үзэж нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудтай холбоотой 3 үндэслэлээр хариу
тайлбараа гаргаж байна. "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох нь ерөнхий захирлын үүрэг гэсэн заалт бий. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ажилтны цалинг хийснээр, цагаар хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно гэж заасан. "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ бол Засгийн газрын 298 дугаар тогтоолоор 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан, 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүний дараа бүтэц үйл ажиллагаагаа жигдрүүлж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилтан болон ажил олгогчийн хооронд ямар нэгэн хэвийн бус харилцаа байгаагүй, хөдөлмөрийн гэрээ хэвийн үргэлжилж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр урт хугацааны чөлөө авах хүсэлт гаргасан. Чөлөө авах хугацаатай нь уялдуулан "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ийг Засгийн газрын 419 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хорооны харьяанд шилжүүлсэн. Газрын дүрмийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шинэчлэн баталж цаашид үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн. Ингээд манай байгууллага Төрийн өмчийн хорооны харьяа байгууллага болгосон. Энэ үйл явцтай зэрэгцэн нэхэмжлэгч 6 сарын цалингүй чөлөө авсан. Манай бүтэц үйл ажиллагаа Төрийн өмчийн хороон дээр танилцуулагдах, балансаас баланс руу шилжүүлэх үйл ажиллагаа, манай хуулийн хэлтсийн ажилласан бүтэц орон тоогоо жигдрүүлэх ажил 2016 оны 4 дүгээр cap хүртэл үргэлжилсэн. Төрийн өмчийн хороо, Барилга, хот байгуулалтын яаманд саналаа хүргүүлж хариу санал авсны үндсэн дээр бүтэц орон тоогоо Төрийн өмчийн хорооны дүрмээр батлуулаад жигдрүүлж ажилласан. Шинэчилсэн бүтэц, шинэчилсэн дүрэм түүний хавсралтаар батлагдсан бүтцийн схемээр манай байгууллага 3 газар, 5 хэлтэстэй болсон. Шинээр байгуулагдсан бүтцээр Т.Мөнхтамирын ажиллаж байсан ерөнхий төлөвлөгөө, судалгаа, газрын харилцааны газар гэж бие даасан газар байсныг Төрийн өмчийн хороо шилжүүлж  аваад үр нөлөөгүй бүтэц өндөртэй газрыг зураг төсөл, төлөвлөлтийн хэлтэс болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзээд зураг төсөл, төлөвлөлтийн хэлтэс болгож өөрчилсөн. Уг хэлтэс дотор нэхэмжлэгч Т.Мөнхтамирын стратеги бодлого төлөвлөлтийн ажил албан тушаал нь хасагдсан. Урт хугацааны чөлөөтэй байгаа мөн ажил, албан тушаал нь шинээр үүрэг хүлээж авсан Төрийн өмчийн хорооноос баталсан ажил албан тушаалын жагсаалт, бүтэц схемд тусгагдаагүй учраас "манай шинэчилсэн бүтцээр чиний ажлын байр байхгүй учраас Архангай, Увс, Ховд, Сэлэнгэ аймгуудын борлуулалт, ашиглалт, түрээс хариуцсан ажилтнаар ажиллах санал тавьж байх хугацаанд ч нэхэмжлэгч Т.Мөнхтамир урт хугацааны чөлөөтэй байсан. Ажил олгогч урт хугацааны чөлөөтэй байгаа ажилтнаа ажлаас нь халахгүй юмсан ажилд нь үлдээчих юмсан гэсэн зорилгоор ажил санал болгосон. Хариуд нь Т.Мөнхтамир ийм ажил албан тушаалд ажиллах бололцоогүй байна тийм учраас намайг ажлаас чөлөөлж 6 cap хүртэл хугацаатай тэнцэх тэтгэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт өгсөн. Ажил албан тушаал нь цомхотгогдсон буюу орон тоо нь цөөрсөн албан тушаалтанд өөр ажил албан тушаал санал болгох ёстой ийм бололцоо байхгүй бол хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар цуцална гэсэн тушаал байгаа гэвч манайх үүнийг хэрэгжүүлэхгүйгээр өөр ажил албан тушаал санал болгосон чинь 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдье гэсэн манайх энэ хүсэлтийн дагуу хөдөлмөрийн дотоод журмын 7.11 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгохоор болсон. Т.Мөнхтамиртай холбогдоод ажлаас чөлөөлөгдөж байгаа учраас тэтгэмжийг чинь олгох гэж байна, хэрвээ манай байгууллагын саналыг хүлээн зөвшөөрвөл цалин авдаг дансаар чинь тэтгэмжийг чинь хийе гээд тэтгэмжийг олгосон. Гэтэл Т.Мөнхтамир тухайн үед өргөдөл, хүсэлт бичээгүй тийм учраас үндэслэлгүй халлаа гэж нэхэмжлэл гаргасан байна. Т.Мөнхтамир 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд урт хугацааны чөлөөтэй байгаа. Урт хугацааны чөлөөтэй байхад нь ажлаас халаад 3 сарын цалинг нь өгөөд байхад 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс миний нийгмийн даатгалын шимтгэл төлж бичилт хийгээд өгөөч надад цалин олгооч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн, аж ахуй нэгж, аливаа этгээд эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол шүүхэд хандана гэж заасан манай байгууллага Т.Мөнхтамирын эрх хууль ёсны ашиг сонирхолд ямар нэгэн ноцтой хохирол учруулаагүй. Бид 3 сарын тэтгэмжийг нь олгосон өөртэй нь харилцан тохиролцсон, адил чанарын ажил албан тушаал санал болгосон. Банк санхүүгийн мэргэжилтэн хүнийг зураг төсөл, төлөвлөлтийн хэлтэс эсхүл өөр чухал нэгжид инженерийн чиглэлийн ажилд ажиллуулах ямар ч бололцоогүй хамгийн боломжтой нь гэвэл санхүү, борлуулалт, түрээслэлт, ашиглалт хариуцсан нягтлан бодох бүртгэлийн ажил хийх санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хэрэгжүүлж байгаа төсөл дээр ажиллахаар 1 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл байгууллагаасаа урт хугацааны чөлөө гуйж авчихаад өөр субьекттэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулчихаад тэр нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан тохиолдолд яаж дахиад төрийн өмчит үйлдвэрийн газрыг гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунга, надтай холбоотой, ажил албан тушаалыг хадгалж бай, би эргэж ажилдаа орно гэж хэлж болж байна аа. Ажил олгогчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ер нь бол манай байгууллагын бүтэц орон тооноос стандартын бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтний орон тоо цомхтгогдсон бэ гэхээр яагаад ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцааны гэдэг газар цомхотгогдоод зураг төсөл төлөвлөлтийн хэлтэс болсон бэ гэхээр энэ газарт байгаа тодорхой албан тушаалууд нь байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд үр нөлөө үзүүлж чадахгүй байсан учраас цомхотгохоос өөр аргагүй байсан. Үйлдвэрийн газрыг үр ашигтай үр нөлөөтэй ажиллуулах нь ерөнхий захирлын үүрэг гэж Засгийн газрын 298 дугаар тогтоол.ерөнхий захирлын үр дүнгийн гэрээнд тусгагдсан байдаг. Гэтэл байгууллагадаа тодорхой хэмжээний ач холбогдолтой биш, үр нөлөөгүй, сул орон тоо байлгах нь үйл ажиллагаатай явуулах зорилготой нийцэхгүй учраас манай байгууллага хүссэндээ дуртайдаа ажилтнаа ажлаас халаад байгаа юм биш үйл ажиллагаагаа илүү үр нөлөөтэй ашигтай, оновчтой зохион байгуулахыг хүсээд байгаа юм гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтамирыг урьд эрхэлж байсан "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын Ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцааны газрын газрын харилцааны мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-аас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 263 006 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Мөнхтамирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 087 348 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтамирын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41. дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтамир нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 105 062 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн  зарим хэсгийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 087 348 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх ажлаас халагдсан өдөр болох 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөр тооцож олголгүйгээр захиргааны чөлөө дуусах өдөр болох 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажлын 27 өдрийн ажилгүй байх хугацааны цалинд 1 263 006 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 тоот "чөлөө олгох тухай" тушаалын ТУШААХ хэсгийн 1-т "захиргааны чөлөөтэй байх хугацаанд цалингүй чөлөө олгосугай" гэснийг үндэслэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийк 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг зөрчиж байна. Хэрвээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т зааснаар түүний ажил албан тушаалыг хадгалж байсан бол захиргааны чөлөөтэй байх хугацаанд цалин хөлс нэхэхгүй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас ажлаас халагдсан өдрөөс ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалин хөлсөө нэхэх эрх үүссэн гэж үзэж байна. Учир нь энэ өдрөөс түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж эхэлсэн бөгөөд шаардах эрх буюу гомдол гаргах эрх нь нээгдэж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байа. "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ыг Төрийн өмчийн хороонд шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 419 дүгээр тогтоол гарсан. Тус тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Төрийн өмчийн хороо 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаар тогтоолоор "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын дүрмийг баталж, 778 дугаар тогтоолоор орон тооны дээд хязгаарыг баталж, бүтэц схемийг шинэчилсэн. Тус бүтэц нь "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын үр ашиггүй орон тоог цөөлөх замаар нэгжийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн. Тус бүтэц, схемээр нэхэмжлэгч Т.Мөнхтамирын ажил, албан тушаал эрхэлж байсан Ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, судалгаа, газрын харилцааны газар татан буугдсан бөгөөд мөн Стратеги төлөвлөлтийн  мэргэжилтний ажил, албан тушаал нь цомхотгогдсон. Хариуцагч буюу "Төрийн орон  ууцны корпораци" ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлйин 20.4-т заасан гүйцэтгэх удирдлагын үүрэг бөгөөд сул, юу хийх нь тодорхой бус ажил, албан тушаалыг цомхотгох замаар эрх бүхий байгууллагаас баталсан цалинг үр дүнтэй зохицуулах хуулиар хүлээсэн үүрэггэй. Энэ үүргийн хүрээнд хуульд заасан эрхийн хүрээнд үр ашиггүй ажил албан тушаалыг эрх бүхий дээд байгууллагаас баталсан бүтцийн схемтэй уялдуулан хассан. Ажил олгогчийн зүгээс ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаас татгалзаж, орон нутаг хариуцсан борлуулалтын мэргэжилтний ажлын байрыг санал болгосон юм. Үүнийг нэхэмжлэгч Т.Мөнхтамир хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд орон нутагт ажиллах хүсэлтгүй тул 6 сарын тэтгэмж авч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ өргөдлийн агуулгыг буруу тайлбарлан, улмаар шүүх шийдвэрээ үндэслэлгүй гаргасан байна. Байгууллага ажил, албан тушаал нь цомхотгогдсон ажилтнаа хуульд заасны дагуу шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байтал ажил санал болгосныг нь болзолт шаардлага тавьсан мэтээр тайлбарлажээ. Мөн шүүх Т.Мөнхтамирыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Гэтэл манай байгууллагад стратеги төлөвлөлтийн мэргэжилтний ажил, албан тушаал байхгүй бөгөөд одоо манай байгууллага нэхэмжлэгчийг ямар ажил, албан тушаалд ажиллуулах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал бүрдээд байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Мөнхтамир нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажил олгогч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний Б/33 тоот тушаалаар Т.Мөнхтамирыг ерөнхий төлөвлөгөө бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцааны мэргэжилтний ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 3 дугаар тал/

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтамир нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байх бөгөөд ажил олгогчоос түүнийг шахалт, дарамтад оруулсан гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. /хх-ийн 48 дугаар тал/

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь ажлаас халах тушаал гарах үед ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргаагүй байсан нь тогтоогдсон байх боловч гэрч П.Мөнхдорж нь нэхэмжлэгч Т.Мөнхтамирыг  өөрийн өмнөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг утсаар нэг бүрчлэн хэлж бичүүлж, ажил олгогчид хүргүүлж байсан талаар мэдүүлсэн  байна.  Түүнчлэн нэхэмжлэгч Т.Мөнхтамир нь өөрөө бичиж гарын үсгээ зурсан баримтад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, 6 сарын тэтгэмж олгохыг хүссэн талаар заасан  байна. Уг бичгийн баримтыг үйлдэхэд хариуцагч байгууллагын зүгээс дарамт шахалт үзүүлсэн гэх нөлцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт бүхий бичгийн баримт, гэрчийн мэдүүлгийг харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгчийг өөрийн хүсэл зоригоор хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан гэж үзэхээр байна.     

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мөнхтамирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

      1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Т.Мөнхтамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.3-д  тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ